Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 03

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                            Г.Ганзоригийн нэхэмжлэлтэй иргэний

                                                хэргийн тухай

 

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Л.Нямдорж, Г.Адъяатогтох нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 213 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Г.Ганзоригийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Сугарбатад холбогдох

 

 “1775000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунгэрэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Алтанчимэг, хариуцагчийн өмгөөлөгч Г.Энхбаяр, нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                                                              

Нэхэмжлэгч Г.Ганзориг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сугарбат 2015 оны 6-р сарын 18-ны өдөр 3 500 000 төгрөгийг түр зээлээч цалингийн зээлээ хаагаад дахин зээл аваад өгье гэхээр нь итгээд зээлүүлсэн юм. Сугарбат нь түүнээс хойш цувуулж 1 775 000 төгрөгийг өгсөн боловч одоо үлдэгдэл 1 775 000 төгрөгийг өгөхгүй намайг хохироож байна. Би машин авахаар ээж Д.Оюунгэрэлээс 2 000 000 төгрөг зээлсэн тул ээжийг Сугарбатаас авах 1 775 000 төгрөгийг авчих гэсэн боловч одоог хүртэл өгөхгүй, намайг утсаар ярих гэж залгахаар утсаа авахгүй, ээжийг уулзахаар өгөхгүй байна. Иймд хариуцагч Сугарбатаас зээлийн үлдэгдэл 1 775 000 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Оюунгэрэл анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Сугарбатаас 2016 оны 2-р сарын 15-ны өдөр ажил дээр нь мөнгөө нэхээд очиход "Би мөнгийг Шинэбаярын дансанд хийсэн, Та Шинэбаярын эхнэртэй очиж уулз" гээд өгөөгүй. Тэгээд би Шинэбаярын эхнэртэй уулзахаар 2 ч удаа очсон боловч нэрийг нь мэдэхгүй учир буцсан. Дараа нь утасных нь дугаарыг олоод утсаар ярихад "Би таны яриад байгаа мөнгөний талаар мэдэхгүй. Энэ асуудалд оролцдоггүй" гэсэн. Тэгээд би Шинэбаярын эхнэрт нь "Сугарбат надад мөнгө өгөөгүй. Шинэбаярт мөнгө өгсөн гээд байна: Чи Шинэбаяраас асуугаад өгөөч" гэхэд "Мэдэхгүй" гээд утсаа тасалсан. Шинэбаярт мөнгө өгөөгүй байж эхнэрээс нь мөнгө нэхэх нь ямар ч үндэслэлгүй. Би Шинэбаярын дансны хуулгыг нь аваад өгөөч, мөнгө орсон байж магадгүй гэсэн чинь эхнэр нь "Мэдэхгүй" гэсэн.

Би Л.Сугарбатын ажлын нэр хүндэд муугаар нөлөөлж магадгүй гээд шүүхэд хандалгүй хүлээсэн боловч зээлсэн мөнгөө өгөхгүй байсан учир нэхэмжлэл гаргасан. Манай хүү Г.Ганзориг банкнаас мөнгөө аваад шууд Монгол банкны үүдэн дээр Л.Сугарбатын машин дотор нь сууж байгаад мөнгөө тоолж егсөн гэсэн. Л.Сугарбат зээлсэн мөнгөө "Би боломжоороо цувуулаад өгье" гэж хэлсэн бол шүүхэд хандахгүй байсан гэжээ.

 

Хариуцагч Л.Сугарбат шүүхэд гаргасан хариу тайлбар болон анхан шүүх хүралдаанд гаргасан тайлбартаа: Л.Сугарбат миний бие нь Г.Ганзоригоос зээл хаахаар болон өөр ямар нэгэн шалтгаанаар мөнгө авч байгаагүй, харин Г.Ганзориг нь Төрийн банкинд ажиллаж байсан Н.Шинэбаярыг 2015 оны 6-р сард ихээхэн хэмжээний өрөнд орсон байхад нь 3 500 000 төгрөг зээлүүлсэн.

2015 оны 6-р сарын 18-ны өдөр Н.Шинэбаяр банкныхаа касснаас 30 000 000 төгрөг авсан чинь шалгалт ирээд мэдчихлээ өнөөдөр 18 цагаас өмнө нөхөж хийхгүй бол цагдаад өгнө гэж байна гээд бид нар дээр ирсэн. Тэгээд захиргааны машины зогсоол дээр Н.Шинэбаяр, Г.Уранбаяр, Н.Анхбаяр бид нарыг байхад Г.Ганзориг ирсэн. Тэгээд Н.Шинэбаярт ийм асуудал гарчихаад бид нарт мөнгө төгрөгийн боломжгүй байна гэж ярьж байсан. Гэтэл Н.Шинэбаярын ээж нь утсаар яриад "Та нар хэд хоёр хоног аргалчихвал байраа банкны барьцаанд тавиад мөнгө олох боломжтой" гэхэд Г.Ганзориг "Надад 3 500 000 төгрөг байна. Гэхдээ энэ миний мөнгө биш, дүүгийн хадгаламжинд хийнэ" гэсэн. Г.Уранбаяр, Н.Анхбаяр хоёр Г.Ганзоригт "Хадгаламж чинь чиний нэр дээр байдаг биз дээ. Чи хадгаламжаасаа 3 500 000 төгрөгөө аваад өгчихөөч, ээжээс нь мөнгө ирэхээр нь 2-3 хоногийн зөрүүг нь бодоод хийчих' гэж хэлсэн. Тэгж ярьж байгаад Анхбаяр бид хоёр ажил руугаа ороод Шинэбаяр, Ганзориг, Уранбаяр гурав Төрийн банк руу мөнгө аваад тушаана гээд явсан. Би Ганзоригоос ямар ч мөнгө аваагүй. Тэрнээс хойш бид нар "Шинэбаярыг Солонгос руу явахаас нь өмнө мөнгөө олж аваач" гэж Ганзоригт зөндөө хэлж байсан. Шинэбаяр ч гэсэн өөрөө "Аав, ээжийн байрны мөнгө бүтсэнгүй. Найз нь ажилд орохдоо өгнө" гэж хэлдэг байсан. Тэгж байгаад Шинэбаяр Солонгос улс руу явсан.

Г.Ганзориг сүүлд "Мөнгө зээлсэн талаар аав, ээж мэдэх гээд байна" гэж бид нарт хэлсэн. 2015 оны 9-р сард Г.Ганзориг, Н.Анхбаяр, Г.Уранбаяр, би гээд бид 4 дөрвүүлээ 3 500 000 төгрөгийг чинь бид 4 хуваагаад 875 000 тегрөг телье гэж ярилцсан. Г.Уранбаяр бол 875 000 төгрөг, Н.Анхбаяр 425 000 төгрөг, би 400 000 төгрөг нийт 1 700 000 төгрөг өгсөн.

Г.Ганзоригийн дүү нь бидэнтэй ирж уулзаж тэр мөнгийг яаж олж авах талаар ярилцахад нь л Г.Ганзориг тэр мөнгийг надад өгсөн гэж гэрийнхэндээ худлаа хэлснийг мэдсэн. Бид нар нэгэнд нь тусалчихаад нөгөөг нь хаялтай биш гээд 3 500 000 төгрөгийг Г.Ганзориг, Г.Уранбаяр, Н.Анхбаяр, Л.Сугарбат гээд 4 хуваагаад нэг хүн 875 000 төгрөг өгье гэж ярилцсан. Ингээд Г.Уранбаяр Ганзоригт 875 000 төгрөг, Н.Анхбаяр 400 000 төгрөг, би 425 000 гээд нийт 1 700 000 төгрөгийг өгсөн байхад өөрт хуваасан 875 000 төгрөгийг нэхэмжилсэн байна. Найзаа гээд өөрт нь тусалж байхад тэр мөнгийг би авсан мэт ярьж, миний нэр дээр үндэслэлгүй худлаа нэхэмжлэл гаргах, аав, ээж нь ажлын байранд ирж хүн доромжлох, хэрүүл гаргах, худал ярих, Г.Ганзоригийн төрсөн эгч гэх хүн Төв Монголбанк руу утсаар ярьж, ор үндэслэлгүй гүтгэх зэрэг байдлаар дарамт учруулж, нэр төрд маань халдаж байгаад гомдолтой байна. Г.Ганзоригийг хэнд мөнгө өгч байгааг хараагүй гэжээ.

   Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 39 дүгээр зүйлийн 39.1-д зааснаар Л.Сугарбатаас 1.775.000 төгрөг гаргуулах тухай Г.Ганзоригийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43.350 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2. 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунгэрэл давж заалдах гомдолдоо: Шүүхийн 213 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Шүүх хурлын тов гараагүй байхад би өөрийн нэмэлт тайлбарыг өгөх гэсэн боловч асуулгахаар санал гаргасан хүмүүсийнхээ хаяг утсыг тодруул гээд буцаасан. Мөн шүүх хурлын тов гаргасан өдөр шүүхийн туслах Мөнгөнтуяад би хүү Г.Ганзоригоос ирсэн тайлбарыг өгсөн боловч шүүх хурлын тов гарсан гээд аваагүй. Энэ тайлбарт би Уранбаяр гэх залууг гэрчээр асууж өгөх санал тавьсан байсан. Иймээс миний хүсэлт тайлбарыг хүлээж аваагүй мөн залилан хийсэн хүний талд шүүхийн шийдвэр гаргасанд би маш их гомдолтой байна. Уранбаярыг шүүхэд гэрчээр асуулгаж байж хэргийг шийдвэрлэх миний хүсэлтийг хангаагүй нь миний эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж уг шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. Миний хүсэлтийг шүүх хүлээж аваад дээрхи тайлбарийг бичсэн. Гэрчүүдийг байцааж энэ хэргийг шийдвэрлэсэн бол би гомдохгүй байсан. Би шүүхийн шийдвэрийг зөв гарна гэж бодож найдсан учраас өмгөөлөгч аваагүй. Одоо давж заалдах шатны хуралдаанд өмгөөлөгчтэй оролцоно гэжээ.   

Хариуцагч Д.Сугарбат давж заалдах гомдолтой танилцаад хариу тайлбартаа:

 Архангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн Анхан шатны шүүхийн 2016.04.12-ны өдрийн 213 тоот шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна. Учир нь:

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэсэн байна. Г.Ганзоригоос миний бие 3.5 сая төгрөгийг зээлж байгаагүй ба энэ хүн миний дансанд 3.5 сая төгрөг хийж байгаагүй, мөн надад бэлнээр 3.5 сая төгрөг өгч байгаагүй. Надад мөнгө өгсөн тухайгаа Г.Ганзориг болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх хүн нотлох ёстой байсан ба нотлох үүрэгтэй болох эрх үүргийг Шүүхээс нэхэмжлэгч, хариуцагч нарт ойлгомжтойгоор тайлбарлаж өгсөн. Нэхэмжлэгч шаардлагаа өөрөө нотолж өгөх, нотлох баримтаа гаргаж өгөх үүргээ эдлэх бүх эрх нь Г.Ганзоригт нээлттэй байсан. Эрх эдлүүлээгүй гэж үзсэн нь нэхэмжлэгч талын үндэслэлгүй тайлбар байна.

Надад Г.Ганзориг болон Д.Оюунгэрэл гэдэг хүмүүс хэзээ ч, хаана ч мөнгө өгч байгаагүй учир (дансаар болон бэлнээр) үүнийг нотлох ямар ч баримт гарч ирэхгүй гэдэгт итгэлтэй байна.

Харин найз Н.Шинэбаярт тусалсан мөнгийг бүгд хуваая гэж тохироод Г.Уранбаяр 875.0 мянган төгрөгийг 9 дүгээр сарын сүүлчээр өгч, харин би өөрт оногдох хэсгээс 425.0 мянган төгрөгийг, Н.Анхбаяр гэдэг хүн 400.0 мянган төгрөгийг 10 дугаар сарын цалин буусан өдөр бид 2 цуг байж байгаад Г.Ганзоригт өгсөн.

Би болон Г.Уранбаяр, Н.Анхбаяр нар нь сайн дураараа, нөхрийн чанар гаргаж дээрх мөнгийг өгсөн болохоос зээлсэн мөнгө гэж өгөөгүй. Г.Ганзориг иймэрхүү янзаар нөхөддөө хандвал миний хувьд Г.Ганзоригт Н.Шинэрбаярын өмнөөс өгсөн 425.0 мянган төгрөгөө буцааж авах ба бодит үйл явдлаас өөр байр суурь бий болгон намайг шүүхэд өгч, улмаар залилан хийдэг мэтээр тайлбар бичиж, миний ажлын газар ирж хэл амаар доромжилсон, Г.Ганзоригийн төрсөн эгч гэх хүн төв Монголбанк уруу намайг залилан хийсэн мэтээр ярьж буйд нь нэр төрд халдсан үндэслэлээр холбогдох байгууллагад нь хандан шалгуулж, түүнтэй холбогдсон бүх зардлыг буруутай этгээдээр нь гаргуулах болно гэдгийг энэ тайлбарт дурдаж байна. Г.Ганзориг нөхрийн итгэлийг буруу ашигласанд гомдож байна.

Мөн давж заалдах гомдол нь хуулийн шаардлага хангаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162.2.2, 162.2.4 дүгээр заалтыг зөрсөн   байна. Шүүх ИХШХШ тухай хуулийн 168 дугаар зүйлийн бүх заалтыг зөрчөөгүй учир Шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна.

Давж заалдах шатны шүүх хуралд өмгөөлөгч Г.Энхбаярыг сонгож авсан ба онлайнаар шүүх хуралд өмгөөлөгчийн хамт оролцоно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ зохигчдын эрхийг ноцтой зөрчсөн нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болж байна.

         Шүүх Г.Ганзоригийн нэхэмжлэлтэй, Л.Сугарбатад холбогдох маргааныг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шаардлагатай гэж үзээд Иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж гаргажээ. Хэдийгээр шүүгч маргааныг шийдвэрлэх боломжтой эсэхийг бие даан шийдвэрлэх эрхтэй ч тухайн хэрэг маргааны талаар зохигчид хангалттай нотлох баримт бүрдүүлсэн бөгөөд өөр гаргах нотлох баримтгүй болохоо илэрхийлсэн, нотлох баримт бүрдүүлэх талаар шүүхэд  хүсэлт гаргаагүй, хэрэг үүсгэснээс хойш 60 хоногийн хугацаа өнгөрөөгүй ч шүүх тухайн хэргийг хэлэлцэн шийдвэрлэхэд зохих хэлбэрт орсон ач холбогдол бүхий нотлох баримтуудыг хангалттай цугларсан гэж үзвэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шаардлагатай гэсэн үндэслэлтэй болно. Хариуцагч Г.Ганзориг нь нэхэмжлэлийн хувийг гардаж аваад 2016 оны 3 сарын 29-ний өдөр шүүхэд хариу тайлбараа ирүүлжээ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунгэрэл давж заалдах гомдолдоо “... шүүх хурлын тов гараагүй байхад би өөрийн нэмэлт тайлбарыг өгөх гэсэн боловч гэрчээр асуулгахаар санал гаргасан хүмүүсийнхээ хаяг, утсыг тодруул гэсэн. Мөн шүүх хурлын тов гарсан өдөр хүү Г.Ганзоригоос ирсэн тайлбарыг өгөх гэсэн боловч шүүх хурлын тов гарсан гээд аваагүй...Уранбаярыг шүүхэд гэрчээр асуулгаж байж хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтийг хангаагүй миний эрхийг ноцтой зөрчсөн...” гэжээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх гэсэн эрхээ эдлэх боломжоор хангах үүрэгтэй.  Гэтэл дээрх нөхцөлүүд бүрдээгүй, нэхэмжлэгчийн хүсэлтийг хуульд заасан журмаар хүлээн авч шийдвэрлээгүй байхад маргааныг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т зааснаар нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.       

        Иймд шийдвэрийг хүчингүй болгож өгөхийг хүссэн нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ. Давж заалдах гомдолд дурьдсан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгосон тул хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 43350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон

 

                                             ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 213 дугаар шийдвэрийг хүчингүй  болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунгэрэлийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 43.350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааны журам зөрчсөн,  хуулийг буруу  хэрэглэсэн  гэж  үзвэл зохигчид магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн  дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол  гаргах  эрхтэй  болохыг  дурдсугай.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Т.ДАВААСҮРЭН

                              ШҮҮГЧИД                               Л.НЯМДОРЖ

                                                                              Г.АДЪЯАТОГТОХ