Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 128/ШШ2022/0417

 

 

 

 

 

 

2022 05 31 0417

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн хоёрдугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: О***** ХХК 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.А*******

Хариуцагч: Хот байгуулалт, хөгжлийн газрын орлогч дарга

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б*******

Гуравдагч этгээд: Б***** ХХК 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Д******, Л.Э******, Э.Б******** нарын хоорондын Хот байгуулалт, хөгжлийн газрын орлогч даргын 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг цуцлах тухай шийдвэрийг хүчингүй болгуулах-ыг хүссэн маргааныг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Б*********, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д******, Л.Э******, Э.Б********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Жаргалмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч О***** ХХК-ийн захирал Н.Б********* нь Хот байгуулалт, хөгжлийн газрын орлогч даргад холбогдуулан Хот байгуулалт, хөгжлийн газрын орлогч даргын 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг цуцлах тухай шийдвэрийг хүчингүй болгуулах-аар маргаж байна.

2. Нэхэмжлэгч О***** ХХК нь маргаан бүхий актыг хүлээн авч, 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Нийслэлийн Засаг даргад гомдол гаргаж, гомдлыг хангахаас татгалзсан хариуг 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүхэд 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэл гаргасан байна.

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

Маргаан бүхий акт нь дараах үндэслэлээр хууль бус. Үүнд:

1/ Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д захиргааны акт захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал, гаргах боломж олгоно гэж заасан байхад 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр сонсох ажиллагаа хийгээд тэр өдрөөс барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг цуцална гэсэн нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн гэж,

2/ Уг шийдвэр нь 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн огноотой атлаа нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн огноотой албан бичгийг үндэслээд байгаа нь манай компанийн зөвшөөрлийг цуцлах санаа зорилготой байсан гэж,

3/ Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна, 40.2.5-д захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах гэсэн заалтыг зөрчсөн гэж,

4/ Манай компани 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдөр барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ авсан бөгөөд яг өөрийн эзэмшлийн газрын кадастрын зураг, дотроо өчнөөн тэрбумын хөрөнгө мөнгө гарган барилгаа барьж байна. Гэтэл сар гаран хугацааны дараа зөвшөөрлийн гэрчилгээг цуцалж байгаа нь манай компанийг олон тэрбум төгрөгийн алдагдалд оруулж байгаа тул хүчингүй болгож өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгч О***** ХХК-ийн захирал Н.Б********* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Хөрш залгаа газрын хүмүүсээс санал авах ёстой бөгөөд саналын хуудсыг нь өгөөгүй бол зөвшөөрөл гарахгүй байх. Галын аюулгүй байдлын үүднээс манай барилга нь 2-3 талаасаа гал унтраах бүрэн боломжтой, гарцууд байгаа тул барилгын ажлын зөвшөөрлийг цуцалсан нь үндэслэлгүй байна гэв.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хот байгуулалт, хөгжлийн газрын орлогч дарга нь 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр барилгын ажлын зөвшөөрөл цуцлах тухай шийдвэр гаргаж, О***** ХХК-ийн ***/*** дугаартай зөвшөөрлийн гэрчилгээг цуцалсан. 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр сонсох ажиллагаа явуулж, тус компанийн үйл ажиллагааг тус өдрөөс зогсоож, зөвшөөрлийг цуцлахаар шийдвэрлэсэн. Сонсох ажиллагаа хийсэн өдрөө цуцалсан шийдвэр гаргаж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна. Түүнчлэн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр албан бичиг ирсэн даруйд шууд цуцалж байгаа нь анхнаасаа манай компанийн зөвшөөрлийг цуцлах сонирхолтой байсан нь харагдаж байна. Мөн Хот байгуулалт, хөгжлийн газар нь Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас гаргасан дүгнэлтээс өөр үндэслэлээр буюу гуравдагч этгээдийн ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй гэсэн байдаг. Хэний эрх, ашиг сонирхол хэрхэн яаж зөрчигдөх гэж байгааг тогтоогоогүй. Манай компанийн зөвшөөрлийг 2021 оны 7 дугаар сард Хот байгуулалт, хөгжлийн газраас олгосон бөгөөд үүнээс хойш 4-5 тэрбум төгрөг зарцуулаад үйл ажиллагаа явуулж байтал гэнэт зогсоож байгаа нь манай компанид их хохирол учруулж байна. Анхнаасаа бүх нөхцөл байдлыг шалгаж үзсэний дараа зөвшөөрөл олгох ёстой байсан бөгөөд 15 метр зайтай байж байгаад гэнэт 3.9 метр зайтай болсон асуудал байхгүй. Мөн маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т Бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна, 40.2.5-д захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах гэж заасныг зөрчсөн. Өөрөөр хэлбэл акт гарснаас хойш хэд хоногийн дотор хэнд хандах эсэх нь тодорхой бус байсан. Иймээс Хот байгуулалт, хөгжлийн газрын орлогч даргын 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Барилгын ажлын зөвшөөрөл цуцлах тухай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.

6. Хариуцагч Хот байгуулалт, хөгжлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О***** ХХК-ийн захиалгаар барьж буй таван давхар орон сууцад хэмжилт хийхэд, 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2619 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар, эх загвар зургийг зөрчсөн байсан. Мөн барилга хоорондын зайг ойртуулсан буюу 3.5 метр болгосон байсан. Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Барилгын үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална, 11.1.3-д хүрээлэн байгаа орчны аюулгүй байдлыг хангах, барилга байгууламж хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр төлөвлөгдөн баригдаж, хүний эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө болон амьтан, ургамалд аюул учруулахгүй байх гэж зөрчсөн. Түүнчлэн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 02-02/2364 дугаартай албан бичиг, гомдлыг үндэслэн 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр сонсох ажиллагаа явуулж, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг цуцалсан. Захиргааны ерөнхий хуулийн 27.4-д Сонсох ажиллагааны үед гарсан саналыг захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд заавал тусгах үүрэг хүлээхгүй боловч тусгаагүй шалтгааныг тайлбарлах үүрэгтэй гэж заасны дагуу санал авсан бөгөөд саналыг авснаар захиргааны байгууллага актыг хүчингүй болгох үндэслэл байхгүй. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

7. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д****** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь 1999 оноос хойш Б***** дүүргийн ** дүгээр хороонд үйл ажиллагаа явуулж байна. 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр О***** ХХК-ийн инженер ирээд хажууд барилга барих гэж байгаа, бичиг баримтаа авахад танай зөвшөөрөл шаардлагатай байна, бид нарт зөвшөөрөл өгчих гэсэн. Тухайн үед барилгын дүрэм журам, эскиз зургийг нь үзье гэхэд юу ч үзүүлээгүй. Эхлээд манайд бичиг өгөхдөө шаардлага хангахгүй бичиг өгсөн. Энэ бичиг шаардлага хангахгүй байна гэхэд дараа нь 2 удаа бичиг өгөхдөө барилга хоорондын зайг баримталж, танай компанийн үйл ажиллагаанд саад учруулахгүй гэдгээ илэрхийлээд зөвшөөрөл авсан. Гэтэл зөвшөөрлөө авахаасаа өмнө 4 дүгээр сард ажлаа эхлүүлээд манайхтай 3.5 метрийн зайтай барьж эхэлсэн. Энэ хууль зөрчсөн үйлдлийг нь таслан зогсоохын тулд удаа дараа албан бичиг хүргүүлж байсан. Ямар нэгэн арга хэмжээ авахгүй байсан тул манай зүгээс Мэргэжлийн хяналтын байгууллагад хандсан гэв.

8. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э****** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ маргааны хувьд барилгын тусгай зөвшөөрөл цуцлахтай холбоотой учраас барилгын зөвшөөрөл өгсөн эсэх асуудал хамаагүй. Сонсох ажиллагаа хийх үед О***** ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээд ирээгүй. Сонсох ажиллагааны явцад шийдвэр нь гараагүй байна, танай саналыг аваад өөрчлөгдөж магадгүй, гэтэл энэ шийдвэр өөрчлөгдөхгүй бололтой гэж тайлбарлаж байсан боловч 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр шийдвэр нь гарчихсан нь эргэлзээтэй байна. Сонсох ажиллагааг хэзээ явуулсан гэдгээс хамааран нэхэмжлэгчийн хууль бус үйл ажиллагаа хууль ёсны болохгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. О***** ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай 577 дугаартай захирамжаар Б***** дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 599м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмших эрхтэй болсон байна.

3. Нэхэмжлэгч компанид Хот байгуулалт, хөгжлийн газраас 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн МЗХ.***/***-19 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар олгож, загвар зургийг боловсруулан тэнхлэгээрээ 23.4/13.2м хэмжээтэй, зоорьтой 5 давхар үйлчилгээний барилгын загвар зургийг баталж, Барилгын хөгжлийн төвөөс 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 671/2021 дугаартай магадлалын дүгнэлт, 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн ***/*** дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгожээ.

4. Дээрх барилгын ажлын зөвшөөрлийг олгохдоо Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компаниас 2019 онд олгосон ***/*** дугаартай, УДС ХК-иас олгосон, УУС газраас олгосон техникийн нөхцөлүүд, зураг төслийн баримт бичигт магадлалд хийх ажлын гэрээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Барилгын хөгжлийн төвөөс 2021 онд олгосон барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлт, барилгажих талбайн дэвсгэр газрын төлөв байдал чанарын улсын хянан баталгааны дүгнэлт, хөрш зэргэлдээ оршин суугчдын зөвшөөрөл зэргийг үндэслэн болгосон нь Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах хүсэлт гаргасан этгээдийн хүсэлтэд хавсаргасан энэ хуулийн 28.2-т заасан баримт бичгийг хянан шийдвэрлэж, зөвшөөрөл олгоно гэж заасныг зөрчөөгүй байна.

5. Хот байгуулалт, хөгжлийн газрын орлогч даргын 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг цуцлах тухай 08/2627 дугаартай албан бичгээр Б***** дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт О***** ХХК-ийн захиалгаар баригдаж байгаа үйлчилгээний зориулалттай 5 давхар барилгын ажлын ***/*** дугаартай зөвшөөрлийн гэрчилгээг цуцлахдаа нэхэмжлэгчийг Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3-д барилга байгууламж хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр төлөвлөгдөн баригдаж, хүний эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө болон амьтан ургамалд аюул учруулахгүй байх гэж заасан шаардлагыг хангаагүй болох нь Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас ирүүлсэн 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 02-02/2366 дугаартай албан бичиг, барилгад хийсэн хяналтын хэмжилт зэргээр тогтоогдсон гэж үзжээ.

6. Мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 02-02/2532 дугаартай албан бичгээр ...Б**** ХХК-иас ирүүлсэн гомдол, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн хүрээнд Б***** дүүргийн ** хороо, Б**** ХХК-ийн урд талд О***** ХХК-ийн захиалгаар баригдаж байгаа үйлчилгээний барилгын зураг төсөл, холбогдох баримт бичиг, тухайн газар дээр хийсэн шалгалтаар Б**** ХХК-ийн 2 давхар барилгаас 3.62 м зайд байгаа нь Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт БНбД 31-01-10-ын 2.5 дахь Орон сууцны барилга хоорондын орон сууц, олон нийтийн хоорондын байршлын зайн ойролцоо хэмжээ барилгын тууш урт талуудын хооронд 2-4 давхар бол 15м байна гэсэн заалтын шаардлагыг хангаагүй байна гэдгийг тогтоосон байх тул нэхэмжлэгч О***** ХХК-ийг Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д зураг төслийн дагуу баригдсан байх гэж заасан барилга байгууламжид тавих шаардлагыг хангаагүй гэж үзэж, захиргааны байгууллагаас Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т Нийтийн болон гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол зөрчигдөх тохиолдолд энэ хуульд заасан шаардлага, үндэслэлийн дагуу барилгын үйл ажиллагаатай холбоотой хувийн эрх, ашиг сонирхлыг эрх бүхий байгууллагын шийдвэрээр хязгаарлаж болно, 7.5Барилгын асуудал эрхэлсэн төрийн болон нутгийн захиргааны байгууллага нь барилгын үйл ажиллагаанд холбогдох норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангах, хяналт тавих замаар хувийн, нийтийн болон гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хамгаалах үүрэг хүлээнэ гэж заасан үүргийн дагуу барилгын ажлын зөвшөөрлийг цуцалсан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

7. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч О***** ХХК нь Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3-д хүрээлэн байгаа орчны аюулгүй байдлыг хангах, барилга байгууламж хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр төлөвлөгдөн баригдаж, хүний эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө болон амьтан ургамалд аюул учруулахгүй байх үүргээ биелүүлээгүй тул эрх бүхий захиргааны байгууллагаас Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д нийтийн болон гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол зөрчигдөх тохиолдолд энэ хуульд заасан шаардлага, үндэслэлийн дагуу барилгын үйл ажиллагаатай холбоотой хувийн эрх ашиг сонирхлыг эрх бүхий байгууллагын шийдвэрээр хязгаарлаж болно гэж заасны дагуу олгосон зөвшөөрлөө хүчингүй болгосныг буруутгах боломжгүй байна.

8. Гуравдагч этгээд Б**** ХХК нь 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 182 дугаартай хүсэлтийг Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд хот байгуулалт, хөгжлийн газрын даргад болон Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт О***** ХХК нь Барилгын тухай хууль, Барилгын норм ба дүрэм мөн барилга хоорондын зай хэмжээний нормативд заасныг зөрчиж барилгын ажлыг эхлүүлсэн тул тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгож өгөх-ийг хүсэж, холбогдох захиргааны байгууллагад гомдол гаргаснаар Хот байгуулалт, хөгжлийн газраас тус барилгад хийсэн хяналтын хэмжилтээр архитектур төлөвлөлтийн даалгавар, батлагдсан загвар зургийг зөрчиж барилгын 2 дугаар давхраас дээш А, Д, 1 тэнхлэгийн дагуу консоль гаргасан, зэргэлдээ орших барилгын хоорондын зайг норм, дүрэмд заасан хэмжээнээс ойртуулсан болох нь хавтаст хэрэг авагдсан Хот байгуулалт, хөгжлийн газрын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 02/10/394 дугаартай албан бичиг, Б***** дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах О***** ХХК-ийн захиалгаар баригдаж буй барилга нь 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн МЗХ.***/***-19 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар болон 2019 онд батлагдсан загвар зургаас хэтрүүлэн баригдсан талаарх хот байгуулалтын менежментийн системийн зургаар нотлогдож байна.

9. Нэхэмжлэгч О***** ХХК-ийг Хот байгуулалт, хөгжлийн газраас Барилгын ажлын зөвшөөрөл авах хүсэлтийг гаргахад гуравдагч этгээд Б**** ХХК-иас хөрш зэргэлдээ оршин суугчдын зөвшөөрлийг өгсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байгаа хэдий ч нэхэмжлэгч компани уг зөвшөөрлийг авсны дараа батлагдсан загвар зургийг зөрчиж зэргэлдээ орших барилгын хоорондын зайг норм дүрэмд заасан хэмжээнээс ойртуулсан болох нь дээрх баримтуудаар тогтоогдож, үүнтэй нэхэмжлэгчээс маргахгүй байгаа тул Хот байгуулалт, хөгжлийн газрын орлогч даргын 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 08/2627 дугаартай албан бичгийг хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй байна.

10. Харин нэхэмжлэгч О***** ХХК нь дээрх зөрчлөө засаж, эсхүл зэргэлдээ орших барилга хоорондын зайг норм, дүрэмд заасан хэмжээнээс хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ойртуулсан бол тухайн нөхцөл байдлаа холбогдох эрх бүхий байгууллагад, албан тушаалтанд танилцуулан, зураг төслөө өөрчлөн батлуулсны дараа дахин барилгын ажлын зөвшөөрлийг хүсэх эрхийг энэхүү шийдвэрээр хязгаарлахгүй болохыг дурдах нь зүйтэй.

11. Хариуцагч захиргааны байгууллага маргаан бүхий актыг гаргахдаа сонсох ажиллагаа хийсэн боловч он, сарын хувьд зөрүүтэй, тайлбар, санал гаргах боломжоор хангаагүй, мөн захиргааны актад гомдол гаргах этгээдийг болон хугацааг дурдаагүй болох нь тогтоогдож байгаа хэдий ч энэ үндэслэлээр захиргааны актыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.

12. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч О***** ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 7.5, 11 дүгээр зүйлийн 11.1.3, 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О***** ХХК-иас Хот байгуулалт, хөгжлийн газрын орлогч даргад холбогдуулан гаргасан Хот байгуулалт, хөгжлийн газрын орлогч даргын 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг цуцлах тухай шийдвэрийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ