Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2018/01689

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.О-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2018/01503 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Д.О-ын хариуцагч “С” ХХК-д холбогдох өмнө эрхэлж байсан гүйцэтгэх захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч Ч.Болдбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.О 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр “С” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдсон бөгөөд гүйцэтгэх захирлаар томилогдсон хугацаанаас хойш тус компанийн борлуулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр олон ажил хийж, шинэ салбар нээх, компанийг үр ашигтай удирдах, зохион байгуулалтыг шийдвэрлэх, зардлыг бууруулах зэрэг олон асуудлыг шийдвэрлэж, үр бүтээлтэй ажилласан. Гэтэл 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр “С” ХХК-ийн Ерөнхий захирал Я.Баярцэцэг нь хамт олны хурал дээр намайг ажлаас халагдсан гэдгийг амаар мэдэгдээд 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр миний ажлыг хүлээж авсан бөгөөд хүний нөөцийн албанаас халагдсан талаар тушаал гарахгүй, учир нь хөлсөөр ажиллах гэрээтэй учраас тийм тушаал гардаггүй гэж тайлбарласан. Ажил олгогчийн зүгээс ямар нэгэн үндэслэл заалгүйгээр ажлаас халж, миний ажлыг хүлээж авсан нь Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийг ноцтой зөрчиж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

Зохигчдын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн. Ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг баримталж, тушаал гаргаагүй. 9 000 000 төгрөгийн асуудалд Д.О-ын буруу байхгүй. Харин Я.Баярцэцэг нь н.Жавхлантай төрийн байгууллагад гомдол гаргуулахгүй гэж өгсөн мөнгө бөгөөд 12 сард сахилгын шийтгэлээр 9 000 000 төгрөгийн асуудлыг шийдээд суутгасан боловч дахин гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Д.О-тай 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 2017 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хөлсөөр ажиллах гэрээ байгуулан гүйцэтгэх захирлын ажлыг хийлгэсэн. Уг гэрээний хугацаанд Д.О нь өгсөн үүрэг даалгаврыг хангалттай биелүүлээгүй, удаа дараа ёс зүйн алдаа гаргаж, гэрээнд заасан ажлын үр дүнг гаргалгүй, хамт олны дотор баг болж ажиллаж чадахгүй, ажилтнуудыг хэл амаар доромжлон, бүдүүлэг харилцсан учир түүнд компанийн дотоод журамд заасны дагуу хоёр удаа сахилгын шийтгэл ногдуулсан бөгөөд гүйцэтгүүлж буй ажил үүргийг хийж чадахгүй нь тодорхой болсон учраас цаашид гэрээг сунгалгүй дуусгавар болгосон.

Д.О нь ажиллах хугацаандаа буруу шийдвэр гаргаж, ажилтныг хууль бусаар халснаас компанид 9 000 000 төгрөгийн хохирол учруулсан. Д.О нь гэрээний 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан мөнгийг хүнд мөнгө өгөх хэрэгтэй байгаа тул надад энэ мөнгийг өгч туслаач, гэрээ дуусахад буцаагаад өгнө гэж гуйсны үндсэн дээр Банк бус санхүүгийн байгууллагаас хүүтэй мөнгө зээлэн авч, түүнд өгсөн тул Д.О-аас гэрээний 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан мөнгийг 11.2-д заасны дагуу буцаан гаргуулж, компанид олгуулах, мөн үүргээ зохих ёсоор гүйцэтгэлгүй компанийг хохиролд учруулсан 9 000 000 төгрөг, нийт 29 000 000 сая төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.3, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэл, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 303 000 төгрөгөөс 302 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Д.О болон “С” ХХК-ийн хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн бөгөөд ажил олгогчоос ажилтнаа үндэслэлгүйгээр халсан /Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасныг баримтлаагүй/ гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Талуудын хооронд байгуулсан гэрээнд контракттай адил гэх зүйл заалт байхгүй, зохигчид аль нь ч энэ талаар үндэслэл гаргаагүй байхад гэрчийн мэдүүлгийн ач холбогдолгүй хэсгийг үндэслэн талуудын хооронд контракт байгуулагдсан байна гэж дүгнэснийг, мөн талуудын хоорондын харилцааг буруу тодорхойлсноос үүдэн нэхэмжлэгчийн гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ажил олгогч нэгэнт хөдөлмөрийн харилцаа үүсгэсэн бол ажилтныг халахад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг баримтлах ёстой. Гэтэл ажил олгогч дураараа аашилж, ажлаас халах тушаал гаргахгүйгээр намайг ажлаас халсан, цалин хөлсийг олгоогүй, нийгмийн даатгал, татварыг нь суутган төлөх үүргээ биелүүлээгүй талаарх баримтуудыг шүүх бүрэн дүүрэн үнэлж хэрэг маргааныг шийдвэрлээгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүчингүй болгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Ажил олгогч болон ажилтан гэрээний хугацаа 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хойш сунгаагүй тохиолдолд 20 000 000 төгрөгийг гүйцэтгэх захирал буцаан олгох үүргийг хүлээсэн. Үүнийг шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар урамшуулал нь цалин хөлсөнд хамаарна, улмаар ажиллаж байх хугацаанд олгосон цалин хөлсийг буцаан гаргуулах үндэслэлгүй гэж нэхэмжлэлийн шаардлагаас 20 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Мөн Д.О нь гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаанд “С” ХХК-ийн маркетингийн менежер Э.Жавхланг үндэслэлгүй ажлаас халж компанид учруулсан хохирлыг шүүх компанид учруулсан хохирол гэж үзэх үндэслэлгүй гэсэн. Гэрээний 8 дугаар зүйлд заасан үүргээ санаатайгаар буюу санамсаргүй зөрчсөн үйлдэл, эс үйлдлийн улмаас ажиллуулагчид хохирол учруулбал гүйцэтгэх захирал тухайн зөрчлийн үр дагаврыг бүрэн хариуцах ба учруулсан хохирол барагдуулна гэж заасан байхад шүүх гэрээг зөв дүгнэж үзэлгүй Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэлийг бүрэн дүүрэн үнэлж хэрэг маргааныг хянаж шийдвэрлээгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.         

 

            Нэхэмжлэгч Д.О нь “С” ХХК-д холбогдуулан Гүйцэтгэх захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч хөлсөөр ажиллах гэрээний хугацаа дууссан тул цаашид ажиллуулах үндэслэлгүй гэж  марган, урамшуулалд урьдчилан олгосон 20 000 000 төгрөгийг буруутай үйлдлийн улмаас компанид учруулсан хохирол 9 000 000 төгрөгийн хамт гаргуулна гэж сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

 

            Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв.

 

            Нэхэмжлэгч Д.О нь “С” ХХК-тай  2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан гэрээний үндсэн дээр хэлэлцэн тохирсон хөлсийг авч  тус компанийн Гүйцэтгэх захирлын чиг үүргийг хэрэгжүүлснийг  Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр ажилласан гэж үзэх үндэслэлтэй, гэрээний дуусах хугацааг талууд 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэж харилцан тохиролцсон тул Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.1 дэх хэсэгт зааснаар уг хугацаагаар гэрээ дуусгавар болох үндэслэлтэй, гэрээ сунгагдсанд тооцох мөн хуулийн 366 дугаар зүйлийн 366.1-д заасан нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

            Түүнчлэн нэхэмжлэгч Д.О-ын гэрээгээр гүйцэтгэсэн үүрэг нь Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт заасан гүйцэтгэх удирдлагад хамаарах бөгөөд мөн хуулийн 83 дугаар зүйлийн 83.6 дахь хэсэгт зааснаар гэрээ байгуулан ажиллаж буй гүйцэтгэх удирдлагын бүрэн эрхийг зогсоох шийдвэрийг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ хэдийд ч гаргах эрхтэй, 2018 оны 01 дүгээр сарын 15-наар ажил үүрэг гүйцэтгэхийг зогсоосон нь Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.15 дахь хэсэгт заасанд нийцнэ.

 

            Дээрхээс үзвэл хөлсөөр ажиллах гэрээг дуусгавар болгосон нь хууль зөрчөөгүй, нэхэмжлэгчийн Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлгүйгээр ажлаас халсан гэх нэхэмжлэл үндэслэлгүй, энэ талаарх давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

 

            Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 20 000 000 төгрөгийг нэхэмжлэгчээс шаардсан нь үндэслэлтэй байна.

 

Зохигчдын хооронд 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр байгуулагдсан хөлсөөр ажиллах гэрээний 11 дүгээр зүйлийн 11.1-д гэрээний хугацаанд амжилттай ажиллах тохиолдолд талууд харилцан тохиролцсоноор Гүйцэтгэх захиралд урамшуулал олгоно гээд түүний баталгаа болгож 20 000 000 төгрөгийг урьдчилгаа байдлаар байршуулна, гэрээний 11.2-т гэрээ цуцлагдах, цаашид байгуулагдахгүй тохиолдолд уг барьцааг ажил олгогчид буцаан өгөх үүрэгтэй гэж заажээ. Иймд гэрээний уг заалтын дагуу ажиллуулагч буюу хариуцагч 20 000 000 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй, 20 000 000 төгрөгийг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 367 дугаар зүйлийн 367.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс гаргуулж, хариуцагчид олгох нь зүйтэй.

            Харин 9 000 000 төгрөгийг хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол гэх үндэслэл нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй байна. ажилтан Э.Жавхлан ажлаас үндэслэлгүй халагдсанаас түүнд 9 000 000 төгрөг олгосон гэх боловч гүйцэтгэх захирлын тушаал хууль бус болохыг тогтоосон баримтгүй, компанийн Ерөнхий захирал Я.Баярцэцэг нь Э.Жавхлантай хаалтын гэх гэрээ байгуулж 9 000 000 төгрөгийг олгосон баримт хэрэгт авагдсан байна. Иймд 9 000 000 төгрөгийг Д.О-аас гаргуулах Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй гэж үзэх тул сөрөг нэхэмжлэлийн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2018/01503 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсгийг баримтлан урьд эрхэлж байсан “С” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгийг баримтлан хохиролд 9 000 000 төгрөг гаргуулах хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгийг баримтлан хариуцагчийн сөрөг шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгч Д.О-аас 20 000 000 төгрөгийг гаргуулан хариуцагч “С” ХХК-д олгосугай” гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “303 000 төгрөгөөс 302 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас 50 төгрөг гаргуулж, хариуцагчид олгосугай” гэснийг “303 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж , нэхэмжлэгч Д.О-аас 257 950 төгрөг гаргуулж, хариуцагч “С” ХХК-д олгосугай” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 303 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Н.БАТЗОРИГ

 

                                           ШҮҮГЧИД                                   Д.БАЙГАЛМАА

 

                                                                                               А.ОТГОНЦЭЦЭГ