Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2018/01688

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2018/01242 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.А-ийн хариуцагч Г.Б-д холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 10 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, зээлийн төлбөрт илүү төлсөн 10 000 000 төгрөгийн буцаан гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Булган, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Г.Б-тай 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 40 000 000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлж гэрээ байгуулсан бөгөөд хариуцагч нь гэрээний дагуу 40 000 000 төгрөгийг буцаан өгсөн боловч зээлийн хүүг одоог хүртэл төлөөгүй. Зээлийн гэрээгээр үүргээ биелүүлээгүй тохиолдолд 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон бөгөөд Г.Б нь гэрээгээр хүлээсэн хүү төлөх үүргээ биелүүлээгүй учир 40 000 000 төгрөгийн зургаан сарын хүү 19 200 000 төгрөг, алданги 9 600 000 төгрөг, нийт 28 800 000 төгрөг болсон. Дээрх мөнгөнөөс миний бие 18 800 000 төгрөгийг буцаан авсан ба үлдэгдэл 10 000 000 төгрөгийг хариуцагчаас төгрөгийг гаргуулж өгнө үү.

Миний бие Г.Б-ыг дарамталсан зүйл байхгүй. Өөрийнх нь санал болгосноор 2 хүүхдийн сургалтын төлбөр 3 240 000 төгрөгийг зээлийн хүүд тооцож авсан. Мөн өөрийнх нь хүсэлтээр зээлийн барьцаанд байсан 99111603 дугаарыг өр төлбөрийг нь барагдуулж, зөрүү мөнгийг зээлийн хүүд тооцон авсан. Иймд хариуцагч Г.Б-ы сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ: Б.А-тай 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 40 000 000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлж зээлийн гэрээ байгуулсан. 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээний хүүд 19 629 000 төгрөг, үндсэн төлбөр 40 000 000 төгрөгийн тус тус бүрэн төлж дуусгавар болгосон.

Өөрийн эзэмшлийн мобикомын 99111603 дугаарыг “Есөн шижир ББСБ” ХХК-д 6 000 000 төгрөгийн барьцаанд тавьсан байснаа Б.А-т зээлийн төлбөрийг төлөх зорилгоор түүний хамаатан н.Мөнхжаргалаас шилжүүлж түүнээс 9 000 000 төгрөгийн зээл авч, зөрүү 3 000 000 төгрөгийг Б.А авсан. Гэтэл Б.А нь миний эзэмшлийн дугаарыг дур мэдэж зарж зөрүү 2 240 300 төгрөгийг, мөн “Бумбат даваа” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн Орхон хасу олон улсын дунд сургуулийн зам талбайн ажлын гүйцэтгэлийн хөлснөөс 3 хүүхдийн сургалтын төлбөрт 6 080 000 төгрөгийг тус тус үндэслэлгүйгээр авч, надад болон компанид хохирол учруулсан.Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт “талуудад гэрээг тайлбарлахдаа гэрээний үгийн шууд утгыг анхаарна” гэж заасны дагуу энэ гэрээний 2 дугаар зүйлд гэрээний нөхцөлийг тохирохдоо зээлийн хүү 8 хувь гэж заасан байх ба жилийн, сарын, хоногийн гэсэн тодотгол байхгүй байх тул нэхэмжлэгчийн нэг сарын 8 хувь, нэг хоногийн 0.5 хувийн алданги тооцно гэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

Б.А нь тухайн зээлийн гэрээний агуулгыг анх байгуулснаас өөрөөр тайлбарлан дарамталж “Бумбат даваа” ХХК-ийн гүйцэтгэж байгаа ажил дээр ирж, гүйцэтгэлийн мөнгөнөөс нэр бүхий 4 сурагчийн төлбөрийг суутгуулан тооцуулж, мөн миний эзэмшлийн 99111603 дугаарыг өөрийн нэр дээр шилжүүлэн авч, компанийн гэрээтэй ажиллаж байсан “Шунхлай” ХХК-иас машиндаа шатахуун тооцуулан авах зэргээр үндэслэлгүйгээр надаас их хэмжээний мөнгө илүү авч хохироосон. Иймд Б.А-ийн үндэслэлгүй авсан 10 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагчаас 3 226 000 гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6 774 000 төгрөг, хариуцагч Г.Б-ы 10 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Б-аас 66 566 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.А-т олгож, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлж чадаагүйгээс гадна хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Б.А нь “Бумбатдаваа” ХХК-ийн гүйцэтгэж байгаа ажил дээр ирж, гүйцэтгэлийн төлбөрөөс өөрийн танилын хүүхдүүд болох нэр бүхий 3 сурагчдын сургалтын төлбөрт нийт 6 080 000 төгрөгийг суутгуулан тооцуулсан. Тухайн тооцуулсан мөнгөнөөс тодорхой хэсгийг авсан, одоо ч нэр бүхий сурагчдын эцэг эхээс үлдэгдэл мөнгөө шаарддаг тухай шүүхэд өөрөө тайлбар гаргасан, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан болно. Гэтэл шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт: "...Орхон хасу дунд сургуулийн гадна талбайн тохижилтын ажлыг хариуцагч Г.Б гүйцэтгэсэн, ажлын хөлсийг суралцагчдын сургалтын төлбөрөөр арилжааны гэрээний хэлбэрээр нэхэмжлэгчид зээлийн гэрээний гүйцэтгэлд суутгахаар тохиролцсон үйл баримттай талууд маргаагүй боловч хэдэн төгрөгөөр тооцохоор тохиролцсон нь тодорхойгүй байх тул хэрэгт авагдсан баримтын хэмжээнд буюу сургалтын төлбөр гэсэн утгатай нэхэмжлэгчийн дансны хуулгад орлогоор бүртгэгдсэн 3 440 000 төгрөгийн хэмжээгээр зээлийн гэрээний үүрэгт суутган тооцох нь зүйтэй..." гэж дүгнэсэн нь хариуцагчаас зээлийн үүрэгт тооцуулахаар шилжүүлсэн 6 080 000 төгрөгөөс 2 640 000 төгрөгийг үндэслэлгүйгээр хасч тооцсоныг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Хариуцагчийн зүгээс 5 000 000 төгрөгийг суутгуулахыг зөвшөөрсөн талаар ямар нэгэн тайлбар баримтыг шүүхэд гаргаагүй. Нэхэмжлэгчийн зүгээс ямар хэмжээний шахалт дарамт ирж байж өөрийн эзэмшлийн дугаарыг, хийсэн ажлын хөлсөө суутгуулж, нэхэмжлэгч дураар ирж машиндаа түлш дүүргүүлж байгаа зэрэг үйл баримтыг шүүх тал бүрээс нь бодитойгоор харьцуулан дүгнэсэн бол хариуцагчийн сөрөг шаардлага хууль зүйн үндэслэлтэй юм. Нэхэмжлэгчийн дур зоргоор дугаарыг нь ч авдаг, хийсэн ажлынх нь хөлсийг ч авдаг зэрэг 4 үйл баримтууд нотлох баримтаар бүрэн нотлогдож байхад шүүх нотлогдоогүй гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй. Хариуцагч нь тухайн зээлийн гэрээний үндсэн үүрэг болон анх хүсэл зоригоо илэрхийлэн бичгийн хэлбэрээр буугдсан гэрээний үүргийг бол бүрэн гүйцэтгэсэн байдаг. Тодруулбал, 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр буюу гэрээний хугацаа дуусахаас 2 хоногийн өмнө зээлийн үндсэн үүрэг болох 40 000 000 төгрөгийг, 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 1 000 000 төгрөг, 04 дүгээр сарын 28-ны өдөр 2 700 000 төгрөг, нийт 3 700 000 төгрөгийг зээлийн гэрээний хүүд бүрэн төлж гэрээний үүрэг дуусгавар болсон. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн заалт нь үүргийн эрх зүйн бүх төрлийн харилцаанд, өөрөөр хэлбэл гэрээний эрх зүйд ч үйлчлэх зарчимтай. Гэтэл шүүх хуулийн тухайн заалтыг зээлийн гэрээний үүрэгт хамаарахгүй мэтээр дүгнэсэн үндэслэлгүй болжээ. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй, шаардах эрх нь хуульд нийцэхгүй тул нэхэмжлэлээс хангаж шийдвэрлэсэн 3 226 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Г.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 10 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг /хх.1/ хариуцагч эс зөвшөөрч гэрээний үүргээ бүрэн биелүүлж үүрэг дуусгавар болсон гэж марган үндэслэлгүйгээр их хэмжээний мөнгө авч хохироосон гэж нэхэмжлэгчээс 10 000 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ. /хх.13, 49/

 

2015 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хариуцагч Г.Б нь нэхэмжлэгч Б.А-аас 40 000 000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар зээлж, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгээгүй хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцон төлөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулсан /хх.4/, гэрээний хүчин төгөлдөр байдал болон гэрээ байгуулагдсан талаар талууд маргаагүй, талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн талаарх шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Нэхэмжлэгч Б.А нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 6 сарын зээлийн хүү 19 200 000 төгрөг, гэрээгээр тохиролцсоны дагуу алдангид 9 600 000 төгрөг, нийт 28 800 000 төгрөг төлөх ёстойгоос 18 800 000 төгрөг төлсөн тул төлөөгүй үлдсэн 10 000 000 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлжээ.

 

Хэрэгт цугларсан баримт, талуудын тайлбараар хариуцагч Г.Б нь 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 40 000 000 төгрөг, зээлийн хүү 19 200 000 төгрөг /1 сар 3 200 000 x 6 сар/, хугацаандаа үүргээ гүйцэтгээгүйтэй холбоотой алдангид 9 100 000 төгрөг, нийт 68 300 000 төгрөг төлөхөөс зээлийн гэрээний хугацаанд 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр зээлийн төлбөрт 40 000 000 төгрөг /хх.39/, зээлийн хүүд 14 580 000 төгрөг /хх.40-41, 63-66/, 180 000 төгрөгийг шатахууны үнэд оролцуулан нийт 54 760 000 төгрөгийн үүргийг гүйцэтгэсэн, гүйцэтгээгүй үүрэгт 13 540 000 төгрөг үлдсэн байна.

 

            2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Г.Б-ы төлсөн 1 874 000 төгрөг нь өмнөх өр төлбөрт тооцогдох ёстой гэх нэхэмжлэгчийн тайлбар нь хэргийн баримтаар тогтоогдоогүй, мөн хариуцагч нь 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр өөрийн эзэмшлийн 99111603 дугаарыг бусдад зарахыг зөвшөөрч үйлдсэн бичиг зэргийг үндэслэн нэхэмжлэгч нь 5 000 000 төгрөгийг авснаа зөвшөөрсөн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан /хх.95/ тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6 874 000 төгрөгийг тооцсон нь зөв болно.

 

Хариуцагч нь “Бумбат даваа” ХХК-ийн гүйцэтгэсэн “Орхон Хасү” дунд сургуулийн гадна талбайн тохижилтын ажлын хөлснөөс нэхэмжлэгч Б.А нь нэр бүхий 4 сурагчийн төлбөрийг суутгуулж тооцсон тухай тайлбарыг хариуцагч гаргаж нотлох баримтаар Орхон Их сургуулийн 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 190 тоот албан бичгийг шүүхэд гаргасан /хх.50/, уг албан бичигт нэр бүхий 3 сурагчийн төлбөрт нийт 6 080 000 төгрөгийг нэхэмжлэгч, хариуцагч нар тохиролцсоны үндсэн дээр Б.А-ийн хүсэлтийн дагуу суутгуулсан талаар бичиж ирүүлсэн байх боловч хэргийн 82-83 дугаар талд нэхэмжлэгчийн дансны хуулгаар сургалтын төлбөрийн гэх 3 440 000 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт суутгаж дансаар хүлээн авсан баримт авагджээ. Иймд шүүх 3 440 000 төгрөгийг зээлийн төлбөрт төлөгдсөнд тооцсон нь үндэслэлтэй.

 

Дээрх байдлаар сургалтын төлбөр, утасны үнийн зөрүү, шатахууны үнийг зээлийн төлбөрт тооцоход 3 226 000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болох нь тогтоогдож байх тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ. (13 540 000 төгрөг - 1 874 000 төгрөг- 5 000 000 төгрөг- 3 440 000 төгрөг = 3 226 000 төгрөг)

 

Иймд дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2018/01242 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн 66 570 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

 

                                           ШҮҮГЧИД                                      Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                  А.ОТГОНЦЭЦЭГ