Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 221/МА/2022/0540

 

 

 

 

 

 

 

 

             “О” ХХК-ийн нэхэмжлэлтэй

    захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Тунгалагсайхан

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч “О” ХХК

Хариуцагч Хот байгуулалт хөгжлийн газрын орлогч дарга

Гуравдагч этгээд “Б” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: Хот байгуулалт, хөгжлийн газрын орлогч даргын 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг цуцлах тухай” шийдвэрийг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 417 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д, Л.Э, Э.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамсүрэн

Хэргийн индекс: 128/2021/0927/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “О” ХХК-иас Хот байгуулалт, хөгжлийн газрын орлогч даргад холбогдуулан “Хот байгуулалт, хөгжлийн газрын орлогч даргын 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг цуцлах тухай” шийдвэрийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 417 дугаар шийдвэрээр: 

“...Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 7.5, 11 дүгээр зүйлийн 11.1.3, 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “О” ХХК-иас Хот байгуулалт, хөгжлийн газрын орлогч даргад холбогдуулан гаргасан Хот байгуулалт, хөгжлийн газрын орлогч даргын 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг цуцлах тухай шийдвэрийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1.“...Анхан шатны шүүхээс “Хот байгуулалт, хөгжлийн газрын орлогч дарга нь барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг цуцлахдаа Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3-д “барилга байгууламж, хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр баригдаж, хүний эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө болон амьтан ургамалд аюул учруулахгүй байх” гэж заасан шаардлагыг хангаагүй болох нь нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас ирүүлсэн 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 02-02/2366 дугаар албан бичиг, барилгад хийсэн хэмжилт зэргээр тогтоогдсон” гэж үзсэн байна.

Гэтэл бодит байдал дээр “О” ХХК болон хөрш залгаа ““Б”” ХХК-ийн барилга хооронд хэдий хэмжээний зайтай байсан, яаж өөрчлөгдсөн нь тодорхойгүй, үүний улмаас “Б” ХХК-д ямар аюул учирч байгааг шүүх тодорхой дүгнээгүй.

3.2.“...Мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 2-02/2532 дугаар албан бичгээр “Орон сууцны барилга хоорондын хэмжээ талуудын хооронд 2-4 давхар бол 15 метр байна гэсэн шаардлагыг хангаагүй” гэдгийг тогтоосон байх тул “Нийтийн болон гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол зөрчигдөх тохиолдолд ... барилгын үйл ажиллагаатай холбоотой эрхийг хязгаарлаж болно” гэж заасны дагуу барилгын зөвшөөрлийг цуцалсан нь нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна” гэж дүгнэсэн.

“О” ХХК нь анх зөвшөөрөл авахад барилга хоорондын зай 15 метр байгаагүй бөгөөд барилгын доор хог байснаас болж бага зэрэг зургаасаа далийсан. Нэхэмжлэгч “О” ХХК-ийн хууль ёсны ашиг сонирхол маш ихээр зөрчигдсөн, 4-5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт оруулан, зоорийн 2 давхар, дээшээ 3 давхар нийт 5 давхар барилга барьсан, зөвшөөрөл өгснөөсөө хойш 1 сарын дараа гэнэт барилгын зөвшөөрлийн гэрчилгээг цуцалж, барилгын ажлыг зогсоосон, цаашид компанийн үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болгож, хөрөнгө оруулагч нарын хооронд маргаан үүсгэж, нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчсөн.

3.3.Мөн “О” ХХК-ийн барилга нь “...Архитектур төлөвлөлтийн даалгавар болон батлагдсан зургаас хэтрүүлэн баригдсан нь нотлогдсон” хэмээн анхан шатны шүүх дүгнэсэн. Анхан шатны шүүх хуралдааны үеэр барилгын доор хог байсан учраас зургаасаа бага зэрэг далийсан, зургаа өөрчлүүлж батлуулахаар материалаа өгсөн тухай хэлсэн бөгөөд бага зэрэг далийсан нь гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг огт хөндөөгүй. Шүүхээс гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлын хөндсөн гэж дүгнэсэн боловч чухам яаж хөндөөд байгааг нотлоогүй.

3.4.Түүнчлэн анхан шатны шүүх “Хариуцагч захиргааны байгууллага маргаан бүхий актыг гаргахдаа сонсох ажиллагаа хийсэн боловч цаг хугацааны хувьд зөрүүтэй, тайлбар, санал гаргах боломжоор хангаагүй, мөн захиргааны актад гомдол гаргах этгээдийг болон хугацааг дурдаагүй болох нь тогтоогдож байгаа хэдий ч энэ үндэслэлээр захиргааны актыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна” хэмээн дүгнэсэн.

Захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуульд заасан шаардлага хангаагүй байгааг анхан шатны шүүх өөрөө хүлээн зөвшөөрч дүгнэсэн атлаа уг алдаатай, хууль бус актыг хүчингүй болгохгүй байгаа нь хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг зөрчиж, хэт нэг талд буюу төрийн талд ажиллаж, хувийн хэвшлийн хуулийн этгээдийн эрх, ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчиж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 417 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

4.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж тайлбарлаж байна.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

1.Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 02-02/2366 болон мөн сарын 31-ний өдрийн “Хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай” 02-02/2532 дугаар албан бичигт тус тус “…шалгалтаар ““Б”” ХХК-ийн 2 давхар барилгаас 3.62 м байгаа нь Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт /БНбД/-ийн 2.5-д “Орон сууцны барилга хоорондын, орон сууц, олон нийтийн барилга хоорондын байршлын зайн ойролцоо хэмжээг заавал мөрдөх 12 дугаар хүснэгтийн барилгын тууш /урт/ талуудын хооронд 2-4 давхар бол 15 м байна” гэсэн шаардлагыг хангуулаагүй байна” гэжээ.

Үүнийг Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг цуцалсан маргаан бүхий захиргааны актад үндэслэл болгосон, гэтэл Барилгын хөгжлийн төвийн 2021 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 671/2021 дугаар магадлалын дүгнэлт, Хот байгуулалт, хөгжлийн газраас мөн оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 344/2021 дугаар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээнд заагдсан тэнхлэгээрээ 23.4х13.2 м хэмжээтэй зоорьтой 5 давхар үйлчилгээний барилгыг анхны батлагдсан загвар зургийн дагуу барьсан тохиолдолд гуравдагч этгээдийн өмчлөлийн барилга хоорондын зай хэд байх байсан болох, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчээс батлагдсан зургийг зөрчиж барилгын 2 дугаар давхараас дээш А, Д, 1 тэнхлэгийн дагуу консоль гаргаагүй байсан тохиолдолд барилгын норм ба дүрэмд заасан зай талбай зөрчигдөхгүй байх боломжтой байсан эсэх талаарх нотлох баримтыг цуглуулаагүй байна.

2.Гэтэл 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр олгогдсон Архитектур төлөвлөлтийн даалгаврын 3-т “Консоль довжоо 1.5 метрээс илүүгүй, рампыг нормоор тооцон эдэлбэр газарт багтаан төлөвлөх” гэж тусгасан, мөн нэхэмжлэгчийн эдэлбэр газрын хэмжээг 599 м.кв, үүнээс барилгажих талбайн хэмжээг 340 м.кв гэж тодорхойлжээ.

Хэрэгт зоорь бүхий 5 давхар барилгын архитектур төлөвлөлтийн даалгаврыг өөрчилж, 12 давхар, оффисын зориулалттай болгосон ямар нэгэн шийдвэр гарсан талаарх, түүнчлэн анхны батлагдсан байршлаас чухам хэдий хэмжээгээр өөрчилснөөс шалтгаалан барилга хоорондын зай талбай барилгын норм ба дүрэмд заасан хэмжээ хэрхэн зөрчигдсөн талаарх баримт авагдсангүй.

3.Мөн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын албан бичгүүдэд ч энэ талаар огт дүгнэлт хийгээгүй энэ тохиолдолд “…анх зөвшөөрөл авахад барилга хоорондын зай 15 метр байгаагүй бөгөөд барилгын дор хог байснаас болж бага зэрэг зургаасаа далийсан…” гэх давж заалдах гомдолд дүгнэлт хийх боломжгүй, өөрөөр хэлбэл барилга хоорондын зай анхны батлагдсан зургаараа хэд байсныг нэхэмжлэгчээс хэд болгон багасгасан нь тодорхойгүй байна.

4.Шүүхийн шаардсаны дагуу Хот байгуулалт, хөгжлийн газрын 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 02/10/394 дүгээр албан бичгээр ирүүлсэн “О” ХХК-ийн захиалгаар баригдаж буй барилга 2019 онд батлагдсан загвар зургаас хэтрүүлсэн талаарх 1 хуудас баримтаас үзэхэд анхны батлагдсан зураг нь аль болох, одоогийн хэтрүүлсэн гэх барилгын суурь аль болох нь тус тус тодорхойгүй, үндсэндээ анхны батлагдсан зурагт гуравдагч этгээдийн өмчлөлийн барилгаас хэдэн метрийн зайтай байхаар төлөвлөгдсөн, одоогийнх нь түүнээс хэдэн метрээр зөрсөн болох нь харагдахааргүй байна.

Үндсэндээ гуравдагч этгээдийн өмчлөлийн барилгаас хэдэн метрийн зайд барилга барих зөвшөөрөл олгосныг нэхэмжлэгч хэдэн метрээр өөрчилсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул “…консоль гаргасан, зэргэлдээ орших барилгын хоорондын зайг норм, дүрэмд заасан хэмжээнээс ойртуулсан…” гэх актын үндэслэлд дүгнэлт хийх боломжгүй юм.

Түүнчлэн шийдвэрт “…архитектур төлөвлөлтийн даалгавар болон батлагдсан зургаас хэтрүүлэн баригдсан нь ногтлогдсон…” гэж дүгнэхдээ хэдий хэмжээгээр, аль байршилд хэтрүүлсэн болох, ийнхүү хэтрүүлснээс өмнө баталсан барилга хоорондын зай хэрхэн багассан талаар дүгнээгүй төдийгүй энэ талаарх баримтыг цуглуулаагүй байна.

Иймд дээрх баримтуудыг цуглуулж, мөн цаг хугацааны хувьд Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдөр олгосноос хойш 1 сар гарангын дараа цуцалсан нь зөвхөн нэхэмжлэгчээс шалтгаалсан эсэх, энэхүү 1 сар гаруйн хугацаанд актад дурдсан нөхцөл байдал үүссэн эсэх зэрэгт дүгнэлт өгөх байдлаар хэргийг дахин шийдвэрлэх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 417 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.  

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                                                                        

 

 

 

ШҮҮГЧ                                                         Г.БИЛГҮҮН

 

ШҮҮГЧ                                                         Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                         Э.ЛХАГВАСҮРЭН