Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 1607

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 21з0/МА2018/00515

 

 

 

“ЮБО” XXК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2018/01090 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч “ЮБО” XXК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “БД” ХХК-д холбогдох

 

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 6 975 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч “ЮБО” XXК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани “БД” ХХК-тай газрын тосны бүтээгдэхүүн худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний 3.2-т заасны дагуу худалдан авагч БД ХХК худалдан авсан барааны үнийг 14 хоногийн дотор төлөх үүрэгтэй байсан боловч төлөөгүй. Иймд гэрээний үүргийн үлдэгдэл 4 650 000 төгрөг, гэрээний 3.4-т заасан хугацаа хэтрүүлсэн алданги 2 325 000 төгрөг, бүгд 6 975 000 төгрөгийг “БД” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “БД” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компани нь тус компанитай газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулан ажилласан болно. Тус гэрээний үндсэн төлбөрийг төлөхөд татгалзах зүйлгүй бөгөөд гэрээний алданги 2 325 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч “БД” ХХК-иас 6 975 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “ЮБО” ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар “ЮБО” XXК-иас төлсөн 126 550 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “БД” ХХК-иас 126 550 төгрөг гаргуулж “ЮБО” XXК-д олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагч “БД” ХХК давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг зөвшөөрөхгүй. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж, хариуцагчийг өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох эрхээр хангаагүйд гомдолтой байна. Компанийг төлөөлж шүүх хуралдаанд орсон Ц.Номин-Эрдэнэ өмгөөлөгч сонгон авах, өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг шүүхэд тавьсан боловч шүүгч үндэслэлгүйгээр өмгөөлүүлэх эрхийг хязгаарлаж хэргийг шийдвэрлэсэн. Манай компани нэхэмжлэгч "Юнайтел бест ойл" ХХК-иас худалдан авсан бүтээгдэхүүний үлдэгдэл 4 650 000 төгрөгийн хувьд маргахгүй, харин алданги 2 325 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй.

Нэхэмжлэгчийн шаардаж буй алдангийн хэмжээ илт их байгаа тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасны дагуу алдангийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

            Хариуцагч “БД” ХХК нь нэхэмжлэгч “ЮБО” ХХК-ийн худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр, алдангид 6 975 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч 4 650 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсэг болох алдангийг илт их хэмжээтэй гэсэн үндэслэл заан маргажээ.

            Талууд 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр гэрээ байгуулж, худалдагч “ЮБО” ХХК өөрийн өмч болох газрын тосны бүтээгдэхүүнийг зээлээр худалдах, худалдан авагч “БД” ХХК нь гэрээгээр тохиролцсон үнэ, хэмжээ, хуваарийн дагуу барааг худалдан авахаар тохиролцсон, улмаар “БД” ХХК, 3000 литр дизель түлшийг нэгж үнийг 1550 төгрөгөөр тооцон худалдан авсан үйл баримт хэрэгт авагдсан өдөр Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах-худалдан авах гэрээ, зарлагын баримт, тооцоо нийлсэн акт зэрэг баримтаар нотлогдож байна. /хх-9-14 дэх тал/ Нэхэмжлэгч, хариуцагч нар энэхүү үйл баримтад маргаангүй учир тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ. Иймд талуудын хэн аль нь гэрээний үүргийг шаардах эрхтэй.

Хариуцагч компани худалдан авсан барааны үнэ болох 4 650 000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дүгээр зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар өөрийн тайлбараар хүлээн зөвшөөрсөн байх тул түүнээс уг мөнгөн төлбөрийг гаргуулахаар шүүх шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцжээ.

Харин алданги гаргуулах шаардлагын хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөн гэж үзэхээр байна. Талууд гэрээний 3.4 дэх залтаар худалдан авагч нь энэ зүйлийн 3.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцсон алдангийг худалдагчид төлөх үүрэг хүлээсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.6 дахь заалтад нийцжээ. Гэвч гэрээний 3.2-т заасан зээлээр худалдан авсан барааны төлбөрийг 14 хоногийн дотор төлөх хугацааг хэзээнээс тооцох нь тодорхойгүй байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, гэрээний талуудын нягтлан бодогч нар 2 удаа тооцоо нийлсэн байх ба 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн тооцоо нийлсэн актад хоёр байгууллагын хооронд 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны санхүүгийн анхан шатны бүртгэлийн баримтыг нийлж “БД” ХХК-ийг 4 650 000 төгрөгийн өртэй гарсныг харилцан баталсан байна. /хх-13-14 дэх тал/ Иймд хариуцагчийн төлбөрийн үлдэгдэл төлөх үүргийн хугацааг энэхүү тооцоо нийлсэн актад заасан үеэс тооцож, нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр хүртэлх 11 хоногийн алдангид 255 750 төгрөг гаргуулах нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт нийцнэ.

Хариуцагч “БД” ХХК-ийн 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдөр гаргасан хүсэлтийг хүлээн авч, өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах эрхийг нь хангаж, мөн өдөр товлогдсон шүүх хуралдааныг хойшлуулсан байх тул дээрх үндэслэлээр дахин шүүх хуралдаан хойшлуулах хариуцагч талын хүсэлтийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгон хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан үндэслэлд хамаарахгүй тул энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2018/01090 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “6 975 000” гэснийг “4 905 750” гэж, 2 дахь заалтын “хариуцагч БД ХХК-иас 126 550” гэснийг “хариуцагч “БД” ХХК-иас 93 442” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 52 150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

      

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                         ШҮҮГЧИД                                      А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                                Ч.ЦЭНД