| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жанчивсүрэнгийн Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 106/2018/0011/Э |
| Дугаар | 426 |
| Огноо | 2018-05-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Сайнбаяр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 426
Х.Э т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Очмандах, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор А.Сайнбаяр,
нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулж,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 419 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор Ц.Батболдын бичсэн 2018 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 52 дугаартай эсэргүүцлээр шүүгдэгч Х.Э т холбогдох 1806 0150 40375 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн Х.Э, 1993 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эцэг, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн ... тоотод оршин суух,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 488 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, /РД:/,
Х.Э нь 2018 оны 2 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 01.00 цагийн үед Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, дунд Дарь-Эхийн 27 дугаар гудамжны 1597 тоотод иргэн Б.А тай маргалдан улмаар түүний гуян тус газар нь хутгалан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Х.Э ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Х.Э ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Э ыг 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.Э т оногдуулсан 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Х.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Дээд шатны прокурор Ц.Батболд бичсэн эсэргүүцэлдээ: “... Х.Э т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан ял оногдуулахдаа хэд хэдэн төрлийн ял оногдуулж, тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж эсэргүүцэл бичих нь зүйтэй гэж үзлээ.
Х.Э нь 2017 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, зүүн Алтан-Өлгийн 8-182 тоотод оршин суух Р.Соёлгэрэлийн өвлийн орон сууцны цонхоор хууль бусаар нэвтрэн эд зүйлсийг нь хулгайлан авч, 800.000 төгрөгийн хохирол учруулсан хэрэгтээ 2015 оны Эрүүгийн хууль үйлчилж эхэлснээс хойшхи хугацаанд буюу 2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 488 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж шийдвэрлэсэн байна.
2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт “тэнсэгдсэн ялтан шүүхээс тогтоосон хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй, засарч хүмүүжсэнээ харуулсан бол шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхгүй”, мөн зүйлийн 61.3 дахь хэсэгт “тэнсэгдсэн ялтан хянан харгалзсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 58 дугаар зүйлд заасан журмыг баримтлан ял оногдуулна.” гэж, харин 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна.” гэж тус тус заасан байна.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байх хугацаанд тэнсэгдсэн этгээд тэнсэнгийн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шийтгэх тогтоолыг биелүүлж, оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхээр, харин 2015 оны Эрүүгийн хуулиар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахаар хуульчилжээ. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичсэн ...” гэжээ.
Прокурор А.Сайнбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... оногдуулсан хорих ялыг нэмж, нэгтгэж шийдвэрлэх боломжгүй тул дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна ...” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын ээргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэв.
Х.Э нь 2018 оны 2 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 01.00 цагийн үед Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, дунд Дарь-Эхийн 27 дугаар гудамжны 1597 тоотод иргэн Б.А тай маргалдан улмаар түүний гуян тус газар нь хутгалан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Анхан шатны шүүх Х.Э т холбогдох дээрх хэргийг хянан хэлэлцэж шийдвэр гаргахдаа түүний Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 488 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, нэг жилийн хугацаагаар хянан харгалзах хугацаанд дахин гэмт хэрэг санаатай үйлдсэн нөхцөл байдлын талаар хууль зүйн дүгнэлт хийлгүй орхигдуулж ялыг тусд нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
Энэ нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглсэн буюу шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.
Хорих ялыг тэнсэж, хянан харгалзсан хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдвэл уг ялыг сэргээн эдлүүлэх журмыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ойлгох бөгөөд мөн хуулийн 6.9 дүгээр зүйлд заасны дагуу ялыг нэмж оногдуулахаар хуульчилсан байна.
Иймд дээд шатны прокурор Ц.Батболдын бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолыг Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр хүчингүй болгож, Х.Э т холбогдох хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 419 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Х.Э т холбогдох хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Х.Э т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Д.ОЧМАНДАХ
Ж.ЭРДЭНЭЧИМЭГ