Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
Хэргийн индекс | 130/2018/00142/И |
Дугаар | 001/ХТ2018/01702 |
Огноо | 2018-11-27 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 001/ХТ2018/01702
Ш.Дгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 130/ШШ2018/00317 дугаар шийдвэр
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 212/МА2018/00075 дугаар магадлалтай
Ш.Дгийн нэхэмжлэлтэй
М.Мд холбогдох
410 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг
Нэхэмжлэгч Ш.Дгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор
шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байршилтай "Ахбозат" нэртэй гэр ахуй бөгөөд цахилгаан барааны төрөлжсөн дэлгүүр ажиллуулдаг. Өлгий сумын иргэн М.М нь надаас хамгийн анх 2015 оны 10 дугаар сард таг нь эвдэрсэн угаалгын машиныг /өөрийн хүсэлтээр таг нь эвдэрсэн нь асуудалгүй гэж хэлээд/ 100000 төгрөгөөр үнэлж худалдаж авсан, дараа нь 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 250000 төгрөгийн үнэтэй оёдлын олон төрөлт машиныг худалдаж авсан. Иргэн М.М нь тухайн худалдаж авсан барааны үнийг шууд бэлэн мөнгөөр төлөөгүй бөгөөд бид хоёр хоорондоо тохиролцож, өөрөөр хэлбэл миний захиалгаар зарим төрлийн зүйлийг оёж өгч, зээлээр авсан барааны үнийг төлж ирсэн. Ингээд 2017 оны 9 дүгээр сард М.Мтай тооцоо хийж үзэхэд, би 150000 төгрөгийн авлагатай болж тооцоо гарсан. Мөн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр надаас дахин 260000 төгрөгийн үнэтэй угаалгын машиныг зээлээр худалдаж авсан ба 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр тооцоо хийхэд өмнөх үлдэгдэл 150000 төгрөг дээр нэмж сүүлд авсан 260000 төгрөг, нийт 410000 төгрөг авахаар болсон ба М.М "...өнөөдөр 5 дахь өдөр байна, миний нөхрийн цалин буух ёстой, 1 дэх өдөр өгнө..." хэмээн хэлсэн боловч одоо хүртэл өгөхгүй намайг чирэгдүүлж байна. Иймд, М.Маас 410000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ш.Дгийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Угаалгын болон оёдлын машиныг авч үнийг нь Ш.Дгийн захиалгаар зарим төрлийн зүйлийг оёж өгч төлбөрийг нь барагдуулахаар болсон. Сүүлд нь 240000 төгрөгөөр үнэлж угаалгын машиныг авсан бөгөөд уг машин нь эвдэрхий байсан тул янзлуулахад 40000 төгрөг гарсан. Мөн захиалгаар юм оёулж авсан тул би түүнд 150000 төгрөг төлөх ёстой. гэжээ.
Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 130/ШШ2018/00317 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т заасныг баримтлан хариуцагч Узынмылтых овогт Майшарипийн Маржанаас 410000 /дөрвөн зуун арван мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Төлек овогт Шадегийн Динад олгохоор шийдвэрлэжээ.
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 212/МА2018/00075 дугаар магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 130/ШШ2018/00317 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12950.00 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж хариуцагч М.Мд буцаан олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Ш.Д хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр гаргасан 212/МА2018/00075 тоот магадлалыг эс зөвшөөрөх тухай.
Давж заалдах шатны шүүхэд нэг талыг баримталж шийдвэр гаргасан. Шүүх шинжилгээний байгууллагын шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэсэнд гомдолтой ба шинжээч нь хариуцагч М.Мы гарын үсэг мөн эсэхийг тогтоож дүгнэлт гаргасан. Анхан шатны шүүх хэрэглэх ёстой журмыг хэрэглэж зөв шийдвэр гаргасан байхад давж заалдах шатны шүүх нь буруу шийдвэр гаргаж анхан шатны шийдвэрийг хүчингүй болгосонд гомдолтой байна. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв үнэлж дүгнэж шийдвэр гаргасан. Анхан шатны шүүхийн шүүгч зөвхөн нэг омгийн хүн болохоос төрөл садан ахан дүүсийн ямар нэгэн холбоо хамааралгүй болно. Нэхэмжлэгч миний эрхийг ноцтой зөрчсөнтэй гомдолтой тул иргэний хэргийг тал бүрээс нь бодитой дүгнэж шийдвэр гаргах нь зүйтэй байна. Иймд давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн. Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргаж байна гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Ш.Д М.Мд холбогдуулан худалдсан барааны үнэ 410 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Ш.Д Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Ахбозат дэлгүүрт худалдагчаар ажилладаг, хариуцагч М.М тус дэлгүүрээс 2016 онд 250 000 төгрөгийн үнэтэй оёдлын машин худалдаж авсан ба барааны үнэд худалдагчийн захиалгаар зарим төрлийн зүйлийг оёж өгөхөөр харилцан тохиролцсон, 2017 оны 11 дүгээр сард 260 000 төгрөгийн үнэтэй угаалгын машиныг үнийг дараа төлөхөөр худалдаж авсан, 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр талууд тооцоо нийлэхэд худалдан авагч “2017 оны 11 дүгээр сарын 01-нд 260 000 төгрөгийн угаалгын машин авсан, 150 000 төгрөг машинаас үлдсэнийг нэмж өгнө” гэсэн агуулга бүхий баримт бичиж өгсөн үйл баримт тогтоогджээ.
Нэхэмжлэгч дээрх баримтыг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгосон, хариуцагч баримтыг эс зөвшөөрч, шинжээч томилуулсан, шинжээчийн дүгнэлтээр дээрх баримтыг М.М бичсэн болох нь тогтоогдсон байна.
Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.
Давж заалдах шатны шүүх “... хариуцагчийн хүсэлтийг шийдвэрлээгүй нь түүний хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн...” гэж үзэн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.
Магадлалын үндэслэл болсон хэргийн 64 дүгээр талд авагдсан хариуцагчийн хүсэлт гэх баримт нь “...гомдол гаргах нь ...” гэх гарчигтай, гомдлын төгсгөлд “...шүүхийн шинжилгээний албанд хандаж надад өгсөн баримтад бичгийн шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргуулсан байгаад гомдон ийнхүү гомдол гаргаж байна” гэсэн байх бөгөөд тус гомдолд дахин шинжээч томилуулах тухай бичигдээгүй, шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэж эхлэхээс өмнө гаргах хүсэлт байгаа эсэхийг шүүгч асуухад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “байхгүй” гэж хэлсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, харин шүүх хуралдааны явцад “...шинжилгээнд өгсөн хариуцагчийн бичвэр, хэрэгт авагдсан бичвэртэй тохирохгүй...” байгаа талаар тайлбарласныг түүнийг дахин шинжээч томилуулахаар хүсэлт гаргасан гэж үзэх боломжгүй юм.
Хэрэгт авагдсан дээрх баримт, шүүх хуралдааны тэмдэглэл зэргээр хариуцагчийн эрх зөрчигдсөн гэх үндэслэл тогтоогдоогүй тул давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3., 167 дугаар зүйлийн 167.1.5.- дахь заалтад нийцээгүй гэж үзнэ.
Иймд магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй байна.
Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргаантай харилцааг зөв тодорхойлж, хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, үндэслэл бүхий дүгнэлт хийсний үндсэн дээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1. дэх заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцсэн байна.
Дээр дурдсан үндэслэлээр хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 212/МА2018/00075 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 130/ШШ2018/00317 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ш.Дгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., 59 дүгээр зүйлийн 59.3., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 12 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД