Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 79

 

“Жавхлант дистрибюшн” ХХК-ийн 

нэхэмжлэлтэй  иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2016/01477/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Оюунцэцэг, С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 337 дугаар шийдвэртэй,  

           Нэхэмжлэгч “Жавхлант дистрибюшн” ХХК-ийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.О-д  холбогдох 

           “Хугацаа дууссан барааны үнэ, борлуулалтын орлого 8.783.230 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг

           Нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг үндэслэн

            2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд:  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Батжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.  

Нэхэмжлэгч “Жавхлант дистрибюшн” ХХК болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс:

Б.О- Дархан салбарын эрхлэгчээр 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс ажилласан бөгөөд хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, барьцааны гэрээ  байгуулсан. Салбарын эрхлэгчийн ажлыг гүйцэтгэж байх хугацаандаа дээрх гэрээнд заасан эрх үүргээ зөрчин өөрийн эрхэлж буй ажилдаа хайнга хандсаны улмаас 3,496,385 төгрөгийн барааны хугацаа дууссан буюу борлуулах боломжгүй болгосон, албан тушаалаа хэтрүүлэн борлуулалтын орлогоос 4,571,460 төгрөг хувьдаа завшсан тул компанид учирсан хохирол болох нийт 8,783,230 төгрөгийг дээрхи үнийн дүнг борлуулалтын орлогоос дутаасан болно. Дээрх төлбөрийг хариуцагч Б.О-оос гаргуулж өгнө үү  гэжээ.

Хариуцагч Б.О-  болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс:

2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр “Жавхлант дистрибюшн” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан. Эд хөрөнгийн гэрээг чандлан сахиж ажил үүргийнхээ хуваарийн дагуу арга хэмжээг эрх мэдлийнхээ хүрээнд авч байсан. Хугацаа дууссан 3,496,385 төгрөгний барааг ажлын хариуцлага алдсан гэж үзэх нь буруу юм. 2016 оны 03 дугаар сарын 01-04-ний хугацаанд хотод төв ажлын байранд ажиллаж байх хугацаанд ерөнхий захирал Ш.Дашдорж, ерөнхий нягтлан Ууганбямба, борлуулалын албаны дарга Гантулга нартай  уулзаж ярихдаа Дархан салбарын эрхлэгч Б.О- Дарханы салбарт байгаа хугацаа дуусахад 30 хоног болон ажил хүлээж авахад дууссан байсан, борлуулах боломжгүй болсон муудсан бараанууд, хуванцар савтай молоко дээгүүрээ хагараад байна. Эдгээр барааны асуудлыг яаралтай шийдмээр байна. Анх ажил хүлээж авахад эдгээр барааны талаар танилцуулаагүйн улмаас барааны хугацаа дууссан хадгалах горимтой танилцуулаагүй. Буд худалдааны төвийн агуулах хэт халуун байгаа учир бараа хадгалахад хүндрэлтэй байна гэж хэлсэн. Салбарын эрхлэгчийн эрх мэдлийн хүрээнд авч болох бүх арга хэмжээг авсан.  Эрдэнэтээс хот руу манай барааг ачиж ирэх ачааны машинуудад 2 удаа хугацаа дуусах  дөхсөн асуудалтай хугацаа нь дууссан бараануудыг явуулж байсан. “Жавхлант дистрибюшн” ХХК нь үйлдвэрлэгч болон бусад худалдааны байгууллагуудын бараануудыг борлуулж өгч борлуулалтын хувь авч дээр нь өөрийн үнээ нэмж түгээлтээр борлуулдаг газар юм. “Жавхлант дистрибюшн” ХХК нь бараагаа татан аваагүй өөрсдөө эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний 3.5, хөдөлмөрийн гэрээний 4.3, 5.1 болон 5.4 заалтуудаа зөрчин гэрээнийхээ үүргийг биелүүлээгүй.  “Жавхлант дистрибюшн”  ХХК нь хөдөлмөрийн гэрээний 4.11 заалтанд хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс хойш нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, хүн амын орлогын албан татвар төлж эхэлнэ гэсэн заалтаа нэг ч удаа биелүүлж байгаагүй. Хөдөлмөрийн тухай хуулиар баяр болон олон нийтээр амрах өдрүүдэд ажлуулсан бол хуулийн дагуу нэмэгдэл бодох ёстой байдаг бол нэмэгдэл цалин олгож байгаагүй. Эрсдлийн сан нэрийдлээр ажилчдаасаа мөнгө хурааж  хууль бус мөнгө босгодог. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.  

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 337 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-д заасны баримтлан хариуцагч Б.О-оос 198,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Жавхлант дистрибюшн” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн үлдэх 8,585,230 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 155,481 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 6,590 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Жавхлант дистрибюшн” ХХК давж заалдсан гомдолдоо:

Компанийн зүгээс гаргаж өгсөн санхүүгийн анхан шатны баримтууд дээр Б.О- гарын үсэг зураагүй, ажлаас гарсны дараа, тооцоо нийлэхээс зайлсхийсэн үйлдэл удаа дараа гаргаж тооцоо нийлээгүй, өмнө нь бараа чанаргүй болгож байсан асуудал байгаа зэрэг нь хариуцагчийн удаа дараагийн буруутай үйлдэл, эс үйлдэхгүй байгааг  анхаарч үзээгүй. Анхан шатны шүүхэд “тооцоо нийлэх боломжоор хангаж өгөөч, тооцоо нийлээгүй учир нэхэмжлэлийн үнийн дүнгийн нэг хэсэг болох 4.571.460 төгрөгийн дутагдлыг нотлох баримт байхгүй байна” гэх хүсэлт тавьж байсан боловч шүүхийн зүгээс хүсэлтийг биелүүлээгүй.

Нэхэмжлэлийн үнийн дүн 8.783.230 төгрөгийн 3.496.385 төгрөг нь хугацаа дууссан, чанаргүй болсон бараа бүтээгдэхүүн байгаа бөгөөд энэ үнийн дүн нь нотлох баримт нь 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн тооллогоор тогтоогдож байна.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т зааснаар  “бичмэл нотлох баримт /-ыг шаардан авахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулах ба шинжлэн судалж болно”  гэсний дагуу хүсэлт тавихад хэрэгсээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг нотлох баримт бүрдүүлэх боломжоор хангаагүй, хууль буюу гэрээг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны  шүүхийн  шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  гомдолд дурдсан үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулах  үндэслэл  тогтоогдохгүй байна.

            Нэхэмжлэгч  “Жавхлант дистрибюшн” ХХК  хариуцагч  Б.О-д холбогдуулан  хугацаа  дууссан барааны үнэ  3.496.385 төгрөг,  борлуулалтын  орлогоос дутагдуулсан   4.571.460  төгрөг нийт   8.783.230  төгрөг  гаргуулахаар  шаардсаныг хариуцагч  Б.О-  зөвшөөрөхгүй  гэж  маргасан  байна.

            Шүүх  Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-д  заасныг баримтлан  хариуцагч  Б.О-оос  198.000 төгрөг гаргуулж, бусад хэсгийг  хэрэгсэхгүй  болгож,    шийдвэрлэснийг  нэхэмжлэгч  үл  зөвшөөрч    давж  заалдсан гомдол  гаргажээ.

            Хэргийн  үйл баримтаас  үзэхэд   Б.О- нь  “Жавхлант дистрибюшн”  ХХК-тай  2016 оны  01 дүгээр сарын  12-ны өдрөөс  2016 оны  12 дугаар сарын  31-ны өдөр хүртэл    тус байгууллагын  Дархан  салбарын  эрхлэгчээр  ажиллах хөдөлмөрийн гэрээ, барьцааны гэрээ, Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг  байгуулан  ажиллаж, 2016 оны  08 дугаар сарын  24-нд   хөдөлмөрийн гэрээг  дуусгавар  болгосон  нь  зохигчдын  шүүхэд гаргасан тайлбараар  тогтоогдсон  байна.

            Нэхэмжлэлийн агуулгаас үзэхэд  хариуцагч Б.О-  Дархан салбарын эрхлэгчээр ажиллаж байхдаа ажилдаа хайнга хандсаны улмаас  3.496.385 төгрөгийн  үнэ бүхий барааны   хугацаа  дууссан,  борлуулах боломжгүй болгосон, борлуулалтын  орлого 4.571.460 төгрөгийг  хувьдаа  завшиж компанид  хохирол  учруулсан  гэсэн бөгөөд  шаардлагаа  нотолж  авлагын дэлгэрэнгүй бүртгэл \2016.01.01-2016.09.20\, орлого, зарлагын падаан  баримтуудыг  ирүүлжээ.

            Шүүх дээрх нотлох баримтуудыг “...барааны хугацаа дууссан зарж, борлуулах боломжгүй болсон  нь  Б.О-ын ажилдаа хайнга  хандсан буруутай үйл ажиллагааны  улмаас бий болсон гэж  тайлбарлаж байгаа боловч,  энэ талаар  хэрэгт нотлох баримт байхгүй..., ...бараа бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгсөн, хүлээн авсан,  тооцоо нийлсэн баримт байхгүй...,  ... бараа бүтээгдэхүүний жагсаалт гаргаж өгсөн боловч  эдгээр баримт дээр Б.О-ын гарын үсэг байхгүй...,  жагсаалттай холбоотой  санхүүгийн анхан шатны орлого  зарлагын  баримтыг  шүүхэд ирүүлээгүй.., ... хавтаст хэргийн  64-144 дүгээр хуудаст авагдсан бичмэл баримтыг  нотлох баримтын хүрээнд үнэлэхгүй ..., гэж   дүгнэснийг  буруутгах  боломжгүй байна.

Нотлох баримтыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг  зөрчөөгүй, түүнчлэн тус  санхүүгийн  баримтууд нь нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааны  зарчим, удирдлага, зохион  байгуулалтын эрх зүйн үндсийг тодорхойлж, аж ахуйн нэгж байгууллага  нягтлан  бодох бүртгэл хөдлөх, санхүүгийн тайлан гаргах, нягтлан бодох бүртгэлийн  үйл  ажиллагаанд хяналт тавихтай холбогдсон  харилцааг  зохицуулсан  Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн  5 дугаар зүйлийн 5.1-д “ Аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлийн   дараах зарчмыг  баримтлана:   ...  5.1.4-т  “ үнэн зөв байх”,  мөн хуулийн  13 дугаар  зүйлийн 13.5-д   “Анхан шатны  баримтад түүнийг үйлдсэн,  зөвшөөрсөн  буюу  шалгасан ажилтан гарын  үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар  уг баримт бичиг хүчин төгөлдөр болно,  цахим  хэлбэрээр бүрдүүлсэн анхан шатны  баримт нь  цахим гарын үсгээр баталгаажсан байна.”, 12 дугаар зүйлийн 12.2-т   Хөрөнгө, төлбөр тооцооны  тооллогыг  дараах тохиолдолд заавал хийнэ. 12.2.2-т  эд хөрөнгө хариуцагч болон эд хөрөнгийн тооцоотой холбоотой  ажилтан солигдох үед,  12.2.3-т  эд хөрөнгө дутагдсан, эд хөрөнгийг хууль бусаар зарцуулсан байж болзошгүй  гэж  үзсэн үед.”  хийнэ гэсэн  заалтуудад  нийцээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэргийн оролцогч нь өөрийн шаардлага болон татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол  бүхий  нотлох баримтыг  шүүхэд гаргаж өгөх  үүргийн дагуу  гаргаж ирүүлсэн нотлох баримт нь  ач холбогдолтой  нотолгоо болж  чадаагүй  болно.

            Нэхэмжлэлийн  шаардлагын  Б.О-ыг  “ажилдаа  хайнга хандсаны улмаас   3.496.385 төгрөгийн үнэ бүхий  барааны  хугацаа дууссан буюу  борлуулах боломжгүй болгосон”  гэх үндэслэлийн талаар    шүүх  үндэслэл бүхий дүгнэлт хийсэн  гэж үзнэ.

            Учир нь хөдөлмөрийн гэрээний талууд нь эд хөрөнгийн бүрэн хариуцлагын  гэрээ байгуулсан хэдий ч  эд хөрөнгийн бүрэн хариуцлага  тооцохын тулд хүнсний барааны  хугацаа алдсан нөхцөлд ямар үүрэг хариуцлага хүлээхээр тохирсоныг  тодорхойлсон  ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн дотоод журмыг шүүхэд  ирүүлээгүй байхад  Б.О-ыг ажилдаа хайнга хандан, хариуцлага алдаж, байгууллагад хохирол учруулсан  гэж  буруутгах, улмаар төлбөр гаргуулах  үндэслэлгүй байна.

            Дээрх  үндэслэлүүдээс  үзэхэд  Б.О-ын гэм буруу огт нотлогдоогүй байх тул нэхэмжлэгчийн  энэ талаар гаргасан давж заалдсан гомдлыг хангах  хууль зүйн үндэслэлгүй  гэж  шүүх бүрэлдэхүүн  дүгнэв.

            Анхан шатны шүүх  нэхэмжлэлийг   2016 оны  10 дугаар сарын 12-нд  хүлээн авч, 10 сарын 18-нд иргэний хэрэг  үүсгэж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг   явуулж, 3 удаа  шүүх хуралдааны тов тогтоож, мөн удаа шүүх хуралдааныг хойшлуулж, зохигчдын хүсэлтээр  эвлэрэх боломжоор хангах ажиллагаануудыг хийж,   хэргийг  2017 оны 03 дугаар сарын  24-нд шийдвэрлэсэн   байх тул  анхан шатны шүүхийг   нотлох баримт бүрдүүлэх боломжоор хангаагүй  гэж үзэхгүй болохыг дурдах нь зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.1-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 337 дугаар шийдвэрийг  хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн   162 дугаар зүйлийн 162.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа  улсын тэмдэгтийн хураамжид  155.490 төгрөг төлснийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    О.НАРАНГЭРЭЛ            

                                 ШҮҮГЧИД                                                   С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                     С.ЭНХЖАРГАЛ