Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 649

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Бадамсүрэн даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч О.Оюунгэрэл, шүүгч Ц.Одмаа, иргэдийн төлөөлөгч Б.Батзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Насанбаяр, нэхэмжлэгч Ё.Н, түүний өмгөөлөгч Ж.Б-А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О нарыг оролцуулан,

Нэхэмжлэгч: Ёндонгомбо овогтой Н, 

Хариуцагч: Р дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга,    

Нэхэмжлэлийн шаардлага: “...Р дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/25 дугаар, 2017 оны 03 сарын 15-ны өдрийн Б/65 дугаар тушаалуудыг хүчингүй болгуулах, урд эрхэлж байсан Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс нөхөн олгохыг, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ё.Н шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

“...Нэхэмжлэгч Ё.Н миний бие Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд Р дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/253, 2017 оны 03 сарын 15-ны өдрийн Б/82 дугаар тушаалуудыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох, урд эрхэлж байсан Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс нөхөн олгуулах болон эрүүл мэндийн болон нийгэм даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргаж байсан.

Хэргийн нөхцөл байдлыг цааш нь судалж үзэхэд Р дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2017 оны 03 сарын 15-ны өдрийн Б/82 дугаар тушаал буюу захиргааны актад Засаг даргын Тамгын газрын бүтэц орон тоо шинээр батлагдаж Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэгт “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд ....” заасан тохиолдол бий болсон гэх үндэслэлээр Эдийн засаг төлөвлөлтийн хэлтсийн даргын албан тушаалаас намайг чөлөөлсөн. Гэвч бодит байдал дээр миний эрхэлж байсан албан тушаалын орон тоо хасагдаж, татан буугдаж, өөрчлөн байгуулагдаагүй Р дүүргийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 27 өдрийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай захирамжинд миний эрхэлж байсан Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтэс нь 5 хүний орон тоогоор батлагдсан тэрхүү орон тоонд хэлтсийн даргын орон тоо хэвээр, хуульд заасан тохиолдол бий болоогүй байхад Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсгийг үндэслэн намайг ажил албан үүргээс минь чөлөөлсөн нь 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/82 тоот тушаалыг хууль бус акт болгож байна. 

Нэхэмжлэгч миний хууль ёсны ашиг сонирхол, хөдөлмөрлөх эрхийг маань зөрчиж намайг ажил албан үүргээс маань чөлөөлсөн Р дүүргийн Засаг даргын тамгын газрын 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/82 дугаар тушаалыг хууль бус гэж үзэж, уг захиргааны актыг хүчингүй болгуулах нь зүйтэй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна.

Иймээс “Р дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/253, 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/82 дугаар тушаалуудыг хүчингүй болгуулах, урд эрхэлж байсан Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс нөхөн олгуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай” болгон нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна” гэжээ.

Нэхэмжлэгч Ё.Н дээрх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбараа:

“... Ё.Н миний бие 2013 оноос Р дүүргийн одоогийн Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт шинжилгээний хэлтсийн даргаар ажиллаж байсан. Тэгээд 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/65 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Иймээс ажлаас чөлөөлөгдсөн нь үндэслэлгүй байна гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Намайг 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр түр орлон гүйцэтгэгч гэж томилж, ажлаас чөлөөлсөн. Үүнийг надад танилцуулаагүй. Би 2017 оны 1 дүгээр сарын сүүлээр бичиг хэргээс албан бичгийг зас гэж хэлэхэд нь мэдсэн. Та түр орлон гүйцэтгэгч болсон тул энэ албан бичгээ засаж өгнө үү гэсэн. Уг бичиг нь яаралтай бичиг байсан учраас тухайн бичигт гарын үсэг зурсан. Иймд ажлаас халсан тушаалыг цуцалж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Б-А шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа:

“...2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/65 дугаар тушаал, 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/25 дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлага гаргаж байгаа юм. Р дүүргийн Засаг даргын Тамгын газар 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр бүтэц орон тоогоо өөрчилж, шинэчилсэн бүтэц орон тоонд ажилтнуудаа эгүүлэн томилсон. Тэгээд томилохдоо иргэдийн Төлөөлөгчийн Хурлаар бүтцээ өөрчилж байгаа гэдгээ танилцуулсан. Ингээд эгүүлэн томилохдоо жинхлээд томилсон гэж ойлгосон байсан. Гэтэл түр орлон гүйцэтгэх гэдгийг Засгийн газраас баталсан журамд заасан нөхцөл боломж байхгүй байхад хэрэглэсэн. Яагаад уг тушаалыг хүчингүй болгуулахаар өгсөн бэ гэхээр 12 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн Ё.Нгийн эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж эхэлсэн. Түр орлон гүйцэтгүүлэх журмаа зөрчсөн. 03 дугаар сараас ажлаас чөлөөлөгдсөн. Тэгээд түр орлон гүйцэтгэгчийг ажлаас халж оронд нь Төрийн албан хаагчийн шалгалт өгөөгүй 01 дүгээр сард мэргэжилтнээр ажиллаж байсан хүнийг томилсон. Томилохдоо нэг сарын өмнө үр дүнгийн гэрээ байгуулсан. Мөн онцгой байдлын комиссын үйл ажиллагаанд оролцуулсан. Ё.Н даргаа халаагүй байж онцгой байдлын үйл ажиллагаанд оруулж, үр дүнгийн гэрээ байгуулж хууль зөрчсөн. Тэгээд дарамталсаны эцэст ажлаа хүлээлгэж өгөхдөө санал гомдолгүй гэж бичгээр өгсөн.  

Санал гомдолгүй гэсэн ч Ё.Нгийн хөдөлмөрлөх эрх, шүүхэд хандах, гомдох эрхийг хязгаарлахгүй гэж үзэж байна. Илт хууль бус захиргааны акт гэдгээ маргаан бүхий захиргааны акт гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт  гэж үзэж байна.

Тухайн хугацаанд Ё.Н нь хөлөө хугалсан хүндэтгэн үзэх шалтгаантай байсан. Мөн зун нь хөдөө явсан асуудал байдаг. Тэгээд намар Төрийн албаны зөвлөлд хандсан. Төрийн албаны зөвлөлөөс 11 дугаар сарын 01-ны өдөр шүүхээр шийдвэрлүүл гэсэн хариу өгсөн байсан. Ийм учраас шүүхэд гомдол гаргасан” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О 2018 оны 10 дугаар сарын 17-нд шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“…Иргэн Ё.Нгийн нэхэмжлэлтэй, тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/65 дугаар тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д заасны дагуу илт хууль бус болохыг тогтоох, Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт шинжилгээний хэлтсийн даргын албан тушаалд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин болон нэмэгдэл цалинг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байсан. Нэхэмжлэгч 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж Р дүүргийн Засаг даргын тамгын газрын 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/65 тоот тушаалыг хууль бус захиргааны акт болгуулах хүсэлтийг эс зөвшөөрч дараах хариуг хүргүүлж байна.

Тус дүүргийн Засаг даргын Тамгын даргын 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Б/65 дугаар тушаал нь Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэгт “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Тамгын газрын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан Тамгын газрын орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж, чөлөөлнө гэж заасны дагуу дүүргийн Засаг даргын 2016 оны Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай А/40 дүгээр захирамжийг үндэслэсэн.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “Захиргааны ерөнхий хуулийн 48-д заасны дагуу хууль бус захиргааны актыг хүчингүй болгох” гэжээ. Хууль болоод онолын хувьд “Хууль бус захиргааны акт” нь эрх зүйн зөрчилтэй акт байхыг ойлгоно. Энэхүү тушаал нь эрх зүйн зөрчилгүй акт тул хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлгүй юм.

Энэхүү акт нь эрх бүхий албан тушаалтнаас эрх хэмжээний хүрээнд процесс ажиллагаа зөрчөөгүй хуулийн хүрээд гарсан нь нотлох баримтаар нотлогддог. Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу сонсох ажиллагааг явуулж нэхэмжлэгчээс гомдол саналгүй гэсэн тайлбар бичгээр авсан. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу нэхэмжлэл гаргах хуулийн хугацаа дууссан байна.

Иймд дээрх маргаан бүхий Тамгын газрын даргын 2017 оны Б/65 дугаар тушаал нь нэхэмжлэгчийн эрх ашиг болон бусдын эрх ашгийг зөрчөөгүй, хуульд заасны дагуу тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга өөрийн эрх хэмжээний хүрээнд гаргасан тушаал тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа:

“... Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. Р дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Б/65 дугаар тушаал нь Засаг захиргаа нутаг дэвсгэр нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-т “...Тамгын газрын даргыг хуулийн дагуу нэр дэвшүүлсэн иргэдээс сонголт хийж Засаг дарга томилно” мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4-т “...нутаг дэвсгэрийнх нь эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудлыг хэлэлцэхэд Засгийн газрын хуралдаанд оролцож санал, байр сууриа илэрхийлэх” гэж заасны дагуу Р дүүргийн Засаг даргын 2016 оны Засаг даргын Тамгын газрын бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай А/40 дүгээр захирамжийг үндэслэж Ё.Нг ажлаас нь чөлөөлсөн байдаг. 

Хууль бус захиргааны акт гэж үзэхийн тулд эрх зүйн зөрчилтэй байх ёстой. Тухайн захиргааны акт нь эрх бүхий албан тушаалтнаас гаргаагүй байхыг ойлгодог. Засаг захиргаа нутаг дэвсгэр нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т “...Аймаг, нийслэл, сум, дүүргийн Тамгын газрын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан Тамгын газрын орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж, чөлөөлнө” гэж заасны дагуу Р дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга өөрөө дээд шатны байгууллагаас ирсэн чиг үүрэг захирамжийн дагуу тухайн дүүргийн ажилтан, албан хаагчийг чөлөөлөх, томилох асуудлыг шийдэх бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан гэж үзэж байна. Тийм учраас эрх бүхий албан тушаалтнаас гаргасан гэдэг нь батлагдаж байна.

Захиргааны акт нь өөрөө буруу хуулийг иш татсан болон буруу хуулийг ашигласан байхыг ойлгодог. Энэ тохиолдолд иргэн Ё.Нтой холбогдуулан гаргасан 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Б/65 дугаар тушаал нь холбогдох хууль тогтоомж болон эрх хэмжээний хүрээнд үндэслэл бүхий гаргасан  акт юм. Тийм учраас уг шинж биелэгдэхгүй байна. Процесс ажиллагаанд ямар нэгэн зөрчил байгаа эсэхийг үзэх ёстой. Мөн сонсох ажиллагаа хийгдсэн, Ё.Нгоос 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр бичсэн гар бичмэл байдаг. Уг гар бичмэлд “Ё.Н миний бие ажлаас чөлөөлөгдөж байгаатай холбогдуулан шүүхэд ямар нэгэн гомдол гаргахгүйгээ үүгээр мэдэгдэж байна” гэсэн өөрийнх нь гарын үсэгтэй,  2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Р дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Н.Энхболд танаа гэсэн үүнийгээ хүлээн зөвшөөрсөн байдаг.

Дарамталсан гэж тайлбарлаж байна. Энэ бол процесс ажиллагаа хийгдсэн юм. Хууль бус захиргааны акт гэж тооцуулахын тулд эрх зүйн зөрчилтэй байх ёстой. Эрх зүйн зөрчилтэй байхын тулд онолын болон хуульд заасан энэ 3 шинж хангагдаж байна гэдгийг манай зүгээс илт хууль бус гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Ё.Нгийн тайлбарласнаар дарамталсан эсэхийг Захиргааны хэргийн шүүх шийдвэрлэхгүй. Дарамталсан гэж нэхэмжлэгч өөрөө хэлж байгаа боловч энэ нь батлагдахгүй байгаа.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарласнаар н.Б д онцгой байдлын хувцас тараасан гэж дурдлаа. Шүүхээс удаа дараа манай уруу албан бичиг явуулсан байсан. Уг албан бичигт гэрээ холбогдох нотлох баримтын хүрээнд бэхжүүлж явуулахыг шаардсан байсан. Би Онцгой байдлын штаб уруу удаа дараа албан бичиг өгсөн. Онцгой байдлын хэлтсийн дарга н.Элбэгсайхантай хамт шүүж гэрээ болон хувцас тараасан байдал, гарын үсэг бүх зүйлийг авсан. Мөн шүүхэд Засаг даргын захирамж, онцгой байдлын бүрэлдэхүүний хувцас захиалгын талаарх нотлох баримтаар хавсаргаж өгсөн. Үүнд н.Б  болон Ё.Н гэж байдаггүй албан тушаалаар нь захиалсан байдаг. Энэ талаар хэргийн материалд хавсаргасан. Онцгой байдлын газраас Ё.Н гэдэг нэрээр явж байсан. Тэгээд Ё.Н гэдэг нэрийг дарж хүлээж авах дээр нь н.Б  гэж гарсан байдаг.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийг баримталсан байдаг. Төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан гэж Иргэний хуулийн 31 дүгээр зүйлд хуулийн этгээд нь зохион байгуулалтын төрөл хэлбэр үндсэн зорилго өөрчлөгдөх замаар зохион байгуулагдаж болно гэж заасан. Нийслэлийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/832 тоот тушаалд зааснаар бүтэцтэй холбоотой зүйлийг тусгасан байдаг. Төлөвлөлт гүйцэтгэл өөрчлөлт ороогүй, гишүүд нь өөрчлөгдсөн зүйл байхгүй, нэмэгдсэн, хасагдсан зүйл байхгүй гэж ярьдаг. Гэхдээ өмнө нь дүн шинжилгээ хийдэг хэлтэс биш байсан. Үүнээс хойш норматив орон тоо Төлөвлөлт гүйцэтгэл хяналт шинжилгээний хэлтэс гэж хийж байгаа чиг үүрэг өөрчлөгдсөн. Хуульд заасны дагуу өөрчлөн байгуулагдсан гэж энэ нэр томьёог тайлбарлаж судалж үзвэл энэ бол зайлшгүй өөрчлөгдсөн гэж нотлогддог зүйл юм. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Гуравдагч этгээд М.Б  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“…Иргэн Ё.Нгийн нэхэмжлэлтэй, тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/65 дугаар тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д заасны дагуу илт хууль бус болохыг тогтоох, Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт шинжилгээний хэлтсийн даргын албан тушаалд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин болон нэмэгдэл цалинг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байсан. Нэхэмжлэгч 2018 оны 10 дугаар сарын 04-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж Р дүүргийн Засаг даргын тамгын газрын 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/65 тоот тушаалыг хууль бус захиргааны акт болгуулах хүсэлтийг эс зөвшөөрч дараах хариуг хүргүүлж байна. Тус дүүргийн Засаг даргын Тамгын даргын 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Б/65 дугаар тушаал нь Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэгт “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Тамгын газрын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцсөн Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан Тамгын газрын орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж, чөлөөлнө гэж заасны дагуу дүүргийн Засаг даргын 2016 оны Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай А/40 дүгээр захирамжийг үндэслэсэн. Миний бие Санхүү төрийн сангийн хэлтэст мэргэжилтэн хийж байсан бөгөөд Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтэст орон тоо гарсан учир төрийн албанд өсөн нэмэгдэх өөрийн хүсэл зорилгоо илэрхийлж хүсэлт гаргасан юм. Иймд дээрх маргаан бүхий Тамгын газрын даргын 2017 оны Б/65 дугаар тушаал нь нэхэмжлэгчийн эрх ашиг болон бусдын эрх ашгийг зөрчөөгүй, хуульд заасны дагуу тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга өөрийн эрх хэмжээний хүрээнд гаргасан тушаал тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Иргэдийн төлөөлөгч Б.Батзаяа шүүх хуралдаанд дээр хэлсэн дүгнэлтэндээ:

“...Р дүүргийн Засаг даргын захирамжийг эс зөвшөөрч иргэн Ё.Н нь шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн, ажлаас үндэслэлгүй халсан гэжээ. Хариуцагчаас Ё.Нгийн эрх ашгийг зөрчөөгүй, хуулийн дагуу захирамж гаргасан гэж тайлбарлажээ.

Иргэн Ё.Нгийн эрх ашгийг зөрчсөн нь нотлох баримт болон нэхэмжлэгчийн шүүхэд хэлсэн тайлбар зэргээс харагдаж байгаа тул нэхэмжлэгчийн талд шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн  Ё.Н шүүхэд хандан “Р дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Ө/53, 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б/65 тоот тушаалыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасны дагуу илт хууль бус болохыг тогтоолгох, урд эрхэлж байсан Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны үндсэн цалин болон нэмэгдэл цалинг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай” нэхэмжлэлийн шаардлагыг анх гаргасан.

Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Р дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/253, 2017 оны 03 сарын 15-ны өдрийн Б/65 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгуулах, урд эрхэлж байсан Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт шинжилгээний хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс нөхөн олгуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай” хэмээн өөрчилсөн ба шүүх хуралдаанаар энэхүү өөрчилсөн шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэж шийдвэрлэв. 

  Нэхэмжлэлийг хэлэлцсэн үндэслэл.

Нэхэмжлэгч нь маргаан бүхий зарим актыг илт хууль бус захиргааны актаар тодорхойлж нэхэмжлэлээ гаргасныг шүүх хүлээн авч захиргааны хэрэг үүсгэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасан бүрэн эрхийн хүрээнд нэхэмжлэлээ өөрчилсөн, шаардлагын хэмжээг ихэсгэсэн, энэ тохиолдолд сүүлд ихэсгэсэн шаардлагын дагуух маргаан бүхий актыг захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэх боломжгүй, ажлаас чөлөөлсөн захиргааны актад хамаарах гомдлыг Төрийн албаны зөвлөлд гаргаж хариуг авснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасан хугацааны дотор байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэл гаргах хуулийн хугацаа дууссан гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

Нэхэмжлэгч нь Р дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “Ё.Нг албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай” Б/25 дугаар  мөн даргын 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн “Ё.Нг ажлаас чөлөөлж, нэг удаагийн тэтгэлэг олгох тухай” Б/65 дугаар  тушаалуудыг тус тус маргаан бүхий захиргааны актаар тодорхойлж, ажлаа хүлээлгэн өг хэмээн дарамталсны эцэст өргөдөл бичүүлж ажлаас чөлөөлсөн нь Үндсэн хууль болон бусад хуульд заасан хөдөлмөрлөх эрхийг нь зөрчсөн, түр орлон гүйцэтгүүлэх талаарх Засгийн газрын тогтоолыг зөрчиж шийдвэр гаргасан нь буруутай, өргөдөл бичиж өгсөн нь хуульд заасан гомдол гаргах эрхийг хязгаарлахгүй гэж маргажээ.

Хариуцагч захиргааны байгууллагын зүгээс маргаан бүхий захиргааны актууд нь эрх зүйн зөрчилгүй акт тул хууль бус гэж үзэхгүй, эрх бүхий албан тушаалтнаас хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан, хуульд заасан журмын дагуу сонсох ажиллагааг явуулж нэхэмжлэгчээс гомдол саналгүй гэдгийг бичгээр авсан, гомдол гаргах хуулийн хугацаа дууссан хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч татгалзлаа тайлбарлаж байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээдээр маргаан бүхий албан тушаалд одоо ажиллаж байгаа этгээдийг татан оролцуулсан ба тэрээр маргаан бүхий Тамгын газрын даргын тушаал нь нэхэмжлэгчийн эрх ашиг болон бусдын эрх ашгийг зөрчөөгүй, хуульд заасны дагуу тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга өөрийн эрх хэмжээний хүрээнд гаргасан тушаал тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж байр сууриа илэрхийлэн тайлбараа шүүхэд ирүүлсэн ба шүүх хуралдааны товыг зохих журмын дагуу мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд биечлэн оролцоогүй, түүний шүүхэд ирүүлсэн тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтган үзсэн болно.

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбарыг тал бүрээс нь шинжлэн судалж, маргаан бүхий харилцаанд хамаарах хууль тогтоомжийг захиргааны актуудтай холбон тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагуудаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Маргаан бүхий 2016 оны 12 дугаар сарын 27 –ны өдрийн “Ё.Нг албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай” Б/25 дугаар тушаалын хууль зүйн үндэслэлийн талаар.

Нэхэмжлэгч нь Р дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Б/166 дугаар тушаалын хоёрдугаар хавсралт ёсоор  тус Тамгын газрын Эдийн засаг төлөвлөлтийн хэлтсийн даргын албан тушаалд ажиллаж байсан ба тэрээр 2016 оны хагас жилийн төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэх илтгэх хуудсанд  дүгнэгдсэнээр А /95.5/ буюу маш сайн гэж 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр үнэлүүлж, холбогдох албан тушаалтан баталгаажуулалт хийжээ.

Улмаар түүний 2016 оны бүтэн жилийн үйл ажиллагааны үр дүнгийн гэрээний биелэлтийг эрх бүхий албан тушаалтан 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр А /93.0/ буюу маш сайн хэмээн дүгнэж , 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр дүүргийн Засаг дарга гарын үсэг зурж баталгаажуулжээ. Мөн энэ өдрөөр огноолж маргаан бүхий тушаалыг хариуцагч гаргажээ. Ингэхдээ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5: “... эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргах”, Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1: “төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө”, төрийн албан хаагчийн цалин, зэрэг дэв, нэмэгдэлтэй холбоотой Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.2 дахь заалт, Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 332 дугаар тогтоол болон Нийслэлийн Засаг даргын 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн А/145 дугаар захирамжийг тус тус үндэслэсэн байна.

Шүүх, төрийн жинхэнэ албаны сул орон тоо гараагүй байхад, ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байгаа тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч -ийг үндэслэлгүйгээр төрийн байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулах нөхцлийг хангахтай холбоотой харилцааг зохицуулсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам ”-ыг зөрчиж, бодит нөхцөлд тохироогүй, хуульд үндэслээгүй шийдвэр гаргасан байна гэж хариуцагчийг буруутган, маргаан бүхий энэхүү акт нь дараах байдлаар хууль зөрчсөн үүгээрээ нэхэмжлэгчийн хуульд заасан эрх, ашиг сонирхлыг хөндсөн гэж үзлээ. 

Төрийн жинхэнэ албанд иргэдийг өрсөлдүүлэн шалгаруулж авах, төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаалаас нь бууруулах, төрийн албанаас чөлөөлөх, төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх, төрийн жинхэнэ албан тушаалд анх ороход туршилтын хугацааг хэрэглэх гэх зэргээр холбогдох харилцааг Төрийн албаны тухай хуулиар нарийвчилан зохицуулж өгсөн. Гэтэл үүнийг үл харгалзан маргаан бүхий тушаалд хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, өөрөөр хэлбэл, Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д зааснаар “төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд” гэснийг үндэслэсэн нь маргаан бүхий тушаалын “Ё.Нг албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай” гэх утгатай зөрчилдсөн. Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1: “... тохиролцсоны дагуу албан үүргийнх нь зэрэгцээ эзгүй байгаа албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлж болно”, 21.2: “... албан үүргийг түр орлон гүйцэтгэх журмыг Засгийн газар тогтооно” гэж зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн түр орлон гүйцэтгүүлэх журмаа зөрчсөн гэх тайлбар үндэслэлтэй.

Нөгөөтэйгүүр “... ажлын байрны сул орон тоо гарсныг “эзгүй байгаа албан хаагч”-д хамааруулж үзэхгүй” гэж Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн “Төрийн албаны тухай хуулийн зарим, зүйл заалтыг тайлбарлах тухай” 08 дугаар тогтоолд тайлбарласан нь хариуцагч захиргааны байгууллага албан тушаалын нэр солигдсон маргаан бүхий хэлтсийн даргын албан тушаалын орон тоог яагаад сул орон тоо гэж үзсэн нь ойлгомжгүй, шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4..1, 4.2.5-д заасныг зөрчсөн байна.

Маргаан бүхий 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн “Ё.Нг ажлаас чөлөөлж, нэг удаагийн тэтгэлэг олгох тухай” Б/65 дугаар тушаалын хууль зүйн үндэслэлийн талаар.

Энэхүү акт нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4: “... ажилтнуудыг томилж чөлөөлөх”, мөн зүйлийн 33.5: “... эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргах”, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5: “батлагдсан төсвийг зориулалтын дагуу ашиглах” гэдгийг үндэслэсэн ба эдгээр хуулийн холбогдох заалт нь тухайн Засаг даргын ажлын алба, төсвийн шууд захирагчийн хувьд хариуцагчид хуулиар олгогдсон бүрэн эрх, түүнийг хэрэгжүүлэх чиг үүргийн заалтууд байна. 

Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4, дүүргийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 27 өдрийн “Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” А/40 дүгээр захирамжийг  тус тус үндэслэн гарчээ. 

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д: “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан /нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх/, эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал /ажлын байр/-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж заасан бол мөн хууль, зүйлийн 27.2.4-д: “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил албан тушаалд шилжих ... эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэгийг тухайн байгууллагаас олгоно” гэжээ. 

Тэгэхээр маргаан бүхий энэхүү захиргааны актын үндэслэл болсон дээрх хуулийн заалтуудыг тайлбарласан Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн “Төрийн албаны тухай хуулийн зарим, зүйл заалтыг тайлбарлах тухай” 08 дугаар тогтоолыг эх сурвалж болгон авч үзвэл, уг тогтоолын 15-д: “Хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан...” гэж Иргэний хуулийн 31 дүгээр зүйлд заасан журмын дагуу зохион байгуулагдсаныг хэлнэ. 

Энэ хэсэгт заасан “... төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн...” гэж өөрчлөн байгуулагдсан бүтцийн нэгжид тухайн албан тушаалтны албан тушаалын нэр өөрчлөгдсөн боловч хэрэгжүүлэх чиг үүрэг өөрчлөгдөөгүй, хасагдсан эсхүл нэмэгдсэн, түүнчлэн томъёоллын хувьд өөрчлөгдсөн ч өмнөх агуулга нь хэвээр байхыг хэлнэ. 

Мөн хэсэгт заасан “... шалгаруулж авна” гэж эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр томилогдсон бүрэлдэхүүн, ажлын хэсэг /комисс/-ийн дүгнэлтийг үндэслэн ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа ажилтныг сонгохыг хэлнэ.” хэмээн нарийвчилж тайлбарлан заажээ.

Нэхэмжлэгч Ё.Н нь Р дүүргийн Засаг даргын Тамгын газрын Эдийн засаг төлөвлөлтийн хэлтсийн даргаар ТЗ-7 зэрэглэлийн ахлах түшмэлийн ангилалаар ажлын байрны тодорхойлолт  ёсоор ажиллаж байсан. Үүний дараа шинэчлэгдэн өөрчлөн байгуулагдсан бүтцээр “Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтсийн дарга” гэж мөн ТЗ-7 зэрэглэлийн ахлах түшмэлийн ангилалаар түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаад уг албан тушаалаас чөлөөлөгдсөн байна. Уг шинэчлэгдсэн ажлын байрны тодорхойлолт  2017 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр боловсруулагдсан байх ба хариуцагч захиргааны байгууллагаас уг ажлын байрыг “өөрчлөгдсөн ажлын байр” гэж тодорхойлж байна. 

Шүүх хариуцагч захиргааны байгууллагыг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, маргаан бүхий захиргааны актыг гаргасан, үүгээрээ нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзлээ.

Яагаад гэвэл, хариуцагч захиргааны байгууллага нь “ажлын байрны тодорхойлолтонд заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол үргэлжлүүлэн ажиллуулах”, “тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг шалгаруулж авах” зэрэг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасан нөхцлийг эхэлж шалгах, эхэлж хэрэгжүүлэх байсан, хэрэв дээр дурдсан ажиллагааг хийх боломжгүй тохиолдолд түүний үр дагаврыг шийдвэрлэх байдлаар Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасан зохицуулалтыг хэрэглэх байсан байна. 

Мөн нэгдүгээр хавтаст хэргийн 104-106-р хуудсанд “үр дүнгийн гэрээ” авагдсан ба энэ гэрээ нь нэг талаас хариуцагч Р дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Энхболд нөгөө талаас хэргийн гуравдагч этгээд Төлөвлөлт гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Б  нарын хооронд 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан байна. Тэгэхээр нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн “Ё.Нг албан үүргээс чөлөөлөөгүй байсан мөртлөө дараачийн хүнтэй тухайн албан тушаал дээр үр дүнгийн гэрээ байгуулсан нь хууль бус, энэ хугацаанд өрөөндөө дуудаж ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өг гэж дарамталдаг байсан” гэх тайлбаруудыг хариуцагчийн зүгээс няцааж чадахгүй байгаа нь, гуравдагч этгээд М.Б г ажлаас чөлөөлж ажилд томилох тухай шийдвэр  2017 оны 3 дугаар сарын 16-нд гарсан байгаа нь эрх зүйн зөрчилтэй захиргааны акт гаргасан гэж үзэхээр байна.

Маргаан бүхий хоёр захиргааны актыг нэгтгэн дүгнэвэл, хариуцагч захиргааны байгууллага нь төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх талаарх Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зарчмыг зөрчиж, Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасан төрийн тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хангасан иргэний төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхийг тодорхой хэмжээнд хязгаарласан шийдвэр гаргасныг шүүхээс буруутгаж, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх, 4.2.5-д заасан бодит нөхцөлд тохирсон байх, шийдвэр нь үндэслэл бүхий байх захиргааны үйл ажиллагааны зарчмыг хэрэгжүүлээгүй, үүгээрээ нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байна гэж үзлээ.

Хариуцагч захиргааны байгууллага нь Р дүүргийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 27 өдрийн “Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” А/40 дүгээр захирамжийг маргаан бүхий захиргааны актын үндэслэлд дурдсан байдаг. Энэ захирамжаар зарим ажлын байрны нэр, харъяалагдах хэлтэс зэрэг нь өөрчлөгдсөн байх боловч энэ нь Төрийн албаны тухай хуульд заасан “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо хасагдсан” гэх үндэслэлд хамаарахгүй болно.

Нөгөө талаас захиргааны байгууллагаас сөрөг агуулгатай акт гаргаж буй тохиолдолд Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу эрх нь хөндөгдөж байгаа оролцогчийг сонсох, нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримтыг цуглуулах, мэдэгдэх гэхчлэн нарийн дэс дараалалтай, үргэлжилсэн шинжтэй ажиллагааг авч хэрэгжүүлэх байсан байна. Хариуцагчаас өөрийн гараар бичсэн өргөдлийг хүлээн авч шийдвэрлэсэн, тэтгэлэг олгосон гэж байгаа боловч маргаан бүхий захиргааны акт тус бүрийг яагаад гаргах болсон нөхцөл байдлыг тогтоож баримт цуглуулаагүйг тэмдэглэж өөрөөр хэлбэл, захиргааны актууд нь Захиргааны ерөнхий хуулийн 24, 25, 26, 40 дүгээр зүйлийг тус тус үл хангаж гарсныг дурдах нь зүйтэй.

Бусад шаардлагын талаар.

Ийнхүү дээр дурдсанаар хариуцагчаас гаргасан маргаан бүхий захиргааны актуудыг хууль бус болохыг тогтоож шийдвэрлэснээр нэхэмжлэгчийг урд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоох хууль зүйн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.11-д зааснаар төрийн захиргааны албан тушаалд ажиллаж байсан, тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч байсан тул түүний хөдөлмөрлөх эрхийн харилцаа нь Төрийн албаны тухай хуулиас гадна мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д: “төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна” гэж зааснаар Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д: “... ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор ... олгоно” гэж зохицуулжээ. Иймд эдгээр хуулиудын холбогдох заалтуудыг хамтад нь хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагын “ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, шимтгэл төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэхтэй” холбоотой  нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэр ёсоор  маргаан бүхий албан тушаалд ажиллаж байх үеийн дундаж цалин хөлсийг Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д зааснаар тухайн ажилтны /нэхэмжлэгчийн/ сүүлийн 3 сарын цалин -/961784+967354+939354=2868462/-гаар тогтоож, нэг сарын дундаж цалин хөлсийг 956154 төгрөг, үүнийг сарын ажлын өдрийн дундаж тоонд хувааж, /956154:21.2=45101/ нэг өдрийн дундаж цалин хөлсийг тооцож, ажиллаагүй хугацаа болох 2017 оны 10 дугаар сарын 23-наас  2018 оны 10 дугаар сарын 18-н хүртэлх нийт 11 сар 25 хоногоос маргаан бүхий Б/65 дугаар тушаалын дагуу авсан 3 сарын цалин хөлсийг хасч тооцон үлдэх 8 сар 25 хоног-/956154*8 сар+45101*25хоног/-ийн цалинд 8.776.757 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор зааж шийдвэрлэлээ. Хариуцагч нь ажиллаагүй үеийн цалин хөлсийг олгохдоо холбогдох хуульд заасан суутгалыг хийх нь зүйтэй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д ажил олгогч болон ажилтан нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, сар бүр нийгмийн даатгал шимтгэл төлөх үүрэгтэй болохыг, мөн хуулийн 46.2-д ажил олгогч нь ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй болохыг тус тус хуульчилж өгсөн байна. Хариуцагч байгууллагад хуулиар зааж өгсөн үүргийг нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын агуулгадаа тодорхойлж гаргасан, шүүхээс уг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэж байгааг тус тус харгалзан нэхэмжлэлийн шаардлагын хангасан хэсэгт холбогдохыг даалгаж шийдвэрлэв.

Шүүх нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөгдсөн 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан хугацаа болох 2017 оны 10 дугаар сарын 23 хүртэлх нийт 7 /долоо/ сар 6 /зургаа/ хоногийн хугацаанд хамаарах цалин хөлс түүнтэй адилтгах хөлс гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Хэдийгээр нэхэмжлэгч нь дарамтанд орсон, хөлөө гэмтээж эмнэлэгээр явсан гэж тайлбарлаж байгаа боловч энэ хугацаанд ажилласантай адилтган хариуцагчаас цалин хөлс гаргуулах үндэслэлгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-д: “нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч болон нэхэмжлэгчид хуваарилан нөхөн төлүүлнэ” гэснээр  улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрийг хувь тэнцүүлэн нэхэмжлэгч болон хариуцагчаар төлүүлэхээр зааж шийдвэрлэлээ.

 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4, 106.3.7, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 11 дүгээр зүйлийн 11.6, 16 дугаар зүйлийн 16.1, 21 дүгээр зүйлийн 21.2, 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүлийн 46.1, 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Р дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/25 дугаар, 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б/65 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Ё.Нг Р дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинд 2017 оны 10 сарын 23-наас 2018 оны 10 сарын 18 хүртэлх 11 сар 25 хоногийн цалингаас 3 сарын цалинтай тэнцэх тэтгэлэгийн мөнгийг хасч нийт 8 /найм/ сар 25 хоногийн цалинд 8.776.757 /найман сая долоон зуун далан зургаан мянга доллон зуун тавин долоо/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохыг, ийнхүү олгохдоо хуульд заасан холбогдох суутгалуудыг хийхийг, нэхэмжлэгчийн ажиллаагүй хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлж, зохих журмын дагуу сар тутмын шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг тус тус хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх долоон сар зургаа хоногийн ажиллаагүй хугацааны цалин хөлс болох 6.963.684 /зургаан сая есөн зуун жаран гурван мянга зургаан зуун наян дөрөв/ төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар энэхүү шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           У.БАДАМСҮРЭН

                     ШҮҮГЧ                           О.ОЮУНГЭРЭЛ

           ШҮҮГЧ                           Ц.ОДМАА