Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 1101

 

  

 

 

 

 

 

        

2017 оны 04 сарын 17 өдөр     Дугаар 181/ШШ2017/01101         Улаанбаатар хот       

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж. тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,      

 

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Мандал сум, 6 дугаар баг, Баянхангай Зүүнхараа гудамж, 44-4 тоотод оршин суух, Боржигон овогт Энхбаярын Халиун /РД:МЗ94031602/-ын нэхэмжлэлтэй,            

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Амарын гудамж, Соёлын төв өргөөнд байрлах, “Бэлчээрийн менежмент төслийн нэгж” ОНӨТҮГ /РД:6046231/-т холбогдох, 

 

“Бэлчээрийн менежмент төслийн нэгж” ОНӨТҮГ-ын даргын 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн Б/02 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн хураамж болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэршихбөртэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батсэлэнгэ, А.Гэрэлтуяа, нарийн бичгийн даргаар Ч.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Иргэн Э.Халиун би 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр “Бэлчээрийн менежмент төслийн нэгж” ОНӨТҮГ-ын дарга Х.Алтанхуягтай хөдөлмөрийн гэрээ байгуулан тус газарт мэргэжилтэн туслах албан тушаалд томилогдон ажиллаж байсан. Энэ хугацаанд ажил үүргээ сайн гүйцэтгэж, ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй.

Гэтэл “Бэлчээрийн менежмент төслийн нэгж” ОНӨТҮГ-ын даргын 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн Б/02 дугаар тушаалаар Э.Халиуныг үүрэгт ажлаас чөлөөлсөн байна. Ингэхдээ тушаалын 1 дүгээр зүйлд “өөрийн хүсэлтийн дагуу ажлаас чөлөөлсүгэй” гэсэн байх бөгөөд тэрээр тус газрын дарга болоод захиргаанд хандан ямар нэгэн ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй.

Хэрэв хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийг баримтлах ёстой атал эдгээрээс баримтласан зүйл байхгүй байна. Түүнчлэн зарим тохиолдолд тодорхой хугацааны өмнө мэдэгдэх зохицуулалтыг мөн зүйлийн 40.5-д хуульчилсан байдаг. Гэтэл ийм ажиллагаа хийгдээгүй, уг журмыг зөрчсөн байна.

Э.Халиун нь 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр ажлаа хүлээлгэж өгсөн боловч түүнд ажлаас чөлөөлөгдсөн тушаалын хувийг 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр өгсөн. Нэхэмжлэгч нь ажлаас халагдсан тушаалыг гардан аваагүй улмаас түүний үндэслэлд маргах боломжгүй байсан бөгөөд 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хуулбарыг авснаар шүүхэд хандсан. Иймд хуульд заасан хугацааны дотор гомдлоо гаргасан гэж үзэж байна.

Иймд “Бэлчээрийн менежмет төслийн нэгж” ОНӨТҮГ-ын даргын 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн Б/02 дугаар тушаалыг хүчингүй болгож, Э.Халиуныг урьд эрхэлж байсан мэргэжилтэн туслахын албан тушаалд эгүүлэн томилж, уг тушаал гарснаас хойш шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг урьд авч байсан нэг сарын цалин, хөлс болох 504,699 төгрөгөөр тооцуулан гаргуулах, эрүүл мэндийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт ажилтан ажпаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасан хугацааг хэтрүүлэн гаргасан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.

“Бэлчээрийн менежмент төслийн нэгж” ОНӨТҮГазарт мэргэжилтэн туслахаар ажиллаж байсан Э.Халиун нь 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн даргын Б/02 тушаалаар ажлаасаа чөлөөлөгдөж, 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр ажил хүлээлцэх үед нь ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг нь түүнд хүлээлгэн өгсөн учир гомдлын шаардлага гаргах хугацааг хэтрүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Ажлаас чөлөөлсөн тушаалыг гардуулж өгөөгүй гэж тайлбарлаж байгааг зөвшөөрөхгүй, ажил хүлээлцсэн өдрөөс хойш Э.Халиун 1 л удаа ирж нийгмийн даатгалын дэвтрээ авсан бөгөөд тушаал авахаар дахин дахин ирээд, шаардаад байсан зүйл байхгүй. Ажлаа хүлээлгэж өгч байхдаа тушаалаа авсан бөгөөд үндэслэлгүй халсан тухай огт маргаан гаргаагүй гэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон гэрч “Бэлчээрийн менежмент төслийн нэгж” ОНӨТҮГ-т ня-бо ажилтай, Боржигон овогт Цэдэнбалын Мөнхдөл /РД:ХЖ78063106/ өгсөн мэдүүлэгтээ:

“Би 2017 оны 1 дүгээр сарын 08-ны өдрөөс 1 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл эмнэлэгт хэвтсэн. Энэ хугацаанд 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Э.Халиуныг ажлаас чөлөөлсөн тушаал гарсан тухай надад мэдэгдсэн. Өөрийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлсөн гэсэн тушаалын 1 хувийг 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр надад өгсөн. Э.Халиуны хувьд 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр тушаалаа А.Гэрэлтуяагаас хүлээн авсан гэсэн. Тэр өдөр тойрох хуудсаа аваад явж байсан. Би ажлыг нь хүлээлцсэн. Ажлаа хүлээлгэж өгснөөс хойш хэд хоногийн дараа буюу 2017 оны 1 дүгээр сарын 20-д гараад Э.Халиун над руу “цалин яагаад орохгүй байна” гэсэн мессеж бичиж байсан. Би тушаалд заасны дагуу цалингийн тооцоог 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр хийсэн. Э.Халиун 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдөр ирж баталгаажсан нийгмийн даатгалын дэвтрээ авч явсан” гэв.  

 

Шүүх хуралдаанд оролцсон гэрч “Бэлчээрийн менежмент төслийн нэгж” ОНӨТҮГ-ын нярав ажилтай, Элжгэн овогт Бэлтрэгийн Цогтсайхан  /РД:НИ82051117/ өгсөн мэдүүлэгтээ:

“Э.Халиун 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр өөрийн биеэр ажлаа хүлээлцсэн. Энэ үедээ ажлаас халсан тушаал шийдвэрийн талаар огт юм яриагүй. Өөрийн хэрэглэж байсан зүйлээ зүгээр л хүлээлгэж өгсөн” гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Халиун нь хариуцагч “Бэлчээрийн менежмент төслийн нэгж” ОНӨТҮГ-т холбогдуулан тус газрын даргын 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн Б/02 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацаа өнгөрсөн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгуулахаар маргасан.  

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

“Бэлчээрийн менежмент төслийн нэгж” ОНӨТҮГ-ын даргын 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн Б/02 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, Орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газрын дүрмийн 3 дугаар зүйлийн 3.8 дахь заалтуудыг үндэслэн Э.Халиуны хүсэлтийн дагуу түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдрөөр тасалбар болгон цуцлаж, түүнийг “Бэлчээрийн менежмент төслийн нэгж” ОНӨТҮГ-ын мэргэжилтэн туслахын ажлаас чөлөөлсөн байна.

 

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааны дотор шүүхэд гаргасан ажлаас буруу халсан тухай ажилтны гомдлоор ажил олгогчийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй эсэхийг хянан хэлэлцэх журамтай тул хуулийн хугацаанд гомдлоо гаргасан эсэхийг тогтоох нь гомдлын үндэслэлийг хянах эсэх асуудлыг шийдвэрлэх чухал ач холбогдолтой болно.

 

Нэхэмжлэгчийн тухайд ажил олгогчийн шийдвэрийг 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр гардаж авсан гэж тайлбарлаж, тайлбараа 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн тушаал дээрх “Хүлээн авав Халиун II/10” гэсэн өөрийн бичвэрээр, хариуцагч тал тушаалыг 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр гардуулсан гэж маргаж, татгалзлаа гэрч Ц.Мөнхдөл, Б.Цогтсайхан нарын мэдүүлэг болон 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн “Ажилтны ажил хүлээлцэх акт”-аар нотлоно гэжээ.

 

Талуудын гаргасан дээрх тайлбар, татгалзлыг гар бичвэр болон гэрч нарын мэдүүлэг, ажилтны ажил хүлээлцэх актын аль аль нь хангалттай нотлож чадахгүй байх тул шүүх хэргийн материалаар тогтоогдсон үйл баримтад үндэслэн дүгнэлт хийх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэрэгт авагдсан “Ажилтны ажил хүлээлцэх акт”, “Чөлөөлөгдсөн болон халагдсан албан хаагчийн тойрох хуудас” зэрэг баримтууд болон гэрчүүдийн шүүх хуралдаанд гаргасан мэдүүлгээр Э.Халиун нь 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр өөрийн эрхэлж байсан ажил үүргийн хувиар өөрт нь байсан албан хэрэг хөтлөлт, архивын холбогдолтой баримт бичгүүдийг А.Гэрэлтуяад хүлээлгэн өгч, захиргаа, санхүү, аж ахуйн газруудаар тойрох хуудсаа бөглүүлж, тооцоогүй гэснээр мөн өдөр ажлаа хүлээлцэж дууссан нь тогтоогдож байх тул шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т зааснаар энэ өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Тэгэхээр Э.Халиун нь 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр ажлаас халагдсан гэж үзвэл ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай гомдлоо 2017 оны 2 дугаар сарын 19-ний дотор шүүхэд гаргах байжээ.

 

Гэтэл нэхэмжлэгч хуульд заасан хугацааг 15 хоногоор хэтрүүлж, 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр гомдлоо шүүхэд гаргасан, ийнхүү хугацаа хэтрүүлсэн байдалд хүндэтгэх шалтгаантайг нотлосон баримт байхгүй, хугацаа сэргээлгэхтэй холбоотой хүсэлтийг шүүхэд гаргаагүй тул шүүх нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана.” гэж заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.

 

Хуульд заасан ажил олгогчийн шийдвэр гэдэгт дан ганц бичгээр гаргасан эрх зүйн актыг хамаатуулах үндэслэлгүй, үүнд ажлаас халсан үйл баримт, бодит үйлдэл, үйл ажиллагаа мөн хамаарах тул нэхэмжлэгч Э.Халиун нь ажил хүлээлцсэнээр ажлаасаа халагдаж байгаагаа мэдсэн тул энэ өдрөөс хойш 1 сарын дотор ажлаас буруу халсан талаарх гомдлоо шүүхэд гаргах бололцоотой байсан.

 

Ажилтны хуулиар хамгаалагдсан хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн ажил олгогчийн үйлдэл, үйл ажиллагааг мэдсэн ажилтан энэ тухай гомдлоо хуулийн хугацаанд шүүхэд гаргаж шийдвэрлүүлэхэд ажлаас халсан тушаалыг ажил олгогч гардуулсан эсэх нь ач холбогдолгүй тул “тушаал бичгээр өгөөгүйн улмаас гомдол гаргах боломжгүй байсан” гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч Э.Халиуны гомдлоор шүүх ажил олгогчийн гаргасан шийдвэрийн үндэслэлийг хянан хэлэлцэх хууль зүйн үндэслэлгүй тул  Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэлээр гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

                                                                                                ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.2-т заасныг баримтлан “Бэлчээрийн менежмент төслийн нэгж” ОНӨТҮГ-ын даргын 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн Б/02 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай Э.Халиуны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т заасныг үндэслэн нэхэмжлэгч Э.Халиуны нэхэмжлэлийн шаардлага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, түүнээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын 100200600941 тоот данснаас гаргуулж буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн зүйлийн 119.4-т заасан хугацааны дотор шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.     

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 Ө.УЯНГА