Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 936

 

 

  

 

 

 

 

  

 

2017 оны 04 сарын 03 өдөр          Дугаар 181/ШШ2017/00936            Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө-86 байрлах, “Эм Би Эс Мед” ХХК /РД:5759382/-ийн нэхэмжлэлтэй,         

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, 44-19 тоотод байрлах, “Аэрмаркет Холидэй” ХХК /РД:5546001/-д холбогдох,  

 

Аялал жуулчлалын гэрээний үүрэгт 1,900,000   төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.     

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Буянхишиг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Болдбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Б.Ариунаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Номин-Эрдэнэ нар оролцов.       

   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

 “Эм Би Эс Мед” ХХК-ийн харьяа “Монгол Хюндай” эмнэлэгт сувилагчаар ажилладаг О.Болормаа нь сувилахуйн албаны тэргүүний сувилагчаар шалгарсан бөгөөд байгууллагаас энэхүү хүчин зүтгэлийг үнэлж “Аэрмаркет холидэй” ХХК-аас зохион байгуулж буй БНСУ-ын Жэжүд амрах аяллын бичгээр шагнасан юм.

Жэжүд аялах аялал нь 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 18-ны өдрийг дуустал аялах ёстой байтал О.Болормааг Бүгд Найрамдах Солонгос улсын хилээр нэвтрүүлэлгүй аяллын хугацааны туршид хил дээр саатуулж байгаад буцаасан байдаг.

Манай компани нь дээрх аяллын зардлыг хугацаанд нь бүрэн төлсөн ба аялагч О.Болормаа нь хил дээр саатуулагдах хувийн шалтгаан байгаагүй бөгөөд хил нэвтрэхэд хувийн зүгээс шаардлагатай бүхий л зүйлийг бүрэн хангасан байтал “Аэрмаркет Холидэй” ХХК-ийн үйл ажиллагаа, нэр хүнд болон тухайн аяллын хөтөч хил дээр орчуулга хийх ажил үүргээ гүйцэтгээгүй зэргээс шалтгаалан төлөвлөгөөт аялалдаа хамрагдаж чадалгүй буцсан байна.

Иргэний хуулийн 372 дугаар зүйлийн 372.1-д аялал жуучлал зохион байгуулагч зохион байгуулагч нь гэрээнд заасан аяллын ач холбогдлыг бууруулах буюу үр ашиггүй болгох аливаа доголдол гаргахгүйгээр аялалыг зохион байгуулах үүрэгтэй. Гэтэл “Аэрмаркет Холидэй” ХХК нь гэрээ болон хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул бид төлбөрөө буцаан шаардах эрхтэй гэж үзэж шаардсан боловч өгөхгүй гэсэн.

Аялал зохион байгуулж байгаа компани нь тухайн аялагчийг аялалд бүрэн хамруулах, аялалын явцад гарч болзошгүй нөхцөл байдлыг урьдчилан тооцоолох, аялалд хамрагдах боломжгүй аялагчаа урьдчилан судласны үндсэн дээр аялал жуулчлалын гэрээг байгуулдаг гэж ойлгож байгаа. Гэтэл БНСУ-ын хилээр гарах асуудлаа аялагч нар өөрсдөө хариуцаж, хил гарсан хойно нь аялуулах үүрэг хүлээдэг гэж тайлбарлаж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Солонгос хэл огт мэдэхгүй Монгол хүн аялалын хөтөлбөртэй нь танилцаад, мөнгөө төлөөд аялалд хамрагдаж байгаа хүн яалаа гэж хил гарах асуудлаа өөрөө хариуцах ёстой байх вэ? Хэрэв анхнаасаа ийм тохиролцоо байсан бол яалаа гэж аялалын гэрээ хийж, мөнгөө төлөх юм. Өөрсдөө болно, бүтнэ, аялуулна гэж төлбөрийг авчихаад хил дээр хэд хонуулж буцаачихаад одоо ийм тайлбар гаргаж байгааг зөвшөөрөхгүй.

Бичгээр гэрээ байгуулаагүй тул хил гарах асуудлаа аялагч өөрөө хариуцна гэж тохирсон гэх хариуцагчийн тайлбарыг зөвшөөрөхгүй.

Иймд аялал жуулчлалын гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй “Аэрмаркет Холидэй” ХХК-аас гэрээний төлбөр 1,700,000 төгрөг, О.Болормаагаас гарсан зардал 200,000 төгрөг, нийт 1,900,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

      “Аэрмаркет Холидэй” ХХК-аас зохион байгуулдаг Жэжү аялалд “Эм Би Эс Мед” ХХК-ийн харьяа “Монгол Хьюндай” эмнэлгийн сувилагч О.Болормааг хамруулах хүсэлтийг 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр ирүүлсэн.

      Тус компанийн хувьд Монгол Улсын Иргэний хууль, Аялал жуулчлалын тухай хуульд заасны дагуу виз болон бусад бичиг баримтын бүрдүүлэлт хийх, тээврийн хэрэгслээр зорчих билет захиалга хийх, зочид буудал, үзвэрийн захиалга хийх, жуулчныг угтан авах, үдэн гаргах зэрэг хилээр гарсаны дараах ажлыг зохион байгуулдаг. Харин хөтөч-тайлбарлагч бол аялал жуулчлалын хөтөлбөрийн дагуу жуулчинд газарчлан орчуулга, тайлбар хийх үүрэгтэй оролцдог.

      Бид аялагчиддаа нислэгийн тийз, аяллын хөтөлбөр, энгэрийн зүүлт зэргийг хүлээлгэж өгдөг бөгөөд О.Болормаа ч мөн эдгээрийг хүлээн авч, аяллын хөтөлбөртэй уншиж танилцах үүрэгтэй.

      Аяллын гэрээ, нислэгийн тийз болон аяллын хөтөлбөр “Жэжү рүү нэвтрэн орох, гарах болон бусад төрлийн бичиг баримтын иж бүрдэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг аялагч та өөрөө хариуцах ба тухайн улсын хилээр нэвтрэх эцсийн шийдвэрийг хилийн шалган нэвтрүүлэх албаны ажилтан гаргана” гэж заасан.

      Бүгд Найрамдах Солонгос улсын хилээр нэвтрэх асуудлыг тухайн улсын гаалийн байгууллагаас томилогдсон итгэмжит орчуулагч орчуулдаг бөгөөд аялал жуулчлалын компанийн ажилтныг шалганы өрөө рүү орохыг хориглодог.

      Аялал жуулчлалын байгууллага нь хилээр нэвтэрсний дараах үйл ажиллагааг хариуцдаг бөгөөд хилээр нэвтрэх асуудлыг зөвхөн тухайн улсын хил гаалийн байгууллагын хилийн шалган нэвтрүүлэх албаны ажилтны эрх хэмжээний асуудал байдаг тул О.Болормаа аялалдаа бүрэн хамрагдаж чадаагүйд манай компани буруугүй. О.Болормааг гаалийн ажилтнууд юуны учир саатуулсныг бид мэдэхгүй байгаа бөгөөд энэ талаар БНСУ-ын гаалийн газар албан ёсоор хариу өгөөгүй.

      Аялалын хөтөлбөрийн дагуу үзвэр, үйлчилгээ, зочид буудал, онгоцны тийз зэрэгт төлбөрийг урьдчилж зарцуулдаг тул бид нэхэмжлэгчид төлбөрийг буцаан олгох боломжгүй, тэгээд ч бидний буруугаас аялалд хамрагдаж чадаагүй нөхцөл байдал гараагүй.

      Иймд нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.   

     

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Эм Би Эс Мед” ХХК нь хариуцагч “Аэрмаркет Холидэй” ХХК-д холбогдуулан 1,900,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хариуцагч нь гэрээгээр тохирсон үйлчилгээ үзүүлэх боломжгүй болсон нь өөрийн буруугаас болоогүй гэж маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.  

 

Зохигчдын хооронд 2016 оны 8 дугаар сард аялал жуулчлалын гэрээ аман хэлбэрээр байгуулагдаж, “Аэрмаркет Холидэй” ХХК нь 2016 оны 8 дугаар сарын 15-наас 18-ны өдрийн хооронд О.Болормааг Бүгд Найрамдах Солонгос Улсын Жэжү арлаар аялуулах үйлчилгээг үзүүлэх, “Эм Би Эс Мед” ХХК нь аялалын үйлчилгээний хөлсөнд 1,700,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон байна.

 

“Эм Би Эс Мед” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, 2016 оны 8 дугаар сарын 2-ны өдөр 1,700,000 төгрөгийг Голомт банкаар дамжуулан “Аэрмаркет Холидэй” ХХК-д төлсөн бөгөөд “Аэрмаркет Холидэй” ХХК нь О.Болормааг 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр МИАТ-ийн ОМ 7309 нислэгээр БНСУ руу авч явсан боловч тодорхойгүй шалтгааны улмаас О.Болормаа тус улсын хилээр нэвтэрч чадалгүй 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Монгол Улсад буцаж ирсэн үйл баримт тогтоогдож байна.

 

Хэргийн баримтууд, талуудын тайлбараар тогтоогдсон дээрх үйл баримтад зохигчид маргаагүй.

 

Талууд ийнхүү аялал жуулчлалын гэрээний гол нөхцөл болох аялалын чиглэл, хугацаа, аялалд хэнийг явуулах, үйлчилгээний хөлс хэдэн төгрөг байх зэргийг харилцан тохиролцсон байх тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д заасныг үндэслэн шүүх зохигчдын хооронд мөн хуулийн 370 дугаар зүйлийн 370.1-д заасан аялал жуулчлалын гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй.

 

Зохигчид гэрээний хүчин төгөлдөр эсэхэд маргаагүй тул шүүх хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Аялал жуулчлалын гэрээгээр аялал жуулчлал зохион байгуулагч нь жуулчинд хэлэлцэн тохиролцсон үйлчилгээ үзүүлэх, жуулчин нь ийнхүү үйлчилгээ үзүүлсний төлөө хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг хуулиар хүлээх бөгөөд уг гэрээнд заасан хөлс төлөх үүрэг бүхий жуулчин нь өөрийнхөө оронд гуравдагч этгээдийг аялалд оролцуулах хүсэлтийг аялал жуулчлал зохион байгуулагчид гаргах эрхтэй байдаг тул зохигчид гэрээгээр гуравдагч этгээд болох тус компанийн харъяа “Монгол Хьюндай” эмнэлгийн сувилагч О.Болормааг аяллуулахаар тохирсон нь хуульд нийцжээ.

 

Хэргийн баримтууд, талуудын тайлбараар аялагч О.Болормааг Бүгд Найрамдах Солонгос Улсын хилээр нэвтрүүлээгүйгээс аялал жуулчлалын гэрээгээр тохирсон 2016 оны 8 дугаар сарын 15-наас 18-ны өдрийн хооронд түүнийг Жэжү арлаар аялуулах үйлчилгээг хариуцагч үзүүлж чадаагүй нь тогтоогдсон бөгөөд чухам юуны учир О.Болормаа хилээр нэвтэрч чадаагүй талаарх баримтыг талууд шүүхэд гаргаагүй, үүнтэй холбоотой нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг шүүхээр шийдвэрлүүлээгүй тул байгаа баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Хариуцагчаас Жэжү рүү нэвтрэн орох, гарах болон бусад төрлийн баримт бичиг, түүнтэй холбоотой гарах асуудлыг аялагч өөрөө хариуцах ёстойг нэхэмжлэгч талд мэдэгдсэн, онгоцны тийзний доод хэсэгт мөн энэ талаар тусгасан, тухайн улсын хилээр нэвтрэх эцсийн шийдвэрийг хилийн шалган нэвтрүүлэх албаны ажилтан гаргадаг учир дээрх нөхцөл байдалд өөрийн буруу байхгүй гэж тайлбарласан.

 

Хэрэгт авагдсан “Эйр Маркет” компанийн онгоцны тийзний виз, бичиг баримт гэсэн хэсэгт хариуцагчийн тайлбарласан агуулга бүхий тайлбар бичигдсэн байгаа боловч өөр компанийн баримтад тусгагдсан зүйлийг талуудын тохиролцоо гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Хэргийн баримтаар аялагч О.Болормаагийн зүгээс хил нэвтрэхэд саад болох нийтэд илэрхий аливаа хориглосон үйлдэл, үйл ажиллагаа явуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, талууд гэрээг бичгээр байгуулаагүйгээс аялагч хилээр нэвтрээгүйн үр дагаварыг нэхэмжлэгч хариуцах үүрэгтэй гэж үзэх үндэслэлгүй тул шүүх хариуцагчийг гэрээгээр тохирсон үйлчилгээ үзүүлэх үүргээ зөрчсөн гэж үзнэ.

 

Хариуцагч нь гэрээ байгуулах эсэхээ тухайн гэрээнд заасан үйлчилгээ үзүүлэхэд саад болох нөхцөл байгаа эсэх, тодруулбал гуравдагч этгээд болох О.Болормаа нь аялал жуулчлал хийхэд шаардагдах нөхцөлд тохирч байгаа эсэхийг Иргэний хуулийн 371 дүгээр зүйлийн 371.2-т заасны дагуу нягталсны үндсэн дээр шийдвэрлэх байсан бөгөөд аливаа харшлах шалтгаангүй гэж үзэж, хариуцагч хүсэл зоригоо илэрхийлэн үйлчилгээ үзүүлэхийг зөвшөөрч, талууд гэрээг байгуулсан тул шүүх хариуцагчийг уг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буруутай гэж үзсэн болно.

 

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д “үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасан ба үүргийн энэ нийтлэг зохицуулалт нь талуудын хооронд байгуулсан гэрээний үүрэг зөрчигдсөн энэ маргаанд хамаарах тул хуулийн энэ зохицуулалтын дагуу нэхэмжлэгч нь үйлчилгээний хөлсөнд төлсөн 1,700,000 төгрөгөө хариуцагчаас буцаан шаардах эрхтэй.

 

Харин О.Болормаагаас гаргасан зардал гэх 200,000 төгрөгийг хариуцагчаас шаардаж авах эрхийг О.Болормаа нэхэмжлэгчид олгосон баримт хэрэгт авагдаагүй тул шүүх нэхэмжлэгчийг түүнд учирсан хохирлыг шаардах эрхгүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас 200,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

Нэхэмжлэгч компанийн харъяа “Монгол Хьюндай” эмнэлэг нь учирсан хохирлоо нөхөн төлүүлэх агуулга бүхий хүсэлтийг 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 85 тоот албан бичгээр гаргасныг хариуцагч 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 0920/01 тоот албан бичгээр эс зөвшөөрсөн, мөн нэхэмжлэгч компанийн харъяа “Монгол Хьюндай” эмнэлэг нь учирсан хохирлоо нөхөн төлөхгүй байгаа хариуцагчийн үйл ажиллагаатай холбоотой гомдлыг 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 105 тоот албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд гаргасныг яам 2016 оны 11 дүгээр сарын 16-ны 07/2265 тоот албан бичгээр энэ асуудлаа шүүхэд хандаж шийдвэрлүүлэх агуулгатай хариуг тус тус гаргасны дагуу нэхэмжлэгч 2017 оны 2 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагчаас татгалзсан хариу өгснөөс хойш нэхэмжлэгч шаардлагаа Иргэний хуулийн 376 дугаар зүйлийн 376.1-д заасан хугацааны дотор гаргасан тул шүүх нэхэмжлэлийг хянан хэлэлцсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 370 дугаар зүйлийн 370.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг тус тус баримтлан “Аэрмаркет Холидэй” ХХК-аас 1,700,000 төгрөгийг гаргуулж “Эм Би Эс Мед” ХХК-д олгож, “Эм Би Эс Мед” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 200,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 42,150 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.   

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл 7 хоногийн дараа шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                Ө.УЯНГА