Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 01

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан, Б.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1971 онд төрсөн, Архангай аймгийн Тариат сумын Засаг даргын тамгын газарт газрын асуудал хариуцсан мэргэжилтэн ажилтай, Архангай аймгийн Тариат сумын Тэрх баг, Суман хорооллын 03-02 тоотод оршин суух Бор адуу овгийн Гэндэнжамцийн Энхбаярын /РД:АЙ71052313/  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Архангай аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газар

Хариуцагч: Архангай аймгийн Тариат сумын Засаг даргын тамгын газарт холбогдох

Ажилгүй байсан хугацааны олговор 3.627.012 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 700.000 төгрөг, нийт 4.327.012 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Энхбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Энхбаяр, хариуцагчийн төлөөлөгч Н.Ариунзаяа, Р.Түмэнбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Лхамсүрэн нар оролцов.

                                                            

                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

         

            Нэхэмжлэгч Г.Энхбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Г.Энхбаяр нь Архангай аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн б/44 тоот тушаалаар Тариат сумын Газрын даамлын албан тушаалаас халагдсан. Үндэслэлгүй халагдсан тухай Архангай аймгийн Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан. Захиргааны хэргийн шүүх хэлэлцээд 2016 оны 01 сарын 27-ны өдрийн 04 тоот шийдвэрээр намайг үндэслэлгүй халагдсан байна гэж үзэж Тариат сумын газрын даамлын ажилд эгүүлэн тогтоосон. Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй учир Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар албадан гүйцэтгүүлж 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр ажлаа хүлээж авсан. Маргаан үүссэн цагаас шүүхийн шийдвэр дуусах хүртэл би өмгөөлөгчийн туслалцаа авч байсан. Иймд миний ажилгүй байсан хугацаа буюу 2015 оны 10, 11, 12, 2016 оны 1, 2, 3, 4, 5 сарын цалин бүгд 3.627.012 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 700.000 төгрөг бүгд 4.327.012 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

            Хариуцагч Архангай аймгийн Газрын харилцаа Барилга, Хот байгуулалтын газар шүүхэд гаргасан тайлбартаа: Тус газар нь Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.6 дахь заалтыг үндэслэн тухайн шатны Засаг даргын саналыг авсны үндсэн дээр газрын даамлыг томилж чөлөөлдөг. Газрын даамлын орон тоо цалин нь сумын Засаг даргын тамгын газарт харьяалагддаг тул Тариат сумын Газрын даамал Г.Энхбаярын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

            Хариуцагч Архангай аймгийн Тариат сумын Засаг даргын тамгын газар шүүхэд гаргасан тайлбартаа: 2016 онд тус сумын Засаг даргын тамгын газрын цалингийн сан 13 сая 332,3 мянган төгрөгөөр хасагдаж батлагдсан. Ийнхүү 2016 онд зарцуулах цалингийн сан хүрэлцээгүй тул Засаг даргын тамгын газрын Хүн ам зүй, Хөдөлмөр эрхлэлт, Жижиг дунд үйлдвэр хариуцсан мэргэжилтэн, Мал эмнэлэг-үржлийн тасгийн мэргэжилтэн нарыг ажлаас нь тус тус чөлөөлж 2 орон тооны цомхотгол хийгдсэн. Иймд засаг даргын тамгын газрын цалингийн сан хүрэлцэхгүй тул Газрын даамал ажилтай Гэндэнжамц овогтой Энхбаярын нэхэмжилсэн. 4.327.012 төгрөгийг барагдуулах санхүүгийн боломжгүй болно. Энэхүү нэхэмжилсэн 4.327.012 төгрөгийг буруу шийдвэр гаргаж ажлаас нь үндэслэлгүй халсан Архангай аймгийн Газрын харилцаа барилга Хот байгуулалтын газрын дарга Ч.Отгонжаргалаар нөхөн төлүүлэх нь зүйтэй болно гэжээ.

            Архангай аймгийн Газрын харилцаа Барилга хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ариунзаяа шүүхэд гаргасан тайлбартаа: Тус газар нь Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.6 дахь заалтыг үндэслэн тухайн шатны Засаг даргын саналыг авсны үндсэн дээр газрын даамлыг томилж чөлөөлдөг хэдий ч газрын даамлын орон тоо цалин нь сумын Засаг даргын Тамгын газрын төсөвт тусгагдсан байдаг. Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын батлагдсан орон тоо төсөвт газрын даамлын цалин хөлс тусгагддаггүй, тус газрын төсөв цалингийн сан, батлагдсан орон тооны ажилчиддаа ч хүрэлцэхгүй хүндрэлтэй байна. Иймд иргэн Г.Энхбаярын нэхэмжлэлийн шаардлагыг тус газар хариуцах боломжгүй тул газрын даамлын цалин хөлс, орон тоо шууд хамааралтай сумын Засаг даргын тамгын газраас нэхэмжлэлийг гаргуулна уу гэжээ.

Нэхэмжлэгч Г.Энхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би үндсэн цалингаа нэхэмжилж шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2 байгууллагын дунд хуулийн заалт гараад би хохироод яваад байна. Тушаалыг гаргасан хүн нь Отгонжаргал мөн боловч тушаалыг гаргуулах эх үндсийг нь сумын Засаг дарга Алтан-Очир тавьсан. Энэ хүнтэй цаашид хамтран ажиллахгүй, ажлаас хал гэсэн шахалт дарамтыг Газрын харилцаа барилга хот байгуулалтын дарга Отгонжаргалд удаа дараа тавьж байснаас болж намайг ажлаас халсан. Шүүх хуралдаанаар буруугүй гэсэн шийдвэр гарч би ажилдаа эргэн орж ажиллаж байна. Би 2015 оны 10 сарын 08-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдөж, 2016 оны 05 сарын 20-ны өдөр ажилдаа орсон. 2015 оны 10 сар болон 2016 оны 05 сард цалин аваагүй. Иймд миний ажилгүй байсан хугацааны 2015 оны 10, 11, 12 сарын, 2016 оны 1, 2, 3, 4, 5 сарын цалин 3.627.012 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 700.000 төгрөг, нийт 4.327.012 төгрөгийг Архангай аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар болон Архангай аймгийн Тариат сумын Засаг даргын тамгын газраас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын төлөөлөгч Н.Ариунзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллагын зүгээс газрын даамлын цалин хөлсийг гаргах боломжгүй гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрвээ Засаг даргын тамгын газраас тавиад байгаа саналыг манай байгууллага хүлээн авч Г.Энхбаярын цалинг 50, 50 хувиар хариуцахад цаана нь манай байгууллагын 16 ажилчны эрх ашиг хөндөгдөж байна. Газрын даамлын цалин хөлс нь Засаг даргын тамгын газрын төсөвт байж, Засаг даргын тамгын газарт шууд харьяалалтай байдаг. Газрын дуудлага худалдаанаас хангалттай тухайн жилийн төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн байгаа учир Засаг даргын тамгын газар энэ мөнгийг гаргах боломжтой гэж үзэж байна. Тамгын газрын дарга Отгонжаргал буруутай шийдвэр гаргасан гэж ярьж байна. Дарга Отгонжаргалыг хэт улс төржсөн гэдгийг бид мэдэхгүй, тухайн үеийн шүүх хурлаар тогтоол шийдвэр нь гарсан. Манай байгууллагын зүгээс дур мэдэн шийдвэр гаргадаггүй. Тухайн шатны төсвийн ерөнхийлөн захирагчтай зөвшилцөж шийдвэр гаргадаг. Алтан-Очир даргаас Г.Энхбаяртай хамтарч ажиллах боломжгүй гэсэн албан тоот манайд удаа дараа ирж байсныг үндэслэж Г.Энхбаярыг халах шийдвэр гаргасан. Үндэслэлгүйгээр дур мэдэн Г.Энхбаярыг халах шийдвэр гаргахгүй гэж бодож байна. Манай байгууллага Г.Энхбаярын нэхэмжилж байгаа цалингийн үнийн дүнтэй маргах зүйлгүй гэв.

            Хариуцагч Архангай аймгийн Засаг даргын тамгын газрын төлөөлөгч Р.Түмэнбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Газрын даамлыг Засаг даргатай зөвшилцөж аймгийн барилга хот байгуулалтын газрын дарга томилж, чөлөөлнө гэсэн заалт Газрын тухай хуулинд байдаг. Гэвч цалингийн сан, авдаг цалин хөлс нь Засаг даргын тамгын газарт байдаг. Энэ хуулийн заалтаас Засаг даргын ажилтнаа томилдог чөлөөлдөг эрх нь зөрчигдөөд байна. Сумын засаг дарга Алтан-Очир, Архангай аймгийн Барилга хот байгуулалтын дарга Отгонжаргал нар хэт улс төржиж Г.Энхбаярыг ажлаас халсан. Тамгын газар дээр ямар ч хурал цуглаан хийгээгүй, Г.Энхбаярыг хална гэж надтай зөвшилцөөгүй, тамгын газрын хамт олноос санал хүсэлт аваагүй. Зөвхөн аймгийн дарга, Алтан-Очир, Отгонжаргал гэсэн энэ гурван хүн л ийм асуудал үүсгэсэн байгаа. Шүүхээр Г.Энхбаяр ажилдаа эгүүлэн тогтоогдсон ч ажилд нь авахгүй байж байгаад шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаар дамжуулж ажилдаа орсон. Нэгэнт хариуцлагагүй хүмүүсийн гэм буруугаас болж хувь хүн, байгууллага, төр хохирох ёсгүй гэж бодож байна. Тийм учраас гэм буруутай этгээдүүд хариуцлагаа хүлээж Г.Энхбаярын төлбөрийг барагдуулж, хохиролгүй болгох ёстой. Манай байгууллагын зүгээс энэ хүний цалинг огт өгөхгүй гэсэн зүйлгүй, харин цалингийн сан хүрэлцэхгүй учраас Г.Энхбаярын цалинг бүтэн гаргуулж өгөх боломжгүй байна. Манай төсөв 2016 онд 13 сая 200 хэдэн төгрөгөөр хасагдаж ирсэн. Манайх 2 орон тоо цомхотгож 2016 оны цалингийн сандаа зохицуулж ажиллаж байгаа. Үндэслэлгүй шийдвэр гаргасан байна гээд шүүх тогтоочихсон учраас Г.Энхбаярыг ажилд нь эгүүлэн авсан. Хэрвээ үндэслэлтэй шийдвэр байсан бол Г.Энхбаяр ажилдаа эргэж орохгүй байсан. Тийм учраас миний хувьд хариуцлагагүй шийдвэр гаргасан хүмүүст хариуцлага тооцох нь ёстой гэж үзэж байна. Манай байгууллагын зүгээс хохирлыг барагдуулна гэхдээ 100 хувь төлөх боломжгүй. Хариуцлагагүй хандсан хүмүүсээс төлбөр гаргуулж төлүүлэх арга гарц юу байна гэдэг байна. Г.Энхбаярын нэхэмжилж байгаа цалингийн үнийн дүнтэй маргах зүйлгүй гэв.

 

          Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Энхбаяр нь хариуцагч Архангай аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газар, Архангай аймгийн Тариат сумын Засаг даргын тамгын газарт холбогдуулан ажилгүй байсан хугацаа буюу 2015 оны 10, 11, 12, 2016 оны 1, 2, 3, 4, 5 сарын цалин 3.627.012 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 700.000 төгрөг, нийт 4.327.012 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

          Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 сарын 27-ны өдрийн 04 тоот шийдвэрээр Архангай аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн б/44 дүгээр тушаалыг хүчингүй болгож Г.Энхбаярыг Тариат сумын газрын даамлын албан тушаалд эгүүлэн тогтоожээ. Энэхүү хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж 2016 оны 05 сарын 19-ний өдөр Г.Энхбаярт ажлыг нь хүлээлцүүлэн өгсөн, нэхэмжлэгч Г.Энхбаяр нь 2015 оны 10 сараас 2016 оны 05 сарын ажилгүй байсан хугацааны цалин аваагүй байгаа болох нь Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 сарын 27-ны өдрийн 04 тоот шийдвэр, Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгч Г.Алтайсүмбэрийн 2016 оны 05 сарын 31-ний өдрийн тодорхойлолт, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

          Нэхэмжлэгч Г.Энхбаяр нь Архангай аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газар, Архангай аймгийн Тариат сумын Засаг даргын тамгын газраас ажилгүй байсан 2015 оны 10, 11, 12, 2016 оны 1, 2, 3, 4, 5 сарын 3.627.012 төгрөгийн цалин нэхэмжилсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан ажлаас буруу халсан үеийн олговор буюу ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор юм.

          Нэхэмжлэгч Г.Энхбаярын ажилгүй байсан хугацаанд буюу 2015 оны 10 сараас 12 сар, 2016 оны 01 сараас 05 сарын хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 3.627.012 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага, үнийн дүнтэй хариуцагч нар маргаагүй.

            Хариуцагч Архангай аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар   “газрын даамлын орон тоо цалин нь сумын Засаг даргын тамгын газрын төсөвт тусгагдсан байдаг учир Тариат сумын Засаг даргын тамгын газар нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах ёстой” гэж, Архангай аймгийн Тариат сумын Засаг даргын тамгын газар “буруу шийдвэр гаргаж ажлаас нь үндэслэлгүй халсан Архангай аймгийн Газрын харилцаа барилга Хот байгуулалтын газар хариуцах ёстой, төсөв хүрэлцэхгүй учир 50 хувийг нь хариуцна” гэж маргаж байна.

          Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.6-д аймаг, нийслэлийн газрын алба “тухайн шатны засаг даргын саналыг авсны үндсэн дээр сумын газрын даамлыг... томилох чөлөөлөх эрхтэй” гэж заажээ.

          Архангай аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн б/44 дүгээр тушаалаар Г.Энхбаярыг ажлаас халсан нь Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 сарын 27-ны өдрийн 04 тоот шийдвэрээр тогтоогддог бөгөөд Архангай аймгийн Тариат сумын газрын даамлыг ажилд томилох, чөлөөлөх эрх Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.6-д зааснаар Архангай аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт олгогджээ.

          Г.Энхбаярыг ажлаас халсан Архангай аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн б/44 дүгээр тушаал нь захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон бичгээр гаргасан захиргааны акт юм.

          Архангай аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар нь газрын даамлыг томилохдоо Архангай аймгийн Тариат сумын Засаг даргын саналыг авах тухай Газрын тухай хуулийн  23 дугаар зүйлийн 23.3.6-д заасан нь албан тушаалтан өөрийн гаргаж буй шийдвэр, авах гэж буй арга хэмжээний талаар хуульд заасан байгууллага албан тушаалтантай санал солилцож буй үйл явц тул Архангай аймгийн Тариат сумын Засаг дарга газрын даамлыг ажлаас чөлөөлөх талаар санал болгосныг эрх зүйн үр дагавар бий болгосон, амаар гаргасан захиргааны акт гэж үзэхгүй. Учир нь Архангай аймгийн Тариат сумын Засаг даргын гаргаж буй газрын даамлыг томилох, чөлөөлөх талаар гаргасан саналыг заавал биелүүлэх үүргийг Архангай аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт хуулиар үүрэг болгоогүй байна.

          Захиргааны байгууллагын гаргасан хууль бус захиргааны акт буюу Архангай аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын Г.Энхбаярыг ажлаас халсан 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн б/44 дүгээр тушаалын улмаас үүссэн ажлаас буруу халсан үеийн олговор, өмгөөлөгчид төлсөн төлбөр зэрэг үр дагавар, хохирлыг захиргааны акт гаргаагүй Архангай аймгийн Засаг даргын тамгын газар хариуцан арилгах үүрэггүй тул нэхэмжлэгч Г.Энхбаярын ажилгүй байсан хугацааны олговор болон өмгөөлөгчийн хөлсийг Архангай аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт хариуцуулах үндэслэлтэй, харин нэхэмжлэгчийн дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Архангай аймгийн Засаг даргын тамгын газар хариуцах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ.

            Мөн нэхэмжлэгч Г.Энхбаяр нь “ Архангай аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн б/44 дүгээр тушаалыг хүчингүй болгож Тариат сумын газрын даамлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох” тухай захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хууль зүйн туслалцааг өмгөөлөгчөөс авч, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд өмгөөлөгч Г.Энхбаяр оролцож, өмгөөллийн үйлчилгээний хөлс 700.000 төгрөгийг өмгөөлөгч Г.Энхбаярт нэхэмжлэгч төлсөн болох нь Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 сарын 27-ны өдрийн 04 тоот шийдвэр /хавтаст хэргийн 3-13 тал/, бэлэн мөнгөний орлогын баримтаар /хавтаст хэргийн 14-р тал/ нотлогдож байх тул өмгөөллийн хөлс 700.000 төгрөгийг хууль бус захиргааны акт гаргасан Архангай аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

          Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан бүх хугацааны олговор 3.627.012 төгрөг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар өмгөөллийн хөлс 700.000 төгрөг нийт 4.327.012 төгрөгийг хариуцагч Архангай аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас гаргуулж нэхэмжлэгч Г.Энхбаярт олгож, Г.Энхбаярын Архангай аймгийн Тариат сумын Засаг даргын тамгын газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

          Хавтаст хэргийн 16-17-р талд авагдсан Г.Энхбаярын цалингийн тодорхойлолт нь түүний Архангай аймгийн Тариат сумын Засаг даргын тамгын газарт ажиллаж байгаагүй үеийн цалинг тодорхойлсон тул уг нотлох баримтыг үнэн зөв гэж үзээгүй, мөн 32-37-р талд авагдсан Тариат сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол, мөн сумын Засаг даргын тамгын газрын тушаал нь нотариатчаар гэрчлүүлээгүй хуулбар, 100-105-р талд авагдсан баримтуудад хариуцагч Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар өөрийн байгууллагын хуулбар үнэн тэмдгийг дарсан тул эдгээр баримтыг нотлох баримт гаргаж өгөх хуульд заасан журмыг зөрчсөн,  44-45-р талд авагдсан Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын тушаал, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын төсвийн сар улирлын хуваарь зэрэг баримтыг тухайн хэрэгт ач холбогдолгүй гэж тус тус үзлээ.

            Нэхэмжлэгч Г.Энхбаяр өмгөөллийн хөлс 700.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагадаа улсын тэмдэгтийн хураамж 21.350 төгрөг төлсөн, түүний ажилгүй байсан хугацааны цалин 3.627.012 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа учир хариуцагч Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас улсын тэмдэгтийн хураамж 62.832 төгрөгийг гаргуулж орон нутгийн орлогод, улсын тэмдэгтийн хураамж 21.350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Энхбаярт тус тус олгох нь зүйтэй байна.

          Иргэдийн төлөөлөгч Л.Чимэдлхам шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар түүний эзгүйд шүүх хуралдаан явуулах хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

         

          Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг  удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар нийт 4.327.012 /дөрвөн сая гурван зуун хорин долоон мянга арван хоёр/ төгрөгийг хариуцагч Архангай аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас гаргуулж нэхэмжлэгч Г.Энхбаярт олгосугай.

          2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Архангай аймгийн Тариат сумын Засаг даргын тамгын газраас 4.327.012 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Г.Энхбаярын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн 21.350 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Архангай аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас 21.350 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Энхбаярт олгож, 62.832 төгрөг гаргуулж орон нутгийн орлогод оруулсугай.

          4.  Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.БАЙГАЛМАА

                     ШҮҮГЧИД                                    Г.ЭНХ-АМГАЛАН

                                                                                                  Б.САРАНТУЯА