Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 1018

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 10 өдөр     Дугаар 181/ШШ2017/01018         Улаанбаатар хот        

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,      

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Авто замчдын гудамж, 56а байр, 38 тоотод оршин суух, Шарайд овогт Ринчиндоржийн Жавхлант /РД:СЖ80080217/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, Тээвэрчдийн гудамж, Засгийн газрын XIII байрны өргөтгөлд байрлах, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ /РД:5324165/-т холбогдох

 

Ажлаас халагдсаны тэтгэмжид 4,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саранцацрал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Номин-Эрдэнэ нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр 2017 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр Б/37 тоот тушаалаар “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Тээврийн хэлтсийн тээвэр төлөвлөлт, логистикийн мэргэжилтны ажлаасаа чөлөөлөгдсөн бөгөөд ажлаас халагдсаны тэтгэмжид 1 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх 900,000 төгрөгийг авсан. Ажлаас халагдсан тушаалд маргахгүй, харин ажлаас халагдсаны тэтгэмжийг 1 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээгээр олгосонд маргаж байгаа.

Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтаар 1 сар, түүнээс дээш хугацааны, 2013-2014 онд хэрэгжүүлэх Автотээврийн салбарын хамт /тариф/-ын хэлэлцээрийн 2.2 дахь заалтаар 3 сарын дундаж цалин хөлснөөс доошгүй тэтгэмжээний тэтгэмж олгохоор заасан байхад хариуцагч 1 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгосныг үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд Хөдөлмөрийн тухай хууль болон хэлэлцээрийн заалтын дагуу хариуцагчаас 5 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний буюу 4,500,000 төгрөгийн тэтгэмжийг нэмж гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тус үйлдвэрийн газар нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасны дагуу ажилгүйдлийн тэтгэмжийг үйлдвэрийн газрын санхүүгийн байдлыг харгалзан нэг сараар олгосон.

Мөн Автотээврийн салбарын хамтын хэлэлцээр нь 2013-2014 онд хэрэгжүүлэх хэлэлцээр ба “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ыг УТҮГ байхад буюу төрийн албанд байхад байгуулсан хэлэлцээр бөгөөд одоо “Автотээврийн үндэсний төв” нь төрийн алба бус өөрөө өөрийнхөө үйл ажиллагаанаас санхүүждэг аж ахуйн тооцоот төрийн өмчит үйлдвэрийн газар болсон.

Иймд Р.Жавхлантын нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Р.Жавлант нь хариуцагч “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас ажлаас халагдсаны тэтгэмжид 4,500,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.  

 

Шүүх тус шүүх хуралдааныг хойшлуулахыг хүссэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэчулууны хүсэлтийг хангахаас татгалзсан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбат нь хүндэтгэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хуульд заасан мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу хариуцагч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын захирлын 2017 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн Б/37 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар Р.Жавхлантыг ажлаас чөлөөлж, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар 1 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх 900,000 төгрөгийн тэтгэмжийг олгосон байна.

 

Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 2013-2014 онд хэрэгжүүлэх Автотээврийн салбарын хамт /тариф/-ын хэлэлцээрийн 2.2-т заасны дагуу нэмж 5 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авах үндэслэлтэй гэж шаардлага гаргасан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно”, 2013-2014 онд хэрэгжүүлэх Автотээврийн салбарын хамт /тариф/-ын хэлэлцээрийн 2.2-т “Хувьчлал, бүтцийн өөрчлөлтийн явцад цомхотголд орсон ажилтнуудад 3 сарын дундаж цалин хөлснөөс доошгүй хэмжээний тэтгэмж олгох ба өндөр насны тэтгэвэр тогтоолгоход 2 жил хүртэл хугацаа дутуу байгаа ажилтнуудыг цомхотголд оруулахгүй бөгөөд хэрэв тухайн ажлын байр нь зайлшгүй цомхотгогдсон тохиолдолд цалин хөлс, хөдөлмөрийн нөхцлийг дордуулахгүйгээр өөр ажил олгоно” гэж тус тус заажээ.

 

2013 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр Хөдөлмөрийн яаманд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болсон “2013-2014 онд хэрэгжүүлэх Автотээврийн салбарын хамт /тариф/-ын хэлэлцээр” нь Монгол Улсын автотээврийн салбарт төрийн ба төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагсдын хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль эрх зүйн зохицуулалтыг одоогийн хүрсэн түвшингээс илүү нөхцлөөр болон зохицуулагдаагүй харилцааг зохицуулах, боловсронгуй болгох зорилгоор хийгдсэн гурван талт хэлэлцээр байх бөгөөд уг хэлэлцээрт “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ нь улсын төсөвт үйлдвэрийн газар байхдаа төрийн захиргааны төв байгууллагыг төлөөлж оролцсон байна.

 

Уг хамтын хэлэлцээр нь Хөдөлмөрийн яаманд бүртгүүлснээс хойш 2 жилийн хугацаанд шинэ хэлэлцээр байгуулагдаагүй, нэмэлт өөрчлөлт ороогүй тул хамтын хэлэлцээрийн 1.2-т зааснаар өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа гэж үзнэ.

 

 Хамтын хэлэлцээр нь Монгол Улсын автотээврийн салбарт төрийн ба төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагад ажиллаж байгаа ажиллагсдад хамаатай тул Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 55 тоот тогтоолоор “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын зохион байгуулалтын бүтэц, дүрэм өөрчлөгдсөн явдал нь хариуцагчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй байна.

 

Нэхэмжлэгч Р.Жавхлантын ажлаас халагдсан үндэслэл нь хамтын хэлэлцээрийн 2.2-т заасан 3 сарын дундаж цалин хөлснөөс доошгүй хэмжээний тэтгэмж олгох үндэслэлд хамаарч байх тул хариуцагч “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас түүнд 3 сарын дундаж цалин хөлснөөс доошгүй хэмжээний тэтгэмж олгох үүрэгтэй гэж үзнэ.

 

Гэтэл “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ нь Р.Жавхлантад нь 1 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх 900,000 төгрөгийн тэтгэмж олгосон байх тул нэхэмжлэгч нь одоо 2 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх 1,800,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Харин хууль буюу хамтын хэлэлцээрт зааснаас илүү хэмжээгээр тэтгэмж олгох эсэх асуудлыг шийдвэрлэх эрх хэмжээ нь ажил олгогчид байгаа, ажил олгогч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж татгалзсан тул шүүх хамтын хэлэлцээрт зааснаас илүү хэмжээний тэтгэмжийг хариуцагчаас гаргуулах боломжгүй байна.

 

Иймд дээрх үндэслэлээр “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас 1,800,000 төгрөгийг гаргуулж Р.Жавхлантад олгож, түүний нэхэмжлэлийн шаардлагаас  үлдэх 2,700,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нь энэхүү гомдлоо Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хугацааны дотор шүүхэд гаргасан тул шүүх гомдлыг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                                                                                                ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар “Автотээврийн Үндэсний төв” ТӨҮГ-аас 1,800,000 төгрөг гаргуулж Р.Жавхлантад олгож, Р.Жавхлантын нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,700,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Р.Жавхлантын нэхэмжлэлийн шаардлага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч “Автотээврийн Үндэсний төв” ТӨҮГ-аас 43,750 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.   

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардаж авах үүрэгтэй бөгөөд, хэрэв эс зөвшөөрвөл түүнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 Ө.УЯНГА