| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жанчивсүрэнгийн Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 185/2018/0119/Э |
| Дугаар | 405 |
| Огноо | 2018-05-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Нямцэцэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 405
Н.З д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор П.Нямцэцэг,
нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулж,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 207 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор П.Нямцэцэгийн бичсэн 2018 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 34 дугаартай эсэргүүцлээр шүүгдэгч Н.З д холбогдох 1811 0009 50042 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
О овгийн Н.З, 1991 оны 12 дугаар сарын 2-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:/,
Н.З нь согтуугаар 2017 оны 12 дугаар сарын 30-ны шөнө 02 цагийн үед Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Фейс” баарны ариун цэврийн өрөөнд А.О ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас: Н.З ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, түүний өмгөөлөгч нар гаргасан хүсэлтдээ “... Н.З ын учруулсан гэмтэл одоо болтол бүрэн эдгэхгүй байгаа, тийм учраас гэмтлийн зэргийг хөнгөн гэж үзэх боломжгүй байна. Иймд хэргийг прокурорт шилжүүлж, дахин гэмтлийн зэргийг тогтоолгох хүсэлтэй байна ...” гэжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5 дахь заалтад “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн”, 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “... эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргана ...” гэж тусгайлан зохицуулсан байх тул хохирогчийн дээрх хүсэлтийг хүлээн авч хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж шийдвэрлэжээ.
Прокурор П.Нямцэцэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “... Прокурорын хяналтын шатанд Н.З нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл хангагдсан, мөн Н.З нь хохирогч А.О ын эмчилгээ хийлгэсэн зардал 748.214 төгрөг нэхэмжилснийг төлж барагдуулсан тул “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх” тухай хүсэлтийг хүлээн авсан болно.Хохирогч А.О нь Н.З аас гаргасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх” тухай хүсэлттэй танилцаж хохирол төлөгдсөн, гомдол саналгүй болох тухай хүсэлтийг бичгээр гаргасан болно.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн ба шүүхийн шатанд хохирогч А.О нь өмгөөлөгч авах хүсэлт гаргаснаар шүүх хуралдаан 2018 оны 2 дугаар сарын 1-ний өдөр хүртэл хугацаагаар хойшилсон.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 927 тоот дүгнэлтээр “А.О ын биед духанд шарх, дух, зулай, дагз хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, гуянд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ.
Хохирогч А.О ын өмгөөлөгч шүүх хуралдаанд “... Н.З ын учруулсан гэмтэл одоо болтол бүрэн эдгэхгүй байгаа, тийм учраас гэмтлийн зэргийг хөнгөн гэж үзэх боломжгүй байна. Иймд хэргийг прокурорт шилжүүлж, дахин гэмтлийн зэргийг тогтоолгох хүсэлтэй байна ...” гэсэн хүсэлтийг гаргасан боловч дээрх шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэсэн, няцаасан ямар ч нотлох баримтгүй зөвхөн амаар хүсэлт гаргасныг шүүх хүлээн авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан” гэх хуулийн заалтуудыг зөрчжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5 дахь заалтад “... гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн ...” гэсэн хуулийн шаардлагыг прокурорын хяналтын шатанд хангаж хэргийг шүүхэд шилжүүлсэн боловч хохирогч шүүхийн шатанд өмгөөлөгч авснаар “дахин шинжээч томилуулах” шинэ нөхцөл байдлыг тогтоосон нотлох баримтгүйгээр зөвхөн амаар гаргасан хүсэлтэд үндэслэн хэргийг буцаасан нь үндэслэлгүй байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн ...” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Н.З нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 12 дугаар сарын 30-ны шөнө 02 цагийн үед Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Фейс” баарны ариун цэврийн өрөөнд иргэн А.О ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор П.Нямцэцэг нь мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Н.З , хохирогч А.О нарын гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг хүлээн авч, 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын 22 дугаар тогтоол үйлдэж, ялын санал танилцууж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь хуульд нийцсэн байна./хх 65-70/
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд Н.З д холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа гүйцэд хийгдсэн байх ба прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, Н.З д холбогдох хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзэв. Учир нь:
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 927 тоот дүгнэлтээр хохирогч А.О ын биед духанд шарх, дух, зулай, дагз хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл тогтоогдсон байна.
Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд хохирогч, түүний өмгөөлөгч нар “...Н.З ын учруулсан гэмтэл одоо болтол бүрэн эдгэхгүй байгаа учраас гэмтлийн зэргийг хөнгөн гэж үзэх боломжгүй, шинжээч эмчийн дүгнэлтийг алдаатай гэж үзэж байна” гэж ерөнхий байдлаар тайлбар гаргасан байх бөгөөд эдгээр гэмтлүүдээс аль гэмтэл нь эдгэхгүй байгаа болон эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна гэсэн шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэсэн талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт, тайлбар гаргаагүй байх бөгөөд шүүх мөн адил хууль зүйн дүгнэлт хийлгүй хэргийг прокурорт буцаасан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлан болсон үйл баримтад бодитой үнэлэлт, дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 207 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Н.З д холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Н.З д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧИД С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Ж.ЭРДЭНЭЧИМЭГ