Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 1199

 

Эм Би Эс Мед ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Б.Нармандах, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2017/00936 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Эм Би Эс Мед ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Аэрмаркет Холидэй ХХК-д холбогдох

 

Аялал жуулчлалын гэрээний үүрэгт 1 900 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Буянхишиг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Нямсүрэн

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Ариунаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч Эм Би Эс Мед ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Болормаа нь сувилахуйн албаны тэргүүний сувилагчаар шалгарсан тул байгууллагаас Аэрмаркет холидэй ХХК-аас зохион байгуулж буй БНСУ-ын Жэжүд  2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 18-ны өдрийг дуустал аялах  эрхээр шагнасан. Гэтэл О.Болормааг Бүгд Найрамдах Солонгос улсын хилээр нэвтрүүлэлгүй аяллын хугацааны туршид хил дээр саатуулж байгаад буцаасан.  

Манайх  аяллын зардлыг хугацаанд нь бүрэн төлсөн ба аялагч О.Болормаа нь хил дээр саатуулагдах хувийн шалтгаан байгаагүй, хил нэвтрэхэд хувийн зүгээс шаардлагатай бүхий л зүйлийг бүрэн хангасан байтал Аэрмаркет Холидэй ХХК-ийн үйл ажиллагаа, нэр хүнд, тухайн аяллын хөтөч хил дээр орчуулга хийх ажил үүргээ гүйцэтгээгүй зэргээс шалтгаалан төлөвлөгөөт аялалдаа хамрагдаж чадалгүй буцсан.  

Аялал зохион байгуулагч  компани нь аялагчийг аялалд бүрэн хамруулах,  гарч болзошгүй нөхцөл байдлыг урьдчилан тооцоолох, аялалд хамрагдах боломжгүй аялагчаа урьдчилан судласны үндсэн дээр  гэрээг байгуулдаг.  Гэтэл БНСУ-ын хилээр гарах асуудлаа аялагч нар өөрсдөө хариуцаж, хил гарсан хойно нь аялуулах үүрэг хүлээдэг гэж тайлбарлаж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Өөрсдөө болно, бүтнэ, аялуулна гэж төлбөрийг авчихаад хил дээр хэд хонуулж буцаачихаад одоо ийм тайлбар гаргаж байгааг зөвшөөрөхгүй. Бичгээр гэрээ байгуулаагүй тул хил гарах асуудлаа аялагч өөрөө хариуцна гэж тохирсон гэх хариуцагчийн тайлбарыг зөвшөөрөхгүй.

Иймд гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй Аэрмаркет Холидэй ХХК-аас гэрээний төлбөр 1 700 000 төгрөг, О.Болормаагаас гарсан зардал 200 000 төгрөг, нийт 1 900 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх виз болон бусад бичиг баримтын бүрдүүлэлт хийх, тээврийн хэрэгслээр зорчих билет захиалга хийх, зочид буудал, үзвэрийн захиалга хийх, жуулчныг угтан авах, үдэн гаргах зэрэг хилээр гарсаны дараах ажлыг зохион байгуулдаг. Харин хөтөч-тайлбарлагч бол аялал жуулчлалын хөтөлбөрийн дагуу жуулчинд газарчлан орчуулга, тайлбар хийх үүрэгтэй оролцдог.

      Аяллын гэрээ, нислэгийн тийз, аяллын хөтөлбөрт Жэжү рүү нэвтрэн орох, гарах болон бусад төрлийн бичиг баримтын иж бүрдэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг аялагч өөрөө хариуцах ба хилээр нэвтрэх эцсийн шийдвэрийг хилийн шалган нэвтрүүлэх албаны ажилтан гаргана гэж заасан. Солонгос улсын хилээр нэвтрэх асуудлыг тухайн улсын гаалийн байгууллагаас томилогдсон итгэмжит орчуулагч орчуулдаг, аялал жуулчлалын компанийн ажилтныг шалганы өрөө рүү орохыг хориглодог. Аялал жуулчлалын байгууллага нь хилээр нэвтэрсний дараах үйл ажиллагааг хариуцдаг бөгөөд хилээр нэвтрэх асуудлыг зөвхөн тухайн улсын хил гаалийн байгууллагын хилийн шалган нэвтрүүлэх албаны ажилтны эрх хэмжээний асуудал байдаг. О.Болормааг гаалийн ажилтнууд юуны учир саатуулсныг бид мэдээгүй, гаалийн газар албан ёсоор хариу өгөөгүй.

      Хөтөлбөрийн дагуу үзвэр, үйлчилгээ, зочид буудал, онгоцны тийз зэрэгт төлбөрийг урьдчилж зарцуулдаг тул бид нэхэмжлэгчид төлбөрийг буцаан олгох боломжгүй, тэгээд ч бидний буруугаас аялалд хамрагдаж чадаагүй нөхцөл байдал гараагүй. Нэхэмжлэлийг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.   

 

Шүүх: Иргэний хуулийн 370 дугаар зүйлийн 370.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг тус тус баримтлан Аэрмаркет Холидэй ХХК-аас 1 700 000 төгрөгийг гаргуулж Эм Би Эс Мед ХХК-д олгож, Эм Би Эс Мед ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 200 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 42 150 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямсүрэн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:  Аэр маркет холидэй ХХК нь Иргэний хууль болон Аялал жуулчлалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасны дагуу виз болон бусад бичиг баримтын бүрдүүлэлт хийх, тээврийн хэрэгсэлээр зорчих билет захиалга хийх, зочид буудал, үзвэрийн захиалга хийх, жуулчныг угтан авах, үдэн гаргах зэрэг хилээр гарсны дараах аялалыг зохион байгуулдаг. Хөтөч-тайлбарлагч нь жуулчинд газарчлан, орчуулга, тайлбар хийх үүрэгтэй.  Аялал жуулчлалын байгууллага нь хил гааль нэвтэрсэний дараах аялалын дагуу хөтөлбөрт тусгагдсан үйл ажиллагааг хариуцдаг бөгөөд хилээр нэвтрэх асуудлыг зөвхөн тухайн улсын хил гаалийн байгууллагын хилийн шалган нэвтрүүлэх албаны эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх асуудал юм. О.Болормаа хилээр нэвтэрч чадаагүд  манах  буруугүй.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохих журмын дагуу явуулж, нотлох баримтыг хуульд зааснаар үнэлэн хэргийг шийдвэрлэсэн боловч зохигчдын хоорондын маргаанд хамааралтай хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй, уг алдааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн өөрчлөх боломжтой байна.

 

Нэхэмжлэгч Эм Би Эс Мед ХХК нь хариуцагч Аэрмаркет Холидэй ХХК-д холбогдуулан аялал жуулчлалын гэрээний үүрэгт төлсөн 1 900 000 төгрөгийг буцаан  гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “...О.Болормаа аялалд бүрэн хамрагдаж чадаагүйд манай компани буруугүй” гэж маргажээ.

 

Зохигчид 2016 оны 8 дугаар сард аялал жуулчлалын гэрээг амаар байгуулж, хариуцагч Аэрмаркет Холидэй ХХК нь 2016 оны 8 дугаар сарын 15-наас 18-ны өдрүүдэд Солонгос улсын Жэжү арлын аялалд нэхэмжлэгч компанийн ажилтан О.Болормааг аялуулахаар, Эм Би Эс Мед ХХК нь үйлчилгээний хөлс 1 700 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон. Талуудын хооронд Иргэний хуулийн 370 дугаар зүйлийн 370.1 дэх хэсэгт заасан аялал жуулчлалын гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Нэхэмжлэгч нь гэрээний үүргээ биелүүлж үйлчилгээний хөлс 1 700 000 төгрөгийг  төлсөн,  аялал жуулчлал зохион байгуулагч нь хэлэлцэн тохиролцсон үйлчилгээг үзүүлж чадаагүй, аялагч О.Болормаа Солонгос хилийн шалган нэвтрүүлэх албаны шалгалтаар саатуулагдаж хилээр гарч аялалаа үргэлжлүүлж чадалгүй буцаж ирсэн үйл баримт тогтоогджээ.

 

Зохигчид дээрх үйл баримтаар маргаагүй, гагцхүү аялал зорилгодоо хүрч чадаагүй, гэрээ дуусгавар болсонд аялал жуулчлал зохион байгуулагч буюу хариуцагч буруутай эсэхэд маргажээ.  

 

Үүргийн гүйцэтгэлд саад болох нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн буруугаас, үүрэг гүйцэтгүүлэгчийн буруугаас эсхүл хүндэтгэн үзэх бусад нөхцөл байдлаас шалтгаалсан байж болдог. Тухайн тохиолдолд гэрээ биелэгдэх боломжгүй буюу гэрээ цуцлагдсан нөхцөл байдал нь талуудын хэн алины буруутай үйлдлээс болоогүй, харин гадаад улсын төрийн байгууллагын шийдвэрээс шалтгаалан бий болжээ.

 

Анхан шатны шүүхээс гэрээ талуудын хэн алинаас үл хамаарах шалтгаанаар цуцлагдсан, нэхэмжлэгч гэрээгээр шилжүүлсэн зүйлээ буцаан шаардсан байхад тухайн маргаанд хамааралгүй  гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс учруулсан хохирол шаардах Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх зохицуулалтыг хэрэглэсэн нь хууль хэрэглээний хувьд алдаатай болжээ.

 

Иргэний хуулийн 373 дугаар зүйлийн 373.4 дэх хэсэгт “гэрээ байгуулах үед урьдчилан мэдэх боломжгүй байсан гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас аялал хийхэд ноцтой хүндрэл учирсан буюу жуулчинд хохирол учруулж болох өөр бусад нөхцөл бий болсон бол аялал жуулчлал зохион байгуулагч, жуулчны аль нь ч гэрээг дуусгавар болгох эрхтэй бөгөөд жуулчныг буцаахтай холбогдох зардлыг талууд тэнцүү хэмжээгээр хариуцна” гэж зааснаар нэхэмжлэгч Эм Би Эс Мед ХХК-ийн төлсөн 1 700 000 төгрөгийн 50 хувь болох 850 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Харин нэхэмжлэгч нь зөвхөн өөрийнх нь эрх, ашиг сонирхол хөндөгдсөн асуудлаар нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд О.Болормаагийн төлсөн 200 000 төгрөгийг түүнээс авсан  итгэмжлэлгүйгээр нэрийнх нь өмнөөс шаардах эрхгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэсэгчлэн хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2017/00936 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “370 дугаар зүйлийн 370.1, 219 дүгээр зүйлийн 219.1” гэснийг “373 дугаар зүйлийн 373.4” гэж, “1 700 000” гэснийг “850 000” гэж, “200 000” гэснийг “1 050 000” гэж, 2 дах заалтын “42 150” гэснийг “24 950” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Аэрмаркет Холидэй ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42 150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД                                                      Б.НАРМАНДАХ

                                                                       Ш.ОЮУНХАНД