Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 330

 

“Нью жуулчин турс” ХХК-ний нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сод-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Бадрал нарыг оролцуулан хийж, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 339 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2016/0496 дугаар магадлалтай, “Нью жуулчин турс” ХХК-ний нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг хариуцагч Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч С.Тамираа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Өлзийбаяр, М.Дуламсүрэн нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 339 дүгээр шийдвэрээр: 1. Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, 4.1.6,  5 дугаар зүйлийн 5.1, 7 дугаар зүйлийн 7.3.1, 8 дугаар зүйлийн 8.1, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.2 дахь заалтад заасныг тус тус баримтлан Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч С.Тамираа, Б.Наранцэцэг нарын 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 24/0002851 тоот актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 

2. Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заасныг баримтлан Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 24/0002851  тоот актын төлбөр болох 28,487,540.00 төгрөгийн нөхөн татвар, 8,546,262.00 төгрөгийн торгууль, 13,073,431.95 төгрөгийн алданги тогтоосноос захиргааны зөрчилд шийтгэл хүлээлгэсэн нийт 21,619,693.95 мянган төгрөгийн торгууль, алдангийн хариуцлагаас нэхэмжлэгч “Нью жуулчин турс” ХХК-ийг өршөөн хэлтрүүлж, энэ хэмжээгээр актын төлбөрийн хэмжээг багасгаж, үлдэгдэл нийт 28,487,540.00 төгрөгийн актыг хэвээр үлдээж,

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2016/0496 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 339 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэж “1. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийг баримтлан “Нью жуулчин турс” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 24/0002851 дүгээр актыг хүчингүй болгосугай” гэж, 3 дахь заалтыг “2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч С.Тамираа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Өлзийбаяр, М.Дуламсүрэн нарын хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ... “Нью жуулчин турс” ХХК-ийн 2009-2011 оны татвар ногдуулалт төлөлтийн байдалд ЭЦГ-ын 2012 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 9ж/3061 тоотыг үндэслэн Татварын улсын байцаагч С.Маахүү, Н.Баасансүрэн нар татварын хяналт шалгалт хийн “Тээврийн хэрэгслийн оношлогоо, хяналт зохицуулалтын алба”-наас ирүүлсэн 2012 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1/162 тоот албан бичигтээ “Ныю жуулчин турс” ХХК-ний улс хоорондын зорчигч тээвэрлэлт эрхлэх гэрээ байгуулан Улаанбаатар-Улаан үд-Улаанбаатар чиглэлд ажил гүйцэтгэдэг бөгөөд тус компаний 2009-2011 оны тээврийн хэрэгслийн судалгаа, тээвэрлэсэн зорчигчийн тоог хавсралтаар ирүүлсэн мэдээллийг үндэслэн 2009-2011 онуудад 284,875.4 мянган төгрөгийн улс хоорондын тээврийн үйлчилгээ явуулж олсон орлогыг тайлагнаагүй зөрчилд 2012 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 0240029 тоот дүгнэлт бичин цагдаагийн байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн. Тус компани нь ОХУ болон Монгол Улсын хооронд байгуулсан засгийн газрын хэлэлцээрийн дагуу ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг, Авто тээврийн газрын даргын 2010 оны 71 дүгээр тушаалаар “Нью жуулчин турс” ХХК-д Улс хоорондын зорчигчийи тогтмол тээвэрлэлтийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 2010 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 3 жилийн хугацаатай олгосон байна.

Тус дүгнэлтийг цагдаагийн байгууллага хянан үзээд 2013 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 07 тоот Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Нийслэлийн прокурорын тогтоол гарсны дагуу Баянзүрх дүүргийн Татварын хяналт шалгалтын тасгийн даргын 24140200134 тоот татварын хяналт шалгалт хийх томилолт гаран хэсэгчилсэн хяналт шалгалтыг хийлгүүлэхээр Татварын улсын байцаагч С.Тамираа, Б.Наранцэцэг бид томилогдон Татварын ерөнхий хуулийн 35 дугаар зүйл акт, дүгнэлтийн биелэлтийг хангах 35.1 татварын апбан татварын улсын байцаагчийн акт, дүгнэлтийн биелэлтэд хяналт тавин хангуулж байна. ... 35.3 энэ хуулийн 33.2.6-д заасан дүгнэлтийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүчингүй болгосон нь зөрчил гаргасан этгээдийг захиргааны хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй... гэсэн заалтыг мөрдлөг болгон 74 дүгээр зүйлд заасны дагуу захиргааны хариуцлага ногдуулсан болно.

Татварын хяналт шалгалт хийх хугацаанд Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйл татвар төлөгчийн үүрэг, 18.1.10-т “нэр хаяг, тамга, тэмдэг, улсын бүртгэлийн гэрчилгээ, харилцах болон хувийн данс, гарын үсгийг бусдад ашиглуулан татвараас зайлсхийх боломж олгохгүй байх”, 18.1.11 эрх бүхий байгууллагаас авсан тусгай зөвшөөрлийг хувь хүн, хуулийн этгээдэд түрээслэсэн, худалдсан тухайгаа харьяалагдах татварын албанд тухай бүр мэдэгдэх, 18.1.6 бусдад олгох хөдөлмөрийн хөлс, шилжүүлсэн орлогод ногдох татварыг үнэн зөв суутган тооцож, тогтоосон хугацаанд төсөвт төлөх, 18.1.13 татварын хяналт шалгалтанд шаардлагатай санхүүгийн болон бусад баримт материалыг татварын алба, татварын улсын байцаагчийн шаардсаны дагуу гарган өгч татварын хяналт шалгалтанд хамрагдах...гэсэн хуульд заасан үүргээ биелүүлээгүй.

Хуулийн этгээд нь хуулийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй, эс биелүүлсэн тохиолдолд хуулийи өмнө хариуцлага хүлээх нь зөв гэж үзэж байна. Дүгнэлт бичигдэх үед мөн акт бичигдэх үед ч татвар төлөгч үүргээ биелүүлээгүй болно. Нэхэмжлэгч тал иргэн, компани хоёрын эрх үүргийг хольж тайлбарлан гомдол гаргаад байгааг ойлгохгүй байна. Бид хуулийн этгээдийг шалгасан болохоос хувь хүн иргэнийг шалган шийдвэр гаргаагүй гэдгийг дурдмаар байна.

Татвар төлөгч эрхийнхээ дагуу нийслэлийн Татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлд гомдол гаргасны дагуу 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 74 тоот Татварын маргаан таслах зөвлөлийн тогтоол гарсан. Уг тогтоолоор “Нью жуулчин турс” ХХК-ийн тусгай зөвшөөрлөөр улс хоорондын зорчигч тээвэрлэлтийн үйлчилгээ явуулж олсон орлого нь татварын албаны мэдээллийн баазад “Нью жуулчин турс” ХХК-д бүртгэгдсэн байна. Учир нь “Нью жуулчин турс” ХХК-ний “Тээврийн хэрэгслийн оношлогоо, хяналт зохицуулалтын алба”-тай тусгай зөвшөөрлийн дагуу хийсэн гэрээтэй тул мэдээлэл солилцох журмын дагуу татварын албаны мэдээллийн баазад бүртгэгдсэн байна. Гэрээний дагуу иргэн Л.Шатарбал, Г.Дашцэрэн нар зорчигч тээвэр хийсэн. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 “аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл” /цаашид “тусгай зөвшөөрөл” гэх/ гэж тодорхой төрлийн аж ахуйн үйл ажиллагааг тогтоосон хугацаа, нөхцөл, шаардлагын дагуу эрхлэн явуулах эрхийг иргэн, ашгийн ба ашгийн бус хуулийн этгээдэд эрх бүхий байгууллагаас олгосон албан ёсны баримт бичгийг,... 3.1.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч” гэж тодорхой төрлийн үйл ажиллагаа эрхлэхээр эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрөл авсан этгээдийг..., 5.3-т тусгай зөвшөөрлийг хуульд зааснаас бусад тохиолдолд бусдад худалдах, бэлэглэх, барьцаалах зэргээр шилжүүлж үл болно... гэж заасны дагуу татварын улсын байцаагчийн 24/0002851 тоот актыг хэвээр баталсан.

“Нью жуулчин турс” ХХК нь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд удаа дараа гомдол гарган шүүхийн шийдвэрээр татварын улсын байцаагчийн 24/0002851 тоот актыг хэвээр баталсан. Шүүхийн шийдвэрээр шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад “Нью жуулчин турс” ХХК нь улс хоорондын зорчигчийн тогтмол тээвэрлэлтийн үйлчилгээг эрхлэх эрхтэй бөгөөд иргэн Г.Шатарбал, Л.Дашцэрэн нарт тусгай зөвшөөрөл олгогдоогүй байна. Хавтас хэрэгт авагдсан Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Д.Мөнхцэцэгийн гаргасан 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 169 дүгээр дүгнэлтээс үзэхэд татвар төлөгч нь хэн эсэх агуулгаар бус, харин тухайн аж ахуйн нэгжийн байгуулсан гэрээний талуудтай холбогдуулж, хэн ямар орлого олсон, холбогдох татварыг суутгасан эсэхэд нь дүгнэлт гаргасан байх тул энэ маргаанд дүгнэлтийг шууд хамааруулан татвар төлөгч аж ахуйн нэгжийг суутган төлөгчийн үүргээс чөлөөлж үзэх боломжгүй юм.

Өөрөөр хэлбэл, дүгнэлтээр иргэн Г.Шатарбал, Л.Дашцэрэн нар нь орлого авч байсан асуудлыг тогтоосноос бус “Нью жуулчин турс” ХХК-ийн өөрийн үйл ажиллагаанд холбогдох татварыг суутган төлөх үүрэгтэй эсэхийг тогтоосон дүгнэлт биш юм. Авто тээврийн үндэсний төвтэй байгуулсан гэрээгээр нэхэмжлэгч аж ахуйн нэгжийг өөрийн нэр дээр үйл ажиллагаа явуулсныг нотлох бөгөөд үйл ажиллагаа явуулж орлого олсон, одоог хүртэл өөрийн аж ахуйн нэгж дээр үйл ажиллагаа явуулдаг болох нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгч аж ахуйн нэгж нь өөрийн нэр дээр үйл ажиллагаа явуулж байсан нь дээрх байдлуудаас тогтоогдож байгаа тул түүнтэй холбоотой санхүүгийн баримтуудаа зохих журмын дагуу бүртгэн авч, анхан шатны баримтуудаа бүрдүүлэн Г.Шатарбал, “Дөл трэйвэл” ХХК-ийн ногдох орлогыг санхүүгийн тайландаа бичилт хийн татварыг суутган авах үүргээ гүйцэтгээгүй нь компаний олсон орлогыг гүйцэд тайлагнаагүй орлогоо нуусан гэж үзэх үндэслэлтэй болно. Гэтэл нэхэмжлэгч санхүүгийн тайландаа тусгай зөвшөөрөл, гэрээний үндсэн дээр явуулсан дээрх орлогоо бүртгээгүй, жолооч нар орлогоо өгөөгүй бид баримтжуулах боломгүй гэсэн тайлбар нь үндэслэлгүй тайлбар болно. Өөрөөр хэлбэл татвар суутган тооцох үүргийн харилцаа нь нэхэмжлэгч аж ахуйн нэгж байх бөгөөд бусад этгээдтэй ямар журмаар яаж гэрээ хийсэн эсэхээс үл хамааран бүх орлогыг өөрөө бүртгэн авч, татварыг суутган тооцох нь татвар төлөгчийн хуулиар хүлээсэн үүрэг биелүүлээгүйг зөрчил гаргасныг тогтоосон.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн шийдвэрээр Анхны ардчилсан сонгууль болж байнгын парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулиар 21.619,693.95 төгрөгийи торгууль алдангиин хариуцлагаас нэхэмжлэгч аж ахуйн нэгжийг өршөөн хэлтрүүлсэн атал дахин гомдол гаргаж байгаа нь татвар төлөгч өөрийн хуулийн өмнө хүлээсэн үүргээ зөрчсөнөө ухамсарлаагүй байна гэж ойлгогдохоор байна.

Иймд 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 221/МА2016/0496 дугаар магадлалыг эс зөвшөөрч байгааг дахин хянан үзэж актыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч С.Тамираа, Б.Наранцэцэг нар “Ньюжуулчин турс” ХХК-ийн 2009-2011 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, татварын улсын байцаагчийн 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 24/0002851 дүгээр актаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 12 дугаар зүйлийн 12.1.1-д заасныг зөрчсөн гэх үндэслэлээр “... нийт 284,875,400 төгрөгийг ... орлогын тайланд тусгаагүй, татвар ногдох орлогыг бууруулсан...” зөрчилд нийт 50,107,233.95 төгрөгийн төлбөр тогтоож шийдвэрлэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч “Ньюжуулчин турс” ХХК нь Улс хоорондын зорчигчийн тогтмол тээвэрлэлтийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, татварын хяналт шалгалтад хамрагдсан 2009-2011 онд иргэн Л.Дашцэрэн, Г.Шатарбал, “Дөл травел” ХХК-тай гэрээ хийж, “шугамаа түрээсэлсэн”, тэдгээр нь өөрийн өмчлөлийн автобусаар улс хоорондын зорчигч тээвэр хийн, орлогоо Тээврийн хэрэгслэлийн оношлогоо, хяналт, зохицуулалтын алба (тухайн үеийн нэрээр)-аар дамжуулан авсан, “Ньюжуулчин турс” ХХК нь уг орлогоос шимтгэл авдаг, шимтгэлийн орлогоо санхүүгийн тайландаа тусгасан, талууд эдгээр үйл баримттай маргаагүй байна.

Хариуцагч татварын улсын байцаагч нараас “... үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл нь /тус/ компанийн нэр дээр байдаг .../тул/ орлогоо өөрийн нэр дээр бүртгэж тайлагнах ёстой” гэж, нэхэмжлэгч “... орлого олоогүй тул тайлагнах боломжгүй” гэж маргажээ.

Анхан шатны шүүх “татвар”, болон “аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл”-д холбогдох эрх зүйн харилцаа, тэдгээрийг зохицуулсан хууль тогтоомжийн зохицуулалтын агуулга, ялгааг буруу тайлбарлан хэрэглэж, “... тусгай зөвшөөрлийн үндсэн дээр бусадтай гэрээ байгуулсан /бол бусдын эрхлэн явуулсан үйл ажиллагаа нь/ тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаа болно” гэж буруу дүгнэлт хийсэн, маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийг шалгахдаа уг актын үндэслэл болоогүй хуулийн заалтыг хэрэглэж, нэхэмжлэгчийг “татвар суутган төлөх үүргээ биелүүлээгүй” гэж дүгнэсэн нь буруу болжээ.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар “төлөгч” хэн байхыг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиар тодорхойлсон бөгөөд уг хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “тухайн татварын жилд албан татвар ногдох орлого олсон, эсхүл тийм орлогогүй ч хуульд заасны дагуу албан татвар төлөх үүрэг бүхий аж ахуйн нэгж нь албан татвар төлөгч байна” гэснийг маргааны үйл баримтад холбогдуулан авч үзвэл, “Ньюжуулчин турс” ХХК нь маргаан бүхий актаар тогтоосон 284,875,400 төгрөгийн “орлого олсон бол татвар төлөх”-өөр байна.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “... тусгай зөвшөөрөл гэж тодорхой төрлийн аж ахуйн үйл ажиллагааг тогтоосон хугацаа, нөхцөл, шаардлагын дагуу эрхлэн явуулах эрх...-ийг ойлгоно” гэсэн нь татвар төлөгчийг тодорхойлохтой хамааралгүйн зэрэгцээ аж ахуйн нэгж ийм “эрх” олж авсан нь уг эрхийн үндсэн дээр өөр бусад этгээдтэй аж ахуйн үйл ажиллагаа хамтран явуулах гэрээ, хэлцэл байгуулах, зардал, эрсдлээ хуваалцах Иргэний хуульд заасан эрхээ хязгаарлуулах үндэслэл болохгүй.

Өөрөөр хэлбэл, тусгай зөвшөөрөл авсан нь татвар төлөх үүрэг үүсгэхгүй, харин орлого олсон нь татвар төлөх үүрэг үүсгэхээр байна.

Тухайн тохиолдолд, нэхэмжлэгч “Ньюжуулчин турс” ХХК маргаан бүхий актаар тогтоосон 284,875,400 төгрөгийн орлогыг өөрөө үйл ажиллагаа явуулж олоогүй, Л.Дашцэрэн, Г.Шатарбал, “Дөл травел” ХХК гэх иргэн, хуулийн этгээд тус компанитай байгуулсан гэрээний үндсэн дээр үйл ажиллагаа явуулж олсон нь эрүүгийн журмаар шалгах явцад тогтоогдсон, хариуцагч маргаагүй тул уг орлогын хувьд “Ньюжуулчин турс” ХХК-ийг татвар төлөгч гэж үзэх үндэслэлгүй, давж заалдах шатны шүүх уг асуудлаар зөв дүгнэлт хийжээ.

Иймд, хариуцагч татварын улсын байцаагч нар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д “.../аж ахуйн нэгжийн/ үндсэн болон туслах үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого /...-д албан татвар ногдох/”-оор, 12 дугаар зүйлийн 12.1.1-д “...түүхий эд, үндсэн болон туслах материал, хагас боловсруулсан бүтээгдэхүүн, уур, ус, эрчим хүч, түлш, шатахуун, сэлбэг хэрэгсэл, сав, баглаа боодлын зэрэг бүх төрлийн материалын зардал... /-ыг албан татвар ногдох орлогоос хасч тооцох/”-оор тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Ньюжуулчин турс” ХХК-нд 2009-2011 онд түүний олоогүй 284,875,400 төгрөгт нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан нь үндэслэлгүй, уг орлогын хувьд түүнийг олсон этгээдүүд болох иргэн Л.Дашцэрэн, Г.Шатарбал, “Дөл травел” ХХК  нь “татвар төлөгч” байна.

Маргаан бүхий татварын улсын байцаагчийн 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 24/0002851 дүгээр актаар нэхэмжлэгч “Ньюжуулчин турс” ХХК-ийг татвар “суутган төлөх үүрэг”-тэй холбогдуулж буруутгаагүй, энэ үндэслэлээр акт тавиагүй тул “суутган төлөгчийн үүргээ биелүүлсэн эсэх” талаар хяналтын шатны шүүх дүгнэлт хийхгүй, хариуцагчийн “... /тус компани/ татварыг суутган тооцох хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй” гэх хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээж авах боломжгүй.

Эдгээр үндэслэлээр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч талын хяналтын журмаар гаргасан номдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.    

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2016/0496 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар  хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                 М.БАТСУУРЬ

 

ШҮҮГЧ                                                                          Д.МӨНХТУЯА