Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 1206

 

 

Р.Жавхлантын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2017/01018 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Р.Жавхлантын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГазарт холбогдох

 

Ажлаас халагдсаны тэтгэмжид 4 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбатын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саранцацрал,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбат,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Б/37 тоот тушаалаар “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Тээврийн хэлтсийн тээвэр төлөвлөлт, логистикийн мэргэжилтны ажлаасаа чөлөөлөгдсөн бөгөөд ажлаас халагдсаны тэтгэмжид 1 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх 900 000 төгрөгийг авсан. Ажлаас халагдсан тушаалд маргахгүй, харин ажлаас халагдсаны тэтгэмжийг 1 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээгээр олгосонд маргаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтаар 1 сар, түүнээс дээш хугацааны, 2013-2014 онд хэрэгжүүлэх Автотээврийн салбарын хамт /тариф/-ын хэлэлцээрийн 2.2 дахь заалтаар 3 сарын дундаж цалин хөлснөөс доошгүй хэмжээний тэтгэмж олгохоор заасан байхад хариуцагч 1 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгосныг үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд Хөдөлмөрийн тухай хууль болон хэлэлцээрийн заалтын дагуу хариуцагчаас 5 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний буюу 4 500 000 төгрөгийн тэтгэмжийг нэмж гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Тус үйлдвэрийн газар нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасны дагуу ажилгүйдлийн тэтгэмжийг үйлдвэрийн газрын санхүүгийн байдлыг харгалзан нэг сараар олгосон. Мөн Автотээврийн салбарын хамтын хэлэлцээр нь 2013-2014 онд хэрэгжүүлэх хэлэлцээр ба “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ыг УТҮГ байхад буюу төрийн албанд байхад байгуулсан хэлэлцээр бөгөөд одоо Автотээврийн үндэсний төв нь төрийн алба бус өөрөө өөрийнхөө үйл ажиллагаанаас санхүүждэг аж ахуйн тооцоот төрийн өмчит үйлдвэрийн газар болсон. Иймд Р.Жавхлантын нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас 1 800 000 төгрөг гаргуулж Р.Жавхлантад олгож, Р.Жавхлантын нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 700 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Р.Жавхлантын нэхэмжлэлийн шаардлага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас 43 750 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбат давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Учир нь Автотээврийн хамт/тариф/-ын хэлэлцээр нь автотээврийн салбарын зөвхөн засвар үйлчилгээний салбарт үйлчлэхээр байгуулагдсан, энэ нь хамтын хэлэлцээрийн "1.1-д Монгол Улсын автотээврийн /тэдгээрийн засвар үйлчилгээний/ салбарт ...” гэж зааж тодотгосон байдаг. Нэхэмжлэгч Р.Жавхлант нь засвар үйлчилгээний салбарт ажилдаг ажилтан биш бөгөөд "Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ-ын Тээврийн хэлтсийн тээвэр төлөвлөлт, логистикийн мэргэжилтний ажлын байранд ажилладаг байсан. Иймд анхан шатны шийдвэр, Р.Жавхлантын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

            Нэхэмжлэгч Р.Жавхлант нь хариуцагч “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГазарт холбогдуулан ажлаас халагдсаны тэтгэмжид 4 500 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Нэхэмжлэгч Р.Жавхлант нь “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГазрын захирлын 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн б/37 тоот тушаалаар Тээврийн хэлтсийн тээвэр төлөвлөлт, логистикийн мэргэжилтэн Р.Жавхланттай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөр цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлж, 900 000 төгрөгийн тэтгэмж олгосон үйл баримт хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар тогтоогдсон байна.                                                                                           /хх-2 дугаар тал/

 

Хэргийн 5-12 дугаар талд 2013-2014 онд хэрэгжүүлэх автотээврийн салбарын хамтын хэлэлцээр авагдсан байх ба уг хэлэлцээрийн 2.2-т хувьчлал, бүтцийн өөрчлөлтийн явцад цомхотголд орсон ажилтнуудад 3 сарын дундаж цалин хөлснөөс доошгүй хэмжээний тэтгэмж олгохоор тохиролцжээ.

 

Хариуцагч татгалзлаа Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт “ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно” гэж заасны дагуу ажилгүйдлийн тэтгэмжийг үйлдвэрийн газрын санхүүгийн байдлыг харгалзан нэг сараар олгосон гэж тайлбарлажээ.

 

Дээрх хариуцагчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй. Учир нь Хөдөлмөрийн тухай хуульд ажлаас халагдаж буй ажилтанд ажил олгогчоос олгох тэтгэмжийн доод хэмжээг хуульд нэг сарын дундаж цалин хөлсөөр хязгаарлахаар зохицуулсан нь ажил олгогч байгууллагын хамтын гэрээ хэлэлцээрт орон тооны цомхотголоор ажлаас халагдаж буй ажилтанд олгох 3 сарын цалинтай хөлстэй тэнцэх тэтгэмжийг өгөхөөр тохиролцсоныг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.

 

Нэгэнт ажил олгогч байгууллага орон тооны цомхотголоор ажлаас чөлөөлөгдсөн ажилтанд хамтын хэлэлцээрээр тохирсоны дагуу 3 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгох байтал Р.Жавхлантад 1 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон нь түүний эрхийг зөрчсөн гэж үзнэ.

 

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГазраас 1 800 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Р.Жавхлантад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 700 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Хариуцагчийн Автотээврийн салбарын хамтын хэлэлцээр нь 2013-2014 онд хэрэгжүүлэх хэлэлцээр байсан, уг хэлэлцээрийг тус байгууллага “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГазрыг төрийн байгууллага байхад байгуулсан, одоо “Автотээврийн үндэсний төв” нь төрийн байгууллага бус өөрийнхөө үйл ажиллагаанаас санхүүждэг төрийн өмчит үйлдвэрийн газар болсон гэх тайлбараас үзвэл “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГазрыг эрх, үүрэг, эд хөрөнгө, хариуцлагыг нь эрх залгамжлан авсан тул тухайн байгууллагын 2013-2014 онд хэрэгжүүлэх автотээврийн салбарын хамтын хэлэлцээрт заасан эрх, үүрэг хариуцагчид шилжсэн, тус газар нь Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт заасан нэхэмжлэлийг хариуцах этгээд мөн болно.

 

Нэхэмжлэгч Р.Жавхлант нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байснаас хойш гурван сарын дотор гомдлоо гаргах хуульд заасан хугацааны дотор нэхэмжлэлээ гаргасан нь хуульд нийцжээ.

 

Дээрх хэлэлцээрийн 1.1-д зааснаар Монгол Улсын автотээврийн салбар, тэдгээрийн засвар үйлчилгээний газарт ажиллаж буй ажиллагсад хэн алинд уг хэлэлцээр хамаарч байх тул Автотээврийн хамтын хэлэлцээр нь автотээврийн салбарын зөвхөн засвар үйлчилгээний салбарт үйлчилэхээр байгуулагдсан гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй болно.

 

Иймд дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2017/01018 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43 750 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

 

                                         ШҮҮГЧИД                                      А.МӨНХЗУЛ

 

                                                                                              Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ