Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 15

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Т.Буянжаргалын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Даваасүрэн даргалж, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Нямдорж, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 543 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Т.Буянжаргалын нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Дэмбэрэлд холбогдох

 

 “Гэм хорын хохирол 3.828.960 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг давж заалдах шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгч М.Ариунболд, Э.Хашчулуун нарын гаргасан давж заалдах гомдлоор 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Даваасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Т.Буянжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Удвал, хариуцагч Д.Дэмбэрэл, хариуцагчийн өмгөөлөгч М.Ариунболд, нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                                                              

Нэхэмжлэгч Т.Буянжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Д.Дэмбэрэл нь 2015 оны 3-р сарын 17-ны орой Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир баг Чандмань хорооллын 2-19 тоотод байх Мөнхзаяагийнд байж байхад бидний амгалан тайван байдлыг алдагдуулж, байшингийн хаалгыг хүчтэй нүдэж улмаар би найзуудынхаа араас гартал толгойн ар талаас хүчтэй цохиж, улмаар миний толгойд гэмтэл учирч өнөөдрийг хүртэл эмчилгээ хийлгэж байна.

2015 оны 3-р сарын 17-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл эмчилгээ хийлгэж, эмчийн хяналтад байж, эм тариа авч хэрэглэж байна. Д.Дэмбэрэлийн зүгээс Улаанбаатар хотод эмнэлэгт хэвтэж байхад буюу 2015 оны 4-р сард түүний ах 2 500 000 төгрөг өгсөн. Энэ мөнгө нь тухайн үеийн эмчилгээнд зарцуулагдаад дууссан.

Д.Дэмбэрэл нь намайг гэмтээсэн асуудалд Эрүүгийн 201503000151 тоот хэрэг үүсгэгдэн шалгагдаж байсан боловч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр Архангай аймгийн Прокурорын газрын 2016 оны 2-р сарын 25-ны өдрийн 48 дугаартай тогтоолоор хэрэгсэхгүй болгон шийдвэрлэгдлээ.

Иймд Д.Дэмбэрэлээс хэрэгт шалгагдаж байх үеийн байдлаар 2015 оны 4-р сард Улаанбаатар хотод хийлгэсэн эмчилгээний зардлыг өгсөн учраас түүнийг оролцуулахгүйгээр уг хэрэгт холбогдон гарсан эмчилгээ, оношлогоо болон замын зардал, өмгөөлөгчийн хөлс гэх мэт хохиролд 3 828 960 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

            Нэхэмжлэгч Т.Буянжаргал анхан шатны шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа:

Миний бие 2015 оны 3-р сарын 17-ны өдрийн шөнө Д.Дэмбэрэл гэх хүнд зодуулсан. Хэрэг болоход гадаа харанхуй болчихсон айлаас гүйгээд гараад ирсэн араас намайг зодсон. Тэгээд зодуулсны дараа тэнд байсан найзууд намайг сумын эмнэлэгт хүргэж өгөөд анхны тусламж авсан. Тэр үед зодуулсан шархнаасаа болоод цус их алдсан. Сумын эмнэлэгт хүргүүлээд толгойдоо 18 оёдол, мөрөндөө 2 оёдол, даландаа 3 оёдол тавиулсан. Тэгээд 3-р сарын 18-ны өдрийн өглөө аймгийн нэгдсэн эмнэлэгт ирж хэвтсэн. Хэвтэж эмчлүүлэхэд зодооноос  биед үүссэн шарх учраас 300 000 төгрөг төлж стор нээлгэж хэвт гэсэн учраас тэр мөнгийг өөрөөсөө гаргаж төлсөн. Тэгээд 2015 оны 3-р сарын 25-ны өдөр Улаанбаатар хот руу явж “Гурван гал” эмнэлэгт очиж эмчлүүлсэн. Хэвтэн эмчлүүлсэн төлбөр болох 1 900 000 төгрөгийн нотлох баримтуудыг хэрэгт өгсөн байгаа. 1 900 000 төгрөгөөс Д.Дэмбэрэлийг ах болох н.Отгонпүрэв гэх хүн 1 000 000 төгрөгийг миний данс руу, 1 500 000 төгрөгийг бэлнээр өгсөн. Одоо нэхэмжилж байгаа мөнгө маань энэ хүний ах болох н.Отгонпүрэвын төлбөр төлснөөс хойших буюу 5-р сард эмнэлэгт хэвтсэн, 6-р сард гадуур эмчилгээ хийлгэсэн, 10-р сард “Баянгол” эмнэлгийн мэдрэлийн эмчид очиж үзүүлж харуулж тэндээ хэвтэж эмчлүүлсэн зардал байгаа. Надад төлбөр мөнгө өгснөөс хойшхи эм тариа, зураг авахуулсан мөнгө төгрөг нийлээд 1 545 320 төгрөг болсон. Тухайн үед Улаанбаатар хот руу эмчилгээнд явсан шатахууны зардал болох 339 000 төгрөг, эрүүгийн хэрэгт өмгөөллийн хөлс 300 000 төгрөг, улсын ерөнхий прокурорт өргөдөл гаргасан 3 740 төгрөг, Буйлан багийн засаг дарга н.Бат-Очир гэх хүнээс 150 000 төгрөгөөр хонь авсан, 2015 оны 10-р сард “Баянгол” эмнэлэгт очиж хэвтсэн зардал 760 900 төгрөг болсон. Би намар эмчилгээнд дахин явахдаа иргэн н.Нямдорж гэх хүнээс 100 000 төгрөгөөр хонь авсан байгаа. Энэ хэрэг эрүүгийн журмаар шалгагдаж дууссаны дараа иргэний хэргийн журмаар өмгөөлөгчийн хөлс 400 000 төгрөг, сумаас наашаа ирэх зардал 71 300 төгрөг. 2015 оны намар 11 сард би хот руу орж куртикээ MAXMALL их дэлгүүрээс 200 000 төгрөгөөр, гутлаа Улаанбаатар их дэлгүүрээс 280 000 төгрөгөөр худалдаж авч байсан боловч тухайн үеийн куртик гуталны баримтууд байхгүй учраас тэр мөнгөө хасаад сүүлд нэмэгдсэн зардал болох 471 300 төгрөг нэмэгдээд нэхэмжилж байгаа. Нийт 3 670 260 төгрөг болж байгаа. Одоо куртик, гутлыг дахин өмсөх аргагүй болсон гэжээ.

 

            Хариуцагч Д.Дэмбэрэл нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багийн Түмэндэмбэрэлийн Буянжаргалын нэхэмжилсэн 3 828 960 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Т.Буянжаргал, Д.Дэмбэрэл бид 2 харилцан зодоон хийж, харилцан эрүүгийн хэрэг үүсгэж, хоёул хоёр биендээ хохирогчоор тогтоогдсон. Тус эрүүгийн хэрэгт Т.Буянжаргал өөрт учирсан хохирлоо бүрэн нэхэмжилж би барагдуулсан. Харин би өөрт учирсан хохирлоо нэхэмжлээгүй хүн чанар гаргаж байхад Т.Буянжаргал дахиад үндэслэлгүйгээр мөнгө нэхэмжилсэн явдалд харамсаж байна. Эрүүгийн хэрэг шалгах явцад хохирогч Т.Буянжаргал нь өөрт учирсан хохирол болох нийт 3 000 000 төгрөгийн хохирлыг би барагдуулсан. Тус эрүүгийн хэрэгт би хохирогчоор тогтоогдсон бөгөөд хохирлоо нэхэмжлээгүй. Т.Буянжаргал нь үндэслэлгүйгээр хохирол нэхэмжилсэн, зардлын задаргаа байхгүй, зардлын баримтууд хуурамч, цаг хугацааны хувьд зөрчилтэй байсан. Иймд Т.Буянжаргалын нэхэмжилсэн 3 828 960 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

          Хариуцагч Д.Дэмбэрэл нь анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          2015 оны 3-р сарын 18-ны өдөр цэргийн баяр болж байсан. Тухайн өдөр би өөрөөсөө 6 насаар ах хүнтэй явж байсан. Тэр үед харанхуй байсан учраас надтай явж байсан хүн айлаа олохгүй андуураад нэг хаалга нүдсэн. Эхлээд нэг цохиход нэг хүн гарч ирээд дунд талын цоорхойгоор ордгийн гэж хэлэхээр нь би түрүүлээд цаад айл руу явсан. Надтай цуг явсан хүн эргэж очоод хаалгыг цохисон. Тэгсэн цаанаас 2 хүн гарч ирээд надтай хамт явж байсан хүнийг зодоод байсан учраас би очоод салгаад хамт явж байсан хүнээ очоод авах гээд хашаа руу дөнгөж ортол миний нүүрэн тус газар, хамар дайруулж төмрөөр ар нуруу руу цохиод авахаар нь би төмрийг нь булааж аваад газар унагаагаад дээрээс нь хоёр удаа цохисон. Тэр үед н.Галхүү гарч ирээд бид хоёрыг салгаад явуулсан. Маргааш нь би эмнэлэг дээр ирж хамраа үзүүлсэн. Эмнэлэгт хэвтэх гэсэн боловч манай эгч эмнэлэгт ажилладаг болохоороо аашилж загнаад хэвтүүлээгүй. Би энд мөрдөн байцаалтад мэдүүлэг өгч байхдаа хот руу ахтайгаа яриад ахыгаа дуудаж авчирч ирээд энэ хүнтэй ирж уулзуулсан. Тухайн үед ах энэ хүнтэй уулзаад тор дүүрэн юм, 550 000 төгрөг бэлнээр өгсөн. Энэ хүнийг 7 хоног хэвтэн эмчлүүлж байхад нь манай ах энэ хүн дээр хоёроос 3 удаа эргэж тойрсон. Тэгсэн энэ хүн Улаанбаатар хотод эгч дээрээ очиж эмчлүүлье гэхэд нь манай ах эндээс жийпэнд суулгаад авч явж “Гурван гал” эмнэлэгт хэвтүүлсэн. Тэр үед ах ресторанд оруулж, хоолонд оруулаад 2 500 000 төгрөгийн бэлнээр, ээжтэйгээ зардал хийгээрэй гэж 300 000 төгрөгийг өгсөн. Би эндээс өөрийн гэх мал идээ, сийлбэртэй 5 000 000 төгрөгийн гэрээ 500 000  төгрөг болгоод хямдхан зараад олсон мөнгөө бүгдийн өгөөд гар бариад, “Дахиж эмчилгээ хийлгэх шаардлагагүй юм уу, эмнэлэгт хэвтэхгүй юм уу?” гэсэн “Би одоо зүгээрээ эмнэлэгт хэвтэх шаардлагагүй” гэж хэлж байсан. Тэгээд аймагт ирээд манай эхнэр хүүхэд рүү залгаж дарамтлаад намайг ирж уулз, хаана байна гэж залгаад байна гэж надад хэлсэн. Би тухайн үед хөдөө байсан учраас   энэ хүн руу залгасан чинь “Чи намайг хотоос ирэхэд тосож авах ёстой байсан” гэж хэлж байсан. Би Т.Буянжаргалд төмрөөр цохиулж хамраа хугалуулчихаад хот руу явж хамрын мэс засалд 120 000 төгрөгөөр орсон. Тэр мөнгийг би өөрөөсөө гаргаж төлсөн. Цохиулснаас хойш миний толгой тархи өвдөөд, өөрөө эм тариа бүгдээ аваад явж байгаа. Энэ хүний ээж нь манай ангийн багш, манай ах, эгчийн багш хүн. Тэр ч утгаараа миний зүгээс энэ хүнд зодуулсан мөртлөө нэг ч төгрөг нэхэмжлээгүй байгаа гэжээ.

          Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 505 дугаар зүйлийн 505.1, 194 дүгээр зүйлийн 194.1, 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар хариуцагч Д.Дэмбэрэлээс 1 503 580 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т.Буянжаргалд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 166 680 төгрөг гаргуулах гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Д.Дэмбэрэлээс улсын тэмдэгтийн хураамжид 39 007 төгрөг гаргуулж орон нутгийн орлогод оруулж; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

          Хариуцагчийн өмгөөлөгч М.Ариунболд, Э.Хашчулуун нар давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтын шаардлага хангахгүй нотлох баримтыг хэрэг шийдвэрлэхэд ач холбогдолтойгоор үнэлсэн гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч дараахь үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Архангай аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн эрүүгийн хэргийн материалаас хуулбарлаж өгсөн нотлох баримт болон шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтаас хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан нийт 4503580 төгрөгнөөс хариуцагчийн хохиролд төлсөн 3000000 төгрөгийг хасаж, хариуцагч Д.Дэмбэрэлээс 1503580 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Буянжаргалд олгох нь зүйтэй" гэж үзсэнтэй санал нийлэхгүй байна. Анхан шатны шүүхээс иргэний хуулийн 505 дугаар зүйл, 194 дүгээр зүйлийн 194.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг үндэслэл болгон нэхэмжпэгчийн зүгээс гаргаж өгсөн өмгөөлөгчийн хөлс, замын зардал, эрүүгийн хэргийн архиваас баримт хуулбарлан авсан зардлын баримтуудыг нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэж 866500 төгрөгийг нэмж хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуулийг буруу ойлгож, буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна. Монгол улсын Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1.-Т заасны дагуу “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгчийн зүгээс гаргаж өгсөн дээрхи баримтууд болох өмгөөлөгчийн хөлс, замын зардал, эрүүгийн хэргийн архиваас баримт хуулбарлан авсан зардлын баримтууд нь бодит хохирол болон түүнтэй адилтгах орлого орлогод хамаарахгүй харин нэхэмжпэгчийн шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн хүсэл зоригийн дагуу эд хөрөнгөөсөө гаргаж буй зардалд хамаарна. Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч тал оролцохдоо өөрийн хүсэл сонирхлын дагуу хууль зүйн туслалцаа авч, архиваас баримт материал хуулбарлан өгч байгаа нь хувьдаа амин хувийн өөрийн эд хөрөнгөөсөө гаргаж буй зардал юм. Өмгөөлөгчийн хөлс, замын зардал, эрүүгийн хэргийн архиваас баримт хуулбарлан авсан зардлын баримтууд нь үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан бодит орлого бус, хувийн хүсэл сонирхолд тулгуурласан туслах шинж чанартай зардал байгаа учир анхан шатны шүүхээс нотлох баримтын шаардлага хангаж, зардалд оруулан тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй харагдаж байна. Иймд өмгөөлөгчийн хөлс, замын зардал, эрүүгийн хэргийн архиваас баримт хуулбарлан авсан зардлын баримтуудыг хохиролд тооцох хууль зүйн үндэслэлгүй юм. Нэхэмжпэгчийн зүгээс гаргаж өгсөн эмчилгээний зардлын баримтууд нь тамга тэмдэг дараагуй, он сар өдөр нь зөрүүтэй, холбогдох албан тушаалтны гарын үсэг байхгүй гэх мэт нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа баримтуудыг анхан шатны шүүх хүлээн авч »зардлын баримтад оруулан тооцсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-д заасны дагуу нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор үнэн зөв, хэрэгт ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасан заалтыг илтэд зөрчсөн. Нэхэмжпэгч нь эмчилгээний зардал болох 3336780 төгрөгийг яаг юунд зарцуулсан нь ойлгомжгүй байгаа бөгөөд шүүх ямар үндэслэлээр дээрхи баримтуудыг нотлох баримтын хэмжээнд үнэлэн зардалд оруулан тооцсон нь эргэлзээ бүхий байна. Анхан шатны шүүхээс нийт зардлын хэмжээг 4503580 төгрөг гэж буруу бодож гаргасан байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжпэгчийн эмчилгээний зардал нийт 3336780 төгрөг, өмгөөлөгчийн хөлс, замын зардал, эрүүгийн хэргийн архиваас баримт хуулбарлан авсан зардал гээд нийт 866500 төгрөгийг нэмж гаргуулсан байтал нийлбэр дүнг бодоходоо буруу бодож, хариуцагчийн хохиролд төлсөн 3000000 төгрөгийг хасаад үлдэгдэл, нийт 1503580 төгрөгийг хариуцагчаас гаргахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд Архангай аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн №543 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжпэгчийн нэхэмжлэлийн шаардлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.   

ҮНДЭСЛЭХ нь:

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, маргааныг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна.

         Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Удвал эрүүгийн 201503000151 тоот хавтаст хэрэгт үзлэг хийлгэх хүсэлт гаргасныг шүүх хангаж, Архангай аймгийн Цагдаагийн газраас уг хэргийг авсан байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т “Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахын тулд шүүх үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааг хөндлөнгийн 2-оос доошгүй гэрчийг байлцуулан хэргийн оролцогчдыг оролцуулан хийх бөгөөд энэ тухай тэмдэглэл үйлдэж, түүнд уг ажиллагаанд оролцогчдоор гарын үсэг зуруулна...”, 48.2-т “Хөндлөнгийн гэрчээр уг хэрэгт хувийн болон албаны сонирхолгүй, эрх зүйн бүрэн чадамжтай иргэнийг оролцуулна. Хөндлөнгийн гэрч түүнийг байлцуулан хийсэн ажиллагааны явц, агуулга, дүнг баталж өгөх үүрэгтэй. Хөндлөнгийн гэрч тэмдэглэлд засвар оруулахаар санал гаргах эрхтэй.”, 51 дүгээр зүйлийн 51.2-т “Үзлэг, туршилт хийх, таньж олуулах, нүүрэлдүүлэн мэдүүлэг авах зэрэг хэрэг хянан шийдвэрлэх бусад ажиллагаа гүйцэтгэхэд тэмдэглэл үйлдэнэ.” гэж заасан байдаг.

            Шүүх, эмчилгээний болон бусад зардлыг тодорхойлох баримтууд нь эрүүгийн хэрэгт эх хувиараа байгаа эсэх, ямар ямар баримтууд байгаа зэргийг 201503000151 тоот эрүүгийн хэрэгт үзлэг хийн тогтоож, энэ нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэх талаас үнэлсний эцэст шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох бөгөөд нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан байх ёстой.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларсан эд мөрийн баримт болон баримт бичгийг энэ хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар шүүх хуралдааны явцад шинжлэн судалдаг.

            Иргэний болон эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаа нь өөрийн гэсэн онцлогтой, хоёр өөр хуулиар зохицуулагддаг тул эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримт иргэний хэрэгт шууд нотлох баримт болохгүй.

            Гэтэл анхан шатны шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллаганы явцад цугларсан нотлох баримтыг шүүх хуралдааны явцад шинжлэн судалж, улмаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д “Нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.” гэснийг зөрчсөн байна.

            Мөн анхан шатны шүүх шүүгчдийн зөвлөлгөөнөөс урьдчилан тогтоосон журмын дагуу шүүгчид хуваарилагдсан хэргийг хянан шийдвэрлэх шүүгчийг томилоогүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т  нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөлгөөнөөс урьдчилан тогтоосон журмын дагуу шүүгчид хуваарилах ба шүүгчдийн зөвлөгөөний тогтоолыг үндэслэн тухайн шатны шүүхийн Ерөнхий шүүгч хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг захирамж гарган томилохоор зохицуулсан заалтыг зөрчжээ.

             Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчсөн алдааг шийдвэрт  өөрчлөлт оруулах замаар залруулах боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

            Хариуцагчийн өмгөөлөгч нарын гомдолд дурьдсанаас өөр үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгосон тул давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 39700 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг үндэслэн

ТОГТООХ нь:

        1. Архангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 543 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

        2. Хариуцагч Д.Дэмбэрэлийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39.700 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

        3. Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                                                              

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Т.ДАВААСҮРЭН

              ШҮҮГЧИД                                 Л.НЯМДОРЖ

                                                                  Г.УЛАМБАЯР