| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 128/2015/0879/з |
| Дугаар | 332 |
| Огноо | 2016-10-26 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2016 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 332
“Би Эл Би Эс” ХХК-ний нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Цогхүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярсайхан нарыг оролцуулан хийж, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 222 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 364 дүгээр магадлалтай, “Би Эл Би Эс” ХХК-ний нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга, Уул уурхайн яамны дэргэдэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд холбогдох захиргааны хэргийг хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батмагнай, Уул уурхайн яамны дэргэдэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярсайхан нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 222 дугаар шийдвэрээр: 1. Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, 48.4 дэх хэсэгт заасныг баримтлан “Би Эл Би Эс” ХХК-ийн “Төв аймгийн Бүрэн сумын нутаг дахь Өнжүүл нэртэй 9304Х хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд 2005-2013 онуудад гүйцэтгэдсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэхийг Уул уурхайн яамны дэргэдэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд даалгаж,
2. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2, 21 дүгээр зүйлийн 21.1.5, 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэгт заасныг баримтлан Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 6/3617 тоот албан бичгээр өгсөн “... 2015 оны 04 дүгээр сарын 09-нд кадастрын бүртгэлийн системд дуусгавар болгон бүртгэсэн” гэсэн шийдвэрийг хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргаас шинэ акт гаргатал түдгэлзүүлж шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 364 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 222 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэн “1.Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5, 31 дүгээр зүйл, 48 дугаар зүйлийн 48.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан “Би Эл Би Эс” ХХК-ийн эзэмшилд байсан Төв аймгийн Бүрэн сумын нутагт орших “Өнжүүл” нэртэй 689 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын 9304Х тоот тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацааг 2015 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр кадастрын бүртгэлийн системд дуусгавар болгосон Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон, уг тусгай зөвшөөрлийн талбайд 2005-2013 онуудад гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэхийг Уул уурхайн яамны дэргэдэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд даалгасугай" гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээн, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Хариуцагч Уул уурхайн яамны дэргэдэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярсайхан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ... Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулийн өөрчлөлт орохоос өмнөх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч “Би Эл Би Эс” ХХК-нь ашигт малтмалын хайгуулын 9304Х дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болохоос өмнө буюу 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр уг тусгай зөвшөөрлийн талбайд 2005-2014 онуудад хийсэн хайгуулын ажлын үр дүнгийн нэгдсэн тайланг Ашигт малтмалын газарт ирүүлсэн бөгөөд уг тайланд томилогдсон шинжээч нь нэмэлт тодруулах, засвар хийх шаардлагатай байгааг нэхэмжлэгч этгээдэд мэдэгдсэн байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т "хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө ордын нөөц, эрэл, хайгуулын үр дүнгийн тайланг ашигт малтмал эрэх, хайх үйл ажиллагааны журам, ашигт малтмалын баялаг, ордын нөөцийн ангилалд нийцүүлэн боловсруулж, шинжээчийн дүгнэлт гаргуулан төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгнө", 48.4-т "төрийн захиргааны байгууллага нь энэ хуулийн 48.3-т заасан тайлан, 48.6.1-д заасан техник-эдийн засгийн үндэслэлд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс мэргэшсэн мэргэжилтнийг шинжээчээр 30 хоногт багтаан томилуулж, 90 хоногт багтаан хэлэлцүүлж дүгнэлт гаргасны үндсэн дээр уг нөөцийг...шийдвэр гаргана” гэж тус тус заасан байна.
Дээрх хуулийн зохицуулалтын дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө тусгай зөвшөөрлийн талбайд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг, шинжээчийн дүгнэлтийн хамт төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгсөн тохиолдолд төрийн захиргааны байгууллага 90 хоногийн дотор Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэх ёстой юм.
Нэхэмжлэгч нь Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс томилогдсон шинжээч дүгнэлтээ гаргаагүй байхад үр дүнгийн тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр төрийн захиргааны байгууллагад хүргүүлсэн нь хуульд нийцэхгүй байх бөгөөд өөрөөр хэлбэл хуульд заасан хугацаанд, шаардлага хангасан үр дүнгийн тайланг төрийн захиргааны байгууллагад ирүүлээгүй учир тус тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцэх боломжгүй байсан байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дэх хэсэгт “...шинжээчийн дүгнэлт гаргуулан төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгнө” гэж заасан атал шүүхийн магадлалд "нэхэмжлэгчийг дээрх 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасан заалтын дагуу хайгуулын ажлын үр дүнгийн тайланг, шинжээчийн дүгнэлт гараагүй байхад төрийн захиргааны байгууллагад хүргүүлснийг үүргээ биелүүлсэн гэж үзэж" тус хуулийн заалтыг буруу хэрэглэж дүгнэлт гаргасан байна.
"Би Эл Би Эс" ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлж ажиллагаагүй тул мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасны дагуу уг тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон Кадастрын хэлтсийн үйлдэл үндэслэлтэй байх тул Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 364 дүгээр магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батмангай хяналтын журмаар гаргасан гомдолдоо: .... Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулийн өөрчлөлт орохоос өмнөх хэсэгт/ заасны дагуу нэхэмжлэгч "Би Эл Би Эс" ХХК-нь ашигт малтмалын хайгуулын 9304Х дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болохоос өмнө буюу 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр уг тусгай зөвшөөрлийн талбайд 2005-2014 онуудад хийсэн хайгуулын ажлын үр дүнгийн нэгдсэн тайланг Ашигт малтмалын газарт ирүүлсэн бөгөөд уг тайланд томилогдсон шинжээч нь нэмэлт тодруулах, засвар хийх шаардлагатай байгааг нэхэмжлэгч этгээдэд мэдэгдсэн байна.
Гэтэл нэхэмжлэгч нь заасан хугацаанд дээрх тайланд шаардлагатай засвар өөрчлөлтийг хийгээгүй байсан бөгөөд ашигт малтмалын хайгуулын 9304Х дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх заалтын дагуу дуусгавар болох нөхцөл бүрдсэн.
Нэхэмжлэгчийн ирүүлсэн тайланд томилогдсон шинжээчийн дүгнэлт гаргах ажиллагаа нэхэмжлэгчийн буруугаас удааширч байх үед 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Ашигт малтмалын тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтөөр 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт "Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө ордын нөөц, эрэл, хайгуулын үр дүнгийн тайланг ашигт малтмал эрэх, хайх үйл ажиллагааны журам, ашигт малтмалын баялаг, ордын нөөцийн ангилалд нийцүүлэн боловсруулж, шинжээчийн дүгнэлт гаргуулан төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгнө" гэсэн өөрчлөлт орсон.
Энэ өөрчлөлтөөр "тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болохоос өмнө хайгуулын ажлын үр дүнгийн тайланд заавал шинжээчийн дүгнэлт гаргуулсан байхыг шаардсан ба үүний дагуу тус газрын Геологийн албанаас удаа дараа дүгнэлтээ гаргуулж Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэхийг нэхэмжлэгчид сануулсаар байхад хуульд заасан үүргээ биелүүлээгүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Кадастрын хэлтэс 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр ашигт малтмалын хайгуулын 9304Х дугаартай тусгай зөвшөөрлийг дуусгавар болсныг тусгай зөвшөөрлийн бүртгэлд бүртгэсэн.
Шүүхийн магадлалд "нэхэмжлэгчийг шинжээч томилуулах тухай хүсэлт гаргах үед дээрх 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт орсон зохицуулалт батлагдаагүй байсан болно" гэж тайлбарласан нь хуульд тусгай заагаагүй бол хуулийн буцаан хэрэглэхгүй гэсэн зарчмыг зөрчиж дүгнэлт гаргасан байна.
"Би Эл Би Эс" ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлж ажиллагаагүй тул мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасны дагуу уг тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон Кадастрын хэлтсийн үйлдэл үндэслэлтэй байх тул Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 221/МА2016/0364 дугаартай магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч “Би Эл Би Эс” ХХК нь өөрийн эзэмшлийн 9304Х хайгуулын тусгай зөвшөөрлийн 9 дэх жилийн хугацаа дуусгавар болохоос өмнө буюу 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр “хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хүлээн авч, шинжээч томилж өгнө үү” гэх хүсэлтийг Ашигт малтмалын газар гаргасан, Уул уурхайн яамны дэргэдэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл хүсэлтийг хэлэлцэж, 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Б.Энхтуяа, н.Бямбадагва нарыг шинжээчээр томилсон, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болох 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс өмнө “... шинжээчийн дүгнэлт гараагүй”, “...шинжээчийн дүгнэлт гараагүй тул” Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл “Би Эл Би Эс” ХХК-ийн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хүлээн авч, хэлэлцээгүй, “...хайгуулын ажлын үр дүнгийн тайлангаа ирүүлээгүй учир” Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс “... 9304Х тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан”-ыг 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр мэдээллийн санд бүртгэсэн, талууд эдгээр үйл баримттай маргаагүй байна.
Нэхэмжлэгч “... шинжээчийн дүгнэлт 1 жил 4 сарын дараа гарсан ...-д манайх буруугүй” гэж, хариуцагч Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл “...шинжээч дүгнэлтээ гаргаагүй байхад үр дүнгийн тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр ... ирүүлсэн нь хуульд нийцэхгүй, ... тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болж, ... хүчингүй болсон тул... тайланг хэлэлцэх боломжгүй” гэж, хариуцагч Ашигт малтмалын Кадастрын хэлтэс “... тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдөр дуусгавар болсон боловч нөөцийн тайланг ЭБМЗ-ийн хурлаар хэлэлцүүлэх хүсэлт гаргаж, шинжээч томилуулсныг харгалзан үзэж /хүлээсэн/, ... 2015 оны 04 дүгээр сарын 09-ны өдөр бүртгэлийн системд дуусгавар болсныг бүртгэсэн ... /нь хууль зөрчөөгүй/” гэж маргажээ.
Ашигт малтмалын тухай (2006 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн) хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т “... хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө ордын нөөц, эрэл, хайгуулын үр дүнгийн нэгдсэн тайланг ... боловсруулж, анхдагч материалын хамт төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгнө”, 48.4-т “төрийн захиргааны байгууллага нь энэ хуулийн 48.3-т заасан тайланд ... шинжээчийн дүгнэлт гаргуулсны үндсэн дээр уг нөөцийг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэх тухай шийдвэр гаргана” гэж тус тус заасныг маргааны үйл баримтад холбогдуулан авч үзвэл, тусгай зөвшөөрөл эзэмшигч “Би Эл Би Эс” ХХК нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө хайгуулын ажлын үр дүнгийн тайланг боловсруулж, хүлээлгэн өгсөн, энэ тохиолдолд, төрийн захиргааны байгууллага болох Ашигт малтмалын газар нь уг тайланд “...шинжээчийн дүгнэлт гаргуулах” үүрэгтэй, үүний үндсэн дээр уг нөөцийг улсын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэх эсэх талаар шийдвэр гаргахаар байна.
Өөрөөр хэлбэл, тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн тохиолдолд, төрийн захиргааны байгууллагаас 2014 оны 02 дугаар сарын 23-ны өдөр томилогдсон шинжээч дүгнэлтээ гаргалгүй “нэг жил 4 сар болсон” нь хайгуулын ажлын тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл хэлэлцэхгүй байх, төрийн захиргааны байгууллага “...нөөцийг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэх эсэх” талаар шийдвэр гаргахаас татгалзах эрх зүйн үндэслэл болохгүй.
Түүнчлэн, хариуцагч Ашигт малтмалын газар “... /хуулийн дээрх зохицуулалт/ өөрчлөгдөж, ... тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө ... /өөрөө/... тайландаа шинжээчийн дүгнэлт гаргуулан /хүлээлгэн өгдөг болсон/” гэх боловч, 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөгдсөн Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэг, “хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө ордын нөөц, эрэл, хайгуулын үр дүнгийн тайланг ашигт малтмал эрэх, хайх үйл ажиллагааны журам, ашигт малтмалын баялаг, ордын нөөцийн ангилалд нийцүүлэн боловсруулж, шинжээчийн дүгнэлт гаргуулан төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгнө” гэсэн зохицуулалт нь 2014 оны 01 дүгээр сард хайгуулын ажлын тайланг хүлээлгэн өгсөн, шинжээч томилсон, мөн оны 02 дугаар сард тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан маргааны үйл баримтад хэрэглэгдэхгүй, энэ талаар шүүхүүд зөв дүгнэлт хийжээ.
Иймд, хайгуулын 9304Х тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дуусахаас өмнө Ашигт малтмалын газарт ирүүлсэн “Би Эл Би Эс” ХХК-ийн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцэхийг даалгасан, энэ зорилгоор тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа дуусгавар болсныг мэдээллийн санд бүртгэсэн 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсгийг /буруу тайлбалан хэрэглэсэн/ ... хуульд тусгай заагаагүй бол хуулийн буцаан хэрэглэхгүй гэсэн зарчмыг зөрчиж дүгнэлт гаргасан” гэх хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 364 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг тус тус хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА