Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2018/01747

 

Б.Аийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2018/01242 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1688 дугаар магадлалтай

Б.Аийн нэхэмжлэлтэй,

Г.Бд холбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 10 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй

Зээлийн төлбөрт илүү төлсөн 10 000 000 төгрөгийн буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхцэцэгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Г.Бтай 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 40 000 000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлж, гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн бөгөөд тэрээр зээлсэн 40 000 000 төгрөгийг буцаан өгсөн боловч зээлийн хүүг одоог хүртэл төлөөгүй билээ. Гэрээний 2.7-д гэрээний үүргээ биелүүлээгүй бол 0.5 хувийн алданги төлөхөөр заасан бөгөөд Г.Б нь гэрээгээр хүлээсэн хүү төлөх үүргээ гэрээний хугацаандаа төлөөгүй учир 40 000 000 төгрөгийн 8 хувийн хүүг зургаан сарын хүү 19 200 000 төгрөг, алданги 9 600 000 төгрөг, нийт 28 800 000 төгрөг болсон. Дээрх мөнгөнөөс миний бие 18 800 000 төгрөгийг буцаан авсан бөгөөд үлдэгдэл 10 000 000 төгрөгийг төлөхгүй байна. Иймд хариуцагч Г.Баас үлдэгдэл 10 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Б.Атай 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 40 000 000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлж зээлийн гэрээ байгуулсан бөгөөд 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр бүтнээр нь мөнгийг шилжүүлж, зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж, үүрэг дуусгавар болсон. Зээлийн гэрээний хүүд 19 629 000 төгрөг, үндсэн төлбөр 40 000 000 төгрөгийн тус тус бүрэн төлж дуусгавар болгосон. Тус зээлийг өөрийн хувьцааг нь эзэмшдэг “Бумбат даваа” ХХК-ийн үйл ажиллагаанд зориулж авсан болно. Өөрийн эзэмшлийн мобикомын 99111603 дугаарыг “Есөн шижир ББСБ”-д 6 000 000 төгрөгийн барьцаанд тавьсан байснаа Б.Ат зээлийн төлбөрийг төлөх зорилгоор түүний хамаатан н.Мөнхжаргалаас шилжүүлж, түүнээс 9 000 000 төгрөгийн зээл авч, зөрүү 3 000 000 төгрөгийг Б.А авсан. Гэтэл Б.А нь миний эзэмшлийн дугаарыг дур мэдэж зарж зөрүү 2 240 300 төгрөгийг, мөн “Бумбат даваа” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн Орхон хасу олон улсын дунд сургуулийн зам талбайн ажлын гүйцэтгэлийн хөлснөөс 3 хүүхдийн сургалтын төлбөрт 6 080 000 төгрөгийг тус тус үндэслэлгүйгээр авч, надад болон компанид хохирол учруулсан. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт “талуудад гэрээг тайлбарлахдаа гэрээний үгийн шууд утгыг анхаарна” гэж заасны дагуу энэ гэрээний 2 дугаар зүйлд гэрээний нөхцлийг тохирохдоо зээлийн хүү 8 хувь гэж заасан байх ба жилийн, сарын, хоногийн гэсэн тодотгол байхгүй байх тул нэхэмжлэгчийн нэг сарын 8 хувь, нэг хоногийн 0.5 хувийн алданги тооцно гэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Гэрээний хүчин төгөлдөр эсэх тал дээр маргаангүй. Гүйцэтгээгүй үнийн дүн тодорхойгүй бөгөөд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.6 дах хэсэгт зааснаар хүүгээс анз тооцохгүй гэж заасан байдаг тул хүүгээс алданги тооцох үндэслэлгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Г.Б миний бие Б.Атай 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 40 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, 8 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулж авсан. Тухайн зээлийг “Бумбат даваа” ХХК-ийн үйл ажиллагаанд зориулсан. Б.А нь тухайн зээлийн гэрээний агуулгыг анх байгуулснаас өөрөөр тайлбарлан дарамталж “Бумбат даваа” ХХК-ийн гүйцэтгэж байгаа ажил дээр ирж, гүйцэтгэлийн мөнгөнөөс нэр бүхий 4 сурагчийн төлбөрийг суутгуулан тооцуулж, мөн миний эзэмшлийн 99111603 дугаарыг өөрийн нэр дээр шилжүүлэн авч, компанийн гэрээтэй ажиллаж байсан “Шунхлай” ХХК-иас машиндаа шатахуун тооцуулан авах зэргээр үндэслэлгүйгээр надаас их хэмжээний мөнгө илүү авч хохироосон. Нэгэнт шүүхээр асуудлаа шийдвэрлүүлж байгаа тул би өөрт учирсан хохирлоо шаардах нь зүйтэй гэж үзлээ. Б.А нь надаас үндэслэлгүйгээр ойролцоогоор 20 000 000 төгрөгийг илүү авсан байдаг. Улсын тэмдэгтийн хураамжтай холбоотойгоор эхний ээлжинд 10 000 000 төгрөгийн шаардлага гаргаж байна. Иймд Б.Аийн үндэслэлгүй авсан 10 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.А сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Г.Б нь 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 40 000 000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар зээлж, гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн бөгөөд тэрээр зээлсэн 40 000 000 төгрөгийг буцаан өгсөн боловч зээлийн хүүг одоог хүртэл төлөөгүй билээ. Гэтэл ямар ч үндэслэлгүйгээр гэрээний үг үсгийн алдаан дээр дөрөөлж, зээлийн гэрээг 6 сарын хугацаатай, 8 хувийн хүүтэй байгуулсан хэмээн ор үндэсгүйгээр анхлан ярьж тохирсон гэрээ хэлцлээсээ буцаж, зээлдүүлэгч намайг залилан мэхэлж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хэн ч байсан өөрийн 40 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, 6 сарын 8 хувийн хүүтэй зээлдүүлнэ гэж одоо цагт хаана ч байхгүйг бүгд мэдэх байх. Сарын хүү нь 8 хувь байсан учраас миний бие Г.Бд мөнгө зээлдүүлсэн гэдгийг Г.Б ч сайн мэдэж байгаа. Хэрвээ тийм биш байсан бол Г.Бд мөнгө зээлдүүлэхгүй байсан. Миний бие Г.Быг дарамталсан зүйл байхгүй бөгөөд харин ч өөрийнх нь санал болгосноор 2 хүүхдийн сургалтын төлбөр 3 240 000 төгрөгийг зээлийн хүүд тооцож авсан. Мөн өөрийнх нь хүсэлтээр зээлийн барьцаанд байсан 99111603 дугаарыг өр төлбөрийг нь барагдуулж, зөрүү мөнгийг зээлийн хүүд тооцон авсан. Г.Б нь надад дарамтлуулах хүн огтхон ч биш бөгөөд харин ч зээлийн хүүгээ төлөхгүй гэж элдвээр арга саам хийж, залилан мэхэлж, зугтаад байсан тул аргагүйн эрхэнд би шүүхэд хандсан билээ. Иймд хариуцагч Г.Бы сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2018/01242 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагчаас 3 226 000 гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6 774 000 төгрөг, хариуцагч Г.Бы 10 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Баас 66 566 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Ариунтунгалагт олгож, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1688 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2018/01242 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн 66 570 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхцэцэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 сарын 20-ны өдрийн 1688 дугаар магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна.

Нэхэмжлэгч Б.А нь алданги 10 сая төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан.

Талуудын хооронд 2015 оны 06 сарын 26-ны өдөр 40 сая төгрөгийг 8 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар зээлдүүлэхээр тохиролцож, зээлийн гэрээ байгуулагдсан. Шүүх ч шийдвэрийн үндэслэх хэсэгтээ ингэж дүгнэсэн байдаг.

Хариуцагч нэхэмжлэгчийг анх байгуулсан гэрээний агуулгыг буруу тайлбарлан дарамталж, үндэслэлгүйгээр их хэмжээний мөнгө, эд материал илүү авсан тул Иргэний хуулийн 492 дугаар 492.1 дэх хэсэгт заасныг үндэслэсэн сөрөг нзхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагчаас үндэслэлгүйгээр илүү мөнгө, эд материал нэхэмжлэгчид өгсөн гэдгээ нотлох, өөрөөр хэлбэл нотлох үүргийнхээ хүрээнд өөрийн гаргасан шаардлагаа нотлож гаргасан холбогдох баримтуудыг шүүх тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй.

Тодруулбал Б.А нь “Бумбат даваа” ХХК-ийн гүйцэтгэж байгаа ажил дээр ирж, гүйцэтгэлийн төлбөрөөс өөрийн танилын хүүхдүүд болох нэр бүхий 3 сурагчдын сургалтын төлбөрт нийт 6 080 000 төгрөгийг суутгуулан тооцуулсан. Тухайн тооцуулсан мөнгөнөөс тодорхой хэсгийг авсан, одоо ч нэр бүхий сурагчдын эцэг эхээс үлдэгдэл мөнгөө шаарддаг тухай шүүхэд өөрөө тайлбар гаргасан, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан болно.

Гэтэл шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт: “...Орхон хасу дунд сургуулийн гадна талбайн тохижилтын ажлыг хариуцагч Г.Б гүйцэтгэсэн, ажлын хөлсийг суралцагчдын сургалтын төлбөрөөр арилжааны гэрээний хэлбэрээр нэхэмжлэгчид зээлийн гэрээний гүйцэтгэлд суутгахаар талууд тохиролцсон үйл баримттай талууд маргаагүй боловч хэдэн төгрөгөөр тооцохоор тохиролцсон нь тодорхойгүй байх тул хэрэгт авагдсан баримтын хэмжээнд буюу сургалтын төлбөр гэсэн утгатай нэхэмжлэгчийн дансны хуулгад орлогоор бүртгэгдсэн 3 440 000 төгрөгийн хэмжээгээр зээлийн гэрээний үүрэгт суутган тооцох нь зүйтэй...” гэж дүгнэсэн нь хариуцагчаас зээлийн үүрэгт тооцуулахаар шилжүүлсэн 6 080 000 төгрөгөөс 2 640 000 төгрөгийг үндэслэлгүйгээр хасч тооцсоныг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Нотлох үүргийн хуваарилалтын хувьд ч хариуцагч нийт ийм төгрөгийг тооцуулахаар шилжүүлсэн гэдгээ л нотлох үүрэгтэйгээс бус нэхэмжлэгчийг шилжүүлэн авсан шаардах эрхээс хэдийг нь авсан хэдийг нь авч чадаагүй болохыг нотлох үүрэггүй, тийм ч боломж байхгүй. Мөн заавал дансаар бүртгэгдэж авах ёстой үүрэг мэтээр дүгнэж байгаа нь өрөөсгөл юм.

Түүнчлэн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...хариуцагчийн эзэмшлийн 99111603 дугаарыг бусдад худалдсан маргаагүй үйл баримтыг үндэслээд хариуцагчийн зөвшөөрч байгаа 5 000 000 төгрөгийн хэмжээнд зээлийн үүргийн гүйцэтгэлд тооцохоор шийдвэрлэв.” гэж дүгнэсэн хууль болон үнэнд нийцээгүй.

Хариуцагчийн зүгээс дээр дүгнэсэн шиг 5 000 000 төгрөгийг суутгуулахыг зөвшөөрсөн талаар ямар нэгэн тайлбар баримтыг шүүхэд гаргаагүй. Нэхэмжлэгчийн зүгээс ямар хэмжээний шахалт дарамт ирж байж өөрийн эзэмшлийн дугаарыг, хийсэн ажлын хөлсөө суутгуулж, нэхэмжлэгч дураар ирж машиндаа түлш дүүргүүлж байгаа зэрэг үйл баримтыг шүүх тал бүрээс нь бодитойгоор харьцуулан дүгнэсэн бол хариуцагчийн сөрөг шаардлага хууль зүйн үндэслэлтэй юм.

Нэхэмжлэгчийн дур зоргоор дугаарыг нь ч авдаг, хийсэн ажлынх нь хөлсийг ч авдаг зэрэг үйл баримтууд нотлох баримтаар бүрэн нотлогдож байхад шүүх нотлогдоогүй гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй.

Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй, шаардах эрх нь хуульд нийцэхгүй тул нэхэмжлэлээс хангаж шийдвэрлэсэн 3 226 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ:

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

   Б.А нь Г.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 10 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, зээлийн төлбөрт илүү төлсөн 10 000 000 төгрөгийг нэхэмжлэгчээс буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

   Анхан шатны шүүх хариуцагчаас 3 226 000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг, сөрөг нэхэмжлэлийн хамт хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

   Зохигчид 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, Б.А 40 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 8%-ийн хүүтэй зээлдүүлэхээр, Г.Б гэрээгээр тохирсон хугацаанд зээлсэн мөнгийг буцаан төлөх үүрэг тус тус хүлээжээ.

Гэрээний дагуу зээлдэгч 40 000 000 төгрөгийг авсантай маргаагүй, харин зээлийг төлж барагдуулсан гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн байна.

Гэрээний үүрэгт зээлдэгч нь үндсэн зээл, хүүгийн хамт нийт /40 000 000 х 8% х 6 сар + 40 000 000/ 59 200 000 төгрөгийг төлөхөөс үндсэн зээл 40 000 000 төгрөгийг төлсөн тул үлдэгдэл 19 200 000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

Зохигчид гэрээнд алданги төлөхөөр харилцан тохиролцсон тул зээлдүүлэгч гүйцэтгээгүй үүрэгт алданги тооцож нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6. дахь заалтыг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн боловч хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын хөлснөөс зээлийн төлбөрийг барагдуулахаар талууд тохиролцсныг үндэслэл бүхий үнэлээгүйгээс тооцооны алдаа гаргажээ.

Нэхэмжлэгч нь Г.Бы гүйцэтгэсэн Орхон Хасу сургуулийн гадна талбайн тохижилтын ажлын хөлснөөс 3 сурагчийн төлбөр 6 080 000 төгрөгийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд суутгуулсан байхад энэ үнийн дүнг хариуцагчийн төлөх ёстой төлбөрөөс бүхэлд нь хасалгүй зөвхөн эдгээр хүүхдүүдээс Б.Ат буцаан төлөгдсөн 3 440 000 төгрөгийг зээлийн төлбөрт шилжүүлж тооцсон нь буруу байна. Энэ үндэслэлээр зөрүү /6 080 000 - 3 440 000/ 2 640 000 төгрөгийг нэхэмжлэлийг хангасан төлбөрөөс хасч, /3 226 000 - 2 640 000/ 580 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.

Энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангаж, харин нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохыг хүссэн гомдол үндэслэлгүй байна.

Хариуцагч нь зээлийн төлбөрийн үлдэгдэлтэй байх тул илүү төлсөн үндэслэлээр 10 000 000 төгрөгийг буцаан гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1. дэх заалттай нийцжээ.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байх тул дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1688 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2018/01242 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “3 226 000 /гурван сая хоёр зуун хорин зургаан мянган/” гэснийг “580 000” гэж, “6 774 000 /зургаан сая долоон зуун далан дөрвөн мянган/” гэснийг  “9 414 000” гэж, 2 дахь заалтын “66 566” гэснийг “18 050” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын заримыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., 59 дүгээр зүйлийн 59.3., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхцэцэгээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 66 750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Б.УНДРАХ

ШҮҮГЧ                                          Х.ЭРДЭНЭСУВД