Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 34

 

Б.Б-од холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                           Я.Туул

Шүүгчид                                         Ц.Амаржаргал

Б.Манлайбаатар

Хохирогчийн өмгөөлөгч                Н.Тэрбиш

Шүүгдэгч                                        Б.Б-

Шүүгдэгчийн өмгөөлөгч                Д.Оюунчимэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандуул нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Я.Туул даргалж, шүүгч Т.Батжаргал, Б.Ихтамир нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 61 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн хохирогчийн давж заалдах гомдлоор Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б-гийн Б-од холбогдох эрүүгийн 1718003710139 тоот, 1 хавтастай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б- овгийн Б-гийн Б-, /РД:**********/, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 1997 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.2, 239 дүгээр зүйлийн 239.2-т зааснаар 2 жилийн хорих ял,

-1999 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1.2-т зааснаар 2 жил 2 сарын хорих ял,

-Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2003 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 3 сарын хорих ял,

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 111 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан.

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Шүүгдэгч Б.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 17 цагийн орчим Дархан-Уул  аймгийн Шарын гол сумын Санжинт багийн 6 дугаар гудамжинд иргэн Ц.Г-тай маргалдаж, нүүрэн тус газар нь толгойгоороо мөргөж унаган гавал тархины битүү гэмтэл учруулж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд 61 дугаартай шийтгэх тогтоолоор:

-Шүүгдэгч Б- овогт Б-гийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Б.Б-оос 6908200 /зургаан сая есөн зуун найман мянга хоёр зуун төгрөг/ төгрөгийг гаргуулж, хохирогч М-ын Б-д /РД:**********/ олгож,  өмгөөлөлийн хөлсөнд төлсөн гэх 3000000 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Б-од 8 жил 1 сарын /найман жил нэг сар/  хугацаагаар хорих ял шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Б-од оногдуулсан 8 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Б-ын энэ хэрэгт 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 7-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 87 /наян долоо/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-од цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ялыг 2018 оны 2 дугаар сарын 7-ны өдрөөс эхлэн тоолохоор… тус тус заажээ.

Хохирогч М.Б- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“...Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байгаа, Б.Б- нь согтуугаар хохирогч Ц.Г-ыг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж халдаж үхэлд хүргээд, эмнэлгийн анхны тусламж үзүүлэхгүй аюултай байдалд шууд орхисон. Анхан шатны шүүх иргэний нэхэмжлэлийг хангаагүй, дараа нь буюу иргэний нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарласан шийдвэрийг гаргаж шийдсэн.

М.Б- нь хуульд заасны дагуу өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй /гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролд хууль зүйн үйлчилгээ авч, үзүүлсний хөлс/-ийг хариуцагчаас гаргуулах эрхтэй гэж үзэж байна. Өмгөөлөгчийн хөлсийг ямар ч хэлбэрээр төлж болно. Нэхэмжилж байгаа өмгөөлөлийн хөлсийг хэрэгсэхгүй болгосноос бид нэхэмжлэл дахин гаргах эрхээ алдаж байна.

Иймд эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх нөхцөлтэй байгаа нь гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Хохирогч биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж, толгойн тус газар нь санаатай тоосгоор цохиж амь насыг нь хохироосон, үйлдсэн гэмт хэрэгт нь тохирсон ял оногдуулаагүй, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн.

Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 61 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, үйлдсэн гэмт хэрэгт тохирох ялыг оноож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангуулах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж давж заалдах гомдлоо гаргаж байна” гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Н.Тэрбиш давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал байна гэж үзэж байна. Мөн хохирогчид эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэлгүй гэрийнх нь гадаа үлдээгээд явсан байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгчид 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар ял оногдуулсныг өөрчилж, хүндрүүлэх нөхцөл байдлыг хэрэглэж шийдвэрлэж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Б.Б- давж заалдах шатны шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ:

“Энэ хэргийг дахин шалгуулах хүсэлттэй байна. Хохирогч өөрөө өөрийгөө тоосгоор хий цохих шиг болсон. Тухайн үед эмнэлэг рүү утсаар ярих гэхээр дугаарыг нь мэдэхгүй байсан тул хохирогчийг гэрт нь хүргэж өгөөд эхнэр лүү нь утсаар ярьсан. Эхнэр нь наадахаа наанаа орхи гээд байсан болохоор гэрийх нь гадаа үлдээгээд явсан” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын мэдүүлгүүдэд үнэн зөв дүгнэлт хийж үндэслэлтэй шийдсэн гэж үзэж байна. Хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Тодорхойлох нь:

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б-ыг нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 17 цагийн орчим Дархан-Уул  аймгийн Шарын гол сумын Санжинт багийн 6 дугаар гудамжинд иргэн Ц.Г-тай маргалдаж, нүүрэн тус газар нь толгойгоороо мөргөж унаган гавал тархины битүү гэмтэл учруулж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд Б.Б-ыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Б.Б-оос 6.908.200 төгрөгийг гаргуулж, хохирогч М.Б-д олгож,  өмгөөлөлийн хөлсөнд төлсөн гэх 3.000.000 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Б-од 8 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Б-од оногдуулсан 8 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогч М.Б- Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 61 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч “…Ялтан Б.Б- хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж, толгойн тус газар тоосгоор цохиж амь насыг нь хохироосон, үйлдсэн хэрэгт нь тохирсон ял өгсөнгүй, өмгөөллийн хөлсөнд төлсөн 3.000.000 төгрөгийг ялтан Б.Б-оос гаргуулаагүйд гомдолтой байна” гэх давж заалдах гомдол гаргажээ.

Гэрч Ц.Одгэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Бат-Очирын хамт Оргилын машин дотор сууж байхад дугуй засварын орчим хэдэн согтуу хүмүүс маргалдаж харагдсан. Цаанаас Бороо хочит Г- ирээд эрээн өвлийн куртиктэй хүн дээр очсон. Тэгээд тэр хоёр зууралдаад хэрэлдээд байсан. Тэгснээ эрээн өвлийн куртиктэй залуу Г-ыг мөргөж унагаасан.” /хэргийн 52 дугаар тал/ Яллагдагч Б.Б- хэрэг гарсан өдөр эрээн алаг куртиктэй явсан талаар түүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 13 дугаар тал/, ялтан Б.Б-ын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд  /хэргийн 100-103 дугаар тал/, Дархан-Уул аймгийн шүүх шинжилгээний албаны №98 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 80-85 дугаар тал/  гэх баримтуудаар шүүгдэгч Б.Б- нь 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 17 цагийн орчим Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Санжинт багийн 6 дугаар гудамжинд иргэн Ц.Г-тай маргалдах явцдаа духан тус газар мөргөсний улмаас хохирогч гавал тархины битүү гэмтэл авч нас барсан болох нь тогтоогдож байна.

“Хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж” гэдэг хууль зүйн ойлголтод бие махбодийн болон сэтгэцийн хувьд өөрийгөө хамгаалах, түүнчлэн гэмт этгээдэд идэвхтэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй болохыг ухамсарлан ойлгосон байхыг хэлдэг.

Хэрэг гарсан нөхцөл байдлаас харахад гэрч Ү.Жанарбекийн мөрдөн байцаалтад: “…2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Талийгаач /Бороо/ Г-, манай худ Даваадорж хоёртой нэг шил архи хувааж уугаад салцгаасан. Би дугуй засвартаа ажлаа хийгээд үлдсэн. Өдөр тийшээ Б.Б-, З.Б-, Очирбат нар халамцуу орж ирээд надаас 11.000 төгрөг зээлээд архинд явсан. Бас талийгаач, Даваадорж хоёр нэмж ирээд авчирсан архиа хувааж ууцгаасан. Талийгаач Б.Б-той хэрэлдээд гартаа тал тоосго бариад Б.Б-ыг “Гацаа Болдыг ална” гээд дайраад байхаар нь би талийгаачийг сугадаад гэрт нь оруулсан /хэргийн 65 дугаар тал/,

Гэрч Г.Очирбатын мөрдөн байцаалтад өгсөн: “…Дугуй засварын гадна Г- ганцаараа -Банди нараа ална гээд гартаа тоосго баричаад  орилоод байсан. Тэгээд Б.Б-той зууралдаад авсан. Би дугуй засвар дотор байсан Б.Б-од “Цаадуул чинь зодолдох гээд байна” гэж хэлчээд гараад ирэхэд Г- дээшээ хараад унасан, Б.Б- талийгаачийн 2 гарнаас нь татаад босоорой гээд орилоод байсан.” /хэргийн 61 дүгээр тал/,

Шүүгдэгч Б.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “... Г- намайг ална гээд дайраад байхаар нь Жанарбек ах түүнийг сугадаад гэр лүү нь авч явсан.  Удалгүй дахиж ирээд гацаа Болдоог ална гээд тал тоосго далайгаад ирэхээр нь гар доогуур нь шургаад мөргөсөн.” /хэргийн 98 дугаар тал/ гэх мэдүүлгүүд болон Шүүх эмнэлгийн шинжээчийн №98 дугаартай дүгнэлтэд “ …Ц.Г-ын цогцосноос авсан гэх ходоодны агууламжид 0,5 промиль этилийн спирт илэрсэн... Талийгаач нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ гэх дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар Талийгаач /Ц.Г-/, шүүгдэгч,  гэрч нартай өглөөнөөс хойш архи ууж согтуурч мансуурсан байдалтай байсан ба Ц. Г- эхэлж бусдыг өдөж, хоргоон хэрүүл маргаан хийж улмаар, Б.Б-ыг “ална” гэж тоосго барьж дайрч байсан ба энэ үйлдлийг нь таслан зогсоосны дараа дахин ирж шүүгдэгчид нэр хоч өгч, хэл амаар доромжлон хэрүүл маргаан үүсгэж байсан нь тухайн үед талийгаач бие махбодийн болон сэтгэцийн хувьд өөрийгөө хамгаалах, түүнчлэн гэмт этгээдэд идэвхтэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй хэмжээнд байсан байна гэж үзэх боломжгүй байна.

Хохирогч М.Б- өмгөөллийн хөлс 3.000.000 төгрөг нэхэмжилснийг анхан шатны шүүх хангаж шийдвэрлээгүй нь үндэслэлтэй байна. Хохирогч шүүхийн шатанд өмгөөлөгч Н.Тэрбишээр өмгөөлүүлэхээр  тохиролцож улмаар хууль  зүйн туслалцаа авах гэрээ байгуулахдаа ямар нэг хөлс төлөх талаар тохиролцоогүй байх бөгөөд /хэргийн 195 дугаар тал/ хэрвээ өмгөөлөгч бусдад төлбөртэйгээр хууль зүйн туслалцаа үзүүлсэн бол олсон орлогоосоо “Хүн амын орлогын албан татвар”-ын хуулиар татвар төлснөөр уг орлого хууль ёсны болсон гэдэг хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдоогүй байна.

Дээрх нөхцөл байдлуудыг үндэслэн анхан шатны шүүхийн  2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Түүнчлэн хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн хувийн болоод ар гэрийн байдал, гэмт хэрэг гаргах болсон шалтгаан нөхцөл, хохирол төлбөр төлөх талаар санаачлага гаргаж байсан байдал зэргийг харгалзан хуульд заасан төрөл, хэмжээний ялыг оногдуулж Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул хохирогчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч М.Б-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

                                                 ДАРГАЛАГЧ                                        Я.ТУУЛ

                                                 ШҮҮГЧИД                                            Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                                              Б.МАНЛАЙБААТАР