Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2018/01703

 

“Ю” XXК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2018/01090 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 1607 дугаар магадлалтай

“Ю” XXК-ийн  нэхэмжлэлтэй

“Б” ХХК-д холбогдох

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 6 975 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярсайханы хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч “Ю” XXК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани “Б” ХХК-тай газрын тосны бүтээгдэхүүн худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний 3.2-т заасны дагуу худалдан авагч “Б” ХХК худалдан авсан барааны үнийг 14 хоногийн дотор төлөх үүрэгтэй байсан боловч төлөөгүй. Иймд гэрээний үүргийн үлдэгдэл 4 650 000 төгрөг, гэрээний 3.4-т заасан хугацаа хэтрүүлсэн алданги 2 325 000 төгрөг, бүгд 6 975 000 төгрөгийг “Б” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Б” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компани нь тус компанитай газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулан ажилласан болно. Тус гэрээний үндсэн төлбөрийг төлөхөд татгалзах зүйлгүй бөгөөд гэрээний алданги 2 325 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй байна гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2018/01090 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б ХХК-иас 6 975 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ю ХХК-д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар Ю XXК-иас төлсөн 126 550 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б ХХК-иас 126 550 төгрөг гаргуулж Ю XXК-д олгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 1607 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2018/01090 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “6 975 000” гэснийг “4 905 750” гэж, 2 дахь заалтын “хариуцагч Б ХХК-иас 126 550” гэснийг “хариуцагч “Б” ХХК-иас 93 442” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 52 150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Ю” ХХК нь “Б” ХХК-тай газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний 3.2-т заасны дагуу Худалдан авагч “Б” ХХК нь худалдан авсан барааны үнийг 14 хоногийн дотор төлөх үүрэгтэй байсан боловч төлөөгүй. Иймд гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл 4 650 000 төгрөг, гэрээний 3.4-т заасан хугацаа хэтрүүлсэн алданги 2 325 000 төгрөг, нийт 6 975 000 төгрөгийг “Б” ХХК-иас гаргуулахаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжэл гаргасан.

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх Иргэний хэргийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Б” ХХК-иас 6 975 000 төгрөг гаргуулж, нэхэмжпэгч “Ю” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Гэтэл хариуцагч “Б ХХК нь алдангийн хэмжээ илт их байгаа тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасны дагуу алдангийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж давж заалдах журмаар гомдол гаргасан.

Давж заалдах шатны шүүх гомдлыг шийдвэрлэж, алданги гаргуулахдаа нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөн гэж үзэж 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн тооцоо нийлсэн актад заасан үеэс шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр хүртэл тооцож, 11 хоногийн алданги 255 750 төгрөг гаргуулах нь зүйтэй гэж үзэж, алдангийн хэмжээг илт багасгаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн.

Манай компани нь алдангийг тооцохдоо гэрээний 3.2-т заасны дагуу барааг хүлээн авснаас хойш 14 хоног буюу 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс хойш 14 хоног тооцож 15 дахь хоног буюу 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаагаар алданги тооцсон. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар “анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй" гэсний дагуу 50 хувиар тооцож 2 325 000 төгрөгийн алдангийн нэхэмжилсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсгийг зөрчиж нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй гэж байна. Үүнд:

Талуудын хооронд байгуулсан 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан 22/017 тоот гэрээний 3.2-т /худалдан авагч нь зээлээр худалдан авсан барааны төлбөрийг 14 хоногийн дотор худалдагч талын Хаан банкинд дахь “Ю” ХХК-ийн 5009754816 тоот төгрөгийн дансанд шилжүүлэх буюу бэлнээр төлнө./ гэж заасан. Өөрөөр хэлбэл худалдагч тал 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 3000 литр дизель түлшийг худалдан авагч талд өгч, худалдан авагч нь авсан өдрөөс хойш 14 хоногийн дараа буюу 2017 оны 08 дугаар сарын 09-ний дотор төлбөрийг төлөхөөр тохиролцсоныг давж заалдах шатны нотлох баримтыг буруу үнэлж хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Мөн давж заалдах шатын шүүх 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн тооцоо нийлсэн актыг үндэслэл болгон шийдвэрлэхдээ зөвхөн тухайн өдрийн огноог баримтлаж, 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд 4 650 000 төгрөгийн өртэй гэснийг огт харгалзан үзээгүй. Хэрэв тооцоо нийлсэн актыг үндэслэл болгох байсан бол хэрэгт 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн тооцоо нийлсэн актыг яагаад нотлох баримтаар үнэлээгүй нь ойлгомжгүй байна.

Иймд нэхэмжлэлийн үнийн дүнгээс хэрэгсэхгүй болгосон алданги 2 069 250 төгрөгийг хангуулан шийдвэрлэж, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 1607 тоот дугаартай магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

“Ю” ХХК нь “Б” ХХК-д холбогдуулан нийлүүлсэн барааны үнэ 4 650 000, алданги 2 325 000 төгрөгийн хамт нийт 6 975 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэнд хариуцагч гэрээний үндсэн үүргийг зөвшөөрч, алдангийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, давж заалдах шатны шүүх хариуцагчаас 4 905 750 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Зохигчид 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах-худалдан авах” №22/017 дугаартай гэрээ байгуулж, гэрээний дагуу “Б” ХХК 3000 литр дизель түлшийг нэгж үнийг 1 550 төгрөгөөр тооцож, нийт 4 650 000 төгрөгийн түлш худалдаж авсан боловч үнийг төлөөгүй үйл баримт тогтоогджээ.

Талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар худалдагч хөрөнгөө шилжүүлсэн тул худалдан авагч үнийг төлөх үүрэгтэй.

Зохигчид гэрээний 3.2.-т “худалдан авсан барааны төлбөрийг 14 хоногийн дотор ...худалдагчид төлнө” гэж, 3.4.-т “...энэ зүйлийн 3.2.-т заасан хугацаанд төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцсон алдангийг худалдагчид төлнө” гэж харилцан тохиролцсон байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3.-т “хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ” гэжээ.

Талууд анзын талаар гэрээгээр харилцан тохиролцсон тул нэхэмжлэгч нийлүүлсэн барааны үнийг алдангийн хамт нэхэмжилсэн нь хууль зөрчөөгүй байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, алдангийн хэмжээг багасгаж шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2. дахь заалтыг зөрчснөөс алданги тооцох хугацааг буруу тодорхойлжээ.

Талууд тооцоо нийлснээр зөвхөн үлдэгдэл төлбөрийн дүнг баталгаажуулсан бөгөөд тус баримтад алдангийн талаар тохиролцоогүй байхад давж заалдах шатны шүүх талуудын тооцоо нийлсэн өдрөөс хойш алдангийг тооцож, шийдвэрт өөрчлөлт оруулсан нь үндэслэлгүй байна.

Алданги тооцох хугацааны талаар талуудын харилцан тохиролцсон гэрээний заалтыг ямар үндэслэлээр үгүйсгэж байгаа талаар давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан хууль зүйн үндэслэлээ нотлоогүй тул магадлал хуульд нийцээгүй байна.

Иймд магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэстэй гэж үзлээ.

Харин анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, үндэслэл бүхий дүгнэлт хийсний үндсэн дээр хариуцагчаас худалдан авсан барааны үнийг, алдангийн хамт гаргуулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4., 232.6., 243 дугаар зүйлийн 243.1. дэх заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцжээ.

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 1607 дугаар магадлалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2018/01090 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярсайханы хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., 59 дүгээр зүйлийн 59.3., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 48 060 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                     Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                               Х.ЭРДЭНЭСУВД