Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2018/01749

 

С.Мын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2018/00972 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1468 дугаар магадлалтай

С.Мын нэхэмжлэлтэй,

“А” ХХК-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хэрлэнгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Ма, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Байгалмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хэрлэн, Р.Нямцэрэн, хариуцагчийн өмгөөлөгч Г.Чинбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч С.Ма шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би “А” ХХК-ийн Дөчин мянгат дахь салбарт манлай халамжлагч салбарын захирлаар 3 жил гаруй ажиллаж байгаад ажлаас халагдлаа. Би банкны салбарт 20 орчим жил ажилласан бөгөөд ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн ёс зүйн зөрчил гаргалгүй ажилласан. Гэтэл манай салбараас зээл авсан зээлдэгч Ц.Мөнхсүхийн хууль бус үйлдлээс болж, үндэслэлгүйгээр 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ажлаас халагдсан. Зээлдэгч Ц.Мөнхсүх манай салбараас зээл хүсч, зээлийн эдийн засагч-зөвлөн халамжлагч Б.Энхбаярт хандсан бөгөөд зээлийн хорооны хурал болохоос өмнө зээлдэгч Ц.Мөнхсүхийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг үзэн, гэрчилгээ шалгадаг неон гэрэлтэй машинаар шалгаж үзэхэд гэрчилгээн дээрх 2 соёмбо тэмдэг тод харагдаж байсан учраас гэрчилгээг хуурамч гэж мэдэх боломжгүй. Зээлийн хорооны хурал болохоос өмнө зээлийн эдийн засагч-зөвлөн халамжлагч Б.Энхбаяр, зээлийн эрсдэлийн мэргэжилтэн н.Арсланбаатар нар хамт явж, Ц.Мөнхсүхийн үл хөдлөх хөрөнгө болон бизнесийг нь үзсэн. Ингээд манай салбарын зээлийн хорооны хурлаар зээлдэгч Ц.Мөнхсүхийн материал танилцуулахад тэрээр хүүхдийн 100-д байрлах Beer house-ыг ажиллуулдаг тогтсон бизнестэй хүн байсан. Манай салбарын зээлийн хорооны хурлаар орсны дараа түүний бүх материал зээлийн эрсдэлийн мэргэжилтэн н.Арсланбаатар болон хуулийн мэргэжилтэн нарт танилцуулагдсан бөгөөд тэд гэрчилгээ хуурамч байсныг мэдэлгүй дүгнэлтээ гаргасан. Үүний дараа зээлдэгч н.Мөнхсүхийн материал манай банкны төвийн зээлийн хорооны хурлаар орсон бөгөөд мөн л гэрчилгээ хуурамч байсныг мэдээгүй байсан. Манай банктай байгуулсан Ц.Мөнхсүхийн зээлийн болон барьцааны гэрээг баталсан нотариатч хүртэл гэрчилгээ хуурамч гэдгийг мэдэлгүй батлаад явуулсан. Намайг энэ хүнд санаатайгаар зээл олгож, банкинд эрсдэл үүсгэсэн гэж ажлаас халсанд гомдолтой байна. Хэрвээ зээлийн эдийн засагч Б.Энхбаяр нь энэ хүн манай банктай байгуулсан зээл болон барьцааны гэрээг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт хамт очиж бүртгүүлэн, Зээлийн үйл ажиллагааны ерөнхий журмын 6.1.15-д заасан үүргээ биелүүлсэн бол гэрчилгээ болон эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын тамга болон барьцаалбар хуурамч гэдгийг мэдэж, банкнаас зээл олгогдохгүй байсан. Энэ хүн зээл авахдаа Nuclear steak брэнд ресторан бий болгоно. Түүний франчайзингд хөрөнгө оруулагч болж орох гэж байгаа гэж байсан бөгөөд зээл авсны дараа энэ рестораны үйл ажиллагаа, зар сурталчилгаа хүчтэй явагдаж эхэлсэн энэ үед зээлдэгч Ц.Мөнхсүх миний хамтарч ажиллаж байгаа хүмүүст зээл хэрэгтэй байна хамтарч ажиллаач гэсэн хүсэлт тавьсан. Би тухайн үед манай салбар шинэ үйлчилгээ нэвтрүүлдэг маш сайн зээлдэгчтэй болсон байна гэсэн итгэл төрсний үндсэн дээр Ц.Мөнхсүхийн тавьсан хүсэлтийг “А” ХХК-ийн манлай дэмжигч-гүйцэтгэх захирал Д.Төмөрхүү болон бизнес дэмжих нэгдлийн захирал Б.Амаржаргал нарт танилцуулан, түүний ажил дээр 2 захиралтай очиж ажил хэргийн уулзалт хийж, пос машин тавьж өгөх, фрайнчайзинг авч буй хүмүүст хуримтлал үүсгэх тал дээр хамтарч ажиллах, хөнгөлөлтийн карт гаргах асуудлыг судалж үзэхээр болсон. Энэ уулзалтаас болж намайг зээлдэгч Ц.Мөнхсүхийн талд үйлчиллээ, түүнтэй холбоотой гэж үзэж ажлаас халсан. Би түүнийг хуурамч гэрчилгээ ашиглан зээл авсныг мэдсэн бол уулзалт хийхгүй байх байсан. Энэ уулзалтыг би ажлын байрны тодорхойлолтонд заасан харилцагчийн тоог өсгөх, тухайн зах зээл мөн харилцагч руу чиглэсэн маркетингийн ажлыг санаачлах үүргээ хэрэгжүүлэхийн тулд хийсэн ажил юм.

Намайг ажлаас халсан үндэслэлээ банкнаас зээл хүсэгч банктай байгуулсан зээл болон барьцааны гэрээг улсын бүртгэлийн газарт бүртгүүлэлгүй, хуурамч үл хөдлөх эд хөрөнийн гэрчилгээг барьцаалбар үйлдэж, улмаар улсын бүртгэгчийн тэмдгийг хэвлэх төхөөрөмжөөр гэрээ болон барьцаалбар дээр хэвлэж гаргасан байхад зээл олгож, банкинд эрдсэл үүсгэсэн бөгөөд үл хөдлөхийн гэрчилгээ, барьцаалбар болон улсын бүртгэгчийн тэмдгийг хуурамчаар үйлдсэн гэдгийг мэдсээр байж зээл олгосон, эрсдэл үүсгэсэн мэтээр дүгнэж, ажлаас үндэслэлгүй халсан тул ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч С.Ма нь тус банкийг Эрэл банк нэртэй байхад 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдөр ажилд орсон ба бизнес хөгжлийн нэгжид бүтээгдэхүүн хөгжлийн менежер албан тушаалд ажиллаж байгаад 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс Дөчин мянгат харилцагчийн өргөө /банкны салбар/-ний манлай халамжлагч /салбарын захирал/-ийн албан тушаалд ажиллаж байсан болно. “А” ХХК нь С.Мыг ажлаас халах үндэслэлээ манлай дэмжигч /гүйцэтгэгч захирал/-ийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 415 тоот тушаалд дурдсан болно. Гэтэл С.Ма ажлаас халсан тушаалын үндэслэлийг хэсэгчлэн авч өөрийнхөөрөө тайлбарласан ба уг тушаалд дурдагдаагүй өөр үндэслэл /өөрийг нь зээлдэгч Ц.Мөнхсүхийн талд үйлчилсэн, түүнтэй холбоотой гэж банк үзсэн гэсэн/-ийг банк түүнийг ажлаас халах гол үндэслэл, шалтгаанаа болгосон гэж тайлбарлажээ. Түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг дараах байдлаар няцааж байна.

1. Зээлдэгч Ц.Мөнхсүхийн хуурамчаар үйлдсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хуурамч болохыг түүний хувьд мэдэх боломжгүй байсан бөгөөд тэрээр үүрэгт ажлаа журмын дагуу хийж гүйцэтгэсээр байтал ажлаас халсан /гэрчилгээ хуурамч гэдгийг банкны бусад ажилтнууд, нотариатч хүртэл мэдээгүй/.

2. Банк С.Мыг зээлдэгч Ц.Мөнхсүхийн талд үйлчилсэн, түүнтэй холбоотой гэж үзэж ажлаас халсан гэж тодорхойлж болохоор байна. Нэхэмжлэгч С.Мыг ажлаас халах тушаалын 1 дэх хэсэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсанчлан зөвхөн түүнийг хуурамч бичиг баримт үйлдсэн байсныг мэдээгүй гэж буруутгаагүй харин зээлдэгч банктай байгуулсан зээл болон барьцааны гэрээг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлээгүй байсныг мэдээгүй буюу зээл болон барьцааны гэрээг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллаагүй, банктай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ажиллаагүйн улмаас барьцаагүйгээр их хэмжээний зээл олгогдох нөхцөлийг бүрдүүлсэн зээл олгож банкинд эрсдэл учруулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2018/00972 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар нэхэмжлэгч Хатигин овогт Содномпунцагийн Мөнхтамгыг “А” ХХК-ийн Дөчин мянгат харилцагчийн өргөөний манлай халамжлагчийн ажилд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар “А” ХХК-иас С.Мын урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 15 360 900 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг даатгуулагчийн төлбөл зохих Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлж, энэ талаар нэхэмжлэгч С.Мын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч “А” ХХК-д даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч “А” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 234 754 төгрөг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1468 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2018/00972 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234 754 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хэрлэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2018/00972 тоот шийдвэрийг давж заалдах журмаар хянаж гаргасан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1468 тоот магадлалыг хариуцагч “А” ХХК-ийн зүгээс дор дурдсан үндэслэлээр эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт “Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар албан тушаал, ажил үүргийн байдлаас шалтгаалан хөдөлмөрийн гэрээг цуцлах сахилгын зөрчил ямар эс үйлдэхүйг ноцтой зөрчил гэж үзэх үндэслэлээ тухайлан зааж, гэрээгээр тохиролцсон байх ёстой. Ийнхүү ноцтой зөрчлийг нарийвчлан заагаагүй, ерөнхийлөн заасан тохиолдолд ажилтанг ажлаас чөлөөлсөн бол хууль бус үндэслэлд хамаарна” гэж үзэж, улмаар “А” ХХК-ийн нэхэмжлэгч С.Матай байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ”-ний 4 дүгээр зүйлийн 4.1.5 дах заалтыг ерөнхий заасан буюу “Байгууллагын дотоод журам, дүрэмд заасан зөрчлүүд дотроос аль нъ хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчилд хамаарахыг хөдөлмөрийн гэрээнд заагаагүй буюу ерөнхий заасан” гэжээ.

Давж заалдах шатны шүүх ийнхүү дүгнэхдээ хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн “А” ХХК “Манлай халамжлагчтай байгуулах хөдөлмөрийн гэрээ”-ний 4 дүгээр зүйлийн 4.1.5 дах заалтыг буруу тайлбарлаж, улмаар хэргийг буруу шийдсэн гэж үзэж байна.

Тодруулбал, уг гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.5-д “Ажилтан өөрийн үндсэн ажил үүрэгт хамаарах банкны дотоод журам, заавар, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгтэй харш үйлдэл, эс үйлдэхүй гаргаж банкинд эрсдэл үүсгэсэн, эрсдэл үүсгэхийг завдсан” гэжээ. Энд зааснаар бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан “Ноцтой зөрчил” гэдэгт байгууллагын дүрэм, журам, заавар, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн үйлдлийг оруулаагүй болох нь тун тодорхой харагдаж байна. Харин “Ноцтой зөрчил” гэдэгт хамааруулж буй нь “банкинд эрсдэл үүсгэсэн, эрсдэл үүсгэхийг завдсан” зөрчлийг ойлгохоор байна. Хавтаст хэрэгт авагдсан “А” ХХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Дотоод Аудитын Жигүүр”-ийн “дүгнэлт”-ээр нэхэмжлэгч С.Ма нь хариуцагч “А” ХХК-нд 470 000 000.00 /энэ нь хамгийн багадаа учирсан хохирол. Учир нь хүү, нэмэгдүүлсэн хүү бусад зардал нэмэгдэх боломжтой/ төгрөгийг зээл төлөгдөхгүй байх бодит эрсдэлийг үүсгэсэн нь тогтоогдож байна.

2. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт “Мөн үл хөдлөх эд хөрөнгийн барьцаалбарыг бүртгэлийн газарт бүртгүүлэх, лавлах үүрэг нь манлай халамжлагчийн ажил үүрэгт хамааралгүй, зөвлөн халамжлагч буюу зээлийн эдийн засагчийн ажил үүрэгт хамааралтай болох нь Зээлийн үйл ажиллагааны ерөнхий журмаар тогтоогдсон” гэжээ. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг нэг бүрчлэн үнэлээгүйгээс хэргийг буруу шийдсэн нь үүнээс тод харагдаж байна.

Учир нь хавтаст хэрэгт авагдсан “А” ХХК-ийн Дотоод Аудитын Жигүүрийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Аны 40 мянгат Харилцагчийн өргөөнд гарсан ноцтой зөрчлийн тухай” дүгнэлт нь уг харилцагчийн өргөөний ажилтан “зөвлөн халамжлагч Б.Энхбаяр” болон “манлай халамжлагч С.Ма” нарын гаргасан зөрчил тус бүрийг ялгаж, зөрчсөн журам, заавар, дүрмийг ялгаатай байдлаас тус тусад нь тэмдэглэсэн байна. Тухайлбал, давж заалдах шатны шүүхийн дүгнээд байгаа “Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарыг бүртгэлийн газарт бүртгүүлэх, лавлах” үүргийг “зөвлөн халамжлагч Б.Энхбаяр”-ыг зөрчсөн гэж “А” ХХК-ийн дотоод аудитын жигүүр дүгнэсэн. Харин манлай халамжагч С.Мыг дор дурдсан зөрчил гаргасан гэж дүгнэсэн байна. Үүнд:

С.Мын “Ажлын байрны тодорхойлолт”-ын “Өргөөний зээлийн хороог удирдан чиглүүлэх, зээлийн хороогоор хэлэлцэж буй зээлийн материал түүний бүрдэл, үнэн зөв эсэхэд хяналт тавьж, улмаар оновчтой, эрсдэлгүй шийдвэр гарах боломжийг бүрдүүлэх, шаардлагатай бол татгалзах;

Зээлийн барьцаа хөрөнгө үнэлэх журмын 8 дугаар зүйлийн 8.3 “Барьцаа хөрөнгийн мэдээллийг Зөвлөн халамжлагч зээл олгох үйл ажиллагааны явцад банкны үндсэн системд бүртгэж, Манлай халамжлагч зээлийн гэрээг батлахаас өмнө үнэн зөв байдлыг баталгаажуулан хяналт тавина”

Зээлийн төв хорооны хурлын шийдвэрээр өгөгдсөн үүрэг даалгавар болох нэмэлт гэрээ байгуулах үүргийг Манлай халамжлагч биелүүлээгүй;

Зөвлөн халамжлагчийн үйл ажиллагаанд дараалсан хяналтыг хийгээгүй;

Зээлийн үйл ажиллагааны ерөнхий журмын 7 дугаар зүйлийн 7.2.3 “Зээл олгосны дараа Зөвлөн халамжлагч, Манлай халамжлагч нар зээл, хүүгийн төлбөр эргэн төлөгдөж дуусах хүртэл хугацаанд хяналтыг хэрэгжүүлнэ”

Зээлийн үйл ажиллагааны ерөнхий журмын 7 дугаар зүйлийн 7.2.3.1 “Анх олгосон зээлийн дүн 200-с 500 сая төгрөг хүртэл бол Өргөөний Манлай халамжлагч, Зөвлөн халамжлагчийн хамт хяналтыг сар бүр хийж, “Зээлийн явцын хяналтын хуудас”-г бөглөж, хуулбарыг жолоодлогоор дэмжих жигүүрийн зээл цэгнэх багт цахим шуудангаар илгээнэ”

 “Зээлийн эрсдэл цэгнэх баг”-аас уг зээлийг судлахаас татгалзсан байхад Манлай халамжлагчийн зүгээс дахин судлуулахаар хүсэлт ирүүлсэн нь Зээлийн үйл ажиллагааны ерөнхий журмын 10 дугаар зүйлийн 10.13 дахь заалтыг тус тус зөрчсөн гэжээ.

“А” ХХК-ийн “Дотоод Аудитын Жигүүр”-ийн уг дүгнэлтэд Манлай халамжлагчийг “Үл хөдлөх хөрөнгийг бүртгүүлээгүй, барьцаалбарыг бүртгүүлээгүй” тухай огт дурдаагүй болох нь тун тодорхой харагдаж байна. Гэтэл шүүхийн зүгээс зөвхөн нэхэмжлэгчийн уг тайлбарт анхаарч, хариуцагч “А” ХХК-ийн тайлбар, дүгнэлт, зөрчил тогтоосон, ялгасан байдлыг анхаарч үзээгүй байгаа нь илэрхий байна.

Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1468 тоот магадлал болон Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 00972 тоот шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

С.Ма нь “А” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ажил олгогчийн шийдвэр хууль зөрчөөгүй гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаар зээл хүсэгч Ц.Мөнхсүхийн 2017 оны 06 дугаар сарын 04-нд гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн эдийн засагч Б.Энхбаяр холбогдох баримтыг шалгаж, зээл болон барьцааны гэрээг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн бүртгэлийг үндэслэн салбарын зээлийн хорооны хурлаар танилцуулагдаж, улмаар Зээлийн төв хорооны хурлын шийдвэрийг үндэслэн Ц.Мөнхсүхэд 470 000 000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, сарын 2.1%-ийн хүүтэй  олгосон байна.

Зээлдэгч Ц.Мөнхсүх нь зээлийн баримтыг хуурамчаар бүрдүүлсэн, зээлийн болон барьцааны гэрээг холбогдох байгууллагад бүртгүүлээгүй болох нь түүнийг Цагдаагийн байгууллагад шалгагдах явцад илэрч, хожим тогтоогдсон байна.

Ажил олгогчийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 415 тоот тушаалаар “...банкнаас зээл хүсэгч банктай байгуулсан зээл болон барьцааны гэрээг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлэлгүй, хуурамч Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг барьцаалбар үйлдэж, улмаар улсын бүртгэгчийн тэмдгийг хэвлэх төхөөрөмжөөр гэрээ болон барьцаалбар дээр хэвлэж гаргасан байхад зээл олгож банкинд эрсдэл үүсгэсэн нь Хөдөлмөрийн гэрээний 1.4. дэх хэсэг, 4 дүгээр зүйлийн 4.1.4., 4.1.5., Зээлийн үйл ажиллагааны ерөнхий журмын 4.2.1.7., 5.3.3., 10.2., 10.8. дахь заалтууд, Хөдөлмөрийн дотоод журмын 11.7.3., 11.7.4., дэх заалтуудыг зөрчсөн” гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасныг баримтлан С.Мыг “А” ХХК-ийн Дөчин мянгат Харилцагчийн өргөөний Манлай халамжлагчмйн ажлаас халжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар зохицуулсан.

Хариуцагч нь ажилтныг хөдөлмөрийн харилцааг шууд цуцлах ноцтой зөрчил гаргасан гэж тайлбарласан ба тушаалд заасан Хөдөлмөрийн гэрээний 4.1.4.-т “Хөдөлмөрийн гэрээ болон банкны дотоодод мөрдөгдөж байгаа журам заавар, бусад эрх зүйн актыг 2 ба түүнээс дээш буюу ноцтойгоор зөрчсөн” бол, 4.1.5.-д ажилтан өөрийн үндсэн ажилд хамаарах банкны дотод журам, заавар, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгтээ харш үйлдэл, эс үйлдэхүй гаргаж, банкинд эрсдэл үүсгэсэн, эрсдэл үүсгэхийг завдсан” бол ноцтой зөрчилд тооцно гэжээ.

Ажилтан дээрх заалтыг хэрхэн зөрчсөн нь ноцтойгоор зөрчсөн үндэслэлд хамаарсан болох, тэрээр ажил үүрэгтээ харш ямар үйлдэл, эс үйлдэхүй гаргасныг ажил олгогч баримтаар нотлоогүй тул тушаалд заасан зөрчлүүдийг тогтоогдоогүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэрэгт авагдсан баримтад үндэслэгдсэн гэж үзнэ.

Шүүх хэрэгт цугларсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2. дахь заалтыг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн маргааныг шийдвэрлэхдээ нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсний үндсэн ажил олгогчийн тушаал хуульд нийцээгүй гэж үзэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтад нийцсэн, шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан хууль ёсны, үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх заалтад нийцжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул “...хэрэгт цугларсан баримтыг бүрэн, нэг бүрчлэн үнэлсэнгүй, ...нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөн...” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохыг хүссэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2018/00972 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1468 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хэрлэнгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хэрлэнгээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 234 754 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                 Б.УНДРАХ

         ШҮҮГЧ                                       Х.ЭРДЭНЭСУВД