Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 45

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар:      Нэхэмжлэгч: Л.С-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: “Х Х” ХХК -д холбогдох,

            Ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацааны нийт 6.720.000  төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Мөнхсүлд, хариуцагчийн төлөөлөгч Б.Цэндмаа, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Оюунболд, нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах Д.Оюунцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Л.С нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:“...Лувсанцэрэн овогтой С миний бие нь “Хан-Богд Хурд” ХХК-нд 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс “хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны ажилтан” албан тушаалын ажилд орж 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн №32/2017 тоот хөдөлмөрийн гэрээг туршилтын 6 сарын хугацаатай байгуулсан.

            Миний бие  ажиллаж байх хугацаандаа хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам бусад хууль тогтоомжийг биелүүлж үнэнч, шударгаар ажилласан бөгөөд ямар нэгэн алдаа зөрчил гарган сахилгын шийтгэл авч байгаагүй билээ.

            Миний бие “Хан-Богд Хурд” ХХК-нд 2017 оны 04 дүгээр сарын сүүлээр анкет бөглөж ажилд орсон. Улаанбаатар хотод тус компанийн ерөнхий захирал Б.Наранбаатартай уулзаж ажлын ярилцлагад орж, улмаар Өмнөговь аймгийн Ханбогд сум руу очиж ажлын 2-р шатны ярилцлагад орж “хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны ажилтан” албан тушаалд тэнцсэн. Ингээд 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс дагалдан ажилтан хийж 2017оны 06 дугаар сарын 13-ны өдөр №32/2017 тоот хөдөлмөрийн гэрээг туршилтын 6 сарын хугацаатай байгуулж ажиллаж эхэлсэн.

            Гэтэл “Хан- Богд Хурд” ХХК-ийн захирал Б.Наранбаатар 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн №164/2017 тоот тушаалаар тушаал гарган намайг ажлаас гэнэт халлаа.

            Би уг тушаалыг Хөдөлмөрийн тухай хууль болон “Хан-Богд Хурд” ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд нийцэхгүй шийдвэр бөгөөд дараах үндэслэлээр эс зөвшөөрч, энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

            Үүнд:

            Уг тушаал хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3, 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь хэсэг, хөдөлмөрийн гэрээний 2.7.3, 5.1.4, хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.1, 8 дугаар зүйлийн 8.9, 18 дугаар зүйлийн 18.6 дахь хэсэгт заагдсан үндэслэл бүрдээгүй, хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаагүй байхад ажлаас чөлөөлсөн нь хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн гэрээ бусад холбогдох заалтуудыг зөрчиж байна.                

            Миний бие  ажиллаж байх хугацаанд “Оюутолгой” ХХК-ийн сайтад ажил албан үүргээ гүйцэтгэж байсан гэтэл ажлаас үндэслэлгүй халж намайг хохироосонд гомдолтой байна.

            2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 08 цагийн үед “Хан-Богд Хурд” ХХК-ийн захирал Б.Наранбаатар утсаар /99110444/ миний тухайн үед барьж байсан 88260404 дугаар руу залгаж” “Оюутолгой” ХХК-ийн хуралд суугаад гарч ирлээ, чамайг ажлаа хийж чадахгүй байна”, Оюутолгойгоос шалгалт авна гэж байна. Тэр шалгалтыг өгөөд мэдээж чи тэнцэхгүй, гадаад хэл байхгүй юм чинь, тэрний оронд өөрөө өргөдлөө өгөөд ажлаас гар” гэж хэлсэн миний бие тухайн үед тодорхой хариу өгөлгүй утсаа тасалсан.

            Ингээд 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлах компанийн оффист хүний нөөц Б.Цэндмаагийн гаргаж өгсөн шалгалтын материалаар шалгалт өгсөн. Шалгалт авахаас өмнө шалгалтын хэдэн оноог авбал тэнцэнэ, тэнцэхгүй байх тухай шалгалтын удирдамжийг танилцуулаагүй шалгалт авсан.

            Оюутолгой руу буцаад автобусаар явж байхад С.Баттүвшин утсаар ярьж шалгалтад 51 хувьтай байна. Аюулгүй ажиллагааны ажилтан 60-70 хувиар тэнцэх ёстой, тэнцсэнгүй, үлдсэн асуудлаа хүний нөөцтэй учраа олоорой” гэсэн.

            Тэгэхэд нь хүний нөөцтэй утсаар ярихад өөрөө өргөдлөө өгчих, тэгвэл дараагийн ажилд ороход амар гэж хэлсэн. Тэгэхэд нь өргөдөл өгөхгүй, ажлаас яаж халж байгаагаа тушаалаа өгөө, маргааш очиж уулзъя гэсэн.

            Тэгээд тушаалаа авах гэтэл чиний материалыг хуулийн зөвлөхөд шилжүүлсэн, хуулийн зөвлөхөөс шийд гарахыг хүлээнэ гэсэн. Цалингаа аваагүй явж байгаад 2017 оны 10 дугаар сарын 05-нд төрсөн аав Лувсанцэрэнгийн машиныг ломбаранд тавьж 900,000 зээлийн өрийг дарахын тулд захирал Наранбаатар, гүйцэтгэх захирал Энхмаа нар руу залгахад утсаа авахгүй байсан тул “цалинг минь өгөөч ээ, би банкны төлөлттэй” гэж мессеж бичихэд хүний нөөц залгаж, хуулийн зөвлөхийн утсыг өгсөн. Би хуулийн зөвлөх рүү  залгахад үдээс хойш хариу өгнө гэсэн. Үдээс хойш нь хуулийн зөвлөх нягтланд 2017 оны 09 дүгээр сарын 21 хоногийн цалинг өнөөдрийн дотор хийчих гэж хэлсэн. 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ажилдаа ээлжинд гарахаас өмнө ажлаас халах эсэх хариуг өгнө гэхэд нь би “хамаагүй би 1,2 ээлжинд гаргачихад би өөрөө өргөдлөө өгөөд гаръя гэж хариулсан.

            Тэгэхэд хуулийн зөвлөх аль аль талдаа хохироохгүй шийдвэр гаргана гээд утсаа тасалсан. Ингээд 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ажлаас чөлөөлөх тухай шийдвэр гаргахаар болж байгаа гэсэн. Улмаар 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн “Хан-Богд Хурд”  №164/2017 тоот тушаалыг гаргаж ажлаас халсныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэл гаргаж байна.

            Миний бие нь хүүгийн хамт амьдардаг бөгөөд нөхөр маань тогтсон ажил төрөлгүй, би ажилгүйн улмаас санхүүгийн хүндрэлд орж хохирч байгаа тул зөрчигдсөн эрх ашгийг хамгаалж өгнө үү?” гэжээ.

            Нэхэмжлэгч Л.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:” …Би 2017 оны 04 дүгээр сард “Х Х” ХХК-д анкет өгч ажилд орсон. 2017 оны 05 дугаар сард захирал Б.Наранбаатартай Улаанбаатар хотод уулзаж 1 дүгээр шатны ярилцлагад орж тэнцээд, Өмнөговь аймгийн Ханбогд суманд ирж “Х Х” ХХК-ний оффист 2 дугаар шатны  ярилцлагад орж тэнцээд ажилд орсон. 2017 оны 06 дугаар сарын 10-нд дагалдангаар ажиллаж эхлээд 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн 6 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан. Энэ хугацаанд ямар нэгэн зөрчил гаргахгүй ажиллаж байсан. Ажлаас халсан тушаалыг үндэслэлгүй халсан гэж үзэж байна. Ур чадварын байдлаас тэнцэхгүй гэж байгаа, үүнийг мэргэжлийн комисс хуралдаж, протокол хөтөлж байж үүнийг тодорхойлж өгөх ёстой. Ажлаас халах тухайгаа 30 хоногийн өмнө мэдэгдээгүй, хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаагүй байхад гэнэт шалгалт авч ажлаас халсанд гомдолтой байна” гэв.

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Мөнхсүлд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Хариуцагч байгууллагаас энэхүү хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо компанийн тухай хуулийн 83 дугаар зүйл, хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэг, 37 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэг, тус компани нь 2 хөдөлмөрийн дотоод  хүчин төгөлдөр мөрдөгдөж үйлчилж байгаа, аль хөдөлмөрийн хэдэн оны, хэдэн сарын хэдэнд батлагдсан дотоод журам гэдэг нь тодорхойгүй байгаа юм.

            Хөдөлмөрийн дотоод журмын 3.1 дүгээр заалт болон 8 дугаар зүйлийн 8.9 дэх заалт, 18.6 дугаар заалт, хөдөлмөрийн гэрээний 2.7 дугаар зүйл, мөн 2.7 дугаар зүйлийн 3 дахь заалт, 5.1 дүгээр зүйлийн 4 дэх заалтуудыг үндэслэл болгон ажлаас халсан байгаа. Компанийн тухай хуулийн 8.3 дугаар зүйл нь компанийн гүйцэтгэх удирдлага болон компанийн төлөөлөгчдөд хамаарах заалт байгаа. Энэ заалтад өөрчлөлт орсон учраас бид хөдөлмөрийн гэрээний туршилтын хугацаа 3 сарын хугацаатай болсон хуулийн нэмэлт өөрчлөлт оруулсантай холбогдуулж ажлаас халсан гэдэг тайлбарыг хариуцагч байгууллагаас хэлдэг. Хөдөлмөрийн дотоод журмын 3.1 дэх заалтад гүйцэтгэх захирлын эрх хэмжээний  асуудал байгаа,

            Мөн Монгол Улсын дээд шүүхийн зөвлөмжид хөдөлмөрийн эрх зүйн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхдээ анхаарах зарим асуудал дээр хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачлагатай цуцлах асуудлын талаар үүн дээр хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсныг салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил ур чадварын төвшин тогтоох комисс, эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр хамаарах хэдий ч орон тоо цөөрүүлэхийн тулд шалгалт явуулах улмаар дүгнэлт шийдвэр гаргаж буй нь хөдөлмөрийн  тухай хуульд нийцэхгүй гэж байна. Энэ байдлыг анхаарч үзнэ үү.

            Нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой тодруулж хэлэх зүйл байна. Анх ажилд томилсон цалин хөлсийг нь тушаал дээрээ тодорхой заасан байгаа. 1 цагийн хөлсийг 4,800 төгрөг, 1 ээлж нь 28 хоног гардаг, өдөрт 11 цагаар ажилладаг, түүний 8 цагт нь хөдөлмөрийн тухай хуулинд заасан энгийн хөлс бодох аргачлалаар, 3 цагт нь нэмэгдэл хөлс бодох Хөдөлмөрийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмаар боддог байсан байгаа. Ингээд бодохоор 2017 оны 10 дүгээр сарын 02-нд ээлжнээс буугаад 2017 оны 10 дугаар сарын 17-оос эхлэн ээлжээр ажиллах байсан. 1-р ээлж 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийг хүртэл ажиллана, 2-р ээлж нь 14 хоног амраад 2017 оны 11 дугаар сарын 28-аас 2017 оны 12 дугаар сарын 26 хүртэл 28 хоног, 3-р ээлж нь 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүртэл, 4-р ээлж нь 2018 оны 02 дугаар сарын 20-оос 2018 оны 03 дугаар сарын 20 хүртэл ажиллах байсан. Мөн 1 сарын цалин хөлсийг нь бодож үзвэл 1 өдрийн 8 цагийг нь 4800 төгрөгөөр бодвол 38,400 төгрөг байна. Үлдэгдэл 3 цагийг нь Хөдөлмөрийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4,800 төгрөгийг 1,5-аар үржүүлээд 7,200 төгрөгийг 3 үржүүлэхээр 21,600 төгрөг болно. Нийт 1 өдрийн 60,000 төгрөгийн цалинтай, 28 хоногийн цалин нийт 1,680,000 төгрөгийн цалинг нэг сард авна.  Үүнийг нийт 4 ээлжээр үржүүлэхээр нийт 6,720,000 төгрөгийн цалин авах байсан байна. 

             Уг тушаал нь хөдөлмөрийн дотоод журмын заалтуудтай зөрчилдөж байна. Хөдөлмөрийн дотоод журмын 23.5-т зааснаар, 2017 оны хөдөлмөрийн дотоод журмаар мэргэжлийн төвшин тогтоох шалгалт, 18.14-т заасан ажилтныг ажлаас чөлөөлж байгаа бол тушаал дээр нь ажил хүлээлцэх хугацааг бичих ёстой. Үүнийг ажлаас халсан тушаал дээрээ бичээгүй байдаг. Хөдөлмөрийн дотоод журмын 18.14 дэх заалтыг зөрчсөн тушаал байна. Мөн 18.12-т хэрэв ажилтан мэдлэг, чадвар, мэргэжлийн төвшин дутагдсан, мэргэжлийн комиссын дүгнэлтийг үндэслэж ажилтанг ажлаас чөлөөлнө гэж заасан. Үүнээс үзэхэд ажилтанг мэдлэг чадвар нь дутсан гэж үзээд байгаа юм уу? тухайн авсан шалгалт нь ойлгомжгүй. Энэ шалгалттай холбоотой удирдамжийг Л.Сд танилцуулаагүй байна. Хөдөлмөрийн гэрээг цааш нь сунгах уу? үгүй юу? гэдгийг 2017 оны 12 дугаар сарын 13-наас хойш ярих ёстой.

             Өөрөөр хэлбэл 6 сарын туршилтын хугацаагаар байгуулсан гэрээ нь 3 сар нь Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар туршилтын хугацаанд ажилласан. Дараагийн 3 сар нь туршилтын хугацаа дуусаад цаашид хөдөлмөрийн гэрээг үргэлжилсэн гэж үзэхээр байна. Ингээд үзэхээр энэ тушаал нь үндэслэлгүй байгаа юм. Мэдлэг чадвар, мэргэжлийн төвшин дутагдсан гэдгийг шалгах гээд байгаа юм уу? эсхүл Англи хэлний чадварыг нь шалгах гээд байгаа юм уу? шалгалтын материалыг хавтаст хэрэгт хавсаргасан байгаа. Ажлын байрны тодорхойлолтод нь англи хэлний зохих төвшиний мэдлэг байна гэсэн шаардаагүй байхгүй. Байгууллагын дотоод журмын 23.5-д шалгалтын комисс бүрдүүлж ажиллана гэж байгаа. Л.Стэй ижил төрлийн ажил эрхэлдэг хүнийг оруулсан байна уу гэж үзэхээр, уг шалгалтад тийм хүнийг оруулаагүй байгаа юм. Өөрөөр хэлбэл дандаа жолооч, механикч, хүний нөөцийн ажилтанг оруулсан байна. Шалгалтын комиссын шаардлагыг хангахгүй байна.  Тийм учраас уг тушаалыг хүчингүй болгож нэхэмжлэгч Л.Сэлэнгийг тухайн ажилд нь эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нь нөхөн олговорт тооцож өгнө үү?

            Хариуцагчийн төлөөлөгч Б.Цэндмаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “ Тус шүүхэд иргэн Л.Сэлэнгийн гаргасан “Х Х” ХХК-ийн 10 дугаар сарын 23-ны өдрийн №164/2017 тоот тушаалаар Л.Сэлэнгийг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс мөн  2018 оны 03 сарын 20-ны өдөр хүртэлт хугацааны нийт 6720000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэхийг даалгах” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

            “Х Х” ХХК нь “Оюу Толгой” ХХК-тай жолооч, хүргэлтийн үйлчилгээ эрхлэх хугацаатай гэрээтэй ажилладаг ба тус компанийн гэрээ 2015 онд байгуулагдаж 2018 оны 05 дугаар сард дуусахаар байх бөгөөд дийлэнх ажил үйлчилгээ Оюу толгой ХХК-ийн сайтад явагддаг онцлогтой.

             Манай компанийн ажилчдын 80 хувийг жолооч нар бүрдүүлдэг бөгөөд үлдэх 20 хувийг бусад ажилчид бүрдүүлдэг ба дээрх хүмүүсийг удирдан чиглүүлэх, ахуй хангамж цалин хөлс бодох зэрэг чиг үүргийг дээрх ажилчид хэрэгжүүлдэг болно.

            Иргэн Л.С нь 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр “Х Х” ХХК-д хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны ажилтнаар, туршилтын хугацаатай буюу 6 сарын хугацаатайгаар хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаж эхэлсэн, түүний ажлын байрны чиг үүрэг бол тус компанид хамгийн чухалд тооцогдох, дээрх бүхий л ажилчдын хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хариуцах урьдчилан сэргийлэх тун хариуцлага өндөртэй ажлын байр болно.

            Түүнчлэн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны ажилтан нь Оюу толгой ХХК-ийн сайтад ажиллаж чиг үүргээ хэрэгжүүлдэг төдийгүй тус компанийн гадаад ажилчидтай англи хэлээр цахим шуудангаар болон шууд харилцах онцлогтой ажилтан болно.

            Иргэн Л.Стэй 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 6 сарын туршилтын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилд авсан боловч Монгол улсын хөдөлмөрийн тухай хуульд 2017 оны 04 дүгээр сард өөрчлөлт орж туршилтын хугацааг 3 сар болгосон байсан тул 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Хүний нөөцийн хэлтсээс Захирлуудын зөвлөлд санал оруулж хуралдсан ба тус хурлаар энэхүү асуудлыг шийдвэрлэж хуулийн өөрчлөлтөд нийцүүлэн 6 сарын хугацаатай туршилтын хөдөлмөрийн гэрээтэй ажилчдаас “Ажилтныг сургах, ажилд авах, сонгон шалгаруулах, үнэнлэх журам”-ын дагуу шалгалт авч үндсэн ажилтнаар авах эсэх асуудлыг шийдвэрлэхээр болсон.

            Ингээд гэрээний хугацаа, ажил үүргийн онцлогоос шалтгаалан, туршилтын хугацаатай хөдөлмөрийн гэрээ бүхий 10 орчим ажилчдаас шалгалтуудыг авсан.

            Энэхүү шалгалт авах үндэслэл нь 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн “Х Х” ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журам-ын 8 дугаар зүйлийн 8.10 дах  хэсэг болон 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн “Ажилтныг сургах, ажилд авах, сонгон шалгаруулах, үнэлэх журам” –аар зохицуулагдаж байгаа болно.

            Дээрх журмуудын дагуу 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Л.Сэс шалгалт авахад 49,7 оноо авсан. Журамд зааснаар  ажилтан нь 71 оноо авч байж тэнцэх боломжтой байдаг. Иймээс шалгалтын комисс Ерөнхий болон Гүйцэтгэх захиралд Л.Сэг ажлаас чөлөөлөх санал оруулсан байдаг.

             Улмаар Ерөнхий Захирал Б.Наранбаатар нь 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр “хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлөх тухай” 164/2017 дугаар тушаалаар Л.Сэлэнгийг ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хууль болон, компанийн бусад бичиг баримтад нийцүүлэн хууль зүйн үндэслэл бүхий тушаал юм...” гэжээ.

            Хариуцагчийн төлөөлөгч Б.Цэндмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:” Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна “ гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Оюунболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ” Нэхэмжлэгчийн талаас 2 дотоод  журам байгаа талаар ярьж байна. Өөрөөр хэлбэл 2015 оны 04 сард батлагдсан хөдөлмөрийн дотоод журам байдаг.  Энэ нь Л.Сэлэнгийг ажилд ороход мөрдөгдөж байсан дотоод журам  байгаа. 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр туршилтын хугацаагаар ажилд авсан байсан. 2017 оны 07 дугаар сард шинэчилсэн дотоод журам гаргаж баталсан. Оюу толгой ХХК-аас дотоод журамдаа өөрчлөлт хийхийг шаардсны дагуу дотоод журамдаа өөрчлөлт оруулсан. 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр туршилтын хугацаагаар ажилд авсан, туршилтын хугацаанд тухайн ажилтны мэргэжлийн ур чадвар, ажлын дадлага туршлага, тухайн ажлыг гүйцэтгэх ажлыг шалгах зорилгоор туршилтын хугацаанд ажиллуулж энэ хугацаанд тухайн ажилтан сайн ажиллаж, ажлын байранд тэнцэж байна гэж үзвэл үргэлжлүүлэн үндсэн ажилтнаар  авна. Ажилтнуудыг жинхлэх эсэх асуудлыг тухайн байгуулсан гэрээний хугацааг харалгүй наана нь шийдвэрлэсэн байдаг. Үүний дагуу хуралдаад тухайн ажилтнуудаас шалгалт авсан. Л.Сэлэнгийн хувьд шалгалтыг амжилтгүй өгсөн. Үүнийг үндэслэн  хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасныг үндэслээд тухайн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон. Л.С нь үндсэн ажилтан биш туршилтын хугацаагаар ажиллаж байсан юм. Туршилтын хугацаа дуусахаас өмнө шалгалт авч болно. Аль аль тал нь хүлээн зөвшөөрөөд гарын үсэг зурсан байгаа. Үүний дагуу ажлаас халсан асуудлыг үндэслэлгүйгээр ажлаас халсан гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

           

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч Л.С нь ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацааны нийт 6720000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг  гаргажээ.

          Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн  Л.Сэлэнгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

          Нэхэмжлэгч Л.С нь Х Х ХХК-ны ерөнхий захирлын 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 164/2017 дугаартай тушаалыг хүлээн авч, 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр шүүхэд гомдлоо Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацаанд гаргасан байна.

          Хариуцагч Х Х ХХК-ны ерөнхий захирлын 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 88/2017 дугаартай “ Туршилтын хугацаагаар ажилд томилох тухай” тушаалаар Л.Сэлэнгийг аюулгүй ажиллагааны ажилтнаар анх түр томилсон байна.

          Х Х ХХК-ны ерөнхий захирлын 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 164/2017 дугаартай  “Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар аюулгүй ажиллагааны ажилтнаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөр дуусгавар болгосон байна.

          Х Х ХХК-ны ерөнхий захирлын 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 164/2017 дугаартай  тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалт, тус компанийн хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.1, 8 дугаар зүйлийн 8.9, 18 дугаар зүйлийн 18.6, Л.Стэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.7 дугаар зүйлийн 2.7.3, 5.1 дүгээр зүйлийн 5.1.4-т заасныг тус тус баримтлан аюулгүй ажиллагааны ажилтнаас чөлөөлсөн нь үндэслэлтэй байна.

          Хариуцагч Х Х ХХК-аас хэрэгт гаргаж өгсөн нотлох баримтаар Х Х ХХК-ний 2015 оны 04 сарын 01-ний өдрийн 006/2015 дугаартай захирлын тушаалаар батлагдсан “Хөдөлмөрийн дотоод журам”, 2017 оны 07 сарын 05-ны өдрийн 11/2017 дугаартай тушаалаар шинэчлэн баталсан “Хөдөлмөрийн дотоод журам”, Х Х ХХК-ний захирлуудын зөвлөлийн 2017 оны 09 сарын 15-ны өдрийн 02 дугаартай хурлын тэмдэглэл, 2017 оны 06 сарын 13-ны өдрийн 32/2017 дугаартай хөдөлмөрийн гэрээ, мөн тус компанийн захирлын 2017 оны 06 сарын 01-ний өдрийн 84/2017 дугаартай тушаалаар батлагдсан “ Ажилтныг сургах, ажилд авах сонгон шалгаруулах, үнэлэх журам”, 2017 оны 10 сарын 02-ны өдрийн захирлын 168/2017 дугаартай тушаалаар өөрчлөлт оруулсан “ Хөдөлмөрийн дотоод журам” зэрэг баримтуудаар Х Х ХХК-ны ерөнхий захирлын 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 164/2017 дугаартай “ Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлөх тухай” тушаал нь хууль зөрчөөгүй  нь тогтоогдож байна. Тодруулж хэлбэл Л.С, түүний өмгөөлөгч Т.Мөнхсүлд нар нь Хөдөлмөрийн тухай хууль зөрчиж гаргасан тушаал учраас хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилдаа  эргүүлэн томилуулах  нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна гэж дүгнэв.

           Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Мөнхсүлд шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:  “ Монгол Улсын Дээд шүүхийн зөвлөмжид хөдөлмөрийн эрх зүйн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхдээ анхаарах зарим асуудал дээр хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачлагаар цуцлах асуудлын талаар хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсныг салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил ур чадварын төвшин тогтоох комисс, эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр хамаарах хэдий ч орон тоо цөөрүүлэхийн тулд шалгалт явуулах, улмаар дүгнэлт, шийдвэр гаргаж буй нь хөдөлмөрийн  тухай хуульд нийцэхгүй гэж заасан байна “ гэж тушаалыг тайлбарлаж байгаа хэдий ч энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байна. Тухайн хэрэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн холбогдох зүйл, заалтыг хэрэглэж гаргасан эрх зүйн акттай холбоотой нотлох баримт байхгүй тул энэ талаар дүгнэлт өгөх боломжгүй байна.

          Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Л.Сэлэнгийн ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацааны нийт 6720000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэхийг даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар Л.Сэлэнгийн нэхэмжлэлтэй Х Х ХХК-аас  ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх хугацааны 28 хоногийн цалинтай тэнцэх 1,680,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.  

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

   ДАРГАЛАГЧ                                  Д.БАТТУЛГА