Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 1161

 

                                                                 

М.Баасансүрэнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Г.Даваадорж, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 182/ШШ2017/00696 дугаар шийдвэртэй

                       

Нэхэмжлэгч М.Баасансүрэнгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Төрийн банк” ХХК-д холбогдох

 

            Тус банкны гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/1418 тоот тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч                     П.Еркебулан

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч                        Э.Жавхлан

                                                                                           Н.Батгэрэл

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Еркебулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Төрийн банканд 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүртэл ажилласан. Энэ хугацаанд мэдээллийн технологийн ахлах мэргэжилтэн, үйл ажиллагааны хэлтсийн захирал, системийн удирлагын хэлтсийн захирлаар ажиллаж ирсэн. Системийн удирдлагын хэлтэс нь анх М.Баасансүрэн ажиллаж байх үед системийн хэлтэс нэртэй байсан. 2015 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн ТУЗ-ийн тогтоолоор нэр нь өөрчлөгдөж системийн удирдлагын хэлтэс болсон.  Тухайн ажиллаж байсан хэлтсийн нэр өөрчлөгдсөн боловч яг адилхан чиг үүрэгтэй, нэг хэлтэс хэвээр байгаа юм. Төрийн банканд ажиллаж байх хугацаандаа  М.Баасансүрэн ямар нэгэн сахилгын шийтгэл авч байгаагүй. Төрийн банкны дүрэм, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлж ажиллаж байсан. Гэтэл Төрийн банкны тэргүүн орлогч захирлын ахалсан 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр М.Баасансүрэнгийн ажлыг хүлээж авсан байдаг. Энэ хүний ажлыг хүлээж авахдаа ажлаас чөлөөлсөн, хөдөлмөрийн гэрээг цуцалсан тухай тушаал шийдвэр гараагүй, танилцуулаагүй. Шийдвэр, тушаал гараагүй байхад ажил хүлээж авсан. Ажил хүлээж авснаас хойш М.Баасансүрэнг ямар нэгэн ажил үүрэг гүйцэтгээгүй. Үйл ажиллагаа явуулах эрхийг хаасан. Ажил хүлээж авснаас хойш 20 хоногийн дараа тус банкны гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/1418 дугаартай “хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” тушаал гаргасан. Уг тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг үндэслэл болгон Төрийн банкны бүтэц шинэчлэн байгуулагдсантай холбогдуулан газар хэлтсийн чиг үүрэг, ажлын байрны тодорхойлолт өөрчлөгдсөн, ажил олгогчоос санал болгосон ажлын байрны саналыг хүлээн авахаас татгалзсан гэх үндэслэлээр ажлаас халсан байдаг.

Ажил олгогч ажлаас халсан тушаалдаа хуульд заагаагүй үндэслэлээр ажлаас чөлөөлөх тушаал гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д заасан аль нэг үндэслэлээр халж байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5-д заасны дагуу нэг сарын өмнө бичгээр мэдэгдэх ёстой. 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ажлыг нь хүлээж авсан. Ажлаас халах гэж байгаа талаар үйлдэл хийгээгүй. Нэхэмжлэгчид Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д заасан үндэслэлээр халах гэж байгаа талаар огт мэдэгдээгүй. Өөрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

Иймд Б/1418 дугаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр хүртэл ажилгүй байгаа. Нийт ажлын өдөр нь 95 хоног болж байгаа. Нэг сарын цалин 3 300 000 төгрөгийн цалин авдаг байсан. Нэг өдрийн цалин 157 142 төгрөг болж байгаа. Ажилгүй байсан 95 хоногт үржүүлэхээр 14 928 490 төгрөг, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.

 

Хариуцагч “Төрийн Банк” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. М.Баасансүрэнг ажлыг 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авсан үнэн бөгөөд ажил хүлээлцэх үндэслэл нь тухайн актад дурьдсан тус банкны гүйцэтгэх захирлын 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/1308 дугаар тушаал байсан. Тухайн тушаал нь “нэгэнт хүчин төгөлдөр” болсон Чингэлтэй дүүргийн шүүхийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 182/ШШ2016/00713 дугаар шийдвэрээр ажлаас үндэслэлгүй халагдсан нь тогтоогдсон. Г.Энхтамирыг Мэдээлэл технологийн газрын Системийн хэлтсийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоосон бөгөөд “Ажил хүлээлцэх акт” дээрх хууль ёсны шийдвэрийг үндэслэсэн. Тухайн актад М.Баасансүрэн болон Г.Энхтамир нар гарын үсэг зурж ажил хүлээлцсэн байдаг. Нэгэнт дээрх байдлаар Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасны дагуу Г.Энхтамир эгүүлэн томилсон тул ажил олгогчийн зүгээс мөн хуулийн 40 дугаар зүйл 40.2 дахь хэсэгт “Ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгнө” гэсний дагуу 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 17 цагт “Төв банкинд мэргэжилтэн”-ний ажил санал болгож байгааг танилцуулсан. Мөн тухайн сарын 17-ны өдөр Хэлтсийн захирал Г.Энхтамирыг үргэлжлүүлэн ажиллуулахаар тохиролцож, харин М.Баасансүрэн “мэргэжилтэн”-ээр ажиллах ажлын саналыг хүлээн аваагүй юм. Дээрх байдлаар санал болгосон ажлыг хүлээн аваагүй тул ажил олгогчийн зүгээс ажилтны эрх зүйн байдлыг дээрдүүлж “Банкны бүтэц, зохион байгуулалт”-аар байхгүй болсон “Системийн удирдлагын хэлтсийн захирал” гэх албан тушаалаас чөлөөлсөн. Энэ М.Баасансүрэнд 3 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгох эрх зүйн боломжийг хангасан бөгөөд Хөдөлмөрийн хуулийн 40.2-т зааснаас чөлөөлөгдөх бол энэхүү боломж хангагдахгүй байсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд “... ажлын хэсэг нь ажилтан М.Баасансүрэн миний ажлыг ямар нэгэн ажлаас халсан, чөлөөлсөн тушаал, шийдвэргүйгээр хүлээж авсан бөгөөд ажил хүлээн авснаас хойш ажил, үүрэг гүйцэтгүүлээгүй” гэсэн байдаг. Нэхэмжлэгч тухайн асуудалд гомдож өөрийнх нь эрх ашгийг ажил олгогч зөрчсөн гэж үзэж байсан бол энэ тухай гомдол гаргах эрх нь нээлттэй байсан төдийгүй Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т “Ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ” гэсний дагуу мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан “Гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа” өнгөрсөн болохыг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзэхийг хүсч байна. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д нэхэмжлэгч М.Баасансүрэнг “Төрийн Банк” ХХК-ийн системийн удирдлагын хэлтсийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар хариуцагч “Төрийн Банк” ХХК-аас 5 028 490 /таван сая хорин найман мянган дөрвөн зуун ерэн/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Баасансүрэнд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар хариуцагч  “Төрийн Банк” ХХК нь нэхэмжлэгч М.Баасансүрэнгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч М.Баасансүрэнгийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдаж, хариуцагч “Төрийн Банк” ХХК-аас 95405 төгрөг гаргуулж, улсын төсвийн дансанд олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батгэрэл, Э.Жавхлан нар давж заалдах гомдолдоо: ...Нэхэмжлэгч М.Баасансүрэнгийн албан тушаал нь 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Төрийн Банкны ТУЗ-ийн 118 дугаар тогтоолоор хүчингүй болж хасагдсан бүтэц зохион байгуулалтын Системийн удирдлагын хэлтсийн захирал гэх албан тушаал байсан бөгөөд Төрийн банк нь иргэн М.Баасансүрэнтэй хөдөлмөрийн гэрээг 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан байдаг. Тухайн үеийн Төрийн банкны зохион байгуулалтын бүтцээр хүчингүй болон хасагдсан Системийн удирдлагын хэлтсийн захирлын шууд харьяалан удирдах газар нь Мэдээлэл технологи, инновацийн газар байсан бөгөөд ерөнхийлөн харьяалах албан тушаалтан нь гүйцэтгэх захирлын орлогч захирал байсан, гүйцэтгэх захирлын орлогч нь гүйцэтгэх захиралд ажил үүргээ тайлагнадаг бүтцийн зохион байгуулалттай байсан. Тухайн үеийн Системийн удирдлагын хэлтэс нь шууд харьяалан удирдах шат дараалсан 3 бүтцийн газар, албан тушаалтантай байсан. Гэтэл Төрийн банкны ТУЗ-ийн 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 118 дугаар тогтоолоор батлагдсан банкны зохион байгуулалтын шинэ бүтцээр Системийн хэлтсийн шууд харьяалан удирдах газар нь шинээр бий болсон Мэдээллийн технологийн газар бөгөөд ерөнхийлөн харьяалан удирдах албан тушаалтан нь Мэдээллийн технологи хариуцсан захирал гэх шинэ албан тушаал юм. Мэдээллийн технологи хариуцсан захирал нь гүйцэтгэх захирлын орлогч гэх шинэ албан тушаалтанд харъяалагдан ажилладаг бөгөөд гүйцэтгэх захирлын орлогч нь гүйцэтгэх захиралд ажил үүргээ тайлагнадаг байхаар шинэчлэгдэн батлагдсан. Бүтцийн хувьд Системийн хэлтэс нь шууд харьяалах шат дараалалсан 4 бүтцийн байгууллага, албан тушаалтантай байхаар шинэчлэгдэн батлагдсан болно. Энэ нь аль нэг дээд буюу төв байгууллагад системийн болон үйл ажиллагааны хувьд харьяалагдаж байгаа нэгж, газар, хэлтэс, алба төвийн харьяалал өөрчлөгдөх үйл явц огтоос биш бөгөөд Төрийн банкны дотоод салбар нэгжид бүтцийн өөрчлөлтийг Төрийн банкны ТУЗ-аас өөрийн бүрэн эрхийн хүрээнд өөрчлөн шинэчлэн байгуулж байгаа үйл явц юм. "Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай" Улсын дээд шүүхийн 33 дугаар тогтоолын 15 дугаар зүйл 15.1.1 Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан "орон тоо хасагдсан" гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлговол зохино. Энэ тохиолдолд ажил олгогч зөвхөн хасагдсан орон тооны ажлын байранд ажиллаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцална гэж тайлбарласны дагуу Төрийн банкны ТУЗ-ийн 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 118 дугаар тогтоолоор хүчингүй болон хасагдсан Системийн удирдлагын хэлтсийн захирал гэх албан тушаалыг хашиж байсан М.Баасансүрэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан. Үүнийг тухайн үед М.Баасансүрэн хүлээн зөвшөөрч ямар нэгэн татгалзал гаргалгүй "ажил хүлээлцсэн акт"-д гарын үсэг зурсан байгааг шүүх бүрэлдэхүүн үнэлээгүй. Мөн М.Баасансүрэнгийн ажлыг 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээж авахдаа нэгэнт хүчин төгөлдөр болсон Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 182/ШШ2016/00713 дугаар шийдвэрээр ажлаас үндэслэлгүй халагдсан нь тогтоогдсон Г.Энхтамирыг Системийн хэлтсийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоосныг үндэслэсэн бөгөөд "ажил хүлээлцэх акт" дээр М.Баасансүрэн, Г.Энхтамир нар хүлээн зөвшөөрөн гарын үсэг зурсан байгааг шүүх үнэлээгүй. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 182/ШШ2016/00713 дугаар шийдвэрээр Г.Энхтамирыг маргаан бүхий албан тушаалд эгүүлэн томилсон. Ажил олгогчийн зүгээс шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлж, Г.Энхтамирыг маргаан бүхий албан тушаалд томилж, М.Баасансүрэнд бололцооны дагуу өөр ажил санал болгосон. Ажил олгогчийн зүгээс бичгээр гаргасан шийдвэрт холбогдох хуулийн заалтыг баримтлаагүй боловч хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлж өмнөх ажилтныг ажилд томилон, түүний ажлын байранд ажиллаж байсан ажилтныг ажлаас чөлөөлснийг буруутгах үндэслэлгүй юм. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

 

            Нэхэмжлэгч М.Баасансүрэн хариуцагч “Төрийн банк” ХХК-д холбогдуулан гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/1418 тоот тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрөн маргасан байна.

           

Ажил олгогч “Төрийн банк” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн Б/556 дугаар тушаалаар М.Баасансүрэнг тус банкны мэдээлэл технологийн газрын системийн хэлтсийн захирлын албан тушаалд томилон ажиллуулжээ. /хх 4/

 

 Мөн “Төрийн банк” ХХК-ийн гүйцэтгэх захирал 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Б/1418 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтыг үндэслэн М.Баасансүрэнг системийн удирдлагын хэлтсийн захирлын албан тушаалаас нь чөлөөлсөн байна. /хх 23/

 

Хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөхдөө “...тус байгууллагын бүтэц зохион байгуулалт шинэчлэн батлагдсантай холбогдуулан нэхэмжлэгчийн ажлын байр байхгүй болсон, ажилтанд өөр ажил санал болгосон боловч саналыг хүлээж аваагүй” гэсэн тайлбар гаргажээ.

 

Төрийн банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 118 дугаар тогтоолоор “Төрийн банк” ХХК-ийн зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн баталж, уг тогтоолыг үндэслэн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 132 дугаар тогтоолоор Төрийн банкны зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт оруулсан байна. /хх35-38/

 

Дээрх баримтаас үзэхэд “Төрийн банк” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн тогтоолоор тус банкны зохион байгуулалтын бүтцээр орлогч захирлын удирдлагад мэдээллийн технологийн газар, программ өгөгдлийн сангийн хэлтэс, системийн хэлтэс, программ ашиглалтын хэлтэстэй байхаар тус тус өөрчилж, “мэдээлэл технологи иновацийн газар”-ыг “мэдээллийн технологи газар” гэсэн нэршилтэй болгож, уг газрын харьяанд байсан “системийн удирдлагын хэлтэс”-ийг “системийн хэлтэс” гэж нэршлийн хувьд өөрчилжээ. /хх33-36 /

 

 Хэрэгт шинээр батлагдсан Системийн хэлтсийн захирал”-ын ажлын байрны тодорхойлолт авагдсан байх бөгөөд өмнөх “Системийн удирдлагын хэлтсийн захирал” ажлын байрны тодорхойлолттой харьцуулахад ажлын зорилго чиг үүрэг нь өөрчлөгдсөн гэж үзэхээргүй байна. /хх33-36 /

 

Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр үйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ цуцалж болох эрхтэй ч хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тухайн ажилтны ажиллаж байсан тодорхой ажил албан тушаалын ажлын байр байхгүй болсон байдал нь тогтоогдсон байх ёстой.

 

Төрийн банкны Төлөөлөн Удирдах Зөвлөл эрх хэмжээнийхээ дагуу Төрийн банкны зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн баталсан байгаа боловч нэхэмжлэгч М.Баасансүрэнгийн ажлын байр буюу “Системийн удирдлагын хэлтсийн захирал”-ын гүйцэтгэж байсан ажил албан тушаал, ажлын чиг үүрэг нь хэвээр хадгалагдаж байгаа болох нь хэргийн баримтаар тогтоогдсон бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр түүний ажиллаж байсан ажлын байр байхгүй болсон гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Иймд анхан шатны шүүх М.Баасансүрэнг хууль зүйн үндэслэлгүйгээр ажлаас нь чөлөөлсөн гэж дүгнэж, түүнийг “Төрийн Банк” ХХК-ийн системийн удирдлагын хэлтсийн захирлын ажилд эгүүлэн тогтоосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалттай нийцсэн байна гэж дүгнэв. 

 

Шүүх Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д зааснаар “… ажлаас буруу халсантай холбогдуулан дундаж цалин хөлсийг тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцож ажилгүй байсан хугацаанд бодож нийт 5 028 490 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж шийдвэрлэсэн нь зөв болсон байна.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар Төрийн банк системийн удирдлагын хэлтэс 3 бүтцийн газар, албан тушаалтантай байсан, харин системийн хэлтэс 4 бүтцийн байгууллага, албан тушаалтантай байхаар шинэчлэгдэн батлагдсан, М.Баасансүрэн ажил хүлээлцэх актыг хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан гэсэн агуулгаар давж заалдах гомдол гаргажээ.

 

            Ажил олгогч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу ажилтны эрхэлж байсан ажил албан тушаалыг байхгүй болсон гэсэн тайлбараа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

 

                  Ажилтан М.Баасансүрэн ажил олгогчийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгсөн актанд гарын үсэг зурсан нь түүнийг ажлаас халагдсан байдлаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлгүй болно.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

                

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 182/ШШ2017/00696 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид “Төрийн банк” ХХК-ийн төлсөн 95405 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     А.МӨНХЗУЛ

                       

                              ШҮҮГЧИД                                     Г.ДАВААДОРЖ                                                                                                                                

                                                                                   Ц.ИЧИНХОРЛОО