Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 86

 

“Гобитекс” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2017/00321/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Л.Амарсанаа, С.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 501 дүгээр шийдвэртэй,

            Нэхэмжлэгч “Гобитекс” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч Боржигон овогтой Ж-ын Г-т холбогдох,

           “Гэрээний үүрэг, орон сууцны хөлс, цахилгааны төлбөр, алданги, нотариатын зардал нийт 4.034.425 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг

          Хариуцагч Ж.Г-ийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхтуяа, Б.Эрхэмбаяр, хариуцагч Ж.Г-, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч “Гобитекс” ХХК-аас:

“Гобитекс” ХХК нь ОХУ-ын өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 22 дугаар хороололд байрлах 6 дугаар байрыг 2006 оны 09 сарын 30-ны өдөр Оросын холбооны улсын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын дэргэдэх Хилийн чанад дахь өмчийн газрын үйлдвэртэй байгуулсан 524 дугаар түрээсийн гэрээний үндсэн дээр эзэмшдэг болно. Уг байрны 5-15 тоот орон сууцыг хариуцагч Ж.Г-тэй сарын 110.000 төгрөгийн хөлстэй, нэг жилийн хугацаатайгаар хөлслүүлэхээр талууд харилцан тохиролцож, 2014 оны 05 сарын 31-ний өдөр 51/15 дугаар орон сууц хөлслөх гэрээг байгуулсан. Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа тул орон сууцны хөлс 3.291.635 төгрөг, алданги 532.375 төгрөг, цахилгааны төлбөр 206.315 төгрөг,    нотариатын   зардал    4.100    төгрөг,   нийт 4.034.425 төгрөг гаргуулж, хариуцагчийг Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгэр багийн 6 дугаар байрны 5-15 тоот орон сууцнаас албадан  чөлөөлүүлж өгнө үү гэж нэхэмжилжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Чинбатаас:

Ж.Г- нь “Гобитекс” ХХК-тай 2014 оны 05 дугаар сарын 31-ний өдөр орон сууц хөлслөх гэрээг байгуулсан нь үнэн. 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл тус байранд амьдарч, төлбөрөө бүрэн төлсөн. Түүнээс хойш ус, дулаан цахилгааныг тасалсан. Тийм байранд хүн амьдрах боломжгүй тул байрны түлхүүрийг хүлээлгэн өгөөд байрнаас гарсан. Иймээс нэхэмжлээд байгаа үнийн дүнг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Мөн байрнаас аль хэдийн гарсан бөгөөд цаашид энэ байранд амьдрахгүй тул байр чөлөөлүүлэх асуудал байхгүй гэж тайлбар гаргасан байна.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх  2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 501 дүгээр шийдвэрээр:

            Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч Ж.Г-ээс нийт 4.012.990 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Гобитекс” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 21.435 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн 6 дугаар байрны 5-15 тоот орон сууцыг хариуцагч Ж.Г-ийн эзэмшлээс чөлөөлүүлж, нэхэмжлэгч “Гобитекс” ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 149.701 төгрөгийг Төрийн сангийн орлогдод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Г-ээс улсын тэмдэгтийн хураамжид 149.358 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Гобитекс” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Ж.Г- давж заалдсан гомдолдоо:

Би гэрээний дагуу 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл тус байранд амьдарч төлбөрөө бүрэн төлсөн. Анх байранд орохдоо байр хүлээлцсэн баримт үйлдээгүй тул гарахдаа бас баримт үйлдэх шаардлагагүй гэж ойлгосон. /хх-32,33/ талд байгаа “Гобитекс” ХХК-ийн мэдүүлэгтэй танилцсан тухай миний гарын үсэг байхгүй байхад шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлсэн. /хх-32/ талд жижүүрүүд нэг биш удаа очсон боловч үүдээ тайлаагүй гэдэг тайлбар нь намайг тус байранд амьдраагүйг батлана. /хх-50,52/ талд байгаа баримтанд би гарын үсэг зураагүй байхад шүүх намайг гарын үсэг зурсан гэж тайлбарласан. Нэхэмжлэгч  цахилгааны төлбөрийг 206.315 төгрөг гэж бичсэн нь ямарч баримтаар нотлогдохгүй байхад шүүх хангаж надаас нийт 4.012.990 төгрөг гаргуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Гобитекс” ХХК хариуцагч Ж.Г-т холбогдуулан орон сууцны хөлс 3.291.635 төгрөг, алданги 532.375 төгрөг, цахилгааны төлбөр 206.315 төгрөг, нотариатын зардал 4.100 төгрөг, нийт 4.034.425 төгрөг гаргуулах, хариуцагчийг Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн 6 дугаар байрны 5-15 тоот орон сууцнаас албадан  чөлөөлүүлэхээр  нэхэмжилжээ.

            Хариуцагч ус, дулаан цахилгааныг тасалсан байранд хүн амьдрах боломжгүй тул байрны түлхүүрийг хүлээлгэн өгөөд байрнаас гарсан. Иймээс нэхэмжлээд байгаа үнийн дүнг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж  маргасан байна.

Анхан шатны шүүх хариуцагч Ж.Г-ийн эзэмшлээс Дархан сум, 4 дүгээр баг, 6 дугаар байрны 5-15 тоот орон сууцыг чөлөөлж, нийт 4.012.990 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Гобитекс” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 21.435 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хэргийн баримтыг бүхэлд нь хянахад “Гобитекс” ХХК  нь Дархан-Уул аймгийн Дархан сумын  22 дугаар хорооллын  4 ба 6 дугаар  байруудыг Оросын Холбооны Улсын  Ерөнхийлөгчийн  Хэрэг эрхлэх  газрын  дэргэдэх “Хилийн чанад дахь өмчийн газар”-тай  байгуулсан түрээсийн гэрээний үндсэн дээр  эзэмшиж,  бусдад  дамжуулан  хөлслүүлж  ашигладаг  ба  Ж.Г-т 2014 оны 05 дугаар сарын  31-ний  өдрийн 51/15 тоот гэрээгээр 4 дүгээр багийн 22 дугаар хорооллын  6 дугаар байрны  5-15 тоот  1 өрөө орон сууцыг  12 сарын хугацаатай хөлслүүлж, 2014 оны  07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл  сарын 100.000 төгрөг, 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш  сарын  110.000 төгрөгөөр хөлсүүлэх, хэрэглэсэн цахилгааны  төлбөрийг  тоолуураар тооцохоор  тохиролцсон байна.

“Гобитекс” ХХК-ийн 2005  оны  9 дүгээр сарын 30-ны өдөр Оросын Холбооны Улсын  Ерөнхийлөгчийн  Хэрэг эрхлэх  газрын  дэргэдэх “Хилийн чанад дахь өмчийн газар”-тай  байгуулсан   524 тоот  түрээсийн гэрээ /хх 34-46 дугаар хуудас/,  2005 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн  хэлцэл №3  /хх 45 дугаар  хуудас/, “Гобитекс”  ХХК  иргэн  Ж.Г- нарын  хооронд  байгуулсан  “Орон сууц хөлслөх гэрээ” /хх 8 дугаар хуудас/ нь Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт  заасан  шаардлагад  нийцсэн,  хуулийн хүчин төгөлдөр  гэрээ  гэж  үзэх үндэслэлтэй байна.

Орон сууц хөлслөх  гэрээний дагуу хөлслүүлэгч  “Гобитекс”  ХХК нь  хөлслөгч  Ж.Г-ээс хөлс төлөхийг  шаардах  эрхтэй  болно.

Түрээсийн гэрээ  болон  орон сууц  хөлслөх гэрээнүүдийн  хугацаа  дууссан  хэдий боловч  гэрээний талууд  гэрээг цуцлах талаар санал тавиагүй, хөлслөгч эд хөрөнгө буюу  орон сууцыг  хөлслүүлэгчид  буцааж шилжүүлээгүй  үргэлжлүүлэн  эзэмшсээр   байгаа  тохиолдолд   тул уг гэрээнүүд нь  Иргэний хуулийн  296 дугаар зүйлийн 296.1.1-д зааснаар тодорхой бус хугацаагаар тухайн нөхцлөөр сунгагдсан гэж тооцох үндэслэлтэй тул хариуцагчийн гэрээ байгуулаагүй буюу ус, дулаан, цахилгаангүй байсан хугацааны төлбөр 4.012.990 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн гомдлыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй юм.

Хөлсөлсөн байр нь хөлслүүлсэн хугацааны туршид ашиглах боломжтой ашиглалтын шаардлага хангасан эд хөрөнгө байх шаардлагад нийцээгүй болохыг хөлслөгч шүүхэд нотлоогүй.

Түүнчлэн ус, дулаан, цахилгаан зэргийн төлбөрийн гэрээг хангагч байгууллагуудтай хийж тэдгээр нь гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд хязгаарлалт хийж байсан талаарх нэхэмжлэгчийн тайлбарыг няцаасан баримт хэрэгт авагдаагүй байна.

Хөлслөх гэрээний талууд гэрээндээ цахилгааны төлбөрийг хөлслөгчөөр дамжуулан хийхээр тохиролцсон байх тул цахилгааны төлбөрийг нэхэмжлэх нь үндэслэлтэй байна.

Хариуцагч нь орон сууцны түлхүүрийг хүлээн өгсөн гэж нэхэмжлэлийн шаардлагыг  зөвшөөрөхгүй  татгалзаж  буй  үндэслэлээ  шүүхэд орон сууцыг хүлээлгэн өгснөө баримтаар нотолж чадаагүй  тул орон сууцыг нэхэмжлэгч талд хүлээлгэн өгсөн гэж үзэх боломжгүй байна.

Иргэний хуулийн  289 дүгээр зүйлийн 289.2.1-д  хөлслөгчийн буруугүйгээр хөлслөн авсан эд хөрөнгө ашиглах боломжгүй болсон бол хөлс төлөхөөс  татгалзах эрхтэй, гэхдээ  мөн хуулийн 289 дүгээр зүйлийн  289.1.2-т  эд хөрөнгө ашигласны хөлсийг хугацаанд нь төлөх  үүрэгтэй, хөлслөгч үүргээ биелүүлсэн байхад нь  цахилгааныг  тасалж, цахилгаанаар хангахгүй  байх зэргээр хуулинд заасан бусад эрхийг зөрчсөн бол  хөлс төлөхгүй  байх боломжтой юм. 

Харин  хөлслөгч Ж.Г-  орон сууц, цахилгааны төлбөрийг  гэрээнд  заасан хугацаанд  төлөөгүйн  улмаас   цахилгаан тасалсан  үр дагавар  үүссэн  явдалд  хөлслөгчийг  буруутгах  үндэслэлгүй  байна.

Хариуцагч нь гэрээний үүргийг хугацаандаа биелүүлээгүйгээс нэхэмжлэгч тал шүүхэд хандаж нэхэмжлэл гаргахад нотлох баримт гэрчлүүлсний зардалд 4.100 төгрөгийг нэхэмжилж байгаа нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д заасан шаардлагад нийцсэн байгаа тул нотариатын зардал 4.100 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Иймд хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж,  Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 501 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 79.158 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

                                        ДАРГАЛАГЧ

                                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     О.НАРАНГЭРЭЛ 

                                        ШҮҮГЧИД                                                    Л.АМАРСАНАА

                                                                                                             С.ОЮУНЦЭЦЭГ