Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2016/0496

 

“Нью жуулчин турс” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сод-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Бадрал нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 339 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор “Нью жуулчин турс” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 339 дүгээр шийдвэрээр: “Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, 4.1.6, 5 дугаар зүйлийн 5.1, 7 дугаар зүйлийн 7.3.1, 8 дугаар зүйлийн 8.1, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.2 дахь заалтад заасныг тус тус баримтлан Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч С.Тамираа, Б.Наранцэцэг нарын 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 24/0002851 дүгээр актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заасныг баримтлан Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 24/0002851 тоот актын төлбөр болох 28,487,540.00 төгрөгийн нөхөн татвар, 8,546,262.00 төгрөгийн торгууль, 13,073,431.95 төгрөгийн алданги тогтоосноос захиргааны зөрчилд шийтгэл хүлээлгэсэн нийт 21,619,693.95 мянган төгрөгийн торгууль, алдангийн хариуцлагаас нэхэмжлэгч “Нью жуулчин турс” ХХК-ийг өршөөн хэлтрүүлж, энэ хэмжээгээр актын төлбөрийн хэмжээг багасгаж, үлдэгдэл нийт 28,487,540.00 төгрөгийн актыг хэвээр үлдээж,

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сод-Эрдэнэ давж заалдах гомдолдоо: “1/ Нотлох баримтыг үнэлсэн тухайд.

Маргаан бүхий акт гарах болсон үндэслэлийн талаар шүүхэд хангалттай тодотгон тайлбарлаж, холбогдох баримтыг хавсарган заасан байхад шүүх эдгээрийг үл анзаар ч хэрэгт хамааралгүй гэж үзсэн нь үндэслэлгүй юм.

Учир нь энэхүү үйл баримттай холбогдох асуудлыг эрх бүхий цагдаагийн байгууллага зохих журмын дагуу шалгаад хэргийг хаасан. Улмаар 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Эрүүгийн хэргийг тусгаарлах 201201000474 тоот тогтоолоор иргэдэд холбогдуулан асуудлыг шалган шийдвэрлэхээр болсон.

Өөрөөр хэлбэл, “Нью жуулчин турс” ХХК-д холбогдох дүгнэлтийг үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн тул уг дүгнэлт нь маргаан бүхий актын үндэслэл болох ёсгүй. Нөгөөтэйгүүр маргаан бүхий акт гаргахдаа дээр дурдсан хэргийг тусгаарласан тогтоолыг үндэслэсэн байдаг бөгөөд үүний дагуу иргэдэд холбогдуулан татварын хяналт шалгалтаа хийх ёстой байсан.

Нэхэмжлэгч компанид холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол, түүний үндэслэл болж буй баримтууд болох шинжээчийн дүгнэлт нь маргаад буй захиргааны актын үндэслэлд заагдсан байхад шүүх хэрэгт хамааралгүй гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасантай нийцэхгүй байна.

2/ Үйл баримтыг үнэлж, тогтоосон тухайд.

Анхан шүүх хэргийн үйл баримтыг буруу үнэлж тусгай зөвшөөрөлтэй холбож, татварын актыг зөвтгөсөн нь ойлгомжгүй байна. Хэрэв нэхэмжлэгч компанийг тусгай зөвшөөрлөө бусдад шилжүүлсэн гэх зэргээр буруутгаж байгаа нь татварын актын үндэслэлийг шалгахад хамаарахгүй буюу захиргааны эрх зүйн өөр харилцаатай холбон дүгнэлт хийсэн нь буруу юм.

Түүнчлэн эрүүгийн хэргийг тусгаарласны дагуу жолооч нарт холбогдуулан эрүүгийн цагдаа шалгаж байх үед жолооч нар хувь хүний орлогын татварын тайлангаа бүрэн гүйцэт тайлагнаж, тушаасан бөгөөд Татварын ерөнхий хуулийн 29.1.5-д заасны дагуу суутгах үүргээ биелүүлээгүй байхад татвар төлөгч нь өөрөө татвараа төлсөн байвал уг этгээдийн хөрөнгөөс нөхөн төлүүлэх эрх үүсэхгүй.

Гэтэл анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “...энэ маргаанд дүгнэлтийг шууд хамааруулан, татвар төлөгч аж ахуй нэгжийг суутган төлөгчийн үүргээс чөлөөлж үзэх боломжгүй юм” гээд мөн хэсэгт “санхүүгийн баримтуудаа зохих журмын дагуу бүртгэж, анхан шатны баримтуудыг бүрдүүлэн Г.Шатарбалын нэг автобус, “Дөл трэвел” ХХК-ийн нэг автобусанд оногдох орлогыг санхүүгийн тайландаа бичилт хийн татварыг суутган авах үүргээ гүйцэтгээгүй нь өөрийн үйл ажиллагааны орлогыг гүйцэт мэдүүлж, тайлагнаагүй буюу орлогоо нуусан гэж үзэх үндэслэлтэй болно”2 гэх зэргээр суутган төлөгчийн үүргээ гүйцэтгээгүй гэж дүгнэсэн нь нэхэмжлэгчийг заавал буруутгах гэж нэг талыг барьсан бөгөөд нэг орлогод дахин давхар татварыг ногдуулах нөхцөл үүсгэж байгааг анхаараагүй болно.

3/ Маргаан бүхий актыг бүхэлд нь хянаж, дүгнэсэн тухайд.

Анхан шатны шүүх хэргийг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын хүрээнд маргаан бүхий актыг тал бүрээс нь шалгаж, түүнийг хууль зүйн болон бодит үндэслэлтэй эсэх, тооцооллын алдаатай эсэх зэргийг тогтоох ёстой.

Тиймээс нэхэмжлэгчээс маргаан бүхий актыг гаргахдаа хянан шалгах ажиллагааг огт хийгээгүй буюу нэхэмжлэгчид мэдэгдсэн, нотлох баримт шаардсан, уулзсан зүйл байхгүй тул татварын хяналт шалгалттай холбогдох асуудлыг тусгайлан нэхэмжлэлийнхээ нэг үндэслэлийг болгосон. Улмаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие шүүхээр дамжуулан хянан шалгалтыг хийсэнтэй холбогдох бүхий л баримтыг гаргуулах тухай хүсэлтийг гаргахад хариуцагч томилолт гэх баримтаас өөр зүйл ирүүлээгүй ба өөр баримт байхгүй гэдгээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ч, шүүх хуралдаанд дээр ч “өмнөх дүгнэлтийг акт болгосон” гэдгээ тодорхой хэлсэн.

Гэтэл анхан шатны шүүх хяналт шалгалт хийхээр болсон тухай мэдэгдсэн баримт, компанийн албан тушаалтантай уулзаж тодруулсан уулзалтын тэмдэглэл, нотлох баримт шаардсан албан тоот зэрэг ямар нэгэн баримт байхгүй байхад нэхэмжлэгчийг буруутган “хяналт шалгалтын үед нэхэмжлэгч талаас өөрөө ямар нэгэн баримт шалгуулаагүй” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Үүгээр зогсохгүй нэхэмжлэлийн бусад үндэслэлд ямар нэгэн дүгнэлт хийгээгүй тул байх тул анхан шатны шүүх хэргийг бүрэн бодиттой, бүхэлд нь хянах үүргээ гүйцэтгээгүй болно.

Иймд, хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж чадалгүй хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 339 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Нью жуулчин турс” ХХК-аас “Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 24/0002851 дүгээр актыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг гаргажээ.

Эрүүгийн цагдаагийн газраас шаардсаны дагуу “Нью жуулчин турс” ХХК-ийн 2009-2011 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн улсын байцаагч нар хяналт шалгалт хийгээд 2012 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 0240029 дүгээр дүгнэлтээр “улс хоорондын зорчигч тээврийн орлогыг тайланд тусгаагүйгээс татвар ногдуулах орлогыг бууруулан тооцсон зөрчил нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийг зөрчсөн” үндэслэлээр цагдаагийн байгууллагаар шалгуулахаар шийдвэрлэсэн, эрүүгийн журмаар шалгах явцад “Нью жуулчин турс” ХХК татварын хууль тогтоомж зөрчсөн бус тухайн компанитай гэрээ байгуулан улс хот хоорондын зорчигч тээвэрлэх тусгай зөвшөөрлийг нь үндэслэн зорчигч тээвэрлэх үйл ажиллагаа явуулж байсан иргэн Г.Шатарбал, Л.Дашцэрэн нарын татвараас зайлсхийсэн үйлдэлтэй холбоотой болохыг тогтоожээ[1].

Гэтэл дүгнэлтээр тогтоогдсон нөхцөл байдал үгүйсгэгдсээр байтал улсын байцаагч нар 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдөр дүгнэлтэд тусгагдсан зөрчлөө акт болгох замаар нэхэмжлэгч компанид төлбөр ногдуулсан нь үндэслэлгүй болжээ.

 “Нью жуулчин турс” ХХК Авто тээврийн газраас Хот хоорондын зорчигчийн тогтмол тээвэрлэлтийн үйлчилгээ эрхлэх 043/1001 дүгээр зөвшөөрлийг 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 3 жилийн хугацаатайгаар авсан, улмаар тухайн компанийн эзэмших тусгай зөвшөөрлийн үндсэн дээр Улаанбаатар-Улаан-Үдийн чиглэлд улс хоорондын зорчигч тээвэрлэлтийн үйл ажиллагааг эрхлүүлэхээр жолооч Г.Шатарбалтай “түрээсийн”, “Дөл трэвел” ХХК-тай “Хамтран ажиллах гэрээ” байгуулснаар дээрх тусгай зөвшөөрлийн хүрээнд иргэн Г.Шатарбал, Л.Дашцэрэн нар зорчигч тээвэрлэлтийн үйл ажиллагааг эрхэлжээ.

Тухайн үйлчилгээг уг иргэд үзүүлэхдээ “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-тай хамтарч зорчигч бүрийн тийзний үнийг уг байгууллагын дансанд тушаалгаж, амь насны даатгал хассан дүнгээс 10 хувиар тооцон тээвэр зуучлалын үйлчилгээний төлбөрийг ТӨҮГ-т суутгуулан үнийн дүнгийн үлдэх 90 хувийг өөрсдөө авч байсан, гэрээнд заасны дагуу явсан рэйсийн тоогоор төлбөрийг төлж байсан нь хэрэгт авагдсан “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 1/625 дугаар албан бичиг, “Нью жуулчин турс” ХХК-тай тэдгээрийн иргэдийн байгуулсан гэрээ болон бусад нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Энэ хуулийн 5.3-д заасан албан татвар төлөгчийн тухайн татварын жилд Монгол Улсын нутаг дэвсгэрт олсон болон Монгол Улсаас эх үүсвэртэй орлого, гадаад улсад олсон орлогод албан татвар ногдоно” гэж зааснаас үзвэл Улаанбаатар-Улаан-Үдийн чиглэлд улс хоорондын зорчигч тээвэрлэх үйл ажиллагааг гардан эрхэлж үйл ажиллагаа явуулаагүй “Нью жуулчин турс” ХХК олоогүй орлогодоо татвар төлөх үүрэггүй.

Түүнчлэн “Нью жуулчин турс” ХХК тухайн татвар ногдох орлого олсон, тухайн орлогоо нуусан эсэх нь тогтоогдсон тохиолдолд Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлд заасан хариуцлага ногдуулах ёстойг хариуцагч татварын улсын байцаагч нар анхааралгүй иргэнтэй байгуулсан гэрээ, гэрээний дагуу орлогыг хэн олсныг үл харгалзан зөвхөн улс хоорондын зорчигч тээвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшдэгийг нь үндэслэн “Нью жуулчин турс” ХХК-д Татварын ерөнхий хуульд заасан хариуцлага ногдуулсан нь хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн захиргааны акт болжээ.

Өөрөөр хэлбэл, төрийн захиргааны байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийг өөр этгээдэд дур мэдэн шилжүүлсэн гэх асуудал нь татвар ногдох орлого олсон гэж үзэх улмаар татварын хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй.

Эдгээр үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахаар байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 339 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэж “1. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийг баримтлан “Нью жуулчин турс” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 24/0002851 дүгээр актыг хүчингүй болгосугай” гэж, 3 дахь заалтыг “2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг түүнд буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ШҮҮГЧ                                                Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ                                                Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                Д.БАТБААТАР