Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 04

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                    Г.Энхбаярын нэхэмжлэлтэй иргэний

                                                     хэргийн тухай

 

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч М.Мөнхдаваа, шүүгч Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 01 дугаартай шийдвэртэй

Нэхэмжлэгч Г.Энхбаярын нэхэмжлэлтэй

Хариуцагч Архангай аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газар, Архангай аймгийн Тариат сумын Засаг даргын тамгын газарт холбогдох

 

 “Ажилгүй байсан хугацааны олговор 3627012 / гурван сая зургаан зуун хорин долоон мянга арван хоёр / төгрөг, өмгөөлөгчийн хөлс 700000 / долоон зуун мянга/ төгрөг, нийт 4327012 / дөрвөн сая гурван зуун хорин долоон мянга арван хоёр/ төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг давж заалдах шатны шүүх хариуцагч Архангай аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын гаргасан давж заалдах гомдлоор 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Даваасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.Анхбаяр, нарийн бичгийн дарга Э.Мөнгөнтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

                                                              

Нэхэмжлэгч Г.Энхбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

 

Миний бие Г.Энхбаяр нь Архангай аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн б/44 тоот тушаалаар Тариат сумын Газрын даамлын албан тушаалаас халагдсан. Үндэслэлгүй халагдсан тухай Архангай аймгийн Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан. Захиргааны хэргийн шүүх хэлэлцээд 2016 оны 01 сарын 27-ны өдрийн 04 тоот шийдвэрээр намайг үндэслэлгүй халагдсан байна гэж үзэж Тариат сумын газрын даамлын ажилд эгүүлэн тогтоосон. Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй учир Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар албадан гүйцэтгүүлж 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр ажлаа хүлээж авсан. Маргаан үүссэн цагаас шүүхийн шийдвэр дуусах хүртэл би өмгөөлөгчийн туслалцаа авч байсан. Иймд миний ажилгүй байсан хугацаа буюу 2015 оны 10, 11, 12, 2016 оны 1,2,3,4,5 сарын цалин бүгд 3627012/ гурван сая зургаан зуун хорин долоон мянга арван хоёр /  төгрөг, өмгөөлөгчийн хөлс 700000 / долоон зуун мянга/ төгрөг бүгд 4327012 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

             Хариуцагч Архангай аймгийн Газрын харилцаа Барилга, Хот байгуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Анхбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

 

          Тус газар нь Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.6 дахь заалтыг үндэслэн тухайн шатны Засаг даргын саналыг авсны үндсэн дээр газрын даамлыг томилж чөлөөлдөг. Газрын даамлын орон тоо цалин нь сумын Засаг даргын тамгын газарт харьяалагддаг тул Тариат сумын Газрын даамал Г.Энхбаярын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

          Хариуцагч Архангай аймгийн Тариат сумын Засаг даргын Тамгын газар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

 

          2016 онд тус сумын Засаг даргын тамгын газрын цалингийн сан 13 сая 332,3 мянган  төгрөгөөр хасагдаж батлагдсан. Ийнхүү 2016 онд зарцуулах цалингийн сан хүрэлцээгүй тул Засаг даргын тамгын газрын Хүн ам зүй, Хөдөлмөр эрхлэлт, Жижиг дунд үйлдвэр хариуцсан мэргэжилтэн, Мал эмнэлэг-үржлийн тасгийн мэргэжилтэн нарыг ажлаас нь тус тус чөлөөлж 2 орон тооны цомхотгол хийгдсэн. Иймд засаг даргын тамгын газрын цалингийн сан хүрэлцэхгүй тул Газрын даамал ажилтай Гэндэнжамц овогтой Энхбаярын нэхэмжилсэн. 4327012 төгрөгийг барагдуулах санхүүгийн боломжгүй болно. Энэхүү нэхэмжилсэн 4327012 төгрөгийг буруу шийдвэр гаргаж ажлаас нь үндэслэлгүй халсан Архангай аймгийн Газрын харилцаа барилга Хот байгуулалтын газрын дараг Ч.Отгонжаргалаар нөхөн төлүүлэх нь зүйтэй болно гэжээ.

 

          Архангай аймгийн Газрын харилцаа Барилга хот байгуулалтын газарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ариунзаяа шүүхэд гаргасан тайлбартаа:

 

          Тус газар нь Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.6дахь заалтыг үндэслэн тухайн шатны Засаг даргын саналыг авсны үндсэн дээр газрын даамлыг томилж чөлөөлдөг хэдий ч газрын даамлын орон тоо цалин нь сумын Засаг даргын Тамгын газрын төсөвт тусгагдсан байдаг. Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарын батлагдсан орон тоо төсөвт газрын даамлын цалин хөлс тусгагддаггүй, тус газрын төсөв цалингийн сан, батлагдсан орон тооны ажилчиддаа ч хүрэлцэхгүй хүндрэлтэй байна. Иймд иргэн Г.Энхбаярын нэхэмжлэлийн шаардлагыг тус газар хариуцах боломжгүй тул газрын даамлын цалин хөлс, орон тоо шууд хамааралтай сумын Засаг даргын тамгын газраас нэхэмжлэлийг гаргуулна уу гэжээ.

 

Нэхэмжлэгч Г.Энхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Би үндсэн цалингаа нэхэмжилж шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2 байгууллагын дунд хуулийн заалт гараад би хохироод яваад байна. Тушаалыг гаргасан хүн нь Отгонжаргал мөн боловч тушаалыг гаргуулах эх үндсийг нь сумын Засаг дарга Алтан-Очир тавьсан. Энэ хүнтэй цаашид хамтран ажиллахгүй, ажлаас хал гэсэн шахалт дарамтыг Газрын харилцаа барилга хот байгуулалтын дарга Отгонжаргалд удаа дараа тавьж байснаас болж намайг ажлаас халсан. Шүүх хуралдаанаар буруугүй гэсэн шийдвэр гарч би ажилдаа эргэн орж ажиллаж байна. Би 2015 оны 10 сарын 08-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдөж, 2016 оны 05 сарын 20-ны өдөр ажилдаа орсон. 2015 оны 10 сар болон 2016 оны 05 сард цалин аваагүй. Иймд миний ажилгүй байсан хугацааны 2015 оны 10, 11, 12 сарын, 2016 оны 1, 2, 3, 4, 5 сарын цалин 3.627.012 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 700.000 төгрөг, нийт 4.327.012 төгрөгийг Архангай аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар болон Архангай аймгийн Тариат сумын Засаг даргын тамгын газраас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын төлөөлөгч Н.Ариунзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Манай байгууллагын зүгээс газрын даамлын цалин хөлсийг гаргах боломжгүй гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрвээ Засаг даргын тамгын газраас тавиад байгаа саналыг манай байгууллага хүлээн авч Г.Энхбаярын цалинг 50, 50 хувиар хариуцахад цаана нь манай байгууллагын 16 ажилчны эрх ашиг хөндөгдөж байна. Газрын даамлын цалин хөлс нь Засаг даргын тамгын газрын төсөвт байж, Засаг даргын тамгын газарт шууд харьяалалтай байдаг. Газрын дуудлага худалдаанаас хангалттай тухайн жилийн төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн байгаа учир Засаг даргын тамгын газар энэ мөнгийг гаргах боломжтой гэж үзэж байна. Тамгын газрын дарга Отгонжаргал буруутай шийдвэр гаргасан гэж ярьж байна. Дарга Отгонжаргалыг хэт улс төржсөн гэдгийг бид мэдэхгүй, тухайн үеийн шүүх хурлаар тогтоол шийдвэр нь гарсан. Манай байгууллагын зүгээс дур мэдэн шийдвэр гаргадаггүй. Тухайн шатны төсвийн ерөнхийлөн захирагчтай зөвшилцөж шийдвэр гаргадаг. Алтан-Очир даргаас Г.Энхбаяртай хамтарч ажиллах боломжгүй гэсэн албан тоот манайд удаа дараа ирж байсныг үндэслэж Г.Энхбаярыг халах шийдвэр гаргасан. Үндэслэлгүйгээр дур мэдэн Г.Энхбаярыг халах шийдвэр гаргахгүй гэж бодож байна. Манай байгууллага Г.Энхбаярын нэхэмжилж байгаа цалингийн үнийн дүнтэй маргах зүйлгүй гэв.

 

            Хариуцагч Архангай аймгийн Засаг даргын тамгын газрын төлөөлөгч Р.Түмэнбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Газрын даамлыг Засаг даргатай зөвшилцөж аймгийн барилга хот байгуулалтын газрын дарга томилж, чөлөөлнө гэсэн заалт Газрын тухай хуулинд байдаг. Гэвч цалингийн сан, авдаг цалин хөлс нь Засаг даргын тамгын газарт байдаг. Энэ хуулийн заалтаас Засаг даргын ажилтнаа томилдог чөлөөлдөг эрх нь зөрчигдөөд байна. Сумын засаг дарга Алтан-Очир, Архангай аймгийн Барилга хот байгуулалтын дарга Отгонжаргал нар хэт улс төржиж Г.Энхбаярыг ажлаас халсан. Тамгын газар дээр ямар ч хурал цуглаан хийгээгүй, Г.Энхбаярыг хална гэж надтай зөвшилцөөгүй, тамгын газрын хамт олноос санал хүсэлт аваагүй. Зөвхөн аймгийн дарга, Алтан-Очир, Отгонжаргал гэсэн энэ гурван хүн л ийм асуудал үүсгэсэн байгаа. Шүүхээр Г.Энхбаяр ажилдаа эгүүлэн тогтоогдсон ч ажилд нь авахгүй байж байгаад шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаар дамжуулж ажилдаа орсон. Нэгэнт хариуцлагагүй хүмүүсийн гэм буруугаас болж хувь хүн, байгууллага, төр хохирох ёсгүй гэж бодож байна. Тийм учраас гэм буруутай этгээдүүд хариуцлагаа хүлээж Г.Энхбаярын төлбөрийг барагдуулж, хохиролгүй болгох ёстой. Манай байгууллагын зүгээс энэ хүний цалинг огт өгөхгүй гэсэн зүйлгүй, харин цалингийн сан хүрэлцэхгүй учраас Г.Энхбаярын цалинг бүтэн гаргуулж өгөх боломжгүй байна. Манай төсөв 2016 онд 13 сая 200 хэдэн төгрөгөөр хасагдаж ирсэн. Манайх 2 орон тоо цомхотгож 2016 оны цалингийн сандаа зохицуулж ажиллаж байгаа. Үндэслэлгүй шийдвэр гаргасан байна гээд шүүх тогтоочихсон учраас Г.Энхбаярыг ажилд нь эгүүлэн авсан. Хэрвээ үндэслэлтэй шийдвэр байсан бол Г.Энхбаяр ажилдаа эргэж орохгүй байсан. Тийм учраас миний хувьд хариуцлагагүй шийдвэр гаргасан хүмүүст хариуцлага тооцох нь ёстой гэж үзэж байна. Манай байгууллагын зүгээс хохирлыг барагдуулна гэхдээ 100 хувь төлөх боломжгүй. Хариуцлагагүй хандсан хүмүүсээс төлбөр гаргуулж төлүүлэх арга гарц юу байна гэдэг байна. Г.Энхбаярын нэхэмжилж байгаа цалингийн үнийн дүнтэй маргах зүйлгүй гэв.

 

          Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх:

          Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар нийт 4.327.012 /дөрвөн сая гурван зуун хорин долоон мянга арван хоёр/ төгрөгийг хариуцагч Архангай аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас гаргуулж нэхэмжлэгч Г.Энхбаярт олгож; Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Архангай аймгийн Тариат сумын Засаг даргын тамгын газраас 4.327.012 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Г.Энхбаярын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн 21.350 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Архангай аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас 21.350 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Энхбаярт олгож, 62.832 төгрөг гаргуулж орон нутгийн орлогод оруулж; Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

          Хариуцагч Архангай аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар давж заалдах гомдолдоо: Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 22-ний өдрийн 01 тоот шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдаж байна.

          1. Үндэслэл хэсэгт "Архангай аймгийн Тариат сумын Засаг дарга газрын даамлыг ажлаас чөлөөлөх талаар санал болгосныг эрх зүйн үр дагвар бий болгосон, амаар гаргасан захиргааны акт гэж үзэхгүй. Учир нь Архангай аймгийн Тариат сумын Засаг даргын гаргаж буй газрын даамлыг томилож, чөлөөлөх талаар гаргасан саналыг заавал биелүүлэх үүргийг Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хуулиар үүрэг болгоогүй байна” гэсэн байна. Гэтэл Тариат сумын Засаг даргын 2015 оны 1/295 тоот албан бичигт газрын даамал нь хууль тогтоомж зөрчсөн талаар дурьдаж сумын Засаг даргын хувьд Газрын даамал Г.Энхбаяртай хамтран ажиллах боломжгүй талаар мэдэгдсэн байдаг. Газрын тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэхь заалтад “Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.”, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.6 дахь заалтад “Тухайн шатны Засаг даргын саналыг авсны үндсэн дээр сумын газрын даамал, дүүргийн газрын албаны даргыг томилох, чөлөөлөх” гэж заасан байдаг. Дээрх заалтуудыг баримтлан Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалтад “Төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх” гэж заасны дагуу газрын даамал Г.Энхбаярыг ажлаас чөлөөлсөн байхад ГХБХБГ-ыг буруутгаж, Тариат сумын Засаг даргыг буруугүй гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна.

          2. Хариуцагч Тариат сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь надтай зөвшилцөөгүй, Тамгын газрын хамт олноос санал аваагүй гэх тайлбар өгдөг. Гэтэл Тариат сумын Засаг даргын 2016 оны 1/40 тоот албан бичигт газрын даамал нь хууль тогтоомж зөрчсөн талаар дурьдаж сумын Засаг дарга, төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд Газрын даамал Г.Энхбаяртай хамтран ажиллах боломжгүй талаар мэдэгдсэн байдаг. Төсвийн ерөнхийлөн захирагч нь газрын даамалтай хамтран ажиллахгүй гэсэн байхад Тариат сумын Засаг даргын Тамгын газар хариуцах үндэслэл тогтоогдохгүй байна гэсэн нь нэг талыг барьсан гэж үзэж байна.

          3. Газрын даамлын орон тоо, цалингийн сангийн хувьд Засгын газрын 2007 оны 354 тоот “Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай” тогтоолын туслах түшмэл гэсэн албан тушаалын ангилалд сумын Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн, тэдгээртэй адилтгах албан тушаалд гэсэн хэсэгт Газрын даамал нь нэршлээрээ орсон байдаг. ГХБХБГ-ын бүтэц орон тоонд сумдын газрын даамал, цалингийн сан байдаггүй тул Г.Энхбаярын нэхэмжилсэн 4.327.012 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 21.350 төгрөг, орон нутгийн орлогод 62.832 төгрөгийг төлөх боломжгүй юм. Иймд дээрхи үндэслэлээр Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 22-ний өдрийн 01 тоот шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.   

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

          Нэхэмжлэгч Г.Энхбаяр хариуцагч Архангай аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газар болон Архангай аймгийн Тариат сумын Засаг даргын тамгын газраас ажилгүй байсан хугацааны олговор 3.627.012 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 700.000 төгрөг, нийт 4.327.012 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

            Г.Энхбаяр нь Архангай аймгийн Тариат сумын газрын даамлаар ажиллаж байгаад Архангай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн б/44 дүгээр тушаалаар ажлаасаа халагдсан бөгөөд ажлаас халсныг хууль бус гэж үзэн, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байх ба шүүх ажлаас үндэслэлгүй халсан гэж дүгнэн, түүнийг Тариат сумын газрын даамлын албан тушаалд эгүүлэн тогтоохоор шийдвэрлэсэн байна.

 

            Шүүхийн шийдвэрийн дагуу тэрээр ажилдаа орсон ба Архангай аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын даргын тушаалаар ажлаас халагдсан, Архангай аймгийн Тариат сумын Засаг даргын тамгын газарт газрын даамлын орон тоо, цалингийн сан байдагаас шалтгаалан дээрх 2 байгууллагыг хариуцагч гэж үзэн, ажилгүй байсан хугацааны олговор болон өмгөөлөгчид төлсөн хөлсийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

 

            Хариуцагч Архангай аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газар “Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.6-д зааснаар Тариат сумын Засаг даргын саналыг авсны үндсэн дээр Г.Энхбаярыг ажлаас халсан, Газрын даамлын орон тоо, цалин нь тухайн сумын З.Д.Т.Г-т харьяалагддаг тул ажилгүй байсан хугацааны олговрыг хариуцахгүй” гэж, Тариат сумын Засаг дарга “З.Д.Т.Г-ын 2016 оны цалингийн сан хүрэлцэхгүй тул Г.Энхбаярын нэхэмжилсэн олговрыг төлөх боломжгүй. Ажлаас үндэслэлгүй халсан Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргаар төлүүлэх нь зүйтэй” гэж маргажээ.

 

            Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгч Г.Энхбаярын нэхэмжилсэн ажилгүй байсан хугацааны олговор болон өмгөөлөгчийн хөлс нийт 4.327.012 төгрөгийг Архангай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хариуцуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

            Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.6-д аймгийн газрын алба нь тухайн шатны Засаг даргын саналыг авсны үндсэн дээр сумын газрын даамлыг томилох, чөлөөлөх эрхтэй гэж заасан. Хуулийн энэ зохицуулалтаар сумын газрын даамлыг томилох, чөлөөлөх эрх хэмжээ нь аймгийн  газрын албанд байгаа бөгөөд томилж, чөлөөлөх эрх хэмжээгээ эдлэхдээ Засаг даргын саналыг авахаар зохицуулсан болохоос тухайн хуулиар сумын Засаг дарга газрын даамлыг томилуулах, чөлөөлүүлэх санал гаргах эрх хэмжээтэй талаар зохицуулаагүй болно.

 

            Тариат сумын Засаг даргын 2015 оны 09 сарын 18-ны өдрийн 1/295 тоот албан бичигт газрын даамал Г.Энхбаярын гаргасан зөрчлийн баримт материалууд болон бодит нөхцөл байдалтай газар дээр нь ирж танилцан, хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд арга хэмжээ авч, хариуцлага тооцон ажиллах, сумын Засаг даргын хувьд Газрын даамал Г.Энхбаяртай хамтран ажиллах боломжгүй талаар мэдэгдсэн байдаг.

 

            Аймгийн газрын алба Засаг даргын албан бичигт дурдсан, газрын даамал Г.Энхбаярын гаргасан гэх зөрчлийг шалгаж, тогтоолгүйгээр Г.Энхбаярыг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй болохыг Архангай аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх тогтоосон.

 

            Нэгэнт шүүхийн шийдвэрээр ажлаас үндэслэлгүй халагдсан болох нь тогтоогдсон тул хуульд заасны дагуу ажилгүй байсан хугацааны олговрыг тухайн ажилтныг үндэслэлгүй халсан буруутай этгээд хариуцан төлөх нь шударга ёсны зарчимд нийцэх бөгөөд хууль зүйн үндэслэлтэй юм.

 

            Сумын газрын даамлын орон тоо, цалингийн сан нь тухайн сумын З.Д.Т.Г-т харьяалагддаг ч гэсэн Г.Энхбаярыг ажилгүй байх хугацаанд газрын даамлын орон тоонд хүн авч ажиллуулсан тул Тариат сумын З.Д.Т.Г-т газрын даамлын орон тоо, цалингийн сан байгаа гэж үзэх боломжгүй болно.

 

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

 

            Хариуцагч Архангай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хуульд заасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд давж заалдах гомдлыг шүүх хангаагүй учир нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамж төлүүлэх нь хууль зүйн үндэслэлтэй болно.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн                             167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон

 

 

 

ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12  дугаар сарын 22-ны өдрийн 01 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас улсын тэмдэгтийн хураамжинд 84.182 төгрөг гаргуулан, төвлөрсөн төсвийн орлогод оруулсугай.

3. Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар   зүйлийн 167.5-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                                   

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Т.ДАВААСҮРЭН

              ШҮҮГЧИД                                 Л.НЯМДОРЖ

                                                                  Г.УЛАМБАЯР