Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 1352

 

Э.Халиуны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Ш.Оюунханд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2017/01101 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Э.Халиуны нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Бэлчээрийн менежмент төслийн нэгж” ОНӨТҮГ-т холбогдох

 

“Бэлчээрийн менежмент төслийн нэгж” ОНӨТҮГ-ын даргын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/02 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн хураамж болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэршихбөртэ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгчийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Халиун би 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр “Бэлчээрийн менежмент төслийн нэгж” ОНӨТҮГ-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан тус газарт мэргэжилтэн туслах албан тушаалд томилогдон ажиллаж байсан. Энэ хугацаанд ажил үүргээ сайн гүйцэтгэж, ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй.

Гэтэл “Бэлчээрийн менежмент төслийн нэгж” ОНӨТҮГ-ын даргын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/02 дугаар тушаалаар Э.Халиуныг үүрэгт ажлаас чөлөөлсөн байна. Ингэхдээ тушаалын 1 дүгээр зүйлд “өөрийн хүсэлтийн дагуу ажлаас чөлөөлсүгэй” гэсэн байх бөгөөд тэрээр тус газрын дарга болоод захиргаанд хандан ямар нэгэн ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй.

Хэрэв хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийг баримтлах ёстой атал эдгээрээс баримтласан зүйл байхгүй байна. Түүнчлэн зарим тохиолдолд тодорхой хугацааны өмнө мэдэгдэж зохицуулахыг мөн зүйлийн 40.5-д хуульчилсан байдаг. Гэтэл ийм ажиллагаа хийгдээгүй, уг журмыг зөрчсөн.

Э.Халиун нь 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр ажлаа хүлээлгэж өгсөн боловч түүнд ажлаас чөлөөлөгдсөн тушаалын хувийг 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр өгсөн. Нэхэмжлэгч нь ажлаас халагдсан тушаалыг гардан аваагүйгээс түүний үндэслэлд маргах боломжгүй байсан бөгөөд 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хуулбарыг авснаар шүүхэд хандсан. Иймд хуульд заасан хугацааны дотор гомдлоо гаргасан гэж үзэж байна.

Иймд “Бэлчээрийн менежмент төслийн нэгж” ОНӨТҮГ-ын даргын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/02 дугаар тушаалыг хүчингүй болгож, Э.Халиуныг урьд эрхэлж байсан мэргэжилтэн туслахын албан тушаалд эгүүлэн томилж, шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг урьд авч байсан нэг сарын цалин, хөлс болох 504 699 төгрөгөөр тооцуулан гаргуулах, эрүүл мэндийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлэн гаргасан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. “Бэлчээрийн менежмент төслийн нэгж” ОНӨТҮГ-т мэргэжилтэн туслахаар ажиллаж байсан Э.Халиун нь 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн даргын Б/02 тушаалаар ажлаасаа чөлөөлөгдөж, 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр ажил хүлээлцэх үед нь ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг нь түүнд хүлээлгэн өгсөн учир гомдлын шаардлага гаргах хугацааг хэтрүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Ажлаас чөлөөлсөн тушаалыг гардуулж өгөөгүй гэж тайлбарлаж байгааг зөвшөөрөхгүй, ажил хүлээлцсэн өдрөөс хойш Э.Халиун 1 л удаа ирж нийгмийн даатгалын дэвтрээ авсан бөгөөд тушаал авахаар дахин дахин ирээд, шаардаад байсан зүйл байхгүй. Ажлаа хүлээлгэж өгч байхдаа тушаалаа авсан бөгөөд үндэслэлгүй халсан тухай огт маргаагүй гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.2-т заасныг баримтлан “Бэлчээрийн менежмент төслийн нэгж” ОНӨТҮГ-ын даргын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/02 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимттэл, хураамжийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай Э.Халиуны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т заасныг үндэслэн нэхэмжлэгч Э.Халиуны нэхэмжлэлийн шаардлага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, түүнээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын 100200600941 тоот данснаас гаргуулж буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2017/01101 тоот шийдвэрийг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

Хуульд заасан ажил олгогчийн шийдвэр гэдэгт дан ганц бичгээр гаргасан эрх зүйн актыг хамаатуулах үндэслэлгүй, үүнд ажлаас халсан үйл баримт, бодит үйлдэл, үйл ажиллагаа мөн хамаарах тул нэхэмжлэгч Э.Халиун нь ажил хүлээлцсэнээр ажлаасаа халагдаж байгаагаа мэдсэн тул энэ өдрөөс хойш 1 сарын дотор ажлаас буруу халсан талаарх гомдлоо шүүхэд гаргах бололцоотой байсан гэж тайлбарлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна. Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт ажлаас халагдсан болохоо мэдсэн өдрөөс гэх бус “... ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш” гэж нарийвчлан зохицуулж өгсөн байхад үүнийг Э.Халиун нь ажил хүлээлцсэнээр ажлаасаа халагдаж байгаагаа мэдсэн тул энэ өдрөөс хойш 1 сарын дотор ажлаас буруу халсан талаарх гомдлоо шүүхэд гаргах бололцоотой байсан гэж, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт заасны дагуу түүний ажлаас халагдсан өдрийг 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гэж үзэн түүнээс хойш 1 сарын дотор гомдлоо шүүхэд гаргах байжээ гэж тайлбарласан нь үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Иймд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2017/01101 тоот шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч Э.Халиун нь хариуцагч “Бэлчээрийн менежмент төслийн нэгж” ОНӨТҮГ-т холбогдуулан тус газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/02 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

 

Хэрэгт цугларсан баримт болон талуудын тайлбараас үзэхэд хариуцагч “Бэлчээрийн менежмент төслийн нэгж” ОНӨТҮГ-ын даргын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/02 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, Орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газрын дүрмийн 3 дугаар зүйлийн 3.8 дахь заалтыг тус тус үндэслэн Э.Халиуныг мэргэжилтэн туслахын үүрэгт ажлаас чөлөөлж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр өөрийн эрхэлж байсан ажил үүрэг, бичиг баримтуудыг А.Гэрэлтуяад хүлээлгэн өгч, захиргаа, санхүү, аж ахуйн газруудтай тооцоогүй гэж ажил хүлээлцэх акт, чөлөөлөгдсөн болон халагдсан албан хаагчийн тойрох хуудас, ажлаас чөлөөлсөн тушаалыг гардан авсан болох нь гэрч Ц.Мөнхдөл, Б.Цогтсайхан нарын мэдүүлэг зэргээр тогтоогджээ.

 

Ажил олгогчийн шийдвэрийг нэхэмжлэгч Э.Халиун нь 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр гардаж авсан гэж тайлбарлаж, “Хүлээн авав Халиун II/10” гэсэн өөрийн бичвэртэй 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн тушаалыг нэхэмжлэлийн хамт ирүүлсэн нь өөр баримтаар давхар нотлогдохгүй байх тул дээрх баримтуудыг үгүйсгэх үнэн зөв эргэлзээгүй нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй байна. /хэргийн 5 дугаар тал/

 

Гэтэл нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана.” гэсэн хугацаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүхэд нэхэмжлэл гаргаагүй буюу хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, зогссон гэх Иргэний хуулийн 78, 79 дүгээр зүйлд заасан үндэслэл хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг гомдлыг хангахгүй орхиж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2017/01101 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэршихбөртэгийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.НАРАНЦЭЦЭГ

     

                                       ШҮҮГЧИД                                  Ш.ОЮУНХАНД

 

                                                        С.ЭНХТӨР