Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 221/МА/2022/0622

 

 

 

 

 

 

 

 

                 С.Д-гийн нэхэмжлэлтэй

    захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү  

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Д.Г, хариуцагчийн өмгөөлөгч Б.М, Л.Н нар

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч С.Д

Хариуцагч Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн А/180 дугаар захирамжийн С.Д-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 23 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч С.Д, өмгөөлөгч Г.Н,

Хариуцагч Д.Г, өмгөөлөгч Б.М, Л.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн

Хэргийн индекс: 109/2022/0011/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч С.Д-гаас Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргад холбогдуулан “Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн А/180 дугаар захирамжийн С.Д-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2.Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 23 дугаар шийдвэрээр: 

“...Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар зүйлийн 33.1.2, 34 дүгээр зүйлийн 34.2, 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.2-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч С.Д-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн А/180 дугаар захирамжийн С.Д-д холбогдох хэсгийг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Д.Г дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1.“...Газрын тухай хуульд заасны дагуу иргэний эзэмшихээр хүсэлт гаргасан газар нь тухайн жилийн газрын төлөвлөгөөнд тусгагдсан, бусдын газартай давхцалгүй байж, дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын зарчмыг баримтлан олгодог.

Харин С.Д-д олгосон гэх газар нь тухайн жилийн газрын төлөвлөгөөнд тусгагдаагүй, дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын журмыг хэрэгжүүлэлгүй шууд гэрчилгээ олгосон боловч тэрбээр 2007 онд анх гэрчилгээ авсан гэх боловч газраа зориулалтын дагуу ашиглаагүй, газрын төлбөр төлөөгүй, газартаа байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг цаг хугацаанд нь хийлгээгүй байдаг.

Тус иргэнд олгосон гэх газар нь Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт байрлах Цэнхэрийн рашааны орчимд байрладаг хэмээн тайлбарладаг боловч байршил нь тодорхой бус, Архангай аймгийн үе үеийн удирдлагууд нь тус байгалийн үзэсгэлэнт нутгийг хайрлан, хамгаалах талаар холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлж байсан. 2007 онд ч мөн уг арга хэмжээний хүрээнд тус газарт газар олгохгүй байхаар шийдвэрлэж газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй байхад газрын гэрчилгээ олгосон байдаг.

3.2.Сүүлийн жилүүдэд байгалийн үзэсгэлэнт газрыг хамгаалах, рашааны ойр орчмын газрыг хамгаалах талаар иргэд, малчдын дунд хөдөлгөөн өрнөх болсонтой холбоотойгоор тухайн газарт аймгийн удирдлагуудаас хэд хэдэн удаагийн хяналт шалгалтыг хийж байсан.

Аймгийн Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн “Зөрчил арилгуулах тухай” 305 дугаар албан бичгээр 13 иргэн, хуулийн байгууллагад газар эзэмших эрхтэй холбоотой зөрчлийг арилгуулах, газрын эрхийг цуцлах тухай мэдэгдээд байна.

Дээрх мэдэгдэлд С.Д-гийн газар эзэмших эрхийг цуцлах тухай мөн дурддаг бөгөөд Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн “Хууль хэрэгжүүлэх тухай” 06/5811 дүгээр мэдэгдэл ирсэн. Тухайн мэдэгдэлд тус газрын зөрчлийн талаар арга хэмжээ авахаар дурдсан бөгөөд С.Д-д газар олгосон гэх 2007 оны 80 дугаар захирамж огт байхгүй, уг асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэгдсэн шалгагдаж байгаа, түүнчлэн манай газрын албаны холбогдох албан тушаалтнууд дээрх эрүүгийн журмаар хянагдаж буй хэрэгт мэдүүлэг өгсөн.

Хэдийгээр С.Д 2021 онд газрын даамалтай газрын гэрээ байгуулсан гэх боловч газар эзэмших эрх олгохдоо Газрын тухай хуулийг зөрчсөн тул хуулийн 61.1-д заасны дагуу өмнөх Засаг даргын олгосон гэх гэрчилгээг хүчингүй болгох нь хуульд нийцсэн, иймд маргаан бүхий захирамжийг гаргасан болно.

Гэтэл шүүхээс өмнөх Засаг даргын хууль бус үйлдлийг одоогийн Засаг дарга хүлээн зөвшөөрөх ёстой хэмээн дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Иймд Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 23 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

4.Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн өмгөөлөгч Б.М, Л.Н нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

4.1.Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийн тухайд:

4.1.1.Шүүхээс “...А/180 дугаар захирамжийн агуулгын хүрээнд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, дуудлага худалдаанд ороогүй, маргаан бүхий газартаа байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэл тогтоогдсон эсэх” гэж тус тус дүгнэжээ.

Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, дуудлага худалдаанд ороогүй үндэслэлийн тухайд шүүхийн дүгнэлтүүдийн агуулга ижил байх бөгөөд “газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрын дуудлага худалдаа явуулалгүй иргэн эзэмших эрх олгосон нь захиргааны байгууллагын хэрэгжүүлбэл зохих чиг үүрэгт хамаарах асуудал бөгөөд үүнд иргэн С.Д шууд хамааралгүй, түүнд газар эзэмших эрх олгох эсэх асуудал нь захиргааны байгууллагын бүрэн эрхэд хамаарч байжээ” гэсэн байна.

Шүүхийн дүгнэлтийн агуулгаас үзвэл “иргэн Газрын тухай хууль зөрчиж болно, өмнөх Засаг даргын буруутай үйл ажиллагааг өнөөдөр зөвтгөх ёсгүй, нэгэнт хууль зөрчөөд иргэнд газар олгосон бол гэрчилгээ хууль зөрчсөн үйлдлийг үргэлжлүүлэх ёстой” гэж дүгнэжээ.

Шүүхээс “...С.Д-д газар эзэмших эрх олгохдоо газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, газрын дуудлага худалдаа явуулалгүй газар эзэмших эрх олгосон захиргааны байгууллагын үйл ажиллагаа байна, ...иргэнд шууд хамаарахгүй” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай буюу Газрын тухай хуулийг буруу тайлбарласан гэж үзнэ.

Тодруулбал Газрын тухай хуульд зааснаар иргэн газар эзэмших, ашиглах хүсэл зоригоо захиргааны байгууллагад илэрхийлсний дагуу захиргааны байгууллага нь хуульд зааснаар зохих ажиллагааг хийж гүйцэтгэсний үр дүнд газар эзэмших, ашиглах эрхийг олгодог. Харин уг маргааны хувьд С.Д-гийн эзэмшлийн газрын хувийн хэргийг бүхэлд нь хэрэгт нотлох баримтаар авсан байх төдийгүй С.Д нь огт газар эзэмших хүсэлт гаргаж байгаагүй, мөн түүнд газар эзэмшүүлэх захирамж байхгүй, харин ч шууд гэрчилгээ бичигдсэн болох нь баримтаар тогтоогддог.

Үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн гэх 80 дугаар захирамж байхгүй, мөн Архангай аймгийн архивт хүртэл байхгүй бөгөөд уг захирамжийг гаргасан гэх тухайн үеийн Засаг даргын мэдүүлэг, Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн “...эрүүгийн журмаар шалгагдаж байгаа тухай” албан бичиг хэрэгт авагдсан болно.

Өөрөөр хэлбэл С.Д-д газар эзэмших эрх үүссэн эсэх нь эргэлзээтэй байх төдийгүй тэрбээр шүүх хуралдаан дээр “...намайг дуудаад газрын гэрчилгээ өгсөн тул энэ миний газар гэж ойлгосон” гэх мэдүүлснээс үзвэл С.Д-гийн газар эзэмших эрхтэй эсэх, шаардах эрх нь хуулийн дагуу үүссэн эсэх, нэгэнт газар эзэмших эрх нь тодорхойгүй байгаа иргэний ямар эрхийг шүүхээс сэргээн тогтоож байгаа нь ойлгомжгүй байна.

4.1.2.Шүүхийн шийдвэрт маргаан бүхий газартаа байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй гэх үндэслэлийн тухайд:

“...2017 онд ажиллагаа хийснээс үүдэн С.Д нь эзэмших эрх бүхий газартаа 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 35 дугаар байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй” гэжээ.

Анхнаасаа С.Д-д газар эзэмших хүсэлтгүй, түүнчлэн дуудлага худалдаанаас бус, Засаг даргын захирамжгүйгээр шууд гэрчилгээ бичиж өгсөн байхад шүүхээс “...мөн л нэгэнт гэрчилгээ өгчихсөн юм чинь, сүүлд гэрээ байгуулчихсан тул одоо яахав дээ...” гэх байдлаар хэргийг шийдвэрлэж болохгүй.

Уг маргаан бүхий нөхцөл байдал нь газрын албаны холбогдох албан тушаалтантай холбоотой асуудлаар Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа тухай хариуцагч мэдүүлсээр байтал шүүхээс уг асуудлыг огт анхаараагүйд гомдолтой байна.

4.1.3.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэл тогтоогдсон тухайд:

“...2008-2011 оны хооронд С.Д эхийгээ асарч байсан, 2012 оноос өөрөө нүдэндээ эмчилгээ хийлгэсэн, 2015 онд БНСУ-д нүдний хагалгаанд орсон, улмаар 2015-2017 онуудад нүдний эмчийн хяналтад байсан, 2018 оны 5 сараас эзэмшиж буй газартаа хашаа барих, үйл ажиллагаа явуулах гэхэд нутгийн иргэд эсэргүүцсэн тул цагдаагийн байгууллагаар уг хэрэг шалгагдан шийдвэрлүүлсэн зэрэг бусдын буруугаас шалтгаалан хүндэтгэн үзэх шалтгаантай үйл баримт тогтоогдож байхад дээрх нөхцөл байдлыг харгалзан үзээгүй нь хууль бус болжээ” гэж дүгнэсэн.

Дээрх хүндэтгэн үзэх шалтгаантай холбоотой хэрэг Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн тодорхойлолт, цагдаагийн байгууллагын хэрэг шалгасан гэх тогтоолоос өөр ямар ч баримт байхгүй. Иймээс шүүх ямар ч баримтгүйгээр үндэслэлгүй дүгнэлт хийсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-т заасантай нийцэхгүй байна.

Мөн шүүхээс “С.Д-тай хамгийн сүүлд буюу 2020 оны 10 дугаар сарын 8-ны өдөр шинэчлэн байгуулснаас хойших хугацааг тоолоход хуульд заасан 2 жил болоогүй байна” гэжээ.

С.Д-тай хамгийн сүүлд шинэчлэн гэрээ байгуулаагүй, гагцхүү С.Д тус газрын даамалтай цаг хугацааны хувьд 2020 оны 10 дугаар сарын 8-ны өдөр гэрээ байгуулсан талаарх ганцхан нотлох баримт хэрэгт авагдсан байдаг.

Иймд шүүхээс болоогүй үйл явдал, байхгүй баримтыг байгаа мэтээр бусдыг төөрөгдүүлсэн дүгнэлт хийснийг анхаарахыг хүсье.

4.2.Шүүх шаардлагатай нотлох баримтыг цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй тухайд:

-Хариуцагчаас “...С.Д-гийн газар эзэмших эрх үүссэн гэх 80 дугаар захирамж байхгүй, шаардах эрхийг шалгах ёстой” гэж шүүхэд тайлбарласаар байхад, мөн С.Д өөрөө шүүх хуралдаан дээр “захирамжийн хуулбар надад байгаа гэж мэдүүлсээр байхад энэхүү нөхцөл байдлыг тогтоох, талуудын маргаад байгаа баримтыг нэхэмжлэгчээс гаргуулах ажиллагаа огт хийгээгүй.

-80 гэх захирамжтай холбоотой эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаа талаарх Авлигатай тэмцэх газрын албан бичиг, хэрэг үүсгэсэн тогтоол авагдсан байхад уг үйл баримттай холбоотой нөхцөл байдлыг тогтоох ажиллагаа огт хийгээгүй.

-Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль болон холбогдох журамд заасны дагуу “байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ”-г шүүхээс нотлох баримтаар гаргуулж аваагүй хэрнээ байгууллагын албан тоотыг байгаль орчны үнэлгээ хэмээн бичиж, үүнийгээ байгаль орчны үнэлгээ гэж дүгнэсэн.

-Газрын төлбөрийг гэрээний үндсэн дээр ногдуулдаг бөгөөд 2020 оны 10 дугаар сарын 8-ны өдөр гэрээ байгуулсан байхад хариуцагчаас “2017-2018 онуудад гэрээ гэрчилгээ шинэчлэн гэрээ байгуулж газрын төлбөр төлсөн” гэж хоорондоо зөрүүтэй баримт хэрэгт авагдсан атал төлбөр төлсөн болохыг тогтоох баримтыг цуглуулаагүй байна.

-С.Д нь газраа хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ашиглаагүй талаар “санхүүгийн боломжгүй байсан” гэж мэдүүлсэн бөгөөд шүүхэд гаргаж өгсөн баримт нь хоорондоо зөрүүтэй байхад шүүгч уг нөхцөл байдлыг тогтоох ямар ч ажиллагааг хийгээгүй.

-Нэхэмжлэгч нь урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар хандсан, 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдөр аймгийн Засаг даргын хариу албан бичгийг гардан авч мөн оны 3 дугаар сарын 9-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан гэх боловч  мөн сарын 11-ний өдөр нэхэмжлэл гаргасан. Гэтэл аймгийн Засаг даргын албан тоот хүргүүлсэн баримтад 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр мэйлээр явуулсан тухай бичигдсэн байх боловч нэхэмжлэгч уг албан бичгийг хэзээ гардаж авсан эсэх нь тодорхойгүй байдаг бөгөөд шүүх уг асуудлыг тодруулаагүй буюу шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн эсэх талаарх баримтыг цуглуулах ажиллагааг огт хийгээгүй байна.

Иймд Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 23 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү”  гэжээ.

5.Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж тайлбарлаж байна.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

1.Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т “Захиргааны байгууллага энэ хуулийн 48.2.1, 48.2.2, 48.2.3, 48.2.4, 48.2.5-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно” гэж заасан, хэдийгээр нэхэмжлэгчид эзэмшүүлсэн газар нь “…тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, дуудлага худалдааны журмаар олгогдоогүй, мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасны дагуу 2 жил дараалан газраа ашиглаагүй…” гэх боловч эдгээрээс тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, дуудлага худалдаагаар олгогдоогүй гэх үндэслэлүүд нь нэхэмжлэгчээс үл хамаарах буюу хариуцагч Газрын тухай хуульд заасан эрх хэмжээгээ тухайн үед хуульд заасны дагуу хэрэгжүүлсэн эсэхтэй холбоотой байх тул дээрх хуульд заасны дагуу нэхэмжлэгчийн хувьд эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг 5 жилийн хугацаа өнгөрсөний дараа эдгээр үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хууль бус болно.

Харин “…хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан газраа ашиглаагүй…” гэсний тухайд Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2007 оны 80 дугаар захирамжаар анх 1 га газрыг 15 жилийн хугацаатай аялал жуулчлалын зориулалтаар олгосон, газар эзэмших эрхийн гэрчилгээ 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр бичигдэж, мөн 2020 оны 10 дугаар сарын 8-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээг нэг жилийн хугацаатай байгуулсан байна.

Иймд газар эзэмшүүлэх гэрээ байгуулснаас хойш тооцоход хуульд заасан 2 жилийн хугацаа болоогүй, түүнчлэн хариуцагчаас цаг хугацааны хувьд 2017 онд гэрчилгээг шинэчлэн гаргаж, мөн газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэглэн, координатжуулж, улмаар кадастрын зураг үйлдэн газрын улсын бүртгэлд бүртгэсний дараа нэхэмжлэгч С.Д нь эзэмших эрх бүхий газартаа байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэсэн байгааг буруутгахгүй, энэ талаар шүүхийн шийдвэрт зөв дүгнэжээ.

2.Барьсан хашааг нураах зэргээр нутгийн иргэдийн эсэргүүцлээс шалтгаалан нэхэмжлэгчээс тухайн газраа зориулалтын дагуу ашиглаж чадаагүй бодит нөхцөл байдлын талаарх нотлох баримт хэрэгт авагдсан энэ тохиолдолд, түүнчлэн дээрх байдлаар газар эзэмших эрхийг баталгаажуулах ажиллагаа удаан хугацаанд хийгдсэн байгаагаас тус тус үзэхэд газраа зориулалтын дагуу ашиглаж чадаагүй гэх нөхцөл байдалд зөвхөн нэхэмжлэгчийг буруутгаж буй нь үндэслэлгүй юм.

Мөн Газрын тухай хуульд заасан “зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг Улсын Дээд шүүхийн тайлбарт хэрхэн тайлбарласныг бодит нөхцөл байдалтай уялдуулан хуульд заасан үндэслэл бүрдээгүй талаарх шүүхийн дүгнэлт зөв болжээ. 

Өөрөөр хэлбэл маргаан бүхий захирамж гарахаас өмнө буюу 2020 оны 10 дугаар сарын 8-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан атлаа энэхүү гэрээний хугацаа дуусаагүй байхад ийнхүү газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь Газрын тухай хуульд нийцээгүйгээс гадна нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус шийдвэр болно.

3.Нэхэмжлэл хангагдсанаар давж заалдах гомдолд дурдсанчилан иргэн С.Д-г “…Газрын тухай хуулийг зөрчиж болно…” гэсэн дүгнэлтэд огт хүргэхгүй, мөн хариуцагчаас өмнө гаргасан хууль бус шийдвэрээ зөвтгөх эрхгүй ч гэж үзээгүй. Гагцхүү тухайн бодит нөхцөл байдалд болон Газрын тухай хуульд нийцсэн шийдвэр гаргах нь хариуцагчийн хуулиар хүлээсэн үүрэг болохыг, гэвч энэхүү үүргээ хуульд нийцүүлэлгүйгээр биелүүлсэн болохыг л тус тус тогтоосон гэж үзнэ. 

Өөрөөр хэлбэл анх С.Д-д газар эзэмшүүлэх захирамж гарсан эсэх нь тодорхойгүй, энэ талаарх баримт газрын хувийн хэрэгт байхгүй, шууд гэрчилгээ бичигдсэн гэх үйл баримтыг нэхэмжлэгчээс илүүтэй хариуцагчид өөрт нь хамааралтай байдлаар дүгнэснийг буруутгах үндэслэлгүй, иймд Захиргааны ерөнхий хуульд заасан зохицуулалтыг цаг хугацааны хамаарлаар хэрэглэсэн нь хуульд нийцнэ.

4.Газар эзэмшүүлэх гэрээний тухайд шинэчилсэн бус харин анх удаагаа байгуулсан гэрээ нь 2020 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн гэрээ гэж үзвэл харин ч Газрын тухай хуульд заасан 2 жилийн хугацааг гэрээ байгуулсанаар эхэлж тооцох болохыг Улсын Дээд шүүхийн тогтоолд тодорхой тайлбарласан болно.

Гэхдээ шүүхийн шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон тохиолдолд 2007 оны 80 дугаар захирамжтай холбоотой давж заалдах гомдолд дурдсан эрүүгийн хэрэг хэрхэн шийдвэрлэгдсэнээс хамаарч шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянуулах эрх хэргийн оролцогчдод байгаа болохыг тэмдэглэв.

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 23 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Д.Г, хариуцагчийн өмгөөлөгч Б.М, Л.Н нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                                                                        

 

 

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

          ШҮҮГЧ                                                   Н.ХОНИНХҮҮ

 

        ШҮҮГЧ                                                     Э.ЛХАГВАСҮРЭН