Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 811

 

2017 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2017/00795

Улаанбаатар хот

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

  

 

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөөнд байрлах, Худалдаа хөгжлийн банкны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, үйлдвэр 98-2 тоотод оршин суух  Бичигтийнхэн овогт Гомбожавын Туяа /РД:ЕО60010669/,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, үйлдвэр 98-2 тоотод оршин суух  Алаг адуун овогт Сүхбаатарын Рэнчинжүгдэр /РД:ЕО82060272/  нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 99 084 787,56 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганболд, хариуцагч Г.Туяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Анхбаяр нар оролцов.                                                                     

 

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын орлогч С.Оргодол шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн Г.Туяа, С.Рэнчинжүгдэр нар нь 2010 оны 12 дугаар сарын 03-ны өдөр тус банкны №2010/199 тоот “Орон сууцны зээлийн гэрээ”, №2010/199-2 тоот “Батлан даалтын гэрээ” мөн, №2010/199-1 тоот “Үл хөдлөх хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-нүүдийг байгуулан 89 000 000 төгрөгийг сарын 1,5 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай орон сууцны зориулалтаар авсан.

            Зээлдэгч Г.Туяа, С.Рэнчинжүгдэр нар нь 2010 оны 12 дугаар сарын 03-ны өдөр тус банкны №2010/199 тоот “Орон сууцны зээлийн гэрээ”, №2010/199-2 тоот “Батлан даалтын гэрээ” мөн, №2010/199-1 тоот “Үл хөдлөх хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-гээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож улсын бүртгэлийн  Ү-2206015811 дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, үйлдвэр ХД98-2 тоотын 111,4 м.кв 3 өрөө орон сууцыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаажуулсан болно. Зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээлээ төлөлгүй зээлийн эргэн төлөлтийн хуваариа удаа дараа ноцтойгоор зөрчиж ирсний улмаас 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар зээл, зээлийн хүүгийн төлбөр нь нийт 99 073 878,56 төгрөг байна.

Иймд тус банкны зүгээс зээлийн гэрээг цуцлаж, зээлдэгч Г.Туяа, С.Рэнчинжүгдэр нараас зээл зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 99 073 878,56 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөр болох 653 375 төгрөг, мөн шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардал 11 000 төгрөгийг тус тус гаргуулж, Худалдаа хөгжлийн банкинд олгуулахаар шийдвэрлэж өгнө үү. Хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг албадан хангуулах тухай шүүхийн шийдвэрт зааж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Г.Туяа нь төлбөрийг төлөхгүй итгэл алдах асуудал гараад байдаг. Гэхдээ эвлэрэх, маргаанаа эвийн журмаар шийдвэрлэх хүсэлтийг хүлээн авахад татгалзахгүй. Түүний зээлийн зөрчил нь өнөөдрийн байдлаар нийт 25 320 150 төгрөг болсон байна. Энэ төлбөрийг төлчихөөд сар бүрийн графикт төлбөрийг дахин төлөөд байх юм бол зээлийн гэрээг цуцлахгүйгээр эвлэрэх боломжтой. Энэ сардаа багтааж 25 320 150 төгрөгийг төлөх хэрэгтэй байна. Тиймээс гэрээний зөрчил болох 25 320 150 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 30-нд төлөх, 5 дугаар сарын 09-ний өдрөөс үндсэн зээлийн гэрээний хуваарийн дагуу төлбөрөө төлөх, энэ тохиолдолд  бид гэрээг цуцлахгүйгээр үргэлжлүүлэх хүсэлтийг нь хүлээн авч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх боломжтой, хэрвээ гэрээг үргэлжлүүлэн төлөөд явах юм бол үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагагүй болж байна гэв.

 

            Хариуцагч Г.Туяа,  С.Ренчинжүгдэр нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

            Иргэн Г.Туяа, С.Ренчинжүгдэр бид нар 2010 оны 12 сарын 03-ны өдөр Худалдаа хөгжлийн банктай № 2010/199 тоот “Орон сууцны зээлийн гэрээ” 2010/199-2 тоот “Батлан даалтын гэрээ”, мөн 2010/199-2 тоот “Үл хөдлөх хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-нүүдийг байгуулан 89 000 000 төгрөгийн зээлийг сарын 1,5 хувийн хүүтэй, 180  сарын буюу 15 жилийн хугацаатай орон сууцны зориулалтаар авсан байна. Дээрхи зээлийг 2011 оны 1 сарын 09-ний өдрөөс 2016 оны 3 сарын 09-ний өдрийг хүртэл  91 350 000 төгрөгний хүү, үндсэн  зээлийг төлж байгаад 2016 оны 3 сарын 09-ний өдрөөс зээлээ төлж чадахгүйд хүрсэн билээ. Учир нь  бид барилгын салбарт ажилладаг учир 2012 оноос 2016 он хүртэл барилгын салбарт  ажиллаж байгаа компани, хувь хүнд хүндээр туссанаас гадна санхүүжилтийг зогсоосноос болж бид туйлын хүнд байдалд орсон болно. Гэвч би зээлээ хүүтэй зээл авч төлөх тохиолдол ч байсан. Засгийн Газар 2012 оноос барьсан барилгын санхүүжилтийн гүйцэтгэлийн санхүүжилтийг зогсоож улсын төсөвт суугдсан мөнгийг тэглэж 2015 оныг дуустал хөрөнгө оруулалтыг батлаагүй болно. Бид энэ хугацаанд хүү, зээлийн хооронд барилгаа барьж дуусгаж ашиглалтанд хүлээлгэж өгсөн болно.

Энэ барилгын ажлын байдал хүндрэл одоо ч үргэлжилж байна. Мөн энэ зээлийн гэрээг одоо ингээд нарийвчлан үзэхэд  89 000 000 төгрөгийн зээлийг 1,5 хувиар авахад сард 1 335 000 төгрөг төлөх болж байгаа болно. Гэтэл гэрээн дээр 1 450 088 төгрөг байна. Зөрүү нь 115 088 төгрөг болж байна. 89 000 000*1,5%= 1 335 000, 89 000 000*1,5%=1 450 088, зөрүү 115 088, 1 335 000*180= 240 300 000, 1 450 088*180=261 015 840 зөрүү 20 715 840 төгрөг, нэхэмжилсэн дүн болон нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банкнаас  гаргасан  нэхэмжлэлд  дурьдсан  дүн болон гэрээг дахин хянуулах нь зөв гэж үзэж байна. Иймд дээрхи гэрээг хянаж өгөхийг хүсч уламжилж байна гэжээ.

 

Хариуцагч Г.Туяа  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бидний хувьд нэхэмжлэгчээс зээл авсан нь үнэн, тиймээс зээлийг төлөх талаар маргахгүй зөвшөөрч байна. Хариу тайлбартаа зээлийн үнийг хянуулна гэсэн боловч энэ талаар ойлгосон. Зээлийг хугацаандаа төлж явж байсан боловч барилгын ажил нь улирлын чанартай байдаг учраас хүндрэл гарч зээлийн төлөлт саатсан юм. Тиймээс зээлийн гэрээний зөрчлийг арилгаж, зээлийн гэрээг цуцлахгүйгээр цаашид үргэлжлүүлэх хүсэлтэй байна. Миний бие өнөөдрийн байдлаар төлөөгүй байгаа гэрээний зөрчил болох 25 320 150 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 30-ний өдөр төлж барагдуулаад 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс зээлийн гэрээний хуваарьт төлбөрийг төлөөд явах саналтай байна гэв.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээнд: “...Худалдаа хөгжлийн банк нь иргэн Г.Туяа, С.Рэнчинжүгдэр нараас зээл хүүгийн төлбөрт 99 084 878,56  төгрөгийг нэхэмжилсэн юм. Шүүх хуралдааны явцад зохигчид дараах байдлаар эвлэрч байна. Энэхүү зээлийн зөрчил нь 2017 оны 4 сарын 06-ны өдрийн байдлаар 25 320 150 төгрөг байгаа ба энэ зөрчлийг 2017 оны 5 сарын 30-ны дотор төлж барагдуулна. Хуваарьт төлөлт болох 1 450 000 төгрөгийг 2017 оны 5  сарын 09-нд төлөх болно. Иймд Худалдаа хөгжлийн банк нь зээлийн гэрээг цуцлахаас татгалзаж байгаа болно” гэжээ.

            ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “Худалдаа хөгжлийн банк” нь хариуцагч Г.Туяа, С.Рэнчинжүгдэр нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 99 084 787,56 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа зээлийн гэрээний үүрэгт 25 320 150 төгрөгийг гаргуулахаар өөрчилжээ.

 Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад зохигч талууд эвлэрч, 2017 оны 4 дүгээр  сарын 06-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан байна. Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 25 320 150 төгрөгийг хариуцагч маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, уг 25 320 150 төгрөгийг 2017 оны 5  дугаар сарын 30-ний дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байна.

Иймд зохигчид эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 653 375 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас зохигчийн эвлэрсэн хэмжээний буюу 25 320 150 төгрөгт тооцогдох улсын тэмдэгтийн хураамж 284 550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон                                                                                                

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банкны нэхэмжлэлтэй хариуцагч  Г.Туяа, С.Рэнчинжүгдэр нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 25 320 150 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 25 320 150 төгрөгийг хариуцагч маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, уг 25 320 150 төгрөгийг 2017 оны 5  дугаар сарын 30-ний дотор төлж барагдуулахаар зохигч талуудын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банкны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 653 375 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч   Г.Туяа, С.Рэнчинжүгдэр нараас 284 550 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Д.ХУЛАН