| Шүүх | Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оросоогийн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 135/2014/00215/и |
| Дугаар | 84 |
| Огноо | 2017-06-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 84
Ш.А-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Хэргийн индекс: 135/2014/00215/и
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч С.Энхжаргал, Ерөнхий шүүгч О.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 235 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Ш.А-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч О.С-т холбогдох
“Зээлийн төлбөр 108.000.000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг үндэслэн
2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч шүүгч О.Нарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хариуцагч О.С-, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.
Нэхэмжлэгч Ш.А-ээс:
О.А-, О.С- нартай эгч дүүс мэт дотно харилцаатай олон жил найзалж, хэн хэндээ тус дэм болж явсаар бие биедээ итгэдэг болсон байсан үед О.С-, О.А- нар нь өөрсдийн эрхэлж байсан хувийн бизнес болон өр төлбөртөө зориулан миний ах дүү, найз нөхдеөс надаар дамжуулан удаа дараа их хэмжээний мөнгө зээлэн авсан боловч хэн хэн нь ажилгүй болж, эрхэлж байсан бизнес нь амжилтгүй болж надаар дамжуулан авсан зээлээ эргүүлэн төлөлгүй намайг эдийн засгийн болон сэтгэл санааны маш их дарамтанд оруулан хүнлэг бус байдал гаргасаар олон жил хохироож байгаа тул эдгээр хүмүүсээс гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд О.С-, О.А- нараас нийт 120,000,000 төгрөг гаргуулан, намайг хохиролгүй болгож өгнө үү" гэжээ.
Хариуцагч О.А-гаас:
О.С-, Ш.А- нарын хооронд бичгээр байгуулсан 2 янзын гэрээ байдаг бөгөөд уг хэлцлийг үндэслэн Ш.А- нь Дархан сумын 14 дүгээр багийн нутагт байрлах хүнсний дуусаагүй барилгыг дүү Батжаргалынхаа нэр дээр шилжүүлэн авч, улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг. Энэ гэрээнүүд нь өнөөдрийг хүртэл хэвээр байгаа учир бид Ш.А-т төлөх төлбөр байхгүй гэжээ.
Хариуцагч О.С-аас:
Бид 3 тухайн үед миний гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Рингнит ХХК-ийн эзэмшлийн Дархан сумын 14 дүгээр багийн нутагт байрлах 6.300 мкв талбайтай газар дээр барилга барихаар хамтран ажиллахаар тохирч, Ш.А- тэр барилгад хөрөнгө оруулалт хийсэн. Гэтэл барилгын ажил бидний хүсэл зоригоос үл хамааран зогссон. Эгч О.А- нь барилгын өмчлөх эрхийг Ш.А-т шилжүүлж өг гэсний дагуу Ш.А-тэй уулзаж нотариатаар гэрчүүлсэн хэлцлийг хийсэн бөгөөд дараа нь энэ гэрээг гэрчлэхэд би өөрөө гарын үсэг зураагүй тул хүчин төгөлдөр биш та 2 намайг залилсан гэж Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Цагдаагийн газраас Эрүүгийн хуулийн 148.4-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж 2 жил шалгаад хэргийг хэрэгсэхгүй болгосон. Нэгэнт бидний үйлдлийг эрүүгийн хэрэг биш гэж тооцсон, мөн барьж байсан барилгаа бодит байдалд Ш.А-т шилжүүлэн өгсөн учраас энэ асуудлыг дууссан гэж бодож байна гэжээ.
Хариуцагч О.С-аас сөрөг нэхэмжлэлдээ:
Нотариатч Д.Гантулгын гэрчилсэн 2011 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн “Рингнит” ХХК-аас Д.Ерөөхүүд газар эзэмших эрх шилжүүлсэн 1372 тоот гэрээг хуульд заасан үндэслэл шаардлагыг хангаагүй хэлцэл учраас хүчингүйд тооцуулах, Дархан сумын 14 дүгээр багийн нутагт байрлах 1623 мкв газрыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, хүчингүй хэлцлийг үндэслэн хийсэн бусад хэлцлийг хүчингүйд тооцуулах, барилга шилжүүлэхээр А.Тодхүүгийн хийж өгсөн итгэмжлэлийг ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн итгэмжлэлд тооцон, 2011 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах гэрээг хүчингүйд тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгч Ш.А- өмгөөлөгч Ц.Гэнэндулам нараас:
О.С- гэх хүн “Рингнит” ХХК, Д.Ерөөхүү, Мөнхзул нарын хооронд хийгдсэн гэрээнд ийм нэхэмжлэл гаргах эрх бүхий субьект биш. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлд зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндсэн нэхэмжлэлтэй хамааралгүй. Ш.А- нь энэ барилгыг Мөнхзул, Д.Ерөөхүү нарт өгсөн гэсэн баримт байхгүй. Хариуцагч тал сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа бол түүнийгээ нотлох баримтаар нотлох үүрэгтэй, хавтаст хэрэгт энэ яриад байгаа гэрээ хэлцлийг олж хараагүй авчирсан баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 235 дугаар шийдвэрээр:
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 476 дугаар зүйлийн 476.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч О.С-аас 31.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.А-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 77.000.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч О.А-д холбогдох шаардлагаасаа татгалзсан нэхэмжлэгч Ш.А-ийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 106 дугаар зүйлийн 106.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч О.С-ын 2011 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн “Рингнит” ХХК-иас Д.Ерөөхүүд газар эзэмших эрх шилжүүлсэн 1372 тоот гэрээ хүчингүйд тооцуулах, Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн нутагт байрлах 1623 м.кв газрыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, хүчингүй хэлцлийг үндэслэн хийсэн бусад хэлцлийг хүчингүйд тооцуулах, барилга шилжүүлэхээр Тодхүүгийн хийж өгсөн итгэмжлэлийг ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэлд тооцуулах, 2011 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчингүйд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Ш.А-ээс төлсөн 760.000 төгрөг, хариуцагч О.С-аас төлсөн 70.200 төгрөгийг тус тус Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.С-аас улсын тэмдэгтийн хураамжид 315.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.А-т олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Ш.А- түүний өмгөөлөгч Ц.Гэнэндулам давж заалдсан гомдолдоо:
Нэхэмжлэгч Ш.А-, О.С-, О.А- нар нь Зоос банкинд хадам аав, ээж 2-ын үл хөдлөх хөрөнгийг барьцаанд тавиулж 30.0 сая төгрөгийн зээл авахуулсан. Энэ зээлнээс 2009 онд 5 сая төгрөгийг Ш.А- өөрөө төлсөн, үлдэгдэл төлбөр төлөгдөөгүй өнөөдрийг хүрч байна. Мөн О.С- 2009 оны 08 сард цалингийн зээлийн үлдэгдэл 1 сая төгрөгийг хаах шаардлагатай байна гэж Д.Эрдэнэчимэгээс 1 сая төгрөг зээлүүлж цалингийн зээлээ хаасан. Мөн 2008 оны 04, 05 дугаар сарын үед О.С- мөнгө хэрэгтэй байна гэж Долгоржаваас 3 сая төгрөг, 2008 оны 10 сард Тунгалантуяа гэх хүнээс 4 сая төгрөг, мөн 13 сая төгрөг авч өгсөн. 2008 онд М.Нэргүй гэх хүнээс 18 сая төгрөг, эгч Д.Эрдэнэчимэгээс 35 сая төгрөг авч О.С-т өгсөн. 2009 оны 8 сард О.А- мөнгө байвал өгөөч гэсний дагуу Л.Мөнхцэцэгээс 24 сая төгрөгийн зээл авч өгсөн. Мөн өөрийн өмчлөлийн орон сууцыг Мөнхсоёл гэх хүний нэр дээр шилжүүлж 10 сая төгрөг авч О.А-д өгсөн. Ингээд нийт 148 сая төгрөг болж байгаа бөгөөд О.А-гаас баригдаж байсан барилгыг газрын хамт 50 сая төгрөгөөр бодож авсан.
Ийм учраас О.А-гаас мөнгө нэхэмжлэхгүй. Хүмүүсээс зээлж авсан мөнгөний үнийн дүн болох 108 сая төгрөгийг О.С-аас нэхэмжилсэн. Уг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж гомдол гаргаж байна. О.С- нь нийт 56.500.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэж тайлбар гаргасан.
Шилжүүлсэн барилгын хувьд О.А-, О.С-, Ш.А- нар нь бичгийн хэлбэрээр гэрээ байгуулсан Ш.А-ийг мөнгө олно О.С- барилгаа барина гэсэн хэлцлийн дагуу Ш.А-ийн оруулсан мөнгөөр барилга баригдаж эхэлсэн бөгөөд О.А- өрөндөө уг барилгыг өгснөөр О.А-гаас нэхэмжилж байсан нэхэмжлэлийн шаардлагаа татсан юм. Иймд учраас О.С-аас нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх зохигчдын дунд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг баримталж хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь тал бүрээс нь харьцуулан дүгнэж маргаантай харилцааг зохицуулсан Иргэний хуулийн заалтад нийцүүлэн шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч Ш.А- нь хариуцагч О.А-, О.С- нарт холбогдуулан зээл, зээлийн хүү болон хамтран ажиллах гэрээнд оруулсан мөнгө 120.000.000 төгрөг буцаан нэхэмжилсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.А-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж хариуцагч О.С-аас 108.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэхдээ зээлийн болон хамтран ажиллах гэрээтэй холбоотой шаардлага гэж тайлбарладаг бөгөөд уг шаардлагыг нотлохоор шүүхэд ирүүлсэн баримтуудаар хамтран ажиллах гэрээтэй холбоотой 77.000.000 төгрөгийн шаардлага нь нотлогдоогүй байна.
Харин хариуцагч О. С- нь нэхэмжлэгчээс 31.000.000 төгрөгийг хамтран ажиллахаар гэрээ байгуулахаас өмнө авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд уг мөнгө нь барилга барих хамтран ажиллах гэрээнд зарцуулагдсан гэдгээ нотлоогүй байх тул дээрх мөнгийг гаргуулан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзнэ.
Хариуцагч О.С- нь нэхэмжлэгчид холбогдуулан 2011 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн “Рингнит” ХХК-иас Д.Ерөөхүүд газар эзэмших эрх шилжүүлсэн 1372 тоот гэрээг хүчингүйд тооцуулах, Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн нутагт байрлах 1623 м.кв газрыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, хүчингүй хэлцлийг үндэслэн хийсэн бусад хэлцлийг хүчингүйд тооцуулах, барилга шилжүүлэхээр А.Тодхүүгийн хийж өгсөн итгэмжлэлийг ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн итгэмжлэлд тооцон, 2011 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасныг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг няцаах баримт хэрэгт авагдаагүй байна.
Хэрэгт авагдсан сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь хэрхэн нэхэмжлэгчид хамаарч байгаа талаар сөрөг нэхэмжлэл гаргасан этгээд шүүхэд нотолж чадаагүй тул нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон бөгөөд энэ талаар хариуцагч гомдол гаргаагүй байна.
Иймд нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зөв гэж үзлээ.
Нэхэмжлэгч талын давж заалдах гомдол гаргахдаа төлсөн тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээвэл зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 235 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 552.950 төгрөгийг Төрийн сангийн орлогод үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаарДавж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авахүүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.АМАРСАНАА
ШҮҮГЧИД С.ЭНХЖАРГАЛ
О.НАРАНГЭРЭЛ