Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2018/01724

 

Л.Сийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймгийн Хан богд сум дахь сум дундын шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 45 дугаар шийдвэр

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 203/МА2018/00017 дугаар магадлалтай

Л.Сийн нэхэмжлэлтэй

“Х” ХХК-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 6 720 000 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгч Л.Сэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэндмаа нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Сэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мөнхсүлд, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Оюунболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Л.Сэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Лувсанцэрэн овогтой Сэлэнгэ миний бие нь “Х” ХХК-д 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс “хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны ажилтан” албан тушаалын ажилд орж 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн №32/2017 тоот хөдөлмөрийн гэрээг туршилтын 6 сарын хугацаатай байгуулсан.

Миний бие  ажиллаж байх хугацаандаа хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам бусад хууль тогтоомжийг биелүүлж үнэнч, шударгаар ажилласан бөгөөд ямар нэгэн алдаа зөрчил гарган сахилгын шийтгэл авч байгаагүй билээ. Миний бие “Х” ХХК-д 2017 оны 04 дүгээр сарын сүүлээр анкет бөглөж ажилд орсон. Улаанбаатар хотод тус компанийн ерөнхий захирал Б.Наранбаатартай уулзаж ажлын ярилцлагад орж, улмаар Өмнөговь аймгийн Ханбогд сум руу очиж ажлын 2-р шатны ярилцлагад орж “хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны ажилтан” албан тушаалд тэнцсэн. Ингээд 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс дагалдан ажилтан хийж 2017оны 06 дугаар сарын 13-ны өдөр №32/2017 тоот хөдөлмөрийн гэрээг туршилтын 6 сарын хугацаатай байгуулж ажиллаж эхэлсэн. Гэтэл “Х” ХХК-ийн захирал Б.Наранбаатар 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн №164/2017 тоот тушаалаар тушаал гарган намайг ажлаас гэнэт халлаа.

Би уг тушаалыг Хөдөлмөрийн тухай хууль болон “Х” ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд нийцэхгүй шийдвэр бөгөөд дараах үндэслэлээр эс зөвшөөрч, энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.Үүнд:

Уг тушаал хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3, 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь хэсэг, хөдөлмөрийн гэрээний 2.7.3, 5.1.4, хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.1, 8 дугаар зүйлийн 8.9, 18 дугаар зүйлийн 18.6 дахь хэсэгт заагдсан үндэслэл бүрдээгүй, хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаагүй байхад ажлаас чөлөөлсөн нь хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн гэрээ бусад холбогдох заалтуудыг зөрчиж байна. 

Миний бие  ажиллаж байх хугацаанд “Оюу толгой” ХХК-ийн сайтад ажил албан үүргээ гүйцэтгэж байсан гэтэл ажлаас үндэслэлгүй халж намайг хохироосонд гомдолтой байна.

2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 08 цагийн үед “Х” ХХК-ийн захирал Б.Наранбаатар утсаар /99110444/ миний тухайн үед барьж байсан 88260404 дугаар руу залгаж” “Оюу толгой” ХХК-ийн хуралд суугаад гарч ирлээ, чамайг ажлаа хийж чадахгүй байна”, Оюу толгойгоос шалгалт авна гэж байна. Тэр шалгалтыг өгөөд мэдээж чи тэнцэхгүй, гадаад хэл байхгүй юм чинь, тэрний оронд өөрөө өргөдлөө өгөөд ажлаас гар” гэж хэлсэн миний бие тухайн үед тодорхой хариу өгөлгүй утсаа тасалсан.

Ингээд 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлах компанийн оффист хүний нөөц Б.Цэндмаагийн гаргаж өгсөн шалгалтын материалаар шалгалт өгсөн. Шалгалт авахаас өмнө шалгалтын хэдэн оноог авбал тэнцэнэ, тэнцэхгүй байх тухай шалгалтын удирдамжийг танилцуулаагүй шалгалт авсан.

Оюутолгой руу буцаад автобусаар явж байхад С.Баттүвшин утсаар ярьж шалгалтад 51 хувьтай байна. Аюулгүй ажиллагааны ажилтан 60-70 хувиар тэнцэх ёстой, тэнцсэнгүй, үлдсэн асуудлаа хүний нөөцтэй учраа олоорой” гэсэн. Тэгэхэд нь хүний нөөцтэй утсаар ярихад өөрөө өргөдлөө өгчих, тэгвэл дараагийн ажилд ороход амар гэж хэлсэн. Тэгэхэд нь өргөдөл өгөхгүй, ажлаас яаж халж байгаагаа тушаалаа өгөө, маргааш очиж уулзъя гэсэн. Тэгээд тушаалаа авах гэтэл чиний материалыг хуулийн зөвлөхөд шилжүүлсэн, хуулийн зөвлөхөөс шийд гарахыг хүлээнэ гэсэн. Цалингаа аваагүй явж байгаад 2017 оны 10 дугаар сарын 05-нд төрсөн аав Лувсанцэрэнгийн машиныг ломбарданд тавьж 900,000 зээлийн өрийг дарахын тулд захирал Наранбаатар, гүйцэтгэх захирал Энхмаа нар руу залгахад утсаа авахгүй байсан тул “цалинг минь өгөөч ээ, би банкны төлөлттэй” гэж мессеж бичихэд хүний нөөц залгаж, хуулийн зөвлөхийн утсыг өгсөн. Би хуулийн зөвлөх рүү  залгахад үдээс хойш хариу өгнө гэсэн. Үдээс хойш нь хуулийн зөвлөх нягтланд 2017 оны 09 дүгээр сарын 21 хоногийн цалинг өнөөдрийн дотор хийчих гэж хэлсэн. 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ажилдаа ээлжинд гарахаас өмнө ажлаас халах эсэх хариуг өгнө гэхэд нь би “хамаагүй би 1,2 ээлжинд гаргачихаад би өөрөө өргөдлөө өгөөд гаръя гэж хариулсан.

Тэгэхэд хуулийн зөвлөх аль аль талдаа хохироохгүй шийдвэр гаргана гээд утсаа тасалсан. Ингээд 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ажлаас чөлөөлөх тухай шийдвэр гаргахаар болж байгаа гэсэн. Улмаар 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн “Х” ХХК-ийн №164/2017 тоот тушаалыг гаргаж ажлаас халсныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэл гаргаж байна.

Миний бие нь хүүгийн хамт амьдардаг бөгөөд нөхөр маань тогтсон ажил төрөлгүй, би ажилгүйн улмаас санхүүгийн хүндрэлд орж хохирч байгаа тул зөрчигдсөн эрх ашгийг хамгаалж өгнө үү” гэжээ.      

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэндмаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Тус шүүхэд иргэн Л.Сийн гаргасан “Х” ХХК-ийн 10 дугаар сарын 23-ны өдрийн №164/2017 тоот тушаалаар Л.Сийг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс мөн 2018 оны 03 сарын 20-ны өдөр хүртэлх хугацааны нийт 6720000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэхийг даалгах” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

“Х” ХХК нь “Оюу толгой” ХХК-тай жолооч, хүргэлтийн үйлчилгээ эрхлэх хугацаатай гэрээтэй ажилладаг ба тус компанийн гэрээ 2015 онд байгуулагдаж 2018 оны 05 дугаар сард дуусахаар байх бөгөөд дийлэнх ажил үйлчилгээ “Оюу толгой” ХХК-ийн сайтад явагддаг онцлогтой.

 Манай компанийн ажилчдын 80 хувийг жолооч нар бүрдүүлдэг бөгөөд үлдэх 20 хувийг бусад ажилчид бүрдүүлдэг ба дээрх хүмүүсийг удирдан чиглүүлэх, ахуй хангамж цалин хөлс бодох зэрэг чиг үүргийг дээрх ажилчид хэрэгжүүлдэг болно.

Иргэн Л.Сэ нь 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр “Х” ХХК-д хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны ажилтнаар, туршилтын хугацаатай буюу 6 сарын хугацаатайгаар хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаж эхэлсэн, түүний ажлын байрны чиг үүрэг бол тус компанид хамгийн чухалд тооцогдох, дээрх бүхий л ажилчдын хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хариуцах урьдчилан сэргийлэх тун хариуцлага өндөртэй ажлын байр болно.

Түүнчлэн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны ажилтан нь “Оюу толгой” ХХК-ийн сайтад ажиллаж чиг үүргээ хэрэгжүүлдэг төдийгүй тус компанийн гадаад ажилчидтай англи хэлээр цахим шуудангаар болон шууд харилцах онцлогтой ажилтан болно.

Иргэн Л.Сэтэй 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 6 сарын туршилтын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилд авсан боловч Монгол улсын хөдөлмөрийн тухай хуульд 2017 оны 04 дүгээр сард өөрчлөлт орж туршилтын хугацааг 3 сар болгосон байсан тул 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Хүний нөөцийн хэлтсээс Захирлуудын зөвлөлд санал оруулж хуралдсан ба тус хурлаар энэхүү асуудлыг шийдвэрлэж хуулийн өөрчлөлтөд нийцүүлэн 6 сарын хугацаатай туршилтын хөдөлмөрийн гэрээтэй ажилчдаас “Ажилтныг сургах, ажилд авах, сонгон шалгаруулах, үнэлэх журам”-ын дагуу шалгалт авч үндсэн ажилтнаар авах эсэх асуудлыг шийдвэрлэхээр болсон.

Ингээд гэрээний хугацаа, ажил үүргийн онцлогоос шалтгаалан, туршилтын хугацаатай хөдөлмөрийн гэрээ бүхий 10 орчим ажилчдаас шалгалтуудыг авсан.

Энэхүү шалгалт авах үндэслэл нь 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн “Х” ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журам-ын 8 дугаар зүйлийн 8.10 дахь  хэсэг болон 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн “Ажилтныг сургах, ажилд авах, сонгон шалгаруулах, үнэлэх журам” –аар зохицуулагдаж байгаа болно.

Дээрх журмуудын дагуу 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Л.Сээс шалгалт авахад 49,7 оноо авсан. Журамд зааснаар  ажилтан нь 71 оноо авч байж тэнцэх боломжтой байдаг. Иймээс шалгалтын комисс Ерөнхий болон Гүйцэтгэх захиралд Л.Сээг ажлаас чөлөөлөх санал оруулсан байдаг.

Улмаар Ерөнхий Захирал Б.Наранбаатар нь 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр “хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлөх тухай” 164/2017 дугаар тушаалаар Л.Сийг ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хууль болон, компанийн бусад бичиг баримтад нийцүүлэн хууль зүйн үндэслэл бүхий тушаал юм...” гэжээ.

Өмнөговь аймгийн Хан богд сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 45 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар Л.Сийн нэхэмжлэлтэй Х ХХК-аас ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх хугацааны 28 хоногийн цалинтай тэнцэх 1 680 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 203/МА2018/00017 дугаар магадлалаар: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 45 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Л.Сийг Х ХХК-ны аюулгүй ажиллагааны ажилтнаар эгүүлэн тогтоож, хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар нэхэмжлэгч Л.Сийн “ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,

Нэхэмжлэгч Л.Сэ давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Л.Сэ хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ... миний бие Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ний өдрийн 00017 тоот магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дүгнэхдээ: “нэхэмжлэгч Л.Сэ ...хөдөлмөрийн эрх зүйн харилцааг үндэслэлгүйгээр дуусгавар болгосон тохиолдолд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговроо ажил олгогчоос шаардах эрхтэй, энэ шаардлагын үндэслэл, тодорхой, олговроо тооцож, уг тооцоо нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд зааснаар нотлох баримтаар нотлох үүрэгтэй боловч ийнхүү хэрэгжүүлээгүй” гэж дүгнэсэн нь нотлох баримтыг буруу үнэлж хэргийн үйл баримтын талаар зөв хууль зүйн дүгнэлт хийж чадаагүй, шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна.

Учир нь нэхэмжлэгчийн зүгээс олговор гаргуулах шаардлагатай холбоотой олговрын хэмжээг тооцохтой холбоотой баримт болох нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарыг шүүхэд гаргаж өгсөн, мөн хөдөлмөрийн гэрээнд ажлын нэг цагийн үнэлгээг тооцон тусгасан, ажлын цагийн үнэлгээ ажлын цагийн асуудлаар хариуцагч маргаагүй тул нөхөн олговрын тооцоо, хэмжээнд шүүх үнэлэлт дүгнэлт хийх бүрэн боломжтой, нэхэмжлэлийн дээрх шаардлагыг бүрэн хангах хууль зүйн үндэслэлтэй юм.

Мөн ажилтан өөрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахтай холбоотой баримтаа гаргаж өгсөн тул шүүх цугласан баримтын хүрээнд боломжит дүгнэлтийг хийж нэхэмжлэлийг хангах учиртай юм.

Иймд Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 сарын 13-ны 00017 тоот магадлалд өөрчлөлт оруулан нэхэмжлэгч Л.Сийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэндмаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 203/МА2018/00017 дугаартай магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

...магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй шийдвэр гарсан гэж үзэж байна.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж шийдвэрлээгүй, Хөдөлмөрийн хуулийг агуулга зарчмыг буруу тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Учир нь: Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт “...ажил олгогчийн санаачилгаар ажилтан Л.Сэтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөр дуусгавар болгон ажлаас чөлөөлөх тухай шийдвэр, ажилтан, ажил олгогч хоёрын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн харилцааг дуусгавар болгох үед явагдсан үйл ажиллагаа зэрэг нь Хөдөлмөрийн тухай хууль болон бусад холбогдох дүрэм журамд үл нийцжээ” гэж дүгнэхдээ Хөдөлмөрийн хуулийн ямар зүйл заалтад нийцээгүй, ямар дүрэм, журмыг заалтад үл нийцсэн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй байна.

Мөн магадлалын хянавал хэсэгт: “...Ажил олгогчийн санаачилгаар гаргасан дээрх шийдвэрийн үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн хамаарал бүхий хэсгийг үндэслээгүй, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан үндэслэл, үйл баримт эргэлзээтэй болсон” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, үйл баримтад бодитой дүгнэлт хийж чадаагүй.

Манай компанийн зүгээс Л.Сийг ажил олгогчийн санаачилгаар ажлаас халсан үйл баримт огт болоогүй. Л.Сэ нь тус компанид хөдөлмөрийн гэрээ байгуулан анх ажилд орохдоо хугацаатай гэрээ буюу туршилтын хугацаа тогтоосон гэрээ байгуулж ажилд орсон.

Бид туршилтын хугацааг хэрхэн яаж үнэлэх талаараа Хөдөлмөрийн дотоод журмын 8-р зүйлд тодорхой зохицуулж өгсөн. Л.Сийн ажлаас чөлөөлөгдсөн явдал нь ажил олгогч, ажилтны хүсэл зоригоос үл хамаарч хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон. Л.Сэд цаашид компанидаа тогтвор суурьшилтай ажиллах бүрэн боломж байсан. Туршилтын гэрээний хугацаанд өөрийгөө бүрэн дайчилж, цаашид жинлэх шалгалтаа хангалттай сайн өгсөн тохиолдолд маш олон хүн үндсэн ажилтан болоод явах бүрэн боломжтой байдаг.

Гэтэл шүүхээс ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээ цуцалсан мэтээр дүгнэж, хөдөлмөрийн хуулийн 37 дугаар зүйл, 23 дугаар зүйлийн 23.2.3-т заасныг буруу тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн.

Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7. “Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан нь ажилтан болон ажил олгогчид хэн алинд нь хамааралтай гэж ойлгож байна гэтэл давж заалдах шатны шүүхээс энэ заалт зөвхөн хариуцагчид хамааралтай заалт мэтээр тайлбарласан нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлд мөн хамаарч байна.

Компани Л.Сэтэй 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр туршилтаар 6 сарын хугацаа тогтоож байгуулсан Хөдөлмөрийн гэрээ нь Хөдөлмөрийн тухай хуульд 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн орсон өөрчлөлтийг зөрчиж байгуулсан. Энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцэл байгуулсан байсан алдаагаа засаж, тухайн үед 6 сараар гэрээ байгуулсан ажилтнуудыг жинхлэх асуудлыг 3 сараар тасалбар болгон хуульд нийцүүлэн шийдвэрлэсэн юм.

Давж заалдах шатны шүүх дүгнэхдээ 2015, 2017 оны тушаалаар хөдөлмөрийн дотоод журам баталсан, шинэчлэн батлахдаа өмнөх журмыг мөрдөх эсэх талаар огт шийдвэрлээгүй, тайлбар татгалзал тодорхойгүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Тушаалын заалтад өмнөх журмыг хүчингүй болгох өгүүлбэрийг оруулаагүйгээрээ хуучин, шинэ журмаа хоёуланг нь мөрдөнө гэсэн агуулга биш гэж ойлгож байна.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаас хархад 6-р хуудасны ар талд Л.Сэтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.7.1. Туршилтын хугацаагаар байгуулна. 2.7.3. Туршилтын хугацаагаар ажиллаж байгаа ажилтан нь уг ажил албан тушаалд тэнцэхгүй нь тогтоогдвол хөдөлмөрийн гэрээ дуусгавар болно, XX-ийн 36-р хуудасны ар: Хөдөлмөрийн дотоод журмын 8.8 ...компаниас авсан шалгалтад тэнцсэн тохиолдолд ...тушаал гарган үндсэн цалингаар цалинжуулна, ...тэнцээгүй тохиолдолд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгоно. ХХ-ийн 43-р хуудас: 2017.09.25-ны өдрийн Захирлуудын зөвлөлийн хурлын тэмдэглэл. Хуулийн шаардлагад нийцүүлэн туршилтын хугацаагаар ажиллаж байгаа ажилтнуудын гэрээний хугацааг 3 сараар тооцож, жинхлэх эсэхийг шийдвэрлэхийг шийдвэрлэсэн хурлын тэмдэглэл, ХХ-ийн 52-55 Л.Сийн шалгалтын материал, ХХ-ийн 55-р хуудасны ар: 2017.10.04-ний өдрийн Захирлуудын зөвлөлийн хурлын протокол, шалгалтын комисс дүнг танилцуулж, шийдвэрлэсэн хурлын тэмдэглэл, ХХ-ийн 59-р хуудас: Шалгалтын ажлыг зохион байгуулах, үнэлж, дүгнэх комиссын бүрэлдэхүүнийг баталсан тушаалын хавсралт зэрэг баримтаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага бүрэн няцаагдаж байна.

Давж заалдах шатны шүүхээс дүгнэхдээ /ХХ-ийн 56/ “...Л.Сийн хөдөлмөрийн эрх зүйн харилцааг дуусгавар болгох үндэслэлийн талаарх хариуцагчийн тайлбар, хэргийн 55-р хуудасны ар талд авагдсан 2017.10.04-ний өдрийн захирлуудын зөвлөлийн хурлын “протокол”-д дурдсанаар асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн нь компани дотоод журам, дүрэм, хөдөлмөрийн эрх зүйн харилцааг нарийвчлан зохицуулсан хуулийн заалтад үл нийцсэн ажиллагаа болжээ” гэж дүгнэсэн хэт мушгин гуйвуулсан, уг дүгнэлттэй холбоотой хариуцагчаас тайлбар авахгүйгээр буруу дүгнэлт гаргасан. Хариуцагчийн зүгээс Хөдөлмөрийн хууль болон компанийн дотоод журмыг зөв хэрэглэсэн гэж үзэж байна.

Шалгалтын комисс шалгалтаа авч, захирлуудад хурлаар оруулж шийдвэр гаргаж байгаа явдал хуульд нийцнэ гэж үзэж байна. /ХХ-ийн 56-р хуудас/ Компанийн 2017 оны 84/2017 дугаар тушаалаар баталсан Ажилтныг сургах, ажилд авах, сонгон шалгаруулах, үнэлэх журмын 1.2. ...зайлшгүй мэдвэл зохих дүрэм журмыг тусгасан шалгалтыг тестээр авч, үр дүнг компанийн удирдлагад танилцуулан шийдвэр гаргуулахад оршино., уг шалгалтын ажлын зохион байгуулж, үр дүнг үнэлж, шийдвэр гаргуулах санал боловсруулах комиссыг уг тушаалын 2-р хавсралтаар баталсан байдаг. Эцсийн шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан бол компанийн захирал юм.

Давж заалдах шатны шүүх хариуцагчийн бусдаас хууль зүйн туслалцаа авах, өмгөөлөгчөөрөө дамжуулж шүүх хуралдаанд оролцох эрхийг ноцтойгоор хязгаарласан, өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулж, гомдолд тайлбар өгөх, шүүх хуралдаанд мэтгэлцэх боломжоор хангаагүй, хүндэтгэн үзэх шалтгаан болон хүсэлтээ хүргүүлсэн боловч хүлээн аваагүй явдалд туйлын гомдолтой байна.

Өмнө нь шүүх хуралдаан зарласан боловч нэхэмжлэгч талын өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулсан атал манай өмгөөлөгчийн хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байгаа нь хэргийг нэг талыг баримталж шийдвэрлэжээ гэх хардлагыг төрүүлж байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг үндэслэн Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 203/МА2018/00017 дугаартай магадлалын Л.Сийг ажилд нь эгүүлэн тогтоосон хэсгийг нь хүчингүй болгож, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 45 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Л.Сэ нь “Х” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 6 720 000 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоож, нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Л.Сэ нь “Х” ХХК-д 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс “хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны ажилтан”-аар 6 сарын туршилтын хугацаагаар томилогджээ.

“Х” ХХК-ийн Захирлуудын зөвлөлийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн хурлаар Хөдөлмөрийн тухай хуульд 2017 оны 04 дүгээр сард өөрчлөлт орж, туршилтын хугацааг 3 сар болгосонтой холбогдуулан 6 сарын туршилтын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан ажилчдын хуульд заасан 3 сарын хугацаа өнгөрсөн ажилчдыг жинхлэх, үндсэн ажилтан болгох асуудлыг хэлэлцэж, холбогдох шалгалтыг авч, гэрээг дүгнэхээр шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Л.Сэ Аюулгүй ажиллагааны тестэд 49,7 оноо авсан, тус оноо нь Хөдөлмөрийн дотоод журмын 8.10., болон 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн “Ажилтныг сургах, ажилд авах, сонгон шалгаруулах, үнэлэх журам”-аар зохицуулагдсан 70-аас дээш оноо авснаар шалгалтад тэнцсэнд тооцогдох шаардлагад хүрээгүй тул гэрээний хугацааг дуусгавар болгож, ажлаас чөлөөлсөн үйл баримт тогтоогджээ.

2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.-т заасан “...туршилтын болон сургалтын хугацаа 6 сар байна” гэсэн заалтыг хасч, “...туршилтын хугацаа гурван сар хүртэл байна” гэсэн нэмэлт өөрчлөлт орсон ба тус хууль 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдсэн байна.

Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын хуулийг Улсын Их Хурал албан ёсоор нийтлэх бөгөөд хэрэв хуульд өөрөөр заагаагүй бол ийнхүү нийтэлснээс хойш арав хоногийн дараа хүчин төгөлдөр болно” гэжээ.

Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Төрийн мэдээлэл сонинд хэвлэгдсэн тул тус хууль 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлжээ.

“Х” ХХК нь Л.Сийг 2017 оны 06 дугаар сард ажилд томилохдоо туршилтын 6 сарын хугацаагаар гэрээ байгуулсан нь хуульд нэмэлт, өөрчлөлт орсон хуулийн дээрх заалтад нийцээгүй боловч ажилтныг туршилтын хугацаагаар ажилд томилсныг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.

Иймд туршилтын 6 сарын хугацаатай томилогдсон ажилчдын 3 сарын хугацаа дууссан ажилчдыг жинхлэх, үндсэн ажилтнаар ажиллуулахын тулд шалгалт авч, “Ажилтныг сургах, ажилд авах сонгон шалгаруулах үнэлэх, журам”-ын дагуу үнэлж, асуудлыг шийдвэрлэхээр хэлэлцсэн захирлын зөвлөлийн хурал Компанийн хөдөлмөрийн дотоод журмыг зөрчөөгүй, ажилтан Л.Сэ шалгалтад тэнцээгүй нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон тул  хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, түүнийг ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн дотоод журам, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчөөгүй байна.

Давж заалдах шатны шүүх ажилтанг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоохдоо хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүйгээс магадлал хуулийн үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Иймд  магадлалыг хүчингүй болгож, энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангаж, харин магадлалд өөрчлөлт оруулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

Анхан шатны шүүх талуудын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг үндэслэл бүхий тодорхойлж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх боловч нэхэмжлэлийн зарим шаардлагад холбогдох хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна.

Нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг  нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх шаардлага гаргасан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг баримтлан нэхэмжлэлийг шийдвэрлэх учиртай.

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 203/МА2018/00017 дугаар магадлалыг хүчингүй болгож, Өмнөговь аймгийн Хан богд сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 45 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “128.1.2. дахь” гэснийг “128.1.2., 46 дугаар зүйлийн 46.1., 46.2., 69 дүгээр зүйлийн 69.1. дэх” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэндмаагийн гомдлыг хангаж, нэхэмжлэгч Л.Сийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., 59 дүгээр зүйлийн 59.3., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5., 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч “Х” ХХК-иас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар “Х” ХХК-д буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                       Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                 Х.ЭРДЭНЭСУВД