Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 221/МА/2022/0688

 

 

 

 

 

 

 

 

                 М.Ц гийн нэхэмжлэлтэй

    захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Л.Д

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч М.Ц

Хариуцагч Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар

Нэхэмжлэлийн шаардлага:

-Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн Б/85 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх,

-Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн “Тушаалын заалт хүчингүй болгож, өөрчлөлт оруулах тухай” Б/115 дугаар тушаалыг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 18 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д,

Хариуцагч Л.Д, өмгөөлөгч Б.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна

Хэргийн индекс: 117/2022/0001/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч М.Ц-аас Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан

“Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн Б/85 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх,

Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн “Тушаалын заалт хүчингүй болгож, өөрчлөлт оруулах тухай” Б/115 дугаар тушаалыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2.Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 18 дугаар шийдвэрээр: 

“...Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3, 23.4, 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.Ц гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн “М.Ц г албан тушаал бууруулах тухай” Б/85 дугаар тушаалын 1, 3 дахь заалт, мөн даргын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн “Тушаалын заалт хүчингүй болгож, өөрчлөлт оруулах тухай” Б/115 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр хүчинтэй болсон 2022 оны 6 дугаар сарын 7-ны өдрийг дуустал хугацаагаар зохих журмын дагуу тооцон олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад даалгаж” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Л.Д дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1.“Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлгүй шийдвэрийг гаргасан.

Учир нь М.Ц  нь Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд ажиллаж байх хугацаандаа өгсөн үүрэг, даалгаврыг хэрхэн гүйцэтгэж байсан талаар хавтаст хэрэгт тодорхой баримтууд авагдсан. Тухайлбал төрийн албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөр, аймгийн шагналын журмуудыг 7 удаагийн өгсөн үүрэг даалгавраар огт биелүүлээгүй. Үүрэг, даалгаврыг хүлээж авсан талаарх гарын үсгээ зурдаг хэрнээ биелүүлэх хугацааг удаа дараагийн хурлуудаар сунгасан ч ямар ч үр дүн гаргадаггүй тул 2021 оны 8 дугаар сард ажлаа өгсөн. Түүнийг ажлаа өгснөөс хойш буюу мөн оны 10 дугаар сард тус хөтөлбөр батлагдсан. Энэ талаар баримтыг шүүхэд өгсөн. Энэ хөтөлбөр хэрэгжсэнээр төрийн албан хаагчдад ямар төрлийн дэмжлэг явагдсан тухай шүүх хуралдаанд тодорхой ярьсан болно.

1 дүгээр хавтаст хэргийн 101 дэх талд дээрх хурлын шийдвэрийн дагуу 11 үүрэг даалгаврыг М.Ц д, 5 үүрэг даалгаврын бусад хэлтсийн даргатай хамтран гүйцэтгэхээр,

-105 дахь талд Засаг даргын Тамгын газрын 2021 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 03/2021 дугаар хурал болсон. Үүнд ТЗУХ-ийн дарга М.Ц  оролцоогүй, харин мэргэжилтэн С.Х оролцсон. ТЗУХ-д 4 үүрэг даалгавар, 1 үүрэг даалгаврыг хамтарсан байдлаар гүйцэтгэхээр даалгасан. Үүнд мөн шагналын журмууд шинэчлэх, төрийн албан хаагчдын сургалтын хөтөлбөр, нийгмийн баталгааг хангах хөтөлбөр боловсруулан батлуулах ажлыг мөн тус хэлтэст даалгасан,

-109 дэх талд Засаг даргын Тамгын газрын 2021 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 04/2021 дүгээр хурал болсон. Энэ хуралд мөн өмнөх үүрэг, даалгаврууд хэрэгжээгүй талаар дурддаг. Өгөгдсөн үүрэг даалгаврууд нь 111-112 дэх талд авагдсан,

-113 дахь талд Засаг даргын Тамгын газрын 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 05/2021 дүгээр хурал болсон. Энэ хурал дээр “Засаг даргын Тамгын газрын дарга үүрэг, даалгавар хангалтгүй, хэлтсүүдийн хооронд бие бие рүүгээ ажлаа чихэж булзааруулсан байдалтай 3 сар боллоо” гээд үүрэг, даалгавруудыг дахин болон шинээр өгдөг,

-115 дахь талд Засаг даргын Тамгын газрын 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 06/2021 дүгээр хурал болсон. Энэ хурал дээр мөн өмнөх үүрэг, даалгаврын гүйцэтгэлийг асуухад ТЗУХ-ын 2 ажил 0 хувийн гүйцэтгэлтэй байсан. Мөн энэ хурлаар мэргэжилтэн н.Ж нь катологи хийх ажил нь ТЗУХ-т очоод хийгдээгүй байгаа талаар дурддаг,

-118-119 дэх талд үүрэг, даалгаврууд байна. Энд мөн анхны хурал дээр яригдаж байсан үүрэг, даалгаврууд дээрхийн адил гүйцэтгэгдээгүй.

-120 дахь талд Засаг даргын Тамгын газрын 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 07/2021 дүгээр хурал болсон. Энэ хуралд мөн үүрэг, даалгаврууд хэрэгжихгүй байгаа талаар хангалттай дурдагддаг, 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 08/2021 дүгээр хурал болсон. Энд мөн үүрэг, даалгаврын талаар ярилцдаг. Мэргэжилтэн Э.О аймгийн вэб сайтын ажил хангалтгүй байгаа талаар дурддаг бөгөөд энэ нь ТЗУХ-ийн ажил юм.

-133 дахь талд 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 09/2021 дүгээр хурал болсон. Энэ хурлыг давж заалдах шатны шүүх бүхэлд нь судлаасай гэж хүсэж байна.

Дээрх хурлуудаас М.Ц  даргын хэрхэн ажиллаж байсан нь харагдана. Мөн тэрбээр өөрийн хэлтсийн албан хаагч нарт үүрэг, даалгавар өгдөггүй байсан нь хавтаст хэрэгт авагдсан бөгөөд Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газарт ашиглагддаг ERP программд үзлэг хийсэн баримтаас хангалттай, тодорхой харагддаг.

Мөн түүнийг албан хаагчид хэрхэн үнэлж байгаа талаар сэтгэл ханамжийн судалгаа, түүний талаар албан хаагчдын гэрчээр өгсөн мэдүүлэг зэргээр төрийн албаны удирдах ажил хийж байсан хүн хэрхэн ажиллаж байсан талаар хангалттай баримтууд авагдсан.

1 дүгээр хавтаст хэргийн 199-206 дахь талд нэхэмжлэгчийн албан тушаалын тодорхойлолт авагдсан бөгөөд уг тодорхойлолтын 1.6-д заасныг тэбрээр зөрчсөн. Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрыг буруу удирдаж Тамгын газрын хэлтсүүдийн үнэлгээг буруу гарахад нөлөөлсөн. Энэ асуудлыг засахаар аймгийн Засаг даргын Тамгын газрын албан хаагчдын эхний хагас жилийн ажлыг үнэлэх гэсэн 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн Б/70 дугаар тушаалыг өөрчлөхөөр 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А/136 дугаар албан бичгээр үнэлгээний баг гаргаад үнэлсэн байдаг.

Энэ явдлыг М.Ц  нь шүүх хуралдаанд “Та өөрөө тэр журмыг мэдэх боломжтой байсан ш дээ” хэмээн тайлбарладаг. Гэтэл биднийг хууль тогтоомжийн удирдлагаар хангах ёстой хүн нь түүний удирддаг Төрийн захиргааны удирдлагын хэлтэс юм.

Мөн 1.8-д зааснаар ашиг сонирхлын зөрчилтэй байна. Тэрбээр БНХАУ-аас 10 сая төгрөг хувийн дансаараа авсан. Энэ асуудлыг Нийслэлийн прокурорын газраас хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн байна. Гэвч энэхүү асуудал нь холбогдох олон хууль тогтоомжийг зөрчсөнийг миний өмгөөлөгч шүүх хуралдаанд тодорхой ярьсан болно.

Түүний хувийн дансаараа БНХАУ-аас мөнгө авч байгаа нь хэрхэвч төрийн албан хаагчийн хийх ёстой үйлдэл биш юм. Тэрээр өнөөдөр ямар ашиг сонирхлын үүднээс төрд, түүн дотроо удирдах албан тушаалд ажилласан болох нь дээрх үйлдлээс нь тодорхой харагдана. Хэдийгээр түүнийг шалгаж, тогтоосон шийдвэр байхгүй ч энэ мэт үйлдэл хийсэн хүн Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм, төрийн албан хаагчийн тангаргаа санах нь зүйтэй гэж бодож байна.

Мөн тус тодорхойлолтын 2.1, 3.3.1, 3.3.2, 3.4.6, 3.4.5.1, 3.4.5.2, 6.2-т заасныг тус тус хэрхэн зөрчсөн талаар өмгөөлөгч тодорхой дурдсан. Дээрх нөхцөл байдлууд нь түүнийг Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.1-д заасны дагуу хангалтгүй биелүүлсэн байхыг илтгэнэ. Мөн түүнийг ийнхүү хангалтгүй биелүүлсэн талаар Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны А/172 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг тогтоосны үндсэн дээр түүний албан тушаалыг бууруулах нөхцөл байдал бүрдсэн юм.

3.2.Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.2-т заасан үндэслэлийн тухайд:

Нэхэмжлэлд 2021 оны эхний хагас жилийн ТЗУХ-ийн үнэлгээний хуудсыг манай мэргэжилтэн Ж-р дамжуулан Засаг даргын Тамгын газрын даргаас ТЗУХ-ний даргатай зөвшилцөн гарын үсгээр баталгаажуулж дүгнээгүй албан ёсны хүчин төгөлдөр бус үнэлгээний хуудас өгсөн талаар дурдсан. Энэ тохиолдолд ТЗУХ-ийн ажлыг албан тушаалын дагуу аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга дүгнэж байна.

Мөн Засаг даргын Тамгын газрын даргаас “ТЗУХ-ийн даргатай зөвшилцөн гарын үсгээр баталгаажуулж дүгнээгүй албан ёсны хүчин төгөлдөр бус 2020 оны 2, 3 дугаар улирал, 2021 оны эхний хагас жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг үндэслэн ажлаас чөлөөлсөн” гэдэг. Гэвч албан тушаалын тодорхойлолтод дурдсан “заавал гүйцэтгэх ёстой” ажил болон төрийн албаны тасралтгүй хэвийн ажиллах нөхцөлийг төрийн албан хаагч өөрөө санаачилгаараа бүрдүүлж ажиллах ёстой. Ийнхүү түүний өөрөө өөртөө дүн өгсөн 2021 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны үр дүнг, удирдах албан тушаалтны хувьд хууль тогтоомжид заасан үндэслэлээр ажлыг үнэлсэн.

Улмаар түүний үйл ажиллагааны үр дүн нь хангалтгүй буюу “D” үнэлгээтэй байсан тул дээрх заалтыг үндэслэсэн. Мөн албан тушаалын гүйцэтгэлийн төлөвлөгөөндөө гүйцэтгээгүй ажлуудаа гүйцэтгэсэн мэт бичсэн байсан нь төрийн албан хаагчийн ёс зүйн томоохон асуудал. Мөн тэрбээр гүйцэтгэлийн төлөвлөгөө нь хэрэгжээгүй талаар шүүх хуралдаанд маргаагүй.

Мөн хэрэгт түүний ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн эсэх талаар баримт байхгүй, энэ талаарх нотлох баримтыг гаргаж өгөөгүй. Тиймээс энэ шаардлагыг хангахгүй байна гэж үзэх хангалттай нотлох баримт авагдсан байх тул М.Ц г албан тушаалаас нь бууруулж шийдвэрлэсэн нь зөв болно.  

Иймд Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 18 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, М.Ц гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

4.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж тайлбарлаж байна.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

1.Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн Б/85 дугаар тушаалаар Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга М.Ц г албан тушаалын тодорхойлолтод заасан зорилт, чиг үүргээ хангалтгүй биелүүлж, удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, төсвийн шууд захирагчийн 2020-2021 онуудад төрийн жинхэнэ албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэжлийн түвшинг үнэлсэн үнэлгээгээр удаа дараа “Дутагдалтай” үнэлэгдэж, албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангахгүй байна гэх үндэслэлээр уг албан тушаалаас нь чөлөөлөн албан тушаал бууруулж, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтний сул орон тоонд томилон ажиллуулахыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргад даалгаж шийдвэрлэжээ. 

Улмаар хариуцагч 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/115 дугаар тушаалаар дээрх тушаалын Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтний сул орон тоонд томилон ажиллуулахыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргад даалгаж шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн хууль тогтоомж, тогтоол шийдвэр, үндсэн чиглэл төлөвлөгөөний хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр томилсон байна.

2.Анхан шатны шүүх хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийн шинжлэн судалж, М.Ц  нь 2021 оны 1 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдрийг хүртэлх хугацаанд шагналын журам батлах, сургалтын хөтөлбөр, төрийн албан хаагчийн нийгмийн баталгааг хангах хөтөлбөр боловсруулах зэрэг үүрэг, даалгаврыг нийт 6 удаа авч, түүнийхээ биелэлтийг тооцуулаагүй, хэлтсийн албан хаагчдаас удирдлага зохион байгуулалт, хандлага, ёс зүй, ур чадварын талаар “муу” гэх үнэлгээг өгсөн, БНХАУ-аас 70 жилийн ойн арга хэмжээний бэлтгэл ажилтай холбоотойгоор 10 сая төгрөгийг өгөхөд хувийн дансандаа авч зарцуулсан нь ёс зүйн зөрчил болох талаар зөв дүгнэсэн атлаа маргаан бүхий актын үндэслэлийг хэргийн үйл баримттай уялдуулан дүгнэж чадсангүй. 

Тодруулбал төрийн жинхэнэ албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээгээр “D” буюу “сайжруулах шаардлагатай” гэх үнэлгээг авсан тохиолдолд сургалтад хамруулах, хугацаатай үүрэг, даалгавар өгөх, сануулах, эсхүл ёс зүйн зөрчилтэй холбогдуулан сахилгын шийтгэл оногдуулах ёстой болохоос албан тушаал бууруулах арга хэмжээ авахгүй гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасангүй.

3.Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараах үндэслэлээр захиргааны санаачилгаар албан тушаал бууруулж болно”, 45.1.1-д “хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн”, 45.1.2-т “үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон” гэж тус тус зааснаас үзвэл томилох эрх бүхий этгээд төрийн жинхэнэ албан хаагчийг хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн, мөн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон тохиолдолд албан тушаал буруулж болохоор хуульчилжээ.

Мөн Төрийн албаны тухай хуульд харьяа дээд шатны албан тушаалтны зөвхөн хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх нь төрийн албан хаагчийн нийтлэг үүрэг байна. 

Хавтаст хэрэгт авагдсан төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргын албан тушаалын тодорхойлолтод “...Төрийн албаны тухай хууль, ёс зүйн дүрэм, байгууллагын дотоод журмыг чанд баримталж, хууль тогтоомжоор олгогдсон эрх, үүргээ шударгаар хэрэгжүүлж...” гэж заасныг шийдвэрлэх, гүйцэтгэх, хянахаар заасан бөгөөд М.Ц  нь удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, үүнийг үндэслэн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг “D” үнэлэгдсэн, ёс зүйн зөрчил гаргасан болох нь Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга нарын шуурхай хурлын тэмдэглэлүүд, гэрчийн мэдүүлэг, Нийслэлийн прокурорын газрын прокурорын тогтоол, М.Ц гийн гэрчийн мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг албан тушаал бууруулсныг буруутгах үндэслэлгүй юм. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 18 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1, 45.1.1, 45.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Ц гийн Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан гаргасан “...Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн Б/85, 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/115 дугаар тушаалуудыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                                                                        

 

 

 

       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

    ШҮҮГЧ                                                   Т.ЭНХМАА

 

    ШҮҮГЧ                                                     Э.ЛХАГВАСҮРЭН