Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 425

 

Б.Батболдод холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Очмандах, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Сайнбаяр,

шүүгдэгч Б.Батболд,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулж,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 345 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор А.Сайнбаярын бичсэн 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 55 дугаартай эсэргүүцлээр шүүгдэгч Б.Батболдод холбогдох 1806 0100 10255 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол овгийн Бат-Эрдэнийн Батболд, 1976 оны 12 дугаар сарын 2-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 10 дугаар байрны 97 тоотод оршин суух,

 

Сэлэнгэ аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2000 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 73 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Батболдын албан тушаал эрхлэх эрхийг хасахгүйгээр 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан /РД:МЮ76120271/,

Б.Батболд нь 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 93 дугаар байрны 7 тоотод эхнэр Г.Гармаатай маргалдан зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Б.Батболдын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Батболдыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Батболдыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Батболдод оногдуулсан торгох ялыг 14 хоногийн дотор төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, Б.Батболд нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.Батболд нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор А.Сайнбаяр бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт Б.Батболдыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүх дүгнэсэн боловч шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Монгол овогт Бат-Эрдэнийн Батболдыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай” гэсэн нь агуулгын хувьд зөрүүтэй ойлгомжгүй байна.

Тогтоох хэсгийн 3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Батболд нь торгох ялыг 14 хоногийн дотор төлөхөөр тогтоосугай” гэж заасан нь торгох ял биелүүлэх 14 хоногийг шүүхийн шийдвэр уншиж сонсгосноос эсхүл шийтгэх тогтоол гардан авснаас тоологдох эсэх нь эргэлзээтэй бичигджээ.

Мөн тогтоох хэсгийн 9 дэх заалтад “шүүхийн шийдвэр нь уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах, гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурдсугай” гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болно”, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох” зэрэг зохицуулалтуудад нийцээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар эсэргүүцэл бичсэн ...” гэв.

 

Шүүгдэгч Б.Батболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Гэм буруугаа хүлээж байна, шийтгэх тогтоол гарсаны дараа торгуулийн ялыг биелүүлсэн, хэлэх тайлбар байхгүй ...” гэв.

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.

 

Шүүгдэгч Б.Батболд нь 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 06 цагийн үед Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 93 дугаар байрны 7 тоот өөрийн гэртээ эхнэр Г.Гармаатай маргалдан  түүний толгой руу нь машины түлхүүрээр цохих,  бэлэг эрхтэн болон аарцаг нуруу, ахар сүүл рүү нь гуталтай хөлөөрөө хэд хэдэн удаа өшиглөн гэр бүлийн хамаарал бүхий хүний эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Г.Гармаагийн биед  тархи доргилт, хуйхны зөөлөн эд, баруун гарын таван хурууны өнгөц шарх, хуйх, ахар сүүл орчмын зөөлөн эдийн няцрал, баруун сарвуу, зүүн гарын 4 дүгээр хурууны зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

            хохирогч Г.Гармаагийн “... Б.Батболд өглөө 06 цаг өнгөрч байхад гаднаас согтуу архи уусан байдалтай орж ирсэн. Тэгээд “автомашин гражид байхгүй байна, хаана байгаа юм” гээд уурласан. Хоёр хүүхэдтэй байсан учраас гражид тавьж чадаагүй, хашааны гадаа байгаа гэж хэлэхэд “чи яасан автомашин сэвтүүлсэн юм уу” гээд уурлаж эхэлсэн. ... чи автомашинаа хаана аваачиж хаясан гээд хоорондоо маргалдсан. Гэтэл манай нөхөр гартаа барьж байсан түлхүүрүүрээ толгой руу 4-5 удаа нүдэж хагалсан. Намайг гараараа толгойгоо хаатал гар луу түлхүүрээрээ цохиж гэмтээсэн. Чи хүнийг цус, нөжтэй нь хутгаад хаячихлаа, би одоо ажилтай гэж хэлэхэд “чи муу юу гээд хуцаад байгаа юм” гээд намайг аарцаг, нуруу, толгой руу өшиглөж зодчихоод гарч явах гэхээр нь би бага хүүгээ дагуулаад араас нь орцонд гарч “би ажилтай хүүхдээ хар” гэхэд шууд аарцаг, бэлэг эрхтэн рүү өшиглөж зодсон. Тэгээд гэрт буцаад орж зодохдоо бэлэг эрхтэн, аарцаг, нуруу орчим 3-4 удаа өшиглөсөн. Зодоод байхаар нь би орцонд гарч зогссон бөгөөд намайг гэрт орохоор зодох гээд байсан тул орцонд байж байхад 2-3 удаа нүүр лүү цохисон. Өмнө нь цагдаагийн байгууллагад 3-4 удаа дуудлага өгч байсан. Жирэмсэн байхад зодож байсан. Ер нь анх гэр бүл болохдоо л уурлаж, хардаад зоддог байсан. Жилдээ 2-3 удаа зоддог. Сүүлд 7 хоногийн өмнө зодсон бөгөөд дуудлага өгөх гэсэн боловч гар утас авчихаад дуудлага өгч чадаагүй ...” /хх-5-7, 13-15/ гэсэн мэдүүлэг,

 

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “Г.Гармаад тархины доргилт, хуйхны зөөлөн эд, баруун гарын 5 дугаар хурууны өнгөц шарх, хуйх, ахар сүүл орчмын зөөлөн эдийн няцрал, баруун сарвуу, зүүн гарын 4 дүгээр хурууны зулгаралт гэмтэл тогтоодлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн зэргийн гэмтэл болно, уг гэмтлээс болж ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдахгүй” гэсэн 22 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 21-23/,

           

аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-8/, Б.Батболдын яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

           

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй болно.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Батболдын гэм бурууг хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Шүүхээс, шүүгдэгч Б.Батболдод оногдуулсан торгох ял шийтгэл нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгтээ шүүгдэгч Б.Батболдыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэсэн хууль зүйн дүгнэлт хийсэн боловч шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож бичлэгийн хувьд техникийн алдаа гаргажээ.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “шүүгдэгч Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тусгана”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн заалтуудыг зөрчсөн зөрчилд хамаарах ба энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Харин шүүх, Б.Батболдод оногдуулсан торгох ялыг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хугацаанд буюу 14 хоногийн дотор төлүүлэхээр тогтоосон нь агуулгын хувьд зөрчилтэй болсон байх бөгөөд прокурорын бичсэн эсэргүүцэл үндэслэлтэй боловч шүүгдэгч Б.Батболд торгуулийн ялыг шийтгэх тогтоол гарсан даруй биелүүлсэн талаар давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарласан болохыг дурдах нь зүйтэй.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4,  37.1, 38.1 дүгээр зүйлд тус тус зааснаар шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг заасан нь хууль зүйн үндэслэлтэй тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авах боломжгүй гэж  давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны явцад улсын яллагчийн гаргасан гэм буруугийн дүгнэлт нь шүүх хуралдааны тэмдэглэл, дуу-дүрсний бичлэгээс зөрүүтэй бичигдсэн байгааг анхааруулж цаашид энэ төрлийн алдааг дахин гаргахгүй ажиллахыг дурдаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4  дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 345 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг:

“Монгол овогт Бат-Эрдэнийн Батболдыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай” гэснийг “Монгол овгийн Бат-Эрдэнийн Батболдыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, прокурорын бичсэн 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 55 дугаартай эсэргүүцлийн “шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 9 дүгээр заалтуудын талаарх бичсэн” хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 345 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Батболдод оногдуулсан 450000 төгрөгийн торгох ялыг Б.Батболд даруй биелүүлсэн болохыг дурдсугай. 

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                                  ШҮҮГЧИД                                                   Д.ОЧМАНДАХ

 

                                                                                         Ж.ЭРДЭНЭЧИМЭГ