Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2018/01319

 

Н.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 182/ШШ2018/00342 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 890 дүгээр магадлалтай,

Н.О-ийн нэхэмжлэлтэй,

“Т” ХХК-д холбогдох,

Цалин 5.041.050 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нарантуяагийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нарантуяа, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч Н.О- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/1752 дугаар тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдсан. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 1406 дугаартай магадлалаар Н.О-ийг Т ХХК-ийн Захиргаа, удирдлагын газрын Хүний нөөцийн хэлтсийн Зохицуулалт хариуцсан мэргэжилтэн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 6.193.188 төгрөгийг олгож шийдвэрлэсэн. Т ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/1721 тоот тушаалаар ажилд эгүүлэн тогтоосон. Иймд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 5.041.050 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү.

Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлээ 1.872.390 төгрөгөөр нэмэгдүүлсэн боловч уг шаардлагаасаа татгалзжээ.                                                  

Хариуцагч “Т” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Т ХХК нь 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/1721 тоот тушаалаар Н.О-ийг Т ХХК-ийн Захиргаа, удирдлагын газрын Хүний нөөцийн хэлтсийн Зохицуулалт хариуцсан мэргэжилтэн ажил, албан тушаалд эгүүлэн томилж, цалин хөлстэй тэнцэх олговорт 6.193.188 төгрөгийг олгож шүүхийн шийдвэрийг биелүүлсэн. Н.О- мэргэжил, ур чадварын хувьд ажилдаа тэнцээгүй үндэслэлээр ажлаас халагдсан тул 3.000.000 төгрөг төлөхийг зөвшөөрч, 2.041.050 төгрөгийг хасч эвлэрэх хүсэлттэй байна гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 182/ШШ2018/00342 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Т ХХК-иас урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 5,041,050 /таван сая дөчин нэгэн мянга тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.О-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,872,390 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дах хэсэгт заасныг баримтлан дээрх олговроос Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган зохих байгууллагад шилжүүлэн, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч Т ХХК-нд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 195,810 төгрөгийг Улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж Н.О-т олгож, хариуцагч Т ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 95,610 төгрөгийг гаргуулж Улсын төсвийн орлого болгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 890 дүгээр магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 182/ШШ2018/00342 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн 95.610 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нарантуяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 890 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр энэхүү гомдол гаргаж байна.

Тнаас Н.О-ийг 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ажилд үргэлжлүүлэн томилсон ч тэрээр 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл ажлын 15 хоног өвчтэй гэх шалтгаанаар ажилдаа ирээгүй Банкнаас Н.О-ийг ажилд нь эгүүлэн тогтооход үргэлжлүүлэн, өвчтэй гэх шалтгаанаар ажил тасалсан зэргээс үзэхэд Н.О- нь ажил хийх хүсэлгүй, ажилгүй байсан хугацаа буюу 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх 5 сарын цалин хөлсөнд 5.041.050 төгрөг нэхэмжлэх үндэслэлгүй байна. Түүнчлэн Нийгмийн хамгаалал Хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тушаалын хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 4 дүгээр зүйлд Ажилтанд олгож байгаа /Унаа, түлш, байр, хоолны үнийн хөнгөлөлт/ нь ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулахгүй хэмээн заасан. Гэтэл Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх өмнөх шүүхийн шийдвэрийг үндэслэн ажилтны дундаж цалин хөлсийг 1,032,195 төгрөгөөр тооцон хэргийг буруу шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч Н.О-ийн 2016 оны 01 дүгээр 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх цалин хөлс нь нийт 12,464,326 төгрөг бөгөөд хоол, унааны мөнгөнд олгосон 800,000 төгрөгийг хасч тооцвол 12 сарын цалин хөлс нь 11,655,396 төгрөг үүнийг 12 сард хувааж тооцвол 1 сарын дундаж цалин хөлс нь 971,283 төгрөг төлөхөөр байна.

Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 890 дугаар магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч Н.О- нь хариуцагч “Т” ХХК-д холбогдуулан 5.041.050 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргахдаа шаардлагаа буруу халсан үеийн олговор гэжээ. Хариуцагч нэхэмжлэлийн зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгчийг Т ХХК-ийн Захиргаа удирдлагын газрын хүний нөөцийн хэлтсийн зохицуулалт хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байна /хэргийн  5-23 дугаар тал/.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй.  

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй тул шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс үүсэх эрх зүйн үр дагаврыг хариуцна.

Ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохоор Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан, нэхэмжлэгч  ажилд эгүүлэн тогтоосон шийдвэр гарсан  өдрөөс ажилд томилсон өдөр хүртэл хугацааны цалинтай тэнцэх  олговрыг шаардсан нь ажилгүй байсан хугацаанд хамаарна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-д зааснаар хөдөлмөрийн гэрээний талууд ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоос бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй.

Шүүхийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийг ажил олгогч 2017 оны 11 дүгээр сарын 20-ний өдөр биелүүлж, Б/1721 дүгээр тушаал гаргасан, нэхэмжлэгч 2017 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасныг зөрчөөгүй байна.  

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухай хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, ажилгүй байсан 105 хоногийн олговрыг шүүхийн шийдвэрт заасан цалингийн дунджаар тооцож нэхэмжлэлийг хангасан нь хууль зүйн үндэслэлтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 182/ШШ2018/00342 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 890 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нарантуяагийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдөр төлсөн 95.610 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ