Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2018/01748

 

 

С.Лгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2018/01579 дүгээр шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 1605 дугаар магадлалтай

С.Лгийн нэхэмжлэлтэй,

Хд холбогдох

Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч С.Лгийн  хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анхбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жанчив, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч С.Л шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Л 2008 оны 9 дүгээр сарын 04-өөс эхлэн Хд асрагчаар ажилласан. Ажиллах хугацаандаа хөдөлмөрийн гэрээ, дотоод журамд хүлээсэн үүргээ биелүүлж, 2014 онд эрүүл мэндийн тэргүүний ажилтан болсон. 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Ерөнхий захирлын Б/21 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан үндэслэлээр ажлаас нь халсан. Үндэслэлгүйгээр ажлын байраа орхисон зүйл болоогүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан сахилгын шийтгэлийг давтан гаргасан, эсхүл ноцтой зөрчлийн аль үндэслэлээр тушаал гаргасан нь тодорхойгүй. Байгууллагын дотоод журамд ажлын байраа орхиж явсан үндэслэлээр сахилгын шийтгэл оногдуулахаар тусгагдаагүй. Иймд давтан зөрчил гэж үзэхгүй тул тушаал хууль зүйн үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн зүгээс 2018 оны 01 дүгээр сарын 16-ны нэг өдөр өвчний улмаас очиж чадаагүй утсаар хэлэхээр актаа авч ирж өг гэхэд нь акт аваачиж өгөөгүй тул ажил тасалсан гэж тооцсон. 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр ажилдаа гарахаар утсаар ярихад чамайг гаргахгүй гэж асрагч Нямсүрэн хэлсэн. Нэхэмжлэгч 1 өдөр ажил тасалсан. 3 өдөр ажил таслах боломжгүй, нэг өдөр гарчихаад, 2 өдөр амардаг. Ажлаас халсан тушаалын үндэслэл нь 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс хойш ажлын байраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаан хугацаагаар орхиж явсан гэсэн. Ажлын байраа орхиж явсан, ажлаа тасалсан 2 агуулгын хувьд ялгаатай. С.Л нь ажлаа 1 өдөр тасалсан, түүнээс ажлын байраа орхиж яваагүй тул ажлаас халсан тушаал үндэслэлгүй. Иймд С.Лг ажлаас халсан захирлын тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 3 547 700 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтрийн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Х шүүхэд гаргасан хариу тайлбартаа: С.Л нь ажиллах хугацаандаа архины хамаарлаас болж удаа дараа ажил тасалдаг байсан. Байгууллагын зүгээс түүний амьдрал ахуйг харгалзан удаа дараа өнгөрүүлж байсан. Элэгний клиникийн 8 дугаар тасагт ажиллаж байхдаа удаа дараа ажил тасалснаас сүрьеэгийн тасагт шилжүүлсэн боловч мөн удаа дараа ажлаа орхиж явсан. Сүрьеэгийн тасаг хуралдахаар дахин ийм алдаа гаргахгүй, ажил таслахгүй гэж гуйдаг байсан тул ажилд нь үлдээсэн. С.Л нь асрагчийн ажилд 17 болон 7 цагаар график гарган ажилладаг. Нэг гараад 3 хоног амардаг, нэг гарахдаа 17 цагаар болон 7 цагаар гардаг. Нэг өдрийн ажил тасалбал 3 өдрийн ажил тасалснаар тооцдог. Хөдөлмөрийн тухай хуулиар бол өдөрт 8 цагаар ажилладаг. Харин нэг өдөрт 17 цаг ажиллаж байгааг 3 өдөр ажилласанд тооцдог. 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн Б/158 тушаалаар арга хэмжээ авсан. 2017 оны 9 дүгээр сарын 06-ны хурлаар С.Л нь би дахиж ажил таслахгүй гэж гуйгаад үлдсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу сануулах арга хэмжээ авсан. Дахиад энэ нөхцөл байдал давтагдахаар нь 2018 оны 01 дүгээр сард түүнийг ажлаас халсан. С.Лг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт бөгөөд хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан болон ноцтой зөрчил гэсэн агуулгаар ажлаас чөлөөлсөн. Ажил тасалсан нь сахилгын зөрчил давтан гаргасан үйлдэл. Хоёр дахь нь 2011 онд хугацаагүй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.2-т хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаа 2 буюу түүнээс дээш хугацаагаар тасалсан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.4-т зааснаар ноцтой зөрчилд тооцож, ажлаас халахаар тохиролцсон тул тушаал хууль зүйн үндэслэлтэй. Нэхэмжлэгчийн ажилгүй байх хугацааны цалинг тооцоолсон нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2018/01579 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Лг Хийн Олон эмийн дасалтай сүрьеэгийн 2 дугаар тасгийн асрагчийн ажилд эгүүлэн тогтоож, Хөөс 2 105 860 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 441 840 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан Нийгмийн даатгалын дэвтэр, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг Хд даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Хөөс 52 535 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 1605 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2018/01579 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч С.Лгийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч С.Л хяналтын журмаар гаргасан гомдолдоо: С.Лгийн нэхэмжлэлтэй Х /цаашид “Х” гэх/-д холбогдох иргэний хэргийн нэхэмжлэгч нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 1605 дугаартай магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Нэхэмжлэгч С.Л нь Х-д 2008 оны 09 сарын 04-ны өдөр ажилд орсон бөгөөд өнөө хүртэл эрүүл мэндийн салбарт нийтдээ 19 дэх жилдээ ажиллаж яваа эрүүл мэндийн салбарын тэргүүний ажилтан. Нэхэмжлэгч нь 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр ажилдаа эрүүл мэндийн шалтгааны улмаас очиж чадаагүй байдаг бөгөөд дараа өдөр нь очих гэтэл чамайг ирүүлэхгүй халсан гэх хариу өгсөн байдаг. Улмаар 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/21 тоот тушаалаар нэхэмжлэгчийг ажлаас халсан байдаг бөгөөд үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх заалт буюу хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан мөн хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил аль алиныг нь гаргасан гэж тайлбарладаг. Ингэхдээ нэхэмжлэгчийг “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын байраа удаан хугацаагаар орхиж явсан” үйлдэл гаргасан гэж үздэг.

Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан сахилгын давтан зөрчил, ноцтой зөрчил гаргасан гэх 2 үндэслэлийн аль алиныг нь гаргасан гэж тайлбарлаж үүнийг давж заалдах шатны шүүх үндэслэлтэй гэж үзэн магадлал гаргасан тул дараах хоёр хэсгээр тайлбар гомдол гаргаж байна.

1. Сахилгын зөрчлийн тухайд Х нь хөдөлмөрийн харилцааг үүсгэж, өөрчилж, дуусгавар болгож байгаагийн хувьд түүний гаргасан шийдвэр нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журамд нийцсэн байх ёстой байдаг. Мөн хөдөлмөрийн гэрээг цуцлах тушаалд заагдсан үндэслэл ажилтны гаргасан зөрчил буюу үйлдэл хоёр хоорондоо нийцсэн байх ёстой. Гэтэл сахилгын шийтгэл оногдуулах хууль зүйн баримт бичиг болох Х-ийн Хөдөлмөрийн дотоод журам болон Хөдөлмөрийн гэрээнд “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын байраа удаан хугацаагаар орхин явах” гэх үндэслэлийг сахилгын зөрчилд тооцохоор огт зохицуулаагүй байна. Өөрөөр хэлбэл ажилтны гаргасан үйлдэл нь 1 өдөр ажил тасалсан байхад ажил олгогчоос хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд тусгагдаагүй буюу ажил олгогчоос зөрчилд тооцохоор зохицуулаагүй үндэслэлээр сахилгын шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Мөн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс “сахилгын зөрчил давтан гаргасан, зөрчил тус бүрт шийтгэл оногдуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэж дүгнэсэн нь хуульд нийцсэн гэж үзэж байна.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийг 2017 оны 09 дүгээр сарын 11-ны өдөр Б/158 тушаалаар сахилгын шийтгэл хүлээсэн гэж дүгнэсэн боловч тухайн сахилгын шийтгэлийн үндэслэл нь “урьдчилан мэдэгдэлгүйгээр ажлын байраа удаа дараа шалтгаангүйгээр орхиж явсан” хэмээн үзэж Хөдөлмөрийн дотоод журмын 8.3.3 дахь заалтыг үндэслэсэн байдаг. Хөдөлмөрийн дотоод журмын 8.3.5-д “Дараах тохиолдолд хөдөлмөрийн хуулийн дагуу сахилгын зөрчилд тооцож шийтгэл ногдуулна. Үүнд: ... хэмээн сахилгын зөрчлүүдийг жагсаан дурдсан байдаг. Гэтэл тухайн жагсаалтад “урьдчилан мэдэгдэлгүйгээр ажлын байраа удаа дараа шалтгаангүйгээр орхиж явсан” гэх үндэслэл огт байдаггүй. Иймд нэхэмжлэгчийг сахилгын давтан зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас халах нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

2. Хариуцагч Х нь нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан үзэж ажлаас халсан гэж тайлбарладаг. Талуудын хооронд байгуулсан 2011 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т “Ажилтан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 2 өдөр ажил тасалсан, ажилд согтуу ирсэн буюу ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн, албаны нууц задруулсан, түүнчлэн ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд тооцон хөдөлмөрийн гэрээг Захиргаа цуцалж ажлаас хална” гэж заажээ. Харин 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалд зааснаар “С.Л нь 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын байраа удаан хугацаагаар орхин явсан” гэж үзэн ажлаас халсан байдаг. Иймд Хөдөлмөрийн гэрээ болон ажлаас халсан тушаалын үндэслэлүүд хоорондоо огт нийцэхгүй байхад давж заалдах шатны шүүх үүнийг хяналгүй орхиж нэг талыг баримталж шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Хариуцагчийн зүгээс ажлын байраа удаан хугацаагаар орхиж явах нь ажлаа тасалсантай адил зүйл гэж тайлбарлаж үүнийг давж заалдах шатны шүүх зөвтгөсөн байдаг. Гэтэл ажилтан ажилдаа очоогүй байх болон ажлын байраа удаан хугацаагаар орхих хоёр нь утга агуулгын хувьд хоёр өөрөөр тайлбарлагдах байтал үүнийг давж заалдах шатны шүүх утга нэг хэмээн тайлбарласан нь хуульд нийцээгүй гэж үзэж байна.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан үндэслэлийг хуульд нийцсэн байдлаар тайлбарлаж хуульд нийцээгүй үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас халсан гэж дүгнэсэн байтал давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулан шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1-т зааснаар хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд сахилгын шийтгэл оногдуулах тухай заасан байтал хөдөлмөрийн гэрээ, дотоод журамд огт байхгүй үндэслэлээр сахилгын шийтгэл оногдуулсанг зөвтгөн тайлбарлаж хариуцагчийн гаргаж өгсөн сөрөг баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн хувийн байдлыг үнэлэх замаар хэт нэг талыг барин хууль зүйн үндэслэлгүй тайлбар, дүгнэлт гаргасан үзэж байна.

Мөн нэхэмжлэгч нь 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр л ажилдаа очиж чадаагүйг хүлээн зөвшөөрсөн ч тухайн сарын 16, 20, 21-ны өдөр ажил тасалсан талаар хүлээн зөвшөөрөөгүй маргаж байхад давж заалдах шатны шүүхийн магадлалд “мөн сарын 16, 20, 21 -ний өдрүүдэд ажилдаа ирээгүй болох нь нэхэмжлэгчийн өөрийн тайлбараар нотлогдсон” гэж тайлбарласан нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний хавсралтад байх ёстой ажлын байрны тодорхойлолтыг Х нь баталж нэхэмжлэгчид танилцуулах үүргээ биелүүлж байгаагүйг анхан шатны шүүх тогтоосон болохыг дурдах нь зүйтэй байна.

Магадлалд дурдсанаар “нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор шүүх бүрэлдэхүүн тогтоов” хэмээн утга агуулгын хувьд алдаатай шийдвэр бичсэн байна.

Иймд дээрхийг үндэслэн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн шийдвэрийг хэвээр үлдээж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 1605 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

С.Л нь ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулахаар Хд холбогдуулан нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ажил олгогчийн шийдвэр хууль зөрчөөгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх С.Лг Хийн Олон эмийн дасалтай сүрьеэгийн 2 дугаар тасгийн асрагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 2 105 860 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, 1 441 840 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч С.Л нь 2008 оноос Хд асрагчаар ажилласан, байгууллагын Ерөнхий захирлын 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Б/158 дугаар тушаалаар сануулах сахилгын шийтгэл хүлээсэн, 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай Б/21 тушаалаар “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын байрыг удаан хугацаагаар орхиж явсан...” үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4., Хөдөлмөрийн дотоод журмын 8.3.4., Хөдөлмөрийн гэрээнд зааснаар үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.

Нэхэмжлэгчийг 2018 оны 01 дүгээр сарын 16, 20, 21-ний өдрүүдэд ажил тасалсан гэх үндэслэлээр хариуцлага тооцсон ба нэхэмжлэгч нь 01 дүгээр сарын 16-ны өдөр өвчтэй байсныг, мөн 20, 21-ний өдрүүдэд ажилдаа ирээгүй нь хүндэтгэн үзэх шалтгаантайг нотлох баримтыг ирүүлээгүй бөгөөд энэ талаар маргаагүй байна.

Хариуцагч нь ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаалд бичигдсэн “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын байраа удаан хугацаагаар орхиж явсан..” гэснийг “ажил тасалсан” гэж тайлбарлажээ.

Анхан шатны шүүх “...ажилтан ажлын байраа удаан хугацаагаар орхиж явсан гэх үйл баримт тогтоогдоогүй” гэх үндэслэлээр ажил олгогчийн тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж дүгнэхдээ маргааны үйл баримтыг зөв тогтоогоогүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэлгүй, зөвхөн тушаалд бичигдсэн үгийг шууд утгаар нь шийдвэрийн үндэслэл болгосон нь учир дутагдалтай болжээ.

С.Л нь урьд 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр сахилгын шийтгэл хүлээсэн, мөн 2018 оны 01 дүгээр сарын 16, 20-ны өдрүүдэд 17 цагаар ажиллах графикт ажлаа  тасалсан нь цагийн бүртгэлээр тогтоогдсон, энэ нь ажлын 6 өдөрт тооцогдохоор байна.

Хөдөлмөрийн гэрээний 3.2.-т “ажилтан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 2 өдөр ажил тасалсан бол ...сахилгын ноцтой зөрчилд тооцож, хөдөлмөрийн гэрээг цуцлах...”-аар тохиролцсон, Хөдөлмөрийн дотоод журмын 8.3.4.-т “ажилтан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нэг сарын дотор нийлбэрээрээ 6 ба түүнээс дээш өдөр, мөн дараалан 3 ба түүнээс дээг өдөр ажил тасалсан” нь ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэл болно гэж заажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т “ажилтан хөдөлмөрийн  сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар зохицуулсан байна.

Нэхэмжлэгч С.Л нь хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, мөн хөдөлмөрийн харилцааг шууд цуцлах ноцтой зөрчил гаргасан нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдсон тул ажилтныг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаал хууль зөрчөөгүй гэж дүгнэн, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4., 128 дугаар зүйлийн 128.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4., 116 дугаар зүйлийн 116.2. дахь заалтад нийцсэн байна.

Иймд магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 1605 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.Лгийн  хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                Б.УНДРАХ

          ШҮҮГЧ                                      Х.ЭРДЭНЭСУВД