Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 82

 

А.Н-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2016/01687/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Энхжаргал, С.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 474 дүгээр шийдвэртэй,

           Нэхэмжлэгч Зуут овогтой А-гийн Н-гийн нэхэмжлэлтэй,

          “Хохирол нөхөн төлүүлэх” тухай иргэний хэргийг

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхбатын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч А.Н-гээс:

            Миний бие нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-т “Хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг төр хариуцан арилгана”, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 396 дугаар зүйлийн 396.3-т “Эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх тухай өргөдлийг цагаатгах тогтоол, хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол магадлалыг хүлээн авснаас хойш 10 жилийн дотор гаргана”, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-т заасан харьяаллын дагуу дараах үндэслэлээр нэхэмжлэл гаргаж байна. Иймээс цагдан хоригдсон болон эрүүл мэнд, нэр төр, ажил хэргийн нэр хүнд сэтгэл санааны гэм хорын хохиролд 78.416.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Анх нэхэмжлэл гаргахдаа нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хасаж тооцож өгсөн бол одоо өөрөө төлөх учир нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл 5.463.665 төгрөгийг өмнөх цалин дээрээ нэмж, нийт ажилгүй байсан хугацааны цалинд 25.553.279 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж нийт 113.969.279 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргуулж өгнө үү гэжээ.

Прокурор А.Оргилбаяраас:

Хэрэгт авагдсан баримтаар эрүүгийн гэмт хэрэгт шалгагдаад шүүхээр цагаатгагдсан болох нь тогтоогдож байгаа тул хуульд заасны дагуу ажиллаагүй хугацааны цалинг гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Өмгөөллийн хөлс 10.000.000 төгрөг төлсөн эсэх нь тодорхойгүй, мөн 78.416.000 төгрөгийн хувьд эрүүл мэнд, нэр төр, ажил хэргийн нэр хүнд, сэтгэл санааны хохирол гэж байгаа боловч энэ нь баримтаар тогтоогдохгүй байх тул энэ шаардлага хангагдах үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх  2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 474 дүгээр шийдвэрээр:

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.7 дахь хэсэгт заасныг тус тус баримталж Засгийн газрын нөөц сангаас 29.371.738 төгрөг гаргуулж А.Н-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 84.597.541 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхбат давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор үнэлээгүй ба өмгөөлөгчийн хөлс буюу 5 сая төгрөг, гэм хорын хохирол 78.416.000 төгрөгийг тус тус гаргуулах нь үндэслэлгүй гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өмгөөлөгчийн хөлс 5 сая төгрөг, эрүүл мэнд, нэр төр, ажил хэргийн хэр хүнд, сэтгэл санааны гэм хорын хохирол 78.416.000 төгрөг нийт 83.416.000 төгрөг Засгийн газрын нөөц сангаас гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч А.Н- нь хууль бусаар цагдан хоригдсоноос ажил хөдөлмөр эрхэлж чадаагүйн улмаас авах байсан цалин хөлс орлого 25.553.279 төгрөг, хууль зүйн туслалцаа авч өмгөөлөгчид төлсөн хөлс 10.000.000 төгрөг, цагдан хоригдсон болон эрүүл мэнд, нэр төр, ажил хэргийн нэр хүнд, сэтгэл санааны гэм хорын хохиролд 78.416.000 төгрөг, нийт 113.969.279 төгрөгийг төрөөс нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төрийг төлөөлөн оролцож буй хяналтын прокурор ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 25.371.738 төгрөгийг нэхэмжлэгчид олгох, өмгөөллийн хөлс 10.000.000 төгрөгийг өмгөөлөгчид төлсөн эсэх нь тодорхойгүй байгааг шүүх анхаарах, харин эдийн бус хохиролд нэхэмжилж буй 78.416.000 төгрөгийн хувьд ямар үндэслэл, аргачлалаар хэрхэн тооцож гаргасан нь ойлгомжгүй, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.2-т зааснаар эдийн бус хохирлыг хэрхэн мөнгөөр болон тараасан аргаар нь няцаалт хийх талаар заасан тул уг мэдээллийг тараасан этгээдэд няцаалт хийхийг даалгах нь зүйтэй гэсэн тайлбар гаргасан байна. 

Болсон үйл баримт болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад давж заалдах шатны шүүхээс дараах дүгнэлтийг хийлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйлийн 389.1-д “Иргэнийг хууль бусаар ял шийтгэсэн, баривчилсан, цагдан хорьсон, албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн, эмнэлгийн байгууллагад байлгасан, албадан эмчлэх арга хэмжээ хэрэглэсний улмаас учирсан хохирлыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн гэм бурууг үл харгалзан төр хариуцан арилгана” гэж, 389.2.2-т “Тухайн иргэнийг цагаатгасан шүүхийн тогтоол гарсан” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч А.Н-д өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэх эрх үүсчээ.

Нэхэмжлэгч А.Н- нь эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж байх үедээ Гаалийн ерөнхий газрын харьяа Дархан-Уул аймаг дахь Гаалийн газарт гаалийн ахлах улсын байцаагчаар ажиллаж байсан бөгөөд  Гаалийн ерөнхий газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн б/401 тоот тушаалаар шүүхээр гэм буруутай нь тооцогдсон үндэслэлээр ажлаас халагдаж, дараа нь Гааль, Татварын ерөнхий газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 21-ний  өдрийн Б/532 тоот тушаалаар Дархан-Уул аймаг дахь Гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар томилогдсон байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж зааснаар зөв үнэлж, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны хохирлыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 390 дүгээр зүйлийн 390.1.1-д “хууль бус ажиллагааны улмаас иргэний аваагүй дундаж цалин хөлс болон амьжиргааны нь үндсэн эх үүсвэр болж байсан хөдөлмөрийн бусад орлого” гэж зааснаар  24.371.738 төгрөг, 390.1.5-д “хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс” гэж зааснаар 5.000.000 төгрөг, нийт 29.371.738 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Иргэнийий хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх”, 38 дугаар зүйлийн 38.1-д “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгч А.Н- эрүүл мэндэд учирсан гэм хорыг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүхэд нотлох баримт бүрдүүлэх талаар хүсэлт гаргаагүй байна.

Анхан шатны шүүхийн эдийн бус хохиролд ямар үндэслэлээр 84.597.541      төгрөг шаардаж буй нь тодорхойгүй, цагдан хоригдсоноос зовон тарчилсан, сэтгэл зүйн болон биеийн хүчний дарамтад орсон эсэх, үүний улмаас сэтгэцийн талаар өвчин эмгэгтэй болсон эсэх, нэр төр алдар хүндээрээ хохирсон эсэх зэргээ нотлоогүй түүнчлэн эдийн бус хохирлыг мөнгөөр төлөх үндэслэлийг гагцхүү хуульд заасан тохиолдолд олгох зохицуулалттай гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй гэж үзнэ.

           Харин нэхэмжлэгч А.Н- өмгөөлөгч А.Мөнхбат нарын хооронд 2014 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 33 тоот өмгөөлөгч эрх зүйн туслалцаа үзүүлж, үйлчлүүлэгч эрх зүйн туслалцаа авах тухай гэрээ /хэргийн 46 дугаар хуудас/-ний 3 дугаар хэсгийн 3.5, 3.6-д өмгөөлөгчид төлөх үйлчилгээний хөлс нийт 10.000.000 төгрөг өмгөөлөгчид төлнө гэж тус тус заасан, мөн Монголын өмгөөлөгчдийн холбооны №18 тоот тасалбараар зохигчид 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хууль зүйн туслалцаа үзүүлсны хөлсөнд 10.000.000 төгрөг авсан, өгсөн гэж гарын үсэг зурсан, өмгөөлөгчийн хувийн тэмдэг дарсан баримт, 2016 онд олсон үйл ажиллагааны орлого 10.000.000 төгрөгөнд 1.000.0000 төгрөгний татвар төлсөн тухай баримт /хэргийн 32 дугаар хуудас/ зэрэг баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар эргэлзээгүй, зөв баримт гэж үзэлгүй, уг мөнгөний эх үүсвэрт холбоотой зээл авсан тухай шууд бус нотлох баримтад дүгнэлт хийж анхан шатны шүүх  эрх зүйн туслалцаа авсан хөлсөнд 5.000.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг зөвтгөж өмгөөлөгчийн хөлс 10.000.000 төгрөг гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 474 дүгээр шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дүгээр заалтыг:

“Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4, 511 дүгээр зүйлийн 511.1-д Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.7 дахь хэсэгт заасныг тус тус баримталж Засгийн газрын нөөц сангаас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 24.371.738 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 10.000.000 төгрөг, нийт 34.371.738 төгрөгийг гаргуулж А.Н-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 79.597.541 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                               ДАРГАЛАГЧ

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      О.НАРАНГЭРЭЛ 

                               ШҮҮГЧИД                                                     С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                     С.ОЮУНЦЭЦЭГ