Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 113/ШШ2019/0011

 

Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Ганзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны II танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: “Ч” ХХК (РД:), Г аймгийн Б сумын 1 дүгээр багт оршин байх;

Хариуцагч: Г аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Б.О;

 Г аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Б.О-ийн үйлдсэн 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 0900001 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий гомдолтой захиргааны хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: гомдол гаргагч хуулийн этгээдийн Гүйцэтгэх захирал Л.С, өмгөөлөгч П.Н, хариуцагч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

“Ч” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.С шүүхэд гаргасан гомдолдоо: “Манай компани Г аймгийн Б суманд ноос ноолуур боловсруулах үйлдвэрлэл эрхэлдэг бөгөөд 2011 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирсэн. Энэ хугацаанд аливаа төрийн байгууллагын хяналт шалгалтын үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандаж, өөрсдийн үүргээ биелүүлж ирсэн. Үүний нэгэн адилаар Г аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2017 оны 10 сарын төлөвлөгөөт шалгалтанд хүндэтгэлтэй хандаж, ирсэн улсын байцаагч Б.О-ийн тавьсан аливаа шаардлагыг хүлээн авч, шалгалтанд хамрагдвал зохих аливаа материалыг гарган өгч, зохих тайлбар мэдээллээр бүрэн хангаж, хүсэлт шаардлагыг биелүүлж ажилласан. Ингээд шалгалтын үр дүн гарч зарим акт, шаардлагыг үйлдэж бидэнд ирүүлсэн байдаг.

Гэтэл Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Б.О нь “...төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, хийсэн үйл ажиллагаанд нь саад учруулсан” гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийтгэл ногдуулах үндэслэлтэй байна гэж үзэж 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 0900001 дугаартай шийтгэлийн хуудсыг үйлдсэн нь хууль зүйн болон бодит байдлын хувьд үндэслэлгүй гэж үзэж байна.

Учир нь улсын байцаагч Б.О нь шалгалтын ажиллагааны явцдаа яг ямар шаардлага тавьсан, миний зүгээс яг ямар шаардлагыг нь эсэргүүцсэн, биелүүлээгүй болохыг тодорхой дурдаагүй байна. Өөрөөр хэлвэл миний хувьд түүний зүгээс тавьсан ямар ч шаардлагыг эсэргүүцээгүй бөгөөд тавьсан аливаа шаардлагыг бүрэн биелүүлсэн гэж үзэж байна. Г аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Б.О-ийн үйлдсэн 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 0900001 дугаартай шийтгэлийн хуудасны үр дагаварт манай “Ч” ХХК нь үндэслэлгүйээр 500 нэгжтэй тэнцэх мөнгөн торгууль хүлээж, мөн огт үзээгүй, хүлээлгэж өгөөгүй актаар 128.949.700 төгрөгийг төлөх үүргийг хүлээх болоод байна.

Энэхүү шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч дээд шатны байгууллага, албан тушаалтан болох Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Г аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Б.Г нарт хандсан боловч гомдлыг хүлээн авахаас татгалзаж, шүүхэд хандахыг зөвлөсөн хариуг ирүүлээд байна. Иймээс үндэслэлгүйгээр шийтгэлийн хуудас үйлдсэнийг хууль бус гэж үзэж Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Б.О-ийн үйлдсэн 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 0900001 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Б.О шүүхэд гаргасан тайлбартаа: “Манай байгууллагаас 2017 оны хяналт шалгалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 09/75 дугаар удирдамжийн хүрээнд тус компанийн нийгмийн хамгааллын үйл ажиллагаа, холбогдох баримт, Төрийн хяналт шалгалтын тухай, Нийгмийн даатгалын тухай хуулиуд, тэдгээрийг хэрэгжүүлэхээр төрийн эрх бүхий байгууллагаас нийтээр дагаж мөрдөхөөр гаргасан дүрэм, журмын биелэлт, хэрэгжилтэнд нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч Б.О, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б.Х болон бусад байцаагч нар хамтран 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 11 дүгээр сарын 08-ны өдрүүдэд холбогдох мэргэжилтнүүдийг байлцуулан хяналт шалгалт хийсэн.

Зөрчил арилгуулахаар үйлдэн хүргүүлсэн хяналт шалгалтын баримт бичгүүдээс 06-018/74, 09-06-018/76, 09-06-018/77 тоот улсын байцаагчийн актууд, 4.2 кодтой хяналтын хуудастай танилцаж тэмдэг даран баталгаажуулан ирүүлсэн ч улсын байцаагчийн 09-06-018/73 дугаартай /нийгмийн даатгалын шимтгэлийн өрийн үлдэгдэл 85966.5 мянган төгрөг, түүнд ногдох алданги 42983.2 мянган төгрөг, нийт 128949.7 мянган төгрөгийн/ нөхөн төлбөр тогтоосон акт, 09-06-018/227 дугаартай 14 заалт бүхий хамтарсан албан шаардлагыг хүлээн аваагүй, танилцаагүй гэх тайлбарыг мэдүүлж хяналт шалгалтын баримт бичгийг дутуу ирүүлсэн тул орхигдсон акт, албан шаардлагыг ирүүлэхийг мэдэгдэн утсаар болон захидал илгээн шаардсан хэдий ч ирүүлээгүй, холбоо барих утасны дуудлагыг авахгүй зэргээр улсын байцаагчийн хууль ёсны шаардлагыг илтэд эсэргүүцэн актын төлбөрийг барагдуулахгүй, улсын байцаагчийн өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй, хяналт шалгалтын байгууллагын болон улсын байцаагчийн үйл ажиллагаанд саад учруулсаар байсан тул дараагийн шатны арга хэмжээг авч байгууллагын хүний нөөц, эрх зүйн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэнд хандан гомдол мэдээллээр бүртгүүлсэн. Улмаар аймгийн Прокурорын газарт мэдэгдэн “Ч” ХХК, захирал Л.С, менежер Д.М нарт холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэг, 15.2 дугаар зүйлийн 1.1, 1.3 дахь хэсэгт тус тус зааснаар 1817000009 дугаартай зөрчлийн хэрэг нээн шалгасан.

Зөрчлийн хэргийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар шалган шийдвэрлэж холбогдогчоос мэдүүлэг аван, эрх үүргийг тайлбарлан танилцуулж баталгаажуулан өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах боломжийг бүрэн олгож, зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд оролцогчоос албан ёсоор хүсэлт, гомдол ирүүлээгүй тул эрх бүхий албан тушаалтан миний бие оролцогчийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн, шийтгэл оногдуулах нөхцөл байдлыг тогтоон эрх үүргийн хүрээнд хэрэг бүртгэлтийн хугацаанд шийдвэрлэж дуусгавар болгон энэ тухай мэдэгдэж, зөрчлийн хэрэгтэй танилцах боломжоор ханган 1 дүгээр сарын 23-аас 25-ны өдрүүдэд захирал Л.С-ын 99..... дугаарын утсаар удаа дараа холбогдсон ч захирал Л.С нь өөрийн биеэр ирж танилцаагүй тул хэргийн материалыг холбогдогчид танилцуулсан тухай тэмдэглэл үйлдэн баталгаажуулсан.

Г аймгийн Б сумын 1 дүгээр багт байрших “Ч” ХХК /РД: /, захирал Зүлэгт овогтой Л-ийн С /ЕЙ/ нь Мэргэжлийн хяналтын байгууллагын төлөвлөгөөт хяналт шалгалтын мөрөөр зөрчил арилгуулахаар үйлдэн хүргүүлсэн хяналт шалгалтын баримт бичиг улсын байцаагчийн 09-06-018/73 дугаартай нөхөн төлбөр тогтоосон акт, 09-06-018/227 дугаартай 14 заалт бүхий хамтарсан албан шаардлагыг илтэд эсэргүүцэн акт, албан шаардлагыг ирүүлэхийг мэдэгдэн утсаар болон захидал илгээн шаардсан хэдий ч хариу ирүүлээгүй, холбоо барих утасны дуудлагыг авахгүй байх, актын төлбөрийг барагдуулахгүй, албан шаардлагын биелэлт тооцон ирүүлэхгүй байх /мөн өмнөх онд хийгдсэн хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар нийт 13 заалт бүхий хамтарсан албан шаардлага хүргүүлсний хариуг ирүүлээгүй, түүнд тусгагдсан даатгуулагчдаас суутгасан болон ажил олгогчоос төлөх 70.8 сая төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг барагдуулж, цаашид сар бүр төлу хэвших, албан шаардлагын биелэлтийг заалт тус бүрээр биелүүлж, 2016 оны 11 дүгээр сарын 01-ний дотор гүйцэтгэлийг ирүүлэхийг мэдэгдсэн үүргийг биелүүлээгүй/ зэргээр хяналт шалгалтын үйл ажиллагаанд саад учруулан улсын байцаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэг, 15.2 дугаар зүйлийн 1.1, 1.3 хэсэгт тус тус заасныг зөрчсөн болох нь 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 04-63-120 дугаартай улсын ахлах байцаагчийн албан шаардлага, Улсын /ахлах/ байцаагчийн актад дугаар олгох бүртгэлийн дэвтэр, Улсын /ахлах/ байцаагчийн албан шаардлагад дугаар олгох бүртгэлийн дэвтэрт тус тус бүртгэгдсэн байдал, менежер Д.М-ын хяналт шалгалтын дүнтэй танилцаж 4.2 кодтой хяналт шалгалтын хуудсанд гарын үсэг зурсан байдал, захирал Л.С-ын 09-06-018/74, 09-06-018/76, 09-06-018/77 тоот улсын байцаагчийн актууд, 4.2 кодтой хяналтын хуудастай танилцаж, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж тэмдэг даран баталгаажуулсан байдал, 99084176, 70543469 дугаарын утасны билл, залгасан бүртгэл, гэрчийн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй хэмээн үзэж Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд заасныг үндэслэн Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.0 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан. Гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Г аймгийн Мэргэжлийн хяналтын газрын нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч /цаашид “эрх бүхий албан тушаалтан” гэх/  Б.О нь “Ч” ХХК, тус компанийн Гүйцэтгэх захирал Л.С болон менежер Д.М нарыг тус тус холбогдогчоор татаж, 1817000009 дугаартай зөрчлийн хэрэг нээн, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулжээ.

Ингэхдээ “Зөрчлийн хэрэг нээх тухай” 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 01 дүгээр тогтоолд “Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 2.5, 15.2 дугаар зүйлийн 1.1, 1.3 дахь хэсэгт заасан (а) улсын байцаагчийн 09-06-018/73 акт, 09-06-018/227 албан шаардлагыг санаатайгаар устгасан, (б) хяналт шалгалтын үйл ажиллагаанд саад учруулсан, (в) улсын байцаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй[1] гэх зөрчлийг тус тус үйлдсэн, үүнээс (б) болон (в)-д тодорхойлсон зөрчлийг нотлох баримтаар тогтоогдсон гэж дүгнэн 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 0900001 дугаартай шийтгэлийн хуудсаар “Ч” ХХК, захирал Л.С-ыг Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

Шүүх гомдлоор үүсгэсэн энэ хэрэг, түүнд хавсаргасан 1817000009 дугаартай зөрчлийн хэргээс хуульд заасан журмын дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгчийн гаргасан тайлбартай харьцуулан дүгнэж, “Ч” ХХК-ийн гаргасан гомдлын шаардлагыг хангаж, дахин шинэ акт гаргах хүртэл 0900001 дугаартай шийтгэлийн хуудсыг түдгэлзүүлж шийдвэрлэхдээ шүүхийн шинжлэх судлах боломжоос хэтэрсэн дараах нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн болно.

I. Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд холбогдогчоор татагдсан субъектүүдийн тухайд;

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснааар зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэх бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 2.6, 2.7, 2.8, 2.9-д заасны дагуу ямар зөрчилд холбогдож байгаагаа мэдэх, мэдүүлэг өгөх, эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаанд гомдол гаргах, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох, зөрчлийн хэрэгтэй танилцах болон хуульд заасан бусад эрхийг холбогдогч эдэлнэ.

1817000009 дугаартай зөрчлийн хэргээс үзэхэд (1) холбогдогч Гүйцэтгэх захирал Л.С-т эрх үүргийг танилцуулж, мэдүүлэг авсан ба зөрчлийн хэрэгтэй тодорхой хэлбэрээр танилцах боломж олгосон байна.

Гэвч зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд дараах зөрчил илэрч байна. Үүнд:

- холбогдогч (2) “Ч” ХХК-ийн хувьд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцох тус хуулийн этгээдийн “хууль ёсны төлөөлөгч”-ийг томилж, тогтоол үйлдээгүй.

- хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгчөөс гадна (3) менежер Д.Мт холбогдогчийн эрх үүргийг танилцуулж, мэдүүлэг аваагүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй зэргээр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 хэсгийн 1.2-т “Эрх бүхий албан тушаалтан дараах хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно: хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг”, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлтийг дуусгахаас өмнө оролцогч, тэдгээрийн өмгөөлөгчийг зөрчлийн хэрэгтэй танилцах боломжоор хангана” гэж тус тус заасныг зөрчсөн байна.

“Ч” ХХК-ийн 0000083061 дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд “Гүйцэтгэх захирал: Л.С” гэж бүртгэгдсэн[2] боловч 1817000009 дугаартай зөрчлийн хэрэгт уг гэрчилгээ, эсхүл гүйцэтгэх удирдлагыг тодорхойлох бусад баримт бичгийг хавсаргаагүй ба зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хууль ёсны төлөөлөгчийг томилсон тогтоол үйлдээгүй болохоо хариуцагч мэдүүлсэн болно.

Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д “Компанийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн, гүйцэтгэх захирал, санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч, ерөнхий мэргэжилтэн, ... зэрэг компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно” гэж заасан тул холбогдогчоор татсан гүйцэтгэх захирал Л.С, менежер Д.М, эсхүл компанийн бусад эрх бүхий албан тушаалтнаас хэнийг “Ч” ХХК гэдэг хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоохыг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг эрхлэн явуулж буй эрх бүхий албан тушаалтан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар олгосон эрхийн дагуу шийдвэрлэх шаардлагатай.

II. Холбогдогч нарт хамаарах зөрчлүүдийн тухайд;

Эрх бүхий албан тушаалтан Б.О нь “Зөрчлийн хэрэг нээх тухай” 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 01 дүгээр тогтоолын “Тогтоох нь:” хэсэгт заасан[3] зөрчлүүдээс холбогдогч “Ч” ХХК (РД:), гүйцэтгэх захирал Л.С (РД:ЕЙ), менежер Д.М (РД:ЕЙ) тус бүрийн хувьд аль нь хамаарахыг тодорхойлж, шалган тогтоох ажиллагааг бүрэн гүйцэд явуулаагүй байна.

Тодруулбал, уг тогтоолд холбогдогч/ид/-ийг Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 2.5, 15.2 дугаар зүйлийн 1.1, 1.3 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн гэж дурдсан атлаа зөвхөн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн[4], зөрчил тогтоогдсон гэж дүгнэсэн нь тус хуулийн 4.15 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ”, 5-д “Хуульд заасан журам зөрчиж цуглуулсан, бэхжүүлсэн нотлох баримт нотлох чадвараа алдах бөгөөд энэ хуульд заасан шийдвэрийн үндэслэл болохгүй”, 6.10 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлтийг дуусгаж дараах шийдвэрийн аль нэгийг гаргана: 1.1 зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох, 1.2 шийтгэл оногдуулах, 1.3 Зөрчлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэл байгаа бол шийтгэлээс чөлөөлөх”, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл ногдуулахдаа дараах нөхцөл байдлыг тогтоосон байна:”, тус хэсгийн 1.3-д “тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх” гэж тус тус заасанд нийцээгүй байна.

Өөрөөр хэлбэл, зөрчлийн талаар гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, “Зөрчлийн хэрэг нээх тухай” 01 дүгээр тогтоолд дурдсан зөрчлүүдийн аль нь хэнд холбогдох, мөн аль холбогдогчид хамаарах ямар үйлдэл, эс үйлдэхүйг шалган тогтоож, шийтгэл оногдуулсан, хэнд холбогдох ямар үйлдэл, эс үйлдэхүйг тогтоогдохгүй хэмээн хэрхэн шийдвэрлэсэн (шийтгэлээс чөлөөлөх, зөрчлийн хэргийг хэрэгсэхүй болгох, эсхүл шийтгэл оногдуулах г.м) зэргийг зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаагаар нэр мөр шийдвэрлэх учиртай.

Эдгээр үндэслэлээр “Ч” ХХК-ийн гаргасан гомдлын шаардлагыг хангасан ба Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 1.5, 1.10, 3.5 дугаар зүйлийн 1 хэсгийн 1.2, 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т тус тус зааснаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах, зөрчлийг шалган тогтоох, шийтгэл ногдуулах шийдвэр гаргах зэрэг нь зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтны хэрэгжүүлэх чиг үүрэг буюу түүнд хуулиар олгосон бүрэн эрх юм.

Тиймээс цаашид тодруулах шаардлагатай дээрх нөхцөл байдлуудыг шүүхийн шинжлэх судлах боломжоос хэтэрсэн гэж дүгнэн, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын дотор хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл Г аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Б.О-ийн үйлдсэн 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 0900001 дугаартай шийтгэлийн хуудсыг түдгэлзүүлж, тогтоосон хугацаанд хариуцагчаас шинэ акт гаргаагүй тохиолдолд дээрх шийтгэлийн хуудас хүчингүй болохыг тэмдэглэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.11 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.10, 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан “Ч” ХХК-ийн гомдлын шаардлагыг хангаж, хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл Г аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Б.О-ийн үйлдсэн 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 0900001 дугаартай шийтгэлийн хуудсыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5, 107.6-д зааснаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор хариуцагч шинэ акт гаргаагүй бол Г аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Б.О-ийн үйлдсэн 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 0900001 дугаартай шийтгэлийн хуудас хүчингүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48.1-д заасныг баримтлан гомдол гаргагч хуулийн этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, Г аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж “Ч” ХХК (РД:)-д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 113 дугаар зүйлийн 113.2–т зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       З.ГАНЗОРИГ

 


[1] Хэргийн 20-21 дэх тал, хэрэгт хавсаргасан 1817000009 дугаартай зөрчлийн хэргийн 2-3 дахь талд 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн “Зөрчлийн хэрэг нээх тухай” тогтоол авагдсан.

 

[2] Хэргийн 4 дэх тал /арын нүүр/-д

[3] Энэ шийдвэрийн “Үндэслэх нь” хэсэгт (а), (б), (в)  гэж дугаарласан.

[4] Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан, эсхүл 1.3-д заасан, үгүй бол аль аль зөрчил тогтоогдсон уу гэдгийг 0900001 дугаартай шийтгэлийн хуудасны “шийдвэрлэх нь:” хэсэгт тодорхой заагаагүй байна.