Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2018/01746

 

Д.Оын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2018/01503 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1689 дүгээр магадлалтай

Д.Оын нэхэмжлэлтэй,

“С” ХХК-д холбогдох

Урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй

Гэрээний дагуу олгосон 20 000 000 төгрөгийг буцаан гаргуулж, компанид учруулсан 9 000 000 төгрөгийн хохирлын хамт нийт 29 000 000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Д.Оын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Баасанжав, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Болдбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.О 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр “С” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон бөгөөд гүйцэтгэх захирлаар томилогдсон хугацаанаас хойш тус компанийн борлуулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр олон ажил хийж, шинэ салбар нээх, компанийг үр ашигтай удирдах, зохион байгуулалтыг шийдвэрлэх, зардлыг бууруулах зэрэг олон асуудлыг шийдвэрлэж, үр бүтээлтэй ажилласан. Гэтэл 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр “Серж ишернэшнл” ХХК-ийн Ерөнхий захирал Я.Баярцэцэг нь хамт олны хурал дээр намайг ажлаас халагдсан гэдгийг амаар мэдэгдээд8 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр миний ажлыг хүлээж авсан бөгөөд хүний нөөцийн албанаас халагдсан талаар тушаал гарахгүй, учир нь хөлсөөр ажиллах гэрээтэй учраас тийм тушаал гардаггүй гэж тайлбарласан. Ажил олгогчийн зүгээс ямар нэгэн үндэслэл заалгүйгээр ажлаас халж, миний ажлыг хүлээж авсан нь Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийг ноцтой зөрчиж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.Отай 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 2017 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хөлсөөр ажиллах гэрээ байгуулан гүйцэтгэх захирлын ажлыг хийлгэсэн. Уг гэрээний хугацаанд Д.О нь өгсөн үүрэг даалгаврыг хангалттай биелүүлээгүй, удаа дараа ёс зүйн алдаа гаргаж, гэрээнд заасан ажлын үр дүнг гаргалгүй, хамт олны дотор баг болж ажиллаж чадахгүй, ажилтнуудыг хэл амаар доромжлон, бүдүүлэг харилцсан учир түүнд компанийн дотоод журамд заасны дагуу хоёр удаа сахилгын шийтгэл ногдуулсан бөгөөд гүйцэтгүүлж буй ажил үүргийг хийж чадахгүй нь тодорхой болсон учраас цаашид гэрээг сунгалгүй дуусгавар болгосон тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Д.О нь ажиллах хугацаандаа буруу шийдвэр гаргаж, ажилтныг хууль бусаар халснаас компанид 9 000 000 төгрөгийн хохирол учруулсан. Д.О нь гэрээний 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан мөнгийг хүнд мөнгө өгөх хэрэгтэй байгаа тул надад энэ мөнгийг өгч туслаач, гэрээ дуусахад буцаагаад өгнө гэж гуйсны үндсэн дээр Банк бус санхүүгийн байгууллагаас хүүтэй мөнгө зээлэн авч, түүнд өгсөн тул Д.Оаас гэрээний 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан үндэслэлээр олгосон 20 000 000 төгрөгийг 11.2-д заасны дагуу буцаан гаргуулж, компанид олгуулах, мөн үүргээ зохих ёсоор гүйцэтгэлгүй компанид хохиролд учруулсан 9 000 000 төгрөг, нийт 29 000 000 сая төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Зохигчдын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн. Ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг баримталж, тушаал гаргаагүй. 9 000 000 төгрөгийн асуудалд Д.Оын буруу байхгүй. Харин Я.Баярцэцэг нь н.Жавхлантай төрийн байгууллагад гомдол гаргуулахгүй гэж өгсөн мөнгө бөгөөд 12 сард сахилгын шийтгэлээр 9 000 000 төгрөгийн асуудлыг шийдээд суутгасан боловч дахин гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2018/01503 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.3, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар хариуцагч “С” ХХК-д холбогдох өмнө эрхэлж байсан гүйцэтгэх захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэгч Д.Оын үндсэн нэхэмжлэл, нэхэмжлэгч Д.Од холбогдох илүү олгосон цалин хөлс 20 000 000 төгрөгийг буцаан гаргуулах, учруулсан хохиролд 9 000 000 төгрөг гаргуулах тухай хариуцагч “С” ХХК-ний сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 303 000 төгрөгнөөс 302 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас 50 төгрөг гаргуулж, хариуцагчид буцаан олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1689 дүгээр магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2018/01503 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсгийг баримтлан урьд эрхэлж байсан “С” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгийг баримтлан хохиролд 9 000 000 төгрөг гаргуулах хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгийг баримтлан хариуцагчийн сөрөг шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгч Д.Оаас 20 000 000 төгрөгийг гаргуулан хариуцагч “С” ХХК-д олгосугай гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын 303 000 төгрөгөөс 302 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас 50 төгрөг гаргуулж, хариуцагчид олгосугай гэснийг 303 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж , нэхэмжлэгч Д.Оаас 257 950 төгрөг гаргуулж, хариуцагч С ХХК-д олгосугай гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 303 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.О хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2018/01503 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 20-ний өдрийн 1689 дүгээр магадлалыг тус тус эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

1. Д.О болон “С” ХХК-ийн хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн бөгөөд ажил олгогчоос ажилтнаа үндэслэлгүйгээр халсан /Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасныг баримтлаагүй/ гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “...гэрч Д.Отгонцэцэгийн /Д.Оюунцэцэг гэх нэрийг шийдвэрт буруу оруулан бичсэнийг засварлан оруулав/ мэдүүлэгт Отгонжаргал гэж хүн компанийн үйл ажиллагааг сайжруулах үүднээс гүйцэтгэх захирлаар ажилд орсон гэж танилцуулж байсан, олон газар сургууль төгссөн, хуульч, эдийн засагч, маркетер гэж хэлсэн ба олон хэлтэй өндөр боловсролтой тул компанийн үйл ажиллагаа жигдрүүлэх, хэвийн түвшинд хүргэнэ гэж өөрөө хэлж байсан” гэснийг үндэслэн талууд хөдөлмөрийн контракт байгуулсан хэмээн үзэж Хөдөлмөрийн тухай хуулийн 22 дугаар зүйлийг хэрэглэснийг хууль зүйн үндэслэлгүй хэмээн үзэж байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээнд контракттай адилтгах зүйл заалт байхгүй, зохигчид аль нь ч энэ талаар үндэслэл гаргаагүй байхад гэрчийн мэдүүлгийн ач холбогдолгүй хэсгийг үндэслэн талуудын хооронд контракт байгуулагдсан байна гэж дүгнэснийг, мөн талуудын хоорондын харилцааг буруу тодорхойлсноос үүдэн нэхэмжлэгчийн гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Миний бие “С” ХХК-ын хууль бус үйлдэлтэй холбогдуулан зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, ажил олгогчийн хууль бус үйлдлийг тогтоолгох, тухайн хууль бус үйлдлээс үүдэлтэй үр дагаврыг арилгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ажил олгогч нэгэнт хөдөлмөрийн харилцаа үүсгэсэн бол ажилтныг халахад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг баримтлах ёстой. Гэтэл ажил олгогч дураараа аашилж, тушаал шийдвэр гаралгүйгээр ажлаас халсан, цалин хөлсийг олгоогүй, нийгмийн даатгал, татварыг нь суутган төлөх үүргээ биелүүлээгүй талаарх баримтуудыг шүүх бүрэн дүүрэн үнэлж хэрэг маргааныг шийдвэрлээгүй гэж үзэж байна.

Шүүх “... 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэрээний хугацаа дуусгавар болж, цаашид сунгаагүй” гэж дүгнэсэн, шүүхийн дүгнэсэнчлэн, хэрэв хариуцагч гэрээний хугацааг цаашид сунгахгүй гэж шийдсэн бол 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө надад мэдэгдэж, уг өдрөөр тасалбар болгон миний ажлыг хүлээн авч, хөдөлмөрийн харилцааг бодитоор дуусгавар болгох ёстой байсан.

Гэтэл миний бие тус компанид уг өдрөөс хойш үүрэгт ажлаа гүйцэтгэсээр байсныг шүүх анхаарч үзээгүй. Захирал Я.Баярцэцэг нь 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр /2018 оны 01 дүгээр сарын 15 өдрийн миний боловсруулсан компанийн “2018 оны Бизнес төлөвлөгөө” хэлэлцэх удирдлагын хурал дээр намайг ажлаас халагдсан” болохыг хамт олны хурал дээр мэдэгдэн, 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ажил хүлээлцсэн, хариуцагч уг үйл баримттай маргаагүй байхад шүүх юуг үндэслэж, 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Ажил олгогч нь үндэслэл заахгүйгээр, тушаал шийдвэр гаргахгүйгээр амаар мэдэгдэж, намайг ажлаас халсан нь Хөдөлмөрийн хуулийг зөрчсөн, ажилтан миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хөндсөн юм.

2. Давж заалдах шатны шүүхийн магадлалд “... шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв” гэсэн атлаа анхан шатны шүүхийн шийдвэрийн шийдэлд өөрчлөлт оруулж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

“С” ХХК нь Д.О намайг тус компанид гүйцэтгэх захирлаар ажиллуулахаар урихдаа урамшуулал амлаж, гэрээ байгуулсан, үүнийхээ дагуу 20 сая төгрөгийг урамшуулал олгосон юм. Энэ нь надтай байгуулсан гэрээний 11 дүгээр зүйлийн 11.1-д “... жил бүр урамшуулал олгох”, “... энэ гэрээний баталгаа болгож 20 сая төгрөгийн урьдчилгааг олгох”-оор тус тус зааснаар нотлогдоно.

Уг 20 сая төгрөг нь Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан урамшуулал бөгөөд цалин хөлстэй адилд тооцогдох талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийсэн байхад давж заалдах шатны шүүх ажил олгогчоос ажилтанд олгосон урамшууллыг “барьцаа” гэж үндэслэлгүй дүгнэлт хийжээ.

Миний бие тус компаниас ямар нэг зээл аваагүй, мөнгө хөрөнгө зээлдүүлсэн, барьцаалсан талаар ямар нэг баримт хариуцагч талаас гаргаж өгөөгүй байхад “барьцааг ажил олгогчид буцаан төлөх үүрэгтэй” гэж үзсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслээгүй, хуульд нийцээгүй дүгнэлт болсон.

Хөдөлмөрийн гэрээ байгуулахын тулд миний бие “Сэрж интернэшнл” ХХК-иас зээл авах, барьцаа байршуулах ямар ч шаардлагагүй нь хэн бүхэнд ойлгомжтой, миний бие тус компанид ажиллана гэж урамшуулал авчихаад ажиллахгүй гэж хэлээгүй, харин “Сэрж интернэшл” ХХК-ийн захирал Я.Баярцэцэг нь намайг ажиллуулъя гэж урьж авчирчихаад өөрийн санаачилгаар ажлаас халсан талаараа мэдэгдсэн, ингэхдээ ямар нэг тушаал шийдвэр гаргаагүй хууль зөрчсөн юм.

Хариуцагч намайг “гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэж шүүхэд тайлбар гаргасан боловч энэ талаарх ямар нэг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, миний бие тус компанид ажиллах хугацаандаа борлуулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр олон ажил хийж гүйцэтгэн, үр бүтээлтэй ажилласан байхад ажлын үр дүнг дүгнээгүй, хувь хүмүүсийн зан байдлын таарамжгүй байдлаас шалтгаалан намайг ажлаас халахаар шийдвэрлэж, ажиллаж байх үед олгосон цалин урамшууллаа буцаан нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм.

Гэтэл Хөдөлмөрийн гэрээний дагуу ажил олгогчоос ажилтанд олгосон урамшуулал (хөдөлмөрийн хөлс)-ыг буцаан төлүүлэхээр шүүх шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 367 дугаар зүйлийн 367.3-т заасныг баримталсан нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасан, нэхэмжлэгч, хариуцагч нар хэн аль нь байгуулсан гэрээнээсээ татгалзсан талаар шүүхэд маргаагүй, тийм үйл баримт байхгүй, гэрээний гүйцэтгэлийг буцааж өгөх талаар талууд маргаагүй, түүнчлэн, мөн хуулийн 367 дугаар зүйлийн 367.3-т “ажиллагч ажлынхаа хөлсийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг урьдчилан авсан үед гэрээ цуцлагдсан бол урьд олгосон хөлсийг буцаан төлүүлнэ” гэж заасан нь бидний маргаанд хамааралгүй юм.

Учир нь миний бие “Сэрж интернэшнл” ХХК-иас ямар нэг байдлаар цалин хөлсөө урьдчилан зээлж аваагүй, намайг ажиллуулахын тулд надад урамшуулал олгосон, би өөрөө гэрээгээ сунгахгүй гэж ажиллахаас татгалзаагүй, гэрээг цуцлах санал гаргаагүй, гэрээний үүргээ үнэнч шударгаар биелүүлж, үр дүнтэй ажиллаж байхад хариуцагч өөрөө санаачилгаараа намайг ажлаас халсан тул ажиллаж байх үед олгогдсон цалин урамшууллыг миний бие буцаан төлөх үндэслэлгүй гэж үзэж байна.

Давж заалдах шатны шүүх гэрээний 11 дүгээр зүйлийн 11.2-т заасныг баримталж “... барьцааг ажил олгогчид буцаан төлөх үүрэгтэй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, учир нь Д.О болон “Сэрж интернэшнл” ХХК-ийнй хооронд байгуулсан Хөлсөөр ажиллах гэрээ цуцлагдаагүй, уг гэрээ нь түүнийг анх байгуулсан хугацаандаа үйлчилж, гэрээний хугацаа дуусгавар болсон байхад “...гэрээ цуцлагдсан тохиолдолд барьцааг ажил олгогчид буцаан төлөх үүрэгтэй” гэсэн гэрээний заалтыг баримталж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж миний эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2018/01503 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 20-ний өдрийн 1689 дүгээр магадлалд өөрчлөлт оруулж, миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний алдааг засч, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Д.О нь “С” ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй, харин гэрээний дагуу олгосон 20 000 000 төгрөгийг, компанид учруулсан 9 000 000 төгрөгийн хохирлын хамт нийт 29 000 000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжилсэн байна.

Анхан шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх сөрөг нэхэмжлэлээс 20 000 000 төгрөгийг гаргуулах шаардлагыг хангаж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Зохигчид 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр “Хөлсөөр ажиллах гэрээ” байгуулж, тус гэрээгээр Д.О нь “С” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж, гэрээгээр хүлээсэн үүргийг гүйцэтгэх, “С” ХХК нь сард 3 000 000 төгрөгийн хөлс төлөхөөр, компаниас унаа, гар утасны төлбөр, албаны дугаараар хангах үүрэг тус тус тус хүлээсэн байна.

Гэрээний дагуу нэхэмжлэгч 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл тус албан тушаалд ажилласан, ажил олгогчоос Д.О нь гэрээний хугацаанд өгсөн үүрэг даалгаврыг хангалттай биелүүлээгүй, гэрээнд заасан ажлын үр дүнг гаргаагүй, компанийн хэмжээнд ажилтнуудтайгаа баг болж ажиллаж чадаагүй, ёс зүйн алдаа удаа дараа гаргасан үндэслэлээр гэрээг дуусгавар болгосон үйл баримт тогтоогджээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд Хөдөлмөрийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, зохигчид Хөдөлмөрийн тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан контрактын гэрээ байгуулсан гэж үзжээ.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний Тав дугаар зүйлд гүйцэтгэх захирлын эрх, үүргийг зохицуулсан байх бөгөөд гэрээний 5.2.2., 5.2.5.-д заасан үндэслэлээр ажил гүйцэтгэгчид хариуцлага тооцсон нь хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл болохгүй.

Тус гэрээ нь Хөлсөөр ажиллах гэрээний шинжийг илүү агуулсан байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан хөлсөөр ажиллах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.1.-д зааснаар тохирсон хугацаа дууссанаар хөлсөөр ажиллах гэрээ дуусгавар болох бөгөөд 366 дугаар зүйлийн 366.1.-д зааснаар ажиллагч нь үргэлжлүүлэн ажиллах хүсэлтээ ажиллуулагчид гаргаагүй тул гэрээг сунгагдсанд тооцох нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй, хэрэгт авагдсан баримтад үндэслэгдсэн байна.

Нэгэнт зохигчдын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсээгүй тул ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл хангагдах үндэслэлгүй.

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн ажил гүйцэтгэгчээс компанид учруулсан хохирлыг нэхэмжилсэн 9 000 000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1. дэх зохицуулалтад нийцжээ.

Харин гэрээний дагуу гүйцэтгэх захирлын дансанд байршуулсан 20 000 000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийг хангасан нь зөв боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна.

Хөлсөөр ажиллах гэрээний 11 дүгээр зүйлийн 11.1.-д “... гүйцэтгэх захирлын хүсэлтээр уг гэрээний баталгаа болгон 20 000 000 төгрөгийн урьдчилгааг ажил олгогч тал гүйцэтгэх захирлын дансанд байршуулахаар харилцан тохиолцов”, 11.2.-т “гэрээ цуцлагдах, цаашид гэрээ байгуулагдахгүй тохиолдолд гүйцэтгэх захирал уг барьцааг ажил олгогчид буцаан олгох үүрэгтэй” гэжээ.

Гэрээ цаашид байгуулагдаагүй тул гүйцэтгэх захирал гэрээний 11.2.-т зааснаар уг барьцааг буцаан олгох үүрэгтэй. Энэ үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн холбогдох шаардлагыг хангаж шийдвэрлэх байтал шүүх Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1. дэх заалтыг баримталсан нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзнэ.

Хууль хэрэглээний талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй боловч энэ нь магадлалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

Гэрээ цуцлагдаагүй бөгөөд дуусгавар болсон, мөн дээрх төлбөр нь талуудын Хөлсөөр ажиллах гэрээний тохиролцоо тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1. дэх зохицуулалтад нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй.

Иймд дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний алдааг засч, магадлалд өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь  эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон Тогтоох нь:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1689 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “205 дугаар зүйлийн 205.1.” гэснийг “359 дүгээр зүйлийн 359.1.” гэж өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Б.УНДРАХ

          ШҮҮГЧ                                             Х.ЭРДЭНЭСУВД