Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 182/ШШ2017/00696

 

           

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 03 өдөр

      Дугаар 182/ШШ2017/00696

     Улаанбаатар хот

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: М.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  “ТБ” ХХК -д холбогдох

Тус банкны гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/1418 тоот тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Е, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж, Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Цэвэл нар оролцов. 

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Е шүүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. М.Бн нь 2007 онд ШУТИС-ийн техникийн программ хангамжийн мэргэжилээр төгссөн. 2007 оноос 2010 он хүртэл “Жаст групп” ХХК-д ажиллаж байсан. 2010 оноос 2017 он хүртэл банк, санхүүгийн салбарт тасралтгүй ажиллаж байсан. Монгол шуудан банк, Хадгаламж банк, ТБуудад ажиллаж байсан. Ажлаас халагдах хүртэл нийт 17 жил банк, санхүүгийн салбарт ажиллаж ирсэн. ТБанд 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүртэл ажилласан. Энэ хугацаанд мэдээллийн технологийн ахлах мэргэжилтэн, үйл ажиллагааны хэлтсийн захирал, системийн удирлагын хэлтсийн захиралаар ажиллаж ирсэн. Системийн удирдлагын хэлтэс нь анх М.Бн ажиллаж байх үед системийн хэлтэс нэртэй байсан. 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн ТУЗ-ийн тогтоолоор нэр нь өөрчлөгдөж системийн удирдлагын хэлтэс болсон.  Тухайн ажиллаж байсан хэлтсийн нэр өөрчлөгдсөн боловч яг адилхан чиг үүрэгтэй, нэг хэлтэс хэвээр байгаа юм.

ТБанд ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн сахилгын шийтгэл авч байгаагүй. ТБны дүрэм, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлж ажиллаж байсан. Гэтэл ТБны тэргүүн орлогч захирлын ахалсан 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр М.Бнгийн ажлыг хүлээж авсан байдаг. Энэ хүний ажлыг хүлээж авахдаа ажлаас чөлөөлсөн, хөдөлмөрийн гэрээг цуцалсан тухай тушаал шийдвэр гараагүй, танилцуулаагүй. Шийдвэр, тушаал гараагүй байхад ажил хүлээж авсан. Ажил хүлээж авснаас хойш М.Бнг ямар нэгэн ажил үүрэг гүйцэтгээгүй. Үйл ажиллагаа явуулах эрхийг хаасан. Ажил хүлээж авснаас хойш 20 хоногийн дараа тус банкны гүйцэтгэх захирлын  2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/1418 дугаартай “хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” тушаал гаргасан. Уг тушаалд  Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг үндэслэл болгон ТБны бүтэц шинэчлэн байгуулагдсантай холбогдуулан газар хэлтсийн чиг үүрэг, ажлын байрны тодорхойлолт өөрчлөгдсөн, ажил олгогчоос санал болгосон ажлын байрны саналыг хүлээн авахаас татгалзсан гэх үндэслэлээр ажлаас халсан байдаг.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн бол ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлах зохицуулалт байгаа боловч, ажил олгогч дээрх 3 үндэслэлийн аль эрхтэй байна. Мөн зүйлийн 40.5.-д зааснаар ажил олгогч орон тоо, бүтцийн өөрчлөлтийн улмаас хөдөлмөрийн гэрээ нь цуцлагдаж буй ажилтанд ийнхүү цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүрэгтэй байна.

Гэтэл ажил олгогч ажлаас халсан тушаалдаа хуульд заагаагүй үндэслэлээр ажлаас чөлөөлөх тушаал гаргасан. Тушаалын 40.1.1-д заасан үндэслэл байхгүй байгаа. Ажилтныг халж болох үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуульд 7 тохиолдол байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д заасан 3 үндэслэлийг тушаалын үндэслэх хэсэгтэй харьцуулахад энэ 2 үндэслэл хоорондоо нийцэхгүй байгаа. Энэ хүнийг 40.1.1-д заагаагүй үндэслэлээр ажлаас халсан. Хөдөлмөрийн тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д заасан аль нэг үндэслэлээр халж байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5-д заасны дагуу нэг сарын өмнө бичгээр мэдэгдэх ёстой. 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ажлыг нь хүлээж авсан. Ажлаас халах гэж байгаа талаар үйлдэл хийгээгүй. Энэ хүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д заасан үндэслэлээр халах гэж байгаа талаар огт мэдэгдээгүй. Өөрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхолоо хамгаалуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

Иймд Б/1418 дугаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл ажилгүй байгаа. Нийт ажлын өдөр нь 95 хоног болж байгаа. Нэг сарын цалин 3 300 000 төгрөгийн цалин авдаг байсан. Нэг өдрийн цалин 157 142 төгрөг болж байгаа. Ажилгүй байсан 95 хоногт үржүүлэхээр 14 928 490 төгрөг, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.

 

Хариуцагч “ТБ” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. М.Бнг ажлыг 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авсан үнэн бөгөөд ажил хүлээлцэх үндэслэл нь тухайн актад дурьдсан тус банкны гүйцэтгэх захирлын 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/1308 дугаар тушаал байсан. Тухайн тушаал нь “нэгэнт хүчин төгөлдөр” болсон Чингэлтэй дүүргийн шүүхийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2016/00713 дугаар шийдвэрээр ажлаас үндэслэлгүй халагдсан нь тогтоогдсон. Г.Эыг Мэдээллийн технологийн газрын Системийн хэлтсийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоосон бөгөөд “Ажил хүлээлцэх акт” дээрх хууль ёсны шийдвэрийг үндэслэсэн. Тухайн актад М.Бн болон Г.Э нар гарын үсэг зурж ажил хүлээлцсэн байдаг.

Нэгэнт дээрх байдлаар Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасны дагуу Г.Э эгүүлэн томилсон тул ажил олгогчийн зүгээс мөн хуулийн 40.2-т “Ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгнө” гэсний дагуу 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 17 цагт “Төв банкинд мэргэжилтэн”-ний ажил санал болгож байгааг танилцуулсан. Мөн тухайн сарын 17-ны өдөр Хэлтсийн захирал Г.Эыг үргэлжлүүлэн ажиллуулахаар тохиролцож, харин М.Бн “мэргэжилтэн”-ээр ажиллах ажлын саналыг хүлээн аваагүй юм.

Дээрх байдлаар санал болгосон ажлыг хүлээн аваагүй тул ажил олгогчийн зүгээс ажилтны эрх зүйн байдлыг дээрдүүлж “Банкны бүтэц, зохион байгуулалт”-аар байхгүй болсон “Системийн удирдлагын хэлтсийн захирал” гэх албан тушаалаас чөлөөлсөн. Энэ М.Бнд 3 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгох эрх зүйн боломжийг хангасан бөгөөд Хөдөлмөрийн хуулийн 40.2-т зааснаас чөлөөлөгдөх бол энэхүү боломж хангагдахгүй байсан.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд “... ажлын хэсэг нь ажилтан М.Бн миний ажлыг ямар нэгэн ажлаас халсан, чөлөөлсөн тушаал, шийдвэргүйгээр хүлээж авсан бөгөөд ажил хүлээн авснаас хойш ажил, үүрэг гүйцэтгүүлээгүй” гэсэн байдаг. Нэхэмжлэгч тухайн асуудалд гомдож өөрийнх нь эрх ашгийг ажил олгогч зөрчсөн гэж үзэж байсан бол энэ тухай гомдол гаргах эрх нь нээлттэй байсан төдийгүй Хөдөлмөрийн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т “Ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ” гэсний дагуу мөн хуулийн 129.2-т заасан “Гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа” өнгөрсөн болохыг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзэхийг хүсэж байна. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

            Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.

                        ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.Бн нь хариуцагч “ТБ” ХХК-д холбогдуулан тус банкны гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/1418 тоот тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Зохигчид нэхэмжлэгч М.Бнийг урьд эрхэлж байсан ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй эсэх асуудлаар маргаж байгаа болно.

            Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзнэ.

            Нэхэмжлэгч М.Бн нь нэхэмжлэлээ 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд гаргажээ. /х.х-ийн 1 тал/

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргахаар заасан байх ба тэрээр 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ажлаас чөлөөлсөн тушаалыг хүлээн авч, дээрх хугацаанд гомдлын шаардлагаа гаргасан байна.

            Нэхэмжлэгч М.Бн нь өөрийгөө бүх шатны шүүхэд бүрэн төлөөлөх эрхийг П.Е 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр итгэмжлэлээр олгосон, мөн “ТБ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэн нь тус банкыг шүүхэд төлөөлөх /эвлэрэхээс бусад эрхийг/ хууль эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн Э.Жавхланд 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр, Н.Бд 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр тус тус итгэмжлэлээр олгосон байх бөгөөд итгэмжлэл хүчин төгөлдөр байна. /х.х-ийн 3, 39, 112 тал/

М.Бн нь “ТБ” ХХК-ийн ерөнхий захирлын 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Б/556 дугаар тушаалаар тус банкны мэдээлэл технологийн үйл ажиллагааны газрын системийн хэлтсийн захирлаар 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн томилогдон ажиллаж байсан болох нь зохигчдын тайлбар, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтэр, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, “ТБ” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 19 дүгээр тогтоол, тус банкны бүтэц, схем тогтоолын хавсралт, тус банкны дүрэм, тус банкны гүйцэтгэх захирлын 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/331 тушаал болон тушаалын хавсралт, хөдөлмөрийн дотоод журам зэрэг бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. /х.х-ийн 4-20, 33-34, 46, 60-71, 103-111 тал/

            ТБны гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/1418 дүгээр тушаалаар М.Бнг системийн удирдлагын хэлтсийн захирлын  албан тушаалаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1.,ТБны дүрмийн 5 дугаар зүйлийн 5.16.1, 5.26, 11 дүгээр зүйлийн 11.4 дэх заалтууд, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 118, 125 дугаар тогтоолууд, Хүний нөөцийн хорооны 2016 оны 11 сарын 02-ны өдрийн 68 тоот хурлын шийдвэрийг үндэслэжээ.

            Ажил олгогчийн дээрх тушаалд “... ТБны бүтэц зохион байгуулалт шинэчлэн батлагдсантай холбогдуулан газар хэлтсийн чиг үүрэг, бүтцийн харьяалал, ажлын байрны тодорхойлолт өөрчлөгдсөн, ажил олгогчийн зүгээс санал болгосон ажлын байрны саналыг хүлээн авахаас татгалзсан тул Системийн удирдлагын хэлтсийн захирал гэх албан тушаал хашиж байсан М.Бнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөр дуусгавар болгохоор тусгагджээ. /х.х-ийн 23 тал/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Е шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... системийн удирдлагын хэлтсийн захирлын  эрхлэж байсан ажил, албан тушаалын чиг үүргийг одоогийн шинэ бүтцэд байгаа” системийн хэлтсийн захирлын гүйцэтгэж байгаа ажлын чиг үүрэг өөрчлөгдөөгүй, албан тушаалын нэршилд “удирдлагын” гэдэг үгийг хассан байгааг орон тоо хасагдсан гэж үзэхгүй ...” гэж, 

Хариуцагч “ТБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ “... тус банкны системийн удирдлагын хэлсийн захирал байсан М.Бнд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр ажлаас халах мэдэгдлийг 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээлгэн өгсөн, 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ажлын байр санал болгосон. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 00713 тоот шийдвэрийг биелүүлж, Г.Эыг  системийн удирдлагын  хэлтсийн захирлын албан тушаалд ажиллуулах болж, 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ажил хүлээлцсэн ... 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон. Иймд ажил олгогч хууль заасан үүргээ биелүүлсэн, хууль зөрчөөгүй ...” гэж тус тус тайлбарлан мэтгэлцэж байгаа болно.

            Нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагчийн татгалзлыг Хөдөлмөрийн тухай хуулийн  40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн  гэсэн зохицуулалтын аль нэг үндэслэлд нь хамруулж дүгнэх нь боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т ”зохигч, түүний төлөөлөгч  нь хэргийн үйл баримт,гэм буруу байгаа  эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д  хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” гэж тус тус зохицуулжээ.

Зохигчдын хэн алин нь өөрийн гаргаж буй шаардлагын үндэслэлийг нотлох үүргийг хуулиар хүлээдэг.

Түүнчлэн бүтцийн өөрчлөлт, орон тооны цомхотгол хийхдээ ажилтнуудын хөдөлмөрлөх эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн эсэх байдал, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачилгаар цуцласан үйл баримтын эрх зүйн үндэслэлийг тодорхойлох тул шүүх орон тоон цомхотголтой холбоотой ажил олгогчийн үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэхийг шалгах үүрэгтэй.

ТБны төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн “ТБны зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн батлах тухай” 118 дугаар тогтоолын дагуу тус банкны гүйцэтгэх захирлын 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн “ТБны газар, хэлтэс, алба төвийн чиг үүрэг, орон тоо батлах тухай” А/331 тоот тушаал гарч, тус банкны бүтэц зохион байгуулалт шинэчлэн өөрчлөгдсөн, батлагдсан орон тоонд нийцүүлж, ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулахаар шийдвэрлэсэн байх ба системийн удирдлагын хэлтсийн захирал гэх албан тушаал хашиж байсан М.Бнд орон тоо хасагдсан гэх  үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр мэдэгдсэн болох нь зохигчдын тайлбар, 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “мэдэгдэх хуудас” хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна. /х.х-ийн 35-36, 80-81, 103-111, 149-154 тал/

Нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай мэдэгдлийг хүлээн аваагүй гэх боловч, хариуцагчийн гаргаж өгсөн баримтыг нотлох баримтаар үгүйсгэж чадаагүй. /х.х-ийн 80-81 тал/

            Байгууллагын орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн гэдэг нь тухайн орон тоо, бүтцийг шийдвэрлэх эрх бүхий этгээдийн шийдвэр гарсан, шийдвэр бодитой буюу орон тоо хасах, цөөрүүлэх бодит шалтгаан бий болсон байх үйл баримт юм.

“ТБ” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор батлагдсан тус банкны бүтэц зохион  байгуулалтаар ...  гүйцэтгэх захирлын орлогчийн харъяанд мэдээллэлийн технологи инновацийн газар, программ өгөгдлийн хэлтэс, системийн удирдлагын хэлтэс, программ ашиглалтын хэлтэс, мэдээллийн аюулгүй байдлын алба гэж байсныг,

“ТБ” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 118 дугаар тогтоолоор батлагдсан тус банкны зохион байгуулалтын бүтцээр Орлогч захирлын удирдлага дор мэдээллийн технологи хариуцсан захирал гэх орон тоо бий болгож, мэдээллийн технологийн газар, программ өгөгдлийн  сангийн хэлтэс, системийн хэлтэс, программ ашиглалтын хэлтэстэй байхаар тус тус өөрчилжээ. /х.х-ийн 33-36, 149-154 тал/

Өөрөөр хэлбэл өмнөх бүтцээр “...  мэдээллийн технологи, инновацийн газар нь    “системийн удирдлагын хэлтсийг шууд харъяалж, мэдээллийн технологи инновацийн  газрын захирал нь ажлаа гүйцэтгэх захирлын орлогчид тайлагнаж шууд гүйцэтгэх захиралд харьяалагдаж байсныг “ТБ” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 118 дугаар тогтоолоор  “мэдээллийн технологи газар” нэршилтэй болгож, уг газрын харъяанд байсан  системийн удирдлагын хэлтсийг “системийн хэлтэс” гэж нэршлийн хувьд өөрчлөн, гүйцэтгэх захирлын орлогч захиралд хариуцуулахаар өөрчилжээ. /х.х-ийн 33-36 тал/

            Дээрх бүтцийн өөрчлөлтөөр “системийн удирдлагын хэлтэс” нь “системийн  хэлтэс” гэж нэршлийн хувьд өөрчлөгдсөн боловч, М.Бнгийн гүйцэтгэж байсан ажлын байр хэвээр байгаа болох нь зохигчдын тайлбар, хэргийн үйл баримтаар нотлогдож байна. /х.х-ийн 33-36, 149-154 тал/

            Иймд бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийгдсэнтэй холбоотойгоор ажил олгогчийн гаргасан гэх Б/1418 тоот тушаалд нэхэмжлэгчийн эрхэлж байсан албан тушаалын чиг үүрэг байхгүй болсон, орон тоо хасагдсан гэх байдал тусгагдаагүй, түүнчлэн өмнөх бүтэц, орон тоог харьцуулан тушаалын үндэслэлээ нотлоогүй,  М.Бнгийн ажиллаж байсан “системийн удирдлагын хэлтсийн захирлын    орон тоо ажлын чиг үүрэг бүтцийн өөрчлөлтөөр хасагдсан” гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Ажил олгогч өөрийн бүрэн эрхийн хүрээнд байгууллагын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулахаар шийдвэр гаргах эрхтэй ч аль нэг дээд буюу төв байгууллагад системийн болон үйл ажиллагааны хувьд харъяалагдаж байгаа нэгж, газар, хэлтэс, алба төвийн харъяалал өөрчлөгдөх тэнд ажиллаж байгаа ажилтны гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах шалтгаан болохгүй гэж үзэхээр байна.

Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан “орон тоо хасагдсан” гэдэгт тухайн хуулийн этгээд байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлгоно.

Хуулиар хамгаалагдсан ажилтны эрх ашиг зөрчсөн, ажил олгогчийн /“ТБ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын/ 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/1418 тоот тушаалыг зөвтгөх боломжгүй байна.

Иймд нэхэмжлэгч М.Бнг “ТБ” ХХК-ийн системийн  удирдлагын хэлтсийн захирлын ажилд эгүүлэн тогтоох үндэслэлтэй гэж үзлээ.

Харин ажил олгогч ажилтан хоорондоо зөвшилцөн системийн удирдлагын хэлтсийн захирлын албан тушаалтай адил чанарын, ажил албан тушаалын талаар тохиролцох эрх нээлттэй юм.

Хариуцагч “ТБ” ХХК нь нэхэмжлэгч М.Бнд Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар ажлаас халагдсаны тэтгэмж болох  9 900 000 төгрөгийг олгосон болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байгаа ба энэ талаар талууд маргаагүй байна.

Иймд нэхэмжлэгч М.Бнг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 14 928 490 төгрөг байхаар тогтоон, үүнээс ажлаас халагдсаны тэтгэмжид олгосон 9 900 000 төгрөг хасаж тооцон, 5 028 490 төгрөгийг хариуцагч “ТБ” ХХК-иас гаргуулах нь зүйтэй. /х.х-ийн 15-20 тал/

Нэхэмжлэгч сарын дундаж цалин 3 300 000 төгрөг байхаар тооцов. /х.х-ийн 15-20 тал/

Ажилгүй байсан бүх хугацаа нь 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл 95 хоног байна.

            Хариуцагч нь дээрх олговрыг нэхэмжлэгчид олгохдоо нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хасч тооцох, мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийх үүрэгтэй болно.

Нэхэмжлэгч М.Бн нэхэмжлэлдээ ... “ТБ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын16-ны өдрийн Б/1418 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” тухай дурдсан нь бие даасан нэхэмжлэлийн шаардлага биш, харин ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн үндэслэл тул уг тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т нэхэмжлэгч М.Бнг “ТБ” ХХК-ийн системийн удирдлагын хэлтсийн захирлын ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар хариуцагч “ТБ” ХХК-иас 5 028 490 /таван сая хорин найман мянган дөрвөн зуун ерэн/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Бнд олгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар хариуцагч  “ТБ” ХХК нь нэхэмжлэгч М.Бнгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч М.Бнгийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч “ТБ” ХХК-иас 95 405 төгрөг гаргуулж, улсын төсвийн дансанд олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

           

         

 

                                ДАРГАЛАГЧ                               Ж.ЦЭНГЭЛ