Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 14

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

        Хас банк ХХК-ний Архангай аймаг дахь салбарын

          нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Даваасүрэн даргалж, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Нямдорж, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 554 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Хас банк ХХК-ний Архангай аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй

Хариуцагч Л.Рэнцэндоржид холбогдох

 

 “ Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 57.227.600 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч байгууллагын гаргасан давж заалдах гомдлоор 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Даваасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Даваасүрэн, хариуцагч Л.Рэнцэндорж, нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                                                              

Нэхэмжлэгч “Хас банк” ХХК-ний Архангай аймаг дахь салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Л.Рэнцэндорж, Ж.Сумъяа нар нь 2014 оны 4-р сарын 18-ны өдөр Хас банктай 5001124561 тоот гэрээ байгуулж 50 000 000 төгрөгийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар сарын 1.8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай шугамын зээлийн гэрээ байгуулж авсан болно. Хариуцагч Л.Рэнцэндорж, Ж.Сумъяа нар нь гэрээнд заасан хуваарийн дагуу 2016 оны 4-р сарын 2-ны өдөр шугамын зээлийн төлбөр хийх ёстой байсан боловч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлэхгүй 140 хоног хугацаа хэтрүүлж байгаа тул үндсэн зээл 50 000 000 төгрөг, зээлийн хүү 7 215 600 төгрөг нийт 57 215 600 төгрөг. Манай банктай байгуулсан зээлийн гэрээ болон бусад бичиг баримтыг шүүхэд баримтаар өгөхөд нотариатаар гэрчлүүлсний хөлс 12 000 төгрөг, нийт 57 227 600 төгрөгийг Л.Рэнцэндорж, Ж.Сумъяа нараас гаргуулж өгнө үү. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Архангай аймгийн Эрдэнэбулган сум 1-р багийн Маамуу худалдаа үйлчилгээний төв, Маамуу худалдаа үйлчилгээний төвд байрлах эзэмших эрхийн газар зэрэг барьцааны хөрөнгүүдээр гаргуулах хүсэлтийг шүүхэд гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Рэнцэнханд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллагаас 57 000 000 төгрөгийг  Л.Рэнцэндорж, Ж.Сумъяа нар авсан. Зээлийнхээ барьцаанд Маамуу худалдааны төвийг тавьсан. Манай байгууллагын зүгээс гэрээний дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тийм учраас хариуцагч талаас төлбөрийг барагдуулах хүсэлттэй байна гэжээ. 

Хариуцагч Л.Рэнцэндорж, Ж.Сумъяа нар нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаас татгалзахдаа: Л.Рэнцэндорж, Ж.Сумъяа нар нь хүү Р.Батболдын хүсэлтээр аймгийн Хас банкинд 50 000 000 төгрөгийн шугамын зээл авах талаар материал бүрдүүлж өгсөн болно. Шугамын зээлийн 50 000 000 төгрөгийг бид 2 аваагүй. Хүү Р.Батболд касснаас хүлээн авч Өгийнуур суманд барилгын засвар, угсралтын ажилд зарцуулсан гэж ойлгож байна. Касснаас бэлэн мөнгийг хэн хүлээн авсан нь кассны баримтаар тодорхойлогдоно. Тухайн зээлийн эргэн төлөлтийг зээлийн мөнгийг хүлээн авч зарцуулсан хүү Р.Батболд хариуцан барагдуулах болно ... гэжээ.

Хариуцагч Л.Рэнцэндорж нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маамуу төв нь Ж.Сумъяа бид хоёрын нэр дээр, бидний эзэмшилд байдаг. Маамуу төвийг барьцаанд тавиад зээл авах гэрээ хийсэн.  Харин Ж.Сумъяа бид хоёр мөнгөө бол аваагүй. Банк нь дээр 50 000 000 төгрөгийг гарын үсэг зурж авсан хүн нь Р.Батболд. Энэ талаар кассын баримтад дээр бичигдсэн байх гэж бодож байна. Тийм учраас Р.Батболдыг хамтран хариуцагчаар оролцуулах хүсэлтийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч талаас намайг мөнгө авсан бол мөнгөө төл гэж шаардаж байсан. Би тэр мөнгийг аваагүй учраас төлөхгүй. Гэрээ хийж, гарын үсэг зурж 50 000 000 төгрөг авах боломжтой болсон асуудалд Ж.Сумъяа бид хоёр буруутай. Харин 50 000 000 төгрөгийг касс дээр очоод тоолж авсан хүн нь бид хоёр биш гэжээ.

   Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх: Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-д зааснаар Хас банкны Архангай салбарын нэхэмжлэлтэй хариуцагч Л.Рэнцэндорж, Ж.Сумъяа нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 57 227 600 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1,Улсынтэмдэгтийнхураамжийнтухайхуулийн 7 дугаар зүйлийн7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 444 088 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээн; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119дугаар зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар  шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч “Хас банк” ХХК-ий Архангай аймаг дахь салбар давж заалдах гомдолдоо: Хас банкны нэхэмжлэлтэй Л.Рэнцэндорж, Ж.Сумъяа нарт холбогдох иргэний хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцээд Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гаргасан 554 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6, 161 дүгээр зүйлийн 161.1-д заасан эрхийнхээ хүрээнд энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. Нэхэмжлэгчийн зүгээс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байгаа бөгөөд Анхан шатны шүүх уг хэрэг маргааны хүрээнд хэлэлцэгдэж байгаа эрх зүйн харилцаануудыг зөв тодорхойлоогүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, иргэний хуулийн холбогдох зааптыг буруу тайлбарлаж хэрэглсэн буюу шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх, хууль ёсны байх шаардпагад нийцээгүй гэж үзэж байна.

  1. Эрх зүйн харилцааг буруу тодорхойлсон тухай

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Талуудын хооронд Иргэний хуулийн 451-р зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан, зээлийн гэрээг бичгээр хийсэн байх боловч үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг Иргэний хуулийн 156-р зүйлийн 156.2- дахь хэсэгт зааснаар улсын бүртгэлд бүртгүүлсэн эсэх талаар баримт хэрэгт аваагүй байна. гээд “Өөрөөр хэлбэл зээлийн гэрээний үүрэг 57 227 600 тцщщг шаардах эохийн үндэслэл болсон үл хөдлөх эд хөоөнгө баоьцаалсан гэдээг улсын будттэлд буртгуулсэн эсэх талаарх баримтаа нэхэмжлэгч шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдааны явцад нотлох баримт бүрдүүлэх талаар хүсэлт гаргаагүй учир уг нэхэмжлэлийг шүүх шийдвэрлэх боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгуй болгох нь зүйтэй гэж үзлээ." гэж дүгнэсэн хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Анхан шатны шүүх тапуудын хооронд байгуулагдсан 5001124561 дугаартай зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасны дагуу байгүулагдсан байна гэж зөв дүгнэсэн атлаа тухайн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үүсч байгаа барьцааны эрх зүйн харилцааг яагаад зээлийн гэрээний шаардах эрхийн үндэслэл гэж тайлбарлан, барьцаа нь хуульд заасан шаардлага хангаагүй учир нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл Зээл гэрээ, барьцааны гэрээ нь бие даасан шинжтэй харилцаанууд байхад “барьцаа хүчин төгөлдөр эсэх нь зээлийн төлбөрийг төлүүлэхээр шаардах эрхийн үндэслэл болно” гэх дүгнэлтийг хийсэн, энэ нь Иргэний хуулийн ямар заалтыг үндэслэж байгаа нь тодорхойгүй байгаа юм.

Энэ байдлаараа Зээлийн харилцааны хувьд анхан шатны шүүх Иргэний хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хууль буюу Ирэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 -т “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхпэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж, мөн тус хуулийн 451,3-т “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн үйл ажиллагааг хуулиар зохицуулна.” гэж, мөн тус хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-т “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардпагаа хангүулах эрхтэй ”гэж тус тус заасан бөгөөд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т “Банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ тодорхой зориулалт, хүү, хугацаа, эргэж төлөгдөх барьцаа, эсхүл батлан даалттайгаар өөрийн болон түүнд хадгалуулсан бусдын мөнгөн хөрөнгийн зохих хэсгийг өөрийн нэрийн өмнөөс бусад этгээд /цаашид "зээлдэгч" гэх/-д олгохыг банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох /цаашид "зээл" гэх/ гэнэ.” гэж, мөн тус хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхпэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” Гэж тус тус заасан хуулийн холбогдох заалтыг хэрэглэж шийдвэр гаргаагүй нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэхэд хүргүэж байна.

Анхан шатны шүүхийн үндэслэх хэсэгт “....Иргэний хуулийн 156-р зүйлийн 156.2- дахь хэсэгт зааснаар улсын бүртгэлд бүртгүүлсэн эсэх талаар баримт хэрэгт аваагүй байна" гээд “Өөрөөр хэлбэл зээлийн гэрээний үүрэг 57 227 600 төгрөгийг шаардах эрхийн үндэслэл болсон үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн эсэх талаарх баримтаа нэхэмжлэгч шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдааны явцад нотлох баримт бүрдүүлэх тапаар хүсэлт гаргаагүй учир уг нэхэмжлэлийг шүүх шийдвэрлэх боломжгуй байна...” гэжээ. Анхан шатны шүүх ийнхүү дүгнэж шийдвэр гаргахдаа Хасбанкны нотлох баримтаар гаргаж өгсөн 5001124561 дугаартай Баталгаат ипотекийн гэрээ, 1140010512 дугаартай Баталгаат ипотекийн гэрээний батлах мэдэгдэл зэрэг нотлох баримтыг зохих ёсоор үнэлээгүй, Иргэний хуулийн 167 дугаар зүйл-д заасан “Батапгаат ипотек” -ийн зохицуулаптыг хэрэглээгүй, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь заалтыг буруу тайлбарлаж хэрэглэн шийдвэр гаргасан нь анхан шатны шүүхийн шийдвэр бүхэлдээ буруу гарах үндэслэл болсон гэж үзэж байна.

Хэдийгээр Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэхээр заасан боловч Иргэний хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-т “Үүрэг гүйцэтгүүлэгч ипотөкийн эрхийн бүртгэлийг нотолгоо болгохгуйгээр зөвхөн өөрийн шаардлагыг нотлох замаар ипотекийн эрхээ хангуулахаар хэлэлцэн тохиролиож болох бөгөөд уг ипотекийг улсын бүртгэлд баталгаат ипотек гэж бүртгэнэ.” гэж заасан байдаг.

Иргэний хуулийг уг зохицуулалтын хүрээнд Баталгаат ипотекийн гэрээ нь улсын бүртгэлд нэг удаа бүртгэгдэх бөгөөд талууд тохиролцсон тохиолдолд өмнөх гэрээний үүрэг дуусгавар болсон ч дараагийн зээлийн гэрээнд барьцаа болгон шилжүүлж болдог, үүрэг гүйцэтгүүлэгч /Банк/ нь үл хөдлөх эд хөрөнгөнгийн барьцаа /ипотек/-ны эрхийн бүртгэлийн нотолгоо болгохгүйгээр зөвхөн шаардпагаа нотлох замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй байдаг онцлогтой зохицуулалт юм. Хасбанкны хувьд 1140010512 дугаартай Баталгаат ипотекийн гэрээг анх байгуулахдаа 2013 оны 9-р сарын 26-нд улсын бүртгэл бүртгүүлсэн бөгөөд түүнээс хойш талуудын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Батлах мэдэгдпийг үйлдэж, банкны шаардах эрхийн хэмжээг батапгаажуулсан болно. Үүнтэй холбоотой нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн боловч нотлох баримтыг зохих ёсоор үнэлээгүй болно. Хас Банкны хувьд Иргэний хуулийн уг зохицуулалтыг олон жил хэрэглэж ирсэн бөгөөд байгуулсан Баталгаат ипотекийн гэрээгээр барьцаалсан хөрөнгөд ногдуулсан үүрэг, шаардах эрхээ Батлах мэдэгдлээр батапгаажуулсан ийм тохиолдолд өмнө шүүхээр олон удаа шийдвэрлэгдэж байсныг дурдах нь зүйтэй гэж үзлээ. Энэ мэтчилэн анхан шатны шүүх хэргийг нотлох баримтын хүрээнд зохих ёсоор, хууль зүйн үндэслэлтэйгээр шийдвэрлээгүй бөгөөд шүүхийн буруу практик тогтоох эрсдэлтэй шийдвэр гаргасан байх тул Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд хүчин төгөлдөр бус болгож, шийдвэрт өөрчлөлт оруулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-т заасны дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.   

 

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

            Зээлдэгч Л.Рэнцэндорж, Ж.Сумьяа нар Хас банктай 2014 оны 04 сарын 18-ны өдөр эргэлтийн хөрөнгийн зориулалттай, шугаман зээлийн гэрээ байгуулан, 50.000.000 төгрөгийг, сарын 1.8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх ба зээлийн гэрээгээр тохирсон хугацаанд зээлийг эргүүлэн төлөөгүйгээс зээлдүүлэгч Хас банк гэрээнд заасны дагуу зээл, зээлийн хүү, нотариатаар гэрчлүүлсний хөлсийг нэхэмжилж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Зээлдэгч Л.Рэнцэндорж, Ж.Сумьяа нар Хас банктай зээлийн болон баталгаат ипотекийн гэрээ байгуулсан талаар, мөн авсан зээлийн үнийн дүн, төлөх дүнд маргаагүй, харин Хас банкнаас зээлсэн 50.000.000 төгрөгийг хүү Р.Батболд хүлээн авч, зарцуулсан тул Р.Батболд хариуцан барагдуулах ёстой гэж маргажээ.

 

Гэтэл хэрэгт авагдсан зээлдэгч Л.Рэнцэндоржийн дансны хуулга, төлбөрийн баримт /хх-ийн 39, 40, 41, 42/-ын хуулбараас үзэхэд тэрээр өөрийн дансанд орсон 50.000.000 төгрөгнөөс хүү Р.Батболдын данс руу 2014 оны 04 сарын 19-нд 25.000.000 төгрөг, 2014 оны 05 сарын 02-нд 25.000.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.

 

Зээлдэгч Л.Рэнцэндорж, Ж.Сумьяа нар зээлийн мөнгийг хэрхэн зарцуулснаас үл хамааран, Хас банктай байгуулсан зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгчийн өмнө үүргийн гүйцэтгэлийг хариуцах үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

 Шүүх нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэсэн тул гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн мөнгийг хуульд заасны дагуу төвлөрсөн төсвийн орлогоос буцаан олгох нь зүйтэй.

             Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 554 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хариуцагч Л.Рэнцэндорж, Ж.Сумъяа нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 57.227.600 /Тавин долоон сая хоёр зуун хорин долоон мянга зургаан зуу/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Хас банкны Архангай аймаг дахь салбарт олгосугай” гэж, 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Л.Рэнцэндорж, Ж.Сумьяа нараас улсын тэмдэгтийн хураамжинд 444.088 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хас банкны Архангай аймаг дахь салбарт олгосугай” гэж, шийдвэрийн тогтоох хэсэгт 3 дахь заалт болгон “Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар хариуцагч Л.Рэнцэндорж, Ж.Сумьяа нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1-р багт байрлах Маамуу худалдаа үйлчилгээний төв, Маамуу худалдаа үйлчилгээний төвд байрлалтай эзэмших эрхийн газрыг дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангасугай” гэж нэмж, 3 дахь заалтыг 4 болгон дугаарлаж өөрчилсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Хас банкны Архангай салбарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 444.088 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар   зүйлийн 167.5-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                                                              

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Т.ДАВААСҮРЭН

              ШҮҮГЧИД                                 Л.НЯМДОРЖ

                                                                  Г.УЛАМБАЯР