Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 370

 

Д.П д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Эрдэмбаатар,

шүүгдэгч Д.П , түүний өмгөөлөгч С.Батболд,

хохирогч Н.Б гийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзий,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулж,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 126 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.П , түүний өмгөөлөгч С.Батболд нарын гаргасан давж заалдах гомдлуудаар шүүгдэгч Д.П д холбогдох 2017 2602 0146 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Т овгийн Д.П, 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Герман стандарт” ХХК-д мужаан ажилтай, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт ...... оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо Сонгинохайрхан дүүргийн ... тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД:/,

Д.П  нь согтуугаар 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Горькийн 5-130 тоотод иргэн Н.Б тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Прокурорын газраас: Д.П ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.П ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.П ыг 2 жил хорих ялаар шийтгэж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Д.П  нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн эмчилгээний зардалд 3.291.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, хохирогч Н.Б  нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой цаашид гарсан эмчилгээний зардлыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Батжаргал өөрт хохирол учирсан гэж үзвэл П.Нэмэхбаяраас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.П  давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие хохирогч Н.Б д учруулсан гэмтэлд гэм буруугаа хүлээн зөвшөөрч үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Мөн өөрийн гаргасан алдаагаа давтахгүй, дахин гэмт хэрэгт холбогдохгүй гэдгээ амлаж байна. Иймд дээрх зүйлийг харгалзан үзэж ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү ...” гэв.

Шүүгдэгч Д.П ын өмгөөлөгч С.Батболд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

1. Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй.

Тухайн хэрэгт хохирогч нь группид байгаа эсэх нотлох баримт мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд авагдаагүй, нотлогдоогүй байхад ял оногдуулахдаа хүндрүүлэн үзэж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалт нийцээгүй гэж үзнэ.

Хэрэг болох үед байсан цорын ганц гэрч болох Б.Ганхуяг мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... Батзаяа нь Пүрэвнямын нүүр лүү цохиход түүний хамраас цус гарсан. Тэр зодоон эхлүүлж Пүрэвнямын хацар луу нь цохисон. Батзаяа архи уусан үедээ авиргүй юм билээ. Тэр манай зуухыг татаж унагаж, үнс цацаж, яндан өшиглөж, гэрийн 2-3 унь хугалсан. Өглөө нь Батзаяа урьд нь аваарт ороод тархиндаа гэмтэл авч байсан гэж ярьж байсан ...” гэж мэдүүлдэг.

Хохирогчийн буруутай үйлдлээс үүдэн тухайн гэмт хэрэг болсон нөхцөл байдлыг шүүх дүгнээгүй. Дамжмал нотлох баримтууд буюу зодоон болох үед байгаагүй П.Нэмэхбаяр, Б.Амарбуян нарын мэдүүлгийг үнэлсэн атлаа гэрч Б.Ганхуягийн мэдүүлгийг үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй байна.

Шүүх ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4 дэх хэсгүүдэд заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлыг харгалзан үзээгүй. Мөн хуульд заасан хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээг хэрэглэх талаар шийдвэрлээгүй нь хэт нэг талыг барьж, яллах байр сууринаас хандсан гэж үзэж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан байх тул хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болон бусад байдлуудыг харгалзан оногдуулсан хорих ялыг торгуулийн ялаар сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү ...” гэв.

Хохирогч Н.Б гийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзий тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Д.П ын үйлдсэн гэмт хэрэг тогтоогдсон, прокуророос хэргийг зөв зүйлчилж ирүүлснийг анхан шатны шүүх үндэслэлтэй зөв шийдвэрлэсэн. Шүүхээс тохирсон ял шийтгэл оногдуулсан. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү ...” гэв.

Прокурор Г.Эрдэмбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Д.П ын үйлдсэн гэмт хэрэг тогтоогдсон, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй зөв гарсан тул хэвээр үлдээж өгнө үү ...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Д.П  нь архи ууж согтуурсан үедээ буюу 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 5-130 тоот Б.Ганхуягийн гэрт хохирогч Н.Б г зодож, түүний биед баруун чамархай, зулай, дух хэсгийн хатуу хальсан доорхи цус хуралт, аалзан бүрхүүл доорхи цус харвалт, баруун чамархай зулайн тархины эдийн няцрал, зүүн нүдний зовхи, хацар шанаа хүзүүний зүүн хэсгийн цус хуралт, зөөлөнн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус харвалт, нурууны зулгаралт, цус хуралт бүхий хүнд  хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хэргийн материалыг бүхэлд нь судлан үзэхэд хохирогч Н.Б  “...Ч.Батжаргал юм ярьж байгаад гэнэт миний толгой руу гараараа 2 удаа цохисон, ... Д.П  миний үснээс татаж байгаад толгой руу гараараа 4-5 удаа цохисон, Ч.Батжаргал, Д.П  хоёр л миний толгой руу гараараа цохисон, тухайн үед Ч.Батжаргал, Д.П  хоёр цагдаад битгий хэлээч, хохиролгүй болгож өгнө гэж хэлсэн учраас цагдаад хандаагүй ...” /1-р хх 14-16/,

2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр “...Ч.Батжаргал хажууд сууж байгаад гараа атгаж байгаад нүүр лүү 1 удаа, шанаа руу 1 удаа цохисон...” /1-р хх 140/,

гэрч, хохирогчийг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэлд хохирогч Н.Б  “...Ч.Батжаргал ах миний нүүр лүү, шанаа руу гараараа хоёр удаа цохисон нь үнэн. Б.Ганхуягийн ярьсан зүйл худлаа...”

гэрч Б.Ганхуяг “...Ч.Батжаргал Н.Б гийн хацар луу нэг л удаа алгадсан, тэрнээс цохиж, зодоогүй...” /1-р хх 141-142/,

2018 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд хохирогч Н.Б  “...Ч.Батжаргал миний нүүр хэсэгт 1-2 удаа цохисон...” /2-р хх 5/,

Шинжээч эмч О.Болороо “...баруун чамархай, зулайн хэсэгт хатуу хальсан доорх цус хуралт, аалзан бүрхүүл доорх цус харвалт, баруун чамархайн зулайн тархины эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана, зүүн нүдний зовхи, хацар, шанаа, хүзүүний зүүн хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны цус харвалт, нурууны зулгаралт, цус хуралт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр унах, цохигдох аль аль үйлчлэлээр нь үүсэх боломжтой...” /1-р хх 68-70/ гэж мэдүүлсэн мэдүүлгүүд,

Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн “урьд гарсан шинжээч эмчийн 769 тоот дүгнэлт үндэслэлтэй, дээрх гэмтлүүд нь олон удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Цохих болон өшиглөх үед аль алинд нь үүсэх боломжтой” /1-р хх 208-209/ гэсэн дүгнэлтүүд тус тус авагдсан байна.

Эдгээр гэрч, хохирогч, шинжээч эмчийн дүгнэлт болон мэдүүлгүүдээс дүгнэхэд хохирогч Н.Б г Ч.Батжаргал, Д.П  нар бүлэглэн нэг цаг хугацаанд зодож, хүнд болон хөнгөн хохирол учруулсан эсэх үйл баримтыг бүрэн шалгаж эргэлзээгүй байдлаар тогтоогоогүй байхад Ч.Батжаргалд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан заалтыг биелүүлээгүй яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ.

Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.5, 1.6 дахь заалтад   заасан нотолбол зохих байдлыг нотлоогүй байх бөгөөд шүүхийн тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л үйл баримтыг бүрэн шалгаагүй, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг зайлшгүй шалгаж тогтоох нь хуульд нийцнэ.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.П д холбогдох хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан шүүгдэгч Д.П , өмгөөлөгч С.Батболд нарын гаргасан давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 126 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.П д холбогдох хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэх явуулахаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Д.П д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                                  ШҮҮГЧИД                                                    М.ПҮРЭВСҮРЭН

 

                                                                                          Ж.ЭРДЭНЭЧИМЭГ