Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 337

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, 25-612 тоотод байрлах, “Жавхлант дистрибюшн” ХХК /регистрийн дугаар 5936144, утас 89081123/-ийн

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, 2 дугаар хороолол, 45 дугаар байр, 55 тоотод оршин суух, Монгол овогт Батбаярын Оргил /регистрийн дугаар ГА87102472, утас 99281437/-д холбогдох,

 

“8,783,230 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Анандсугар, Х.Ууганбямба, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Батжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа нар оролцов.

 

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Жавхлант дистрибюшн” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“...Б.Оргил нь “Жавхлант дистрибюшн” ХХК-д Дархан салбарын эрхлэгчээр 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс ажилласан болно. Эрхлэгчийн албан тушаалд томилогдоход “Хөдөлмөрийн гэрээ”, “ Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ”, “Барьцааны гэрээ”-г тус тус харилцан тохиролцож байгуулсан. Салбарын эрхлэгчийн ажлыг гүйцэгтгэж байх хугацаандаа дээрхи гэрээнд заасан эрх үүргээ зөрчин өөрийн эрхэлж буй ажилдаа хайнга хандсаны улмаас 3,496,385 төгрөгийн барааны хугацаа дууссан буюу борлуулах боломжгүй болгосон, албан тушаалаа хэтрүүлэн борлуулалтын орлогоос 4,571,460 төгрөг хувьдаа завшсан тул компанид учирсан хохирол болох нийт 8,783,230 төгрөгийг дээрхи үнийн дүнг борлуулалтын орлогоос дутаасан болно. Дээрхи төлбөрийг хариуцагч Б.Оргилоос гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч Б.Оргил нь шүүхэд гаргасан тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“...2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр ажил хүлээлцэх тооллого хийж шинэ салбарын эрхлэгч болох Үнэнбатад хүлээлгэж өгсөн. Тухайн өдөр болон дараа, өмнө нь ямар нэг өр төлбөрийн талаар ярьж танилцуулж байсан удаа байхгүй ямар ч асуудалгүй гэж хүлээн авсны дараа ийм 8,783,230 төгрөгийг нэхэж байгаад гайхаж байна.

2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр “Жавхлант дистрибюшн” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байх хугацаандаа Хөдөлмөрийн гэрээ болон Эд хөрөнгийн гэрээг чандлан сахиж ажил үүргийнхээ хуваарийн дагуу арга хэмжээг эрх мэдлийнхээ хүрээнд авч байсан.

Хугацаа дууссан 3,496,385 төгрөгний барааг ажлын хариуцлага алдсан гэж үзэх нь буруу юм. 2016 оны 03 дугаар сарын 01-04-ний хугацаанд хотод төв ажлын байранд ажиллаж байх хугацаанд ерөнхий захирал Ш.Дашдорж, ерөнхий нягтлан Ууганбямба, борлуулалын албаны дарга Гантулга нартай Дархан салбарын эрхлэгч Оргил миний бие уулзаж ярихдаа Дархан салбарын эрхлэгч Б.Оргил “Дарханы салбарт байгаа хугацаа дуусахад 30 хоног болон ажил хүлээж авахад дууссан байсан, борлуулах боломжгүй болсон муудсан бараанууд, хуванцар савтай молоко дээгүүрээ хагараад байна. Эдгээр барааны асуудлыг яаралтай шийдмээр байна. Анх ажил хүлээлцэж авахад эдгээр барааны талаар танилцуулаагүйн улмаас барааны хугацаа дууссан хадгалах горимтой танилцуулаагүй. Буд худалдааны төвийн агуулах хэт халуун байгаа учир бараа хадгалахад хүндрэлтэй байна гэж хэлсэн.

...Тус ярианы дараа Дарханд салбараас хугацаа оройтсон муудсан миний ажил авахаас өмнө нь хугацаа нь дууссан барааг хотын төв ажлын байр луу буцаах талаар холбогдоход тээвэрлэлтийн асуудлыг шийдэж өгөхгүй хойшлуулаад байсан тул 2016 оны 04 дүгээр сарын 16-нд 18 цаг 38 минутанд борлуулалтын албаны дарга Гантулгад фейсбүүк чатаар дээрх асуудлыг дахин бараа тус бүрийн зурагнуудыг авч тайлбарыг нь бичин явуулсан.

Салбарын эрхлэгчийн эрх мэдлийн хүрээнд авч болох бүх арга хэмжээг авсан.

Үүнд Эрдэнэтээс хот руу манай барааг ачиж ирэх ачааны машинуудад 2 удаа хугацаа дуусах дуусах дөхсөн асуудалтай хугацаа нь дууссан бараануудыг явуулж байсан.  “Жавхлант дистрибюшн” ХХК нь үйлдвэрлэгч болон бусад худалдааны байгууллагуудын бараануудыг борлуулж өгч борлуулалтын хувь авч дээр нь өөрийн үнээ нэмж түгээлтээр борлуулдаг газар юм.  Иймд харилцагч байгууллагууддаа хугацаа дууссан бараа гэмтсэн бараа, хугацаа дуусах дөхөж буй бараануудыг буцааж өгч болдог юм. Энэ юу гэсэн үг вэ гэхээр “Жавхлант дистрибюшн” ХХК нь алдагдал хүлээхгүй гэсэн үг юм. 

“Жавхлант дистрибюшн” ХХК нь бараагаа татан аваагүй өөрсдөө “Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний 3.5, Хөдөлмөрийн гэрээний 4.3, 5.1 болон 5.4 заалтуудаа зөрчин гэрээнийхээ үүргийг биелүүлээгүй байж дараа нь надад ийм хэрэг тулгах нь гүтгэлэгийн шинжтэй хэрэг юм.

...Нэг салбарын эрхлэгч нь агуулахаа давхар хариуцан няравын ажлыг давхар хийдэг гэсэн үг юм.

... “Жавхлант дистрибюшн” ХХК нь хөдөлмөрийн гэрээн дээр 4.11 заалтанд хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс хойш нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, хүн амын орлогын албан татвар төлж эхэлнэ гэсэн заалтаа нэг ч удаа биелүүлж байгаагүй.

Хөдөлмөрийн тухай хуулиар баяр болон олон нийтээр амрах өдрүүдэд ажлуулсан бол хуулийн дагуу нэмэгдэл бодох ёстой байдаг бол “Жавхлант дистрибюшн” ХХК нь 2016 оны 03 дугаар сарын 08, улсын баяр наадмаар ажлуулсан боловч нэмэгдэл цалин олгож байгаагүй.

Жолоочгүй ажиллаж байх хугацаандаа салбарын эрхлэгч бие ажлаа зогсоохгүйн тулд өөрөө түгээлтэнд хамт дараагийн жолооч шинээр авах хүртэл 12 хоног явсан боловч борлуулалтын хувийн нэмэгдэл хувь өгөх нь битгий хэл миний цалин өгөлгүй 5 хонож өгөхдөө 150,000 төгрөг өгсөн.

Хөдөлмөрийн гэрээний 4.11 заалтыг хэрэгжүүлдэггүй мөртлөө нийт бодогдсон цалингийн 10 хувийг эрсдлийн сан нэрийдлээр “Жавхлант дистрибюшн” ХХК цалингаас суутган авдаг байсан нь хөдөлмөрийн гэрээнд заагаагүй ноцтой зөрчил юм. Дотоод журамдаа эрсдлийн сангийн тухай байдаг гэдэг боловч нэг ч удаа дотоод журмаа танилцуулж тайлбарлаж байгаагүй.

Эрсдлийн сан нэрийдлээр ажилчдаасаа мөнгө хурааж авч хууль бус мөнгө босгодог. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Жавхлан дистрибюшн ХХК нь хариуцагч Б.Оргилд холбогдуулан салбарын эрхлэгчийн ажлыг гүйцэтгэж байх хугацаандаа гэрээнд заасан эрх үүргээ зөрчин, өөрийн эрхэлж буй ажилдаа хайнга хандсаны улмаас хугацаа дууссан буюу борлуулах боломжгүй болсон бараа 3,496,385 төгрөг, албан тушаалаа хэтрүүлэн борлуулалтын орлогоос хувьдаа завшсан 4,571,460 төгрөг, нийт 8,783,230 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаан дээр “...дээрх  өр төлбөр нь Б.Оргилыг 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд ажиллаж байх үед бий болсон...”  гэж шаардлагаа тодруулсан болно.

Хариуцагч Б.Оргил нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Хариуцагч Б.Оргил нь Жавхлант  дистрибьюшн ХХК-ний Дархан салбарт эрхлэгчээр 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн ажилласан бөгөөд тэрээр 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр тооллого хийж ажлаа хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ, Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, 2016 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн тооллого хийсэн баримт болон зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-д “Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ”, 135 дугаар зүйлийн 135.1-д “ажилтан 135.1.1-135.1.5-д заасан тохиолдолд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч Жавхлант дистрибьюшн ХХК нь өөрт учирсан эд хөрөнгийн хохирлыг, хохирол учруулсан ажилтнаас нэхэмжлэх эрхтэй болно.

           

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй”, 38 дугаар зүйлийн 38.1-т “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй”, 44 дүгээр зүйлийн 44.2-т “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй. Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулах ба шинжлэн судалж болно” гэж тус тус заажээ.

               

                Хавтас хэрэгт зохигч талуудын 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн тооллого хийсэн баримтад Жавхлант дистрибьюшин ХХК-ний Дархан салбарын агууллахад байсан бараа бүтээгдэхүүний тоо ширхэг хэмжээ болон хугацаа дууссан, зарж борлуулах боломжгүй бараа бүтээгдэхүүний тоо ширхэгийг тус тус тусгасан байна. /хх-33-37/

            Нэхэмжлэгч тал шүүх хуралдаан дээр “...2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн тооллогоор агууллахад байсан хугацаа дууссан, зарж борлуулах боломжгүй болсон бараа бүтээгдэхүүний үнэ 3,496,385 төгрөг бөгөөд энэхүү бараа бүтээгдэхүүнийг борлуулах боломжгүй болсон нь Б.Оргилын ажилдаа хайнга хандсан буруутай үйл ажиллагааны улмаас бий болсон...” гэж тайлбарлаж байх боловч энэ талаар хэрэгт нотлох баримт байхгүй байна.

Хариуцагч Б.Оргилыг Жавхлант дистрибьюшин ХХК-ний Дархан салбарын эрхлэгчээр ажиллаж байх хугацаанд  бараа бүтээгдэхүүний хүлээлгэн өгсөн, хүлээн авсан, борлуулалт болон  орлого, зарлагын талаарх баримтууд,  талуудын хооронд энэ талаар тооцоо нийлсэн баримт хэрэгт байхгүй байгаа ба нэхэмжлэгч талаас хэрэгт орлогын падаан, зарлагын падаан гэх бараа бүтээгдэхүүний жагсаалтыг гаргаж өгсөн боловч энэхүү баримт нь дээр хариуцагч Б.Оргилын гарын үсэг байхгүй, энэхүү жагсаалттай холбоотой санхүүгийн анхан шатны орлого зарлагын баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул хавтас хэргийн 64-144 хуудас дахь баримтыг нотлох баримтын хүрээнд үнэлээгүй болно.

Иймээс хариуцагч Б.Оргил нь Жавхлант дистрибьюшин ХХК-ний Дархан салбарын эрхлэгчээр ажиллаж байхдаа нийт хичнээн төгрөгийн бараа бүтээгдэхүүн хүлээн авснаас хэдэн төгрөгийн бараа бүтээгдэхүүн зарж борлуулж байгууллагад төлбөрийн төлсөн, хэдэн төгрөгийн бараа бүтээгдэхүүний үлдэгдэлтэй байхаас хэдэн төгрөгийн бараа бүтээгдэхүүн дутагдуулсан эсхүл мөнгийн төлөөгүй талаарх баримт хэрэгт байхгүй байх тул хариуцагч Б.Оргилыг албан тушаалаа хэтрүүлэн борлуулалтын орлогоос хувьдаа завшсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Харин  Норовхан ХХК-ний нягтлан У.Дэлгэрмаагаас хариуцагч Б.Оргилд падаан бичигдээгүй, нэг бүрийн 49,500 төгрөгийн үнэтэй,  25 кг-ын 4 уут будааны үнэ 198,000 төгрөгийг бэлнээр өгсөн болох нь гэрч У.Дэлгэрмаагийн мэдүүлэг, барааны үнийн жагсаалт зэргээр тогтоогдож байх тул хариуцагч Б.Оргилоос будааны үнэ 198,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас 198,000 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 8,585,230 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-д заасны баримтлан хариуцагч Б.Оргилоос 198,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Жавхлант дистрибьюшин ХХК-нд олгож, нэхэмжлэлийн үлдэх 8,585,230 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 155,481 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 6,590 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      З.ТУНГАЛАГМАА