Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 2021/ШЦТ/20

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,

Улсын яллагч Ц.Ариунжаргал,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Т,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Г,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өмгөөлөгч  

Ц.Баярмаа,

Шүүгдэгч Х.З, түүний өмгөөлөгч Э.Дөлгөөн,

Шүүгдэгч Ц.Х, түүний өмгөөлөгч Н.Нармандах,

Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,    

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У овгийн Ц-ын Х, Б овгийн Х-ын З нарт холбогдох 2028001380191 тоот эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, ..................................

Монгол Улсын иргэн, ..................................

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Ц.Х нь Х.З-тай бүлэглэн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Номгон сумын Эмгэнбулаг багийн нутаг дэвсгэрт гэртээ хохирогч Д.Т-ыг согтуурсны улмаас биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж цээжин тус газар нь өшиглөж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн тухайн цаг хугацаанд Д.Т-г цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Х.З нь Ц.Х-тай бүлэглэн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Номгон сумын Эмгэнбулаг багийн нутаг дэвсгэрт гэртээ хохирогч Д.Т-ыг согтуурсны улмаас биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж цээжин тус газар нь өшиглөж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Ц.Х, Х.З нарыг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Х шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би Д.Т-гийн толгойг хагалсан нь үнэн. Талийгаачид гар хүрээгүй. Талийгаач надтай хамаатан болох хүн учир хайрлаж хүндэлж явдаг хүн байсан гэв.

Шүүгдэгч Х.З шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Г шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 05 дугаар сарын 05-нд Өмнөговь аймгаас талийгаачийн хамаатан болох Ц.Х-ынх руу талийгаач, би, С, М, Д.Т бид 5 очсон. Очиход Ц.Х байхгүй Х.З хоол хийсэн байсан. Хоол идээд байж байхад Ц.Х ирсэн. Манай талийгаач Ц.Х-ыг архинд дуртай болохоор 1 шил архи авч очиж өгсөн. Дараа нь С бас 1 шил архи гаргаж өгсөн байх би түүнийг анзаараагүй. Тэгээд сум явцгаасан. Ц.Х орой согтуу ирээд Х.З тэр хоёулаа муудаад байсан. Ц.Х, Х.З хоёр муудалцаад байхаар нь хөдөө гарч унтъя гээд Фургон машинаар Д.Т, талийгаач, би, Х.З бид 4 хамт явсан. Х.З авч ирсэн пивоо ганцаараа уугаад унтуулаагүй. Бид нарт агсам согтуу тавиад хоносон. Өглөө гэрт ирэхэд Ц.Х сум яваад ирье гээд байсан. Манай машинаар би С, М, Х.З, Ц.Х бид нар явж талийгаач, Д.Т 2 гэрт үлдсэн. Сум явж байх замд Х.З намайг элдвээр доромжлоод араас зодож нүдээд, янхан, гичийгээр дуудаад байсан. Би Х.З, М хоёрыг зам дээр буулгаж орхиод сумын төв ороод эргэсэн. Зөрөөд М, Х.З хоёр сумын төв орсон байсан. Бид хэд шууд гэрт нь ирж хоол, цай уугаад байж байтал Х.З ирж ав гээд дуудаад бүгд буцаж яваад Х.З, М хоёрыг банкны гаднаас олж аваад буцаж гэрт ирсэн. Би ядраад унтаж байх хооронд гаднаас нэг хүн ирчихсэн архи ууцгаагаад байсан. Тэгж байтал Х.З намайг дээрэлхээд би яваад эргээд ирэхэд Х.З-ын нүүрнээс цус гоожчихсон, гэр нь цус болсон байсан. Ц.Х Д.Т-г том модоор цохиод ухаан алдуулаад унагачихсан. Д.Т-г босгож машиндаа оруулж суулгаад талийгаачийг авч явах гэсэн чинь босож чадахгүй С, М нартай элбэж өргөөд машинд суулгасан. Ц.Х а... муу п...нуудыг гээд араас гүйхээр нь би санд мэнд давхиад явсан. Тухайн үед Д.Т-гийн хамар, ам, толгойноос нь цус гараад байхаар нь нойлын цаас өгч арчуулаад сум явж үзүүлэхгүй бол болохгүй нь гээд сум орсон. Д.Т гайгүй гээд үзүүлээгүй. Талийгаач хавирга юу болчхож вэ гээд байсан. Тэгээд Ж-нд очиж хоносон. Маргааш өглөө нь замдаа хоол хийсэн. Тэр үед талийгаач бие засах гэсэн чадахгүй байна гээд Д.Т-г түшээд явсан. Тэр үед талийгаач шээж чадахгүй байна, нуруу руу нэг юм дагаад урсаад байна гэж хэлсэн гэж надад хэлсэн. Би маргааш өглөө нь ажилдаа явсан. Надаас нуугаад байсан байна лээ. Тухайн үед миний охин аавынхаа зургийг дарсан байсан. Баримт болгоод хадгалах гэсэн аав нь битгий гээд байсан болохоор эмнэлэгт ч үзүүлээгүй. Сэтгэл санааны хохиролтой гомдолтой байна. Эрүүл саруул хүн авч очоод тийм л хүн авч буцсан. Тийм л гомдол байна. Ц.Х надтай ирж уулзаагүй гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Т шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 05 дугаар сарын 05-ны өдөр Ц.Х-ынд очсон. Тухайн үед Х.З гэх хүн будаатай хуурга хийсэн байсан. Хараа нэртэй 0,75 граммын архи уусан. С бас нэг шил архи гаргаж ирсэн. Сум явах болоод сум явсан. Би талийгаачтай хамт үлдсэн. Хурга, ишиг усалж байгаарай гэж хэлсэн байсан. Талийгаач бид 2 хурга, ишиг усалсан. Тэгээд байж байхад энэ хэд ирсэн. Архи авчирсан байснаа ууцгаасан. Х.З эгч нуугаад 1 пиво авсан байсан. Хагалсан цонхтой амбаарныхаа араар архи, пиво хийсэн байсан. Ууцгаагаад маргааш өдөр нь Ц.Х-ын найз ирсэн. Ц.Х найздаа 0,75 граммын архи гаргаж өгч ууж дуусацгаагаад Ц.Х надад чи миний мотоциклиор найзтай нь хамт ирсэн дүүтэй нь сум яваад архи аваад ир гээд надад 20,000 төгрөг өгсөн. Тухайн үед Ц.Х дүүгийн хоншоорыг харъя 20,000 төгрөг дээр мөнгө нэмээд архи авчраарай гэж хэлсэн. Би мөнгө нэмээд 1 шил Экс архи, 2 тамхи, өөрийнх нь захисан мөнгөөр 1 шил 0,75 граммын архи  авчирч өгсөн. Авчирсан архиа ууж дуусаад найзууд нь явах болоод явсан. Нөгөө хүмүүс явсны дараа Г эгч салхинд гараад ирье гээд явсан. Тухайн үед С эхнэртэйгээ амбаарт ороод унтаж байсан. Талийгаач, Х.З, Ц.Х бид 4 гэрт байсан. Миний авчирч өгсөн Экс архийг шкафандаа хийсэн. Дараагийн 1 шил архиа уугаад дундуураас доогуур болж байсан. Талийгаач гэрийн баруун талд газар зүүн тийшээ хараад хэвтсэн байсан. Хүрэлчулуун, Х.З 2 гэнэт маргалдаад байсан. Энэ дэнжийн мянгын янхан миний гэрийн янданг байнга өнгөлж байх ёстой гээд хоорондоо зодолдоод эхэлсэн. Ц.Х архиныхаа шилийг баруун гартаа барьсан байсан. Дээгүүрээ шалдан, хар хром гуталтай, бэлтгэлийн өмдтэй байсан. Ц.Х, Х.З 2 зодолдоод байсан болиоч гээд би дийлээгүй. Ц.Х чи муу хоолны сав, нахиур бос гээд талийгаачийг өшиглөсөн, эвхрээд хэвтэж байхад нь баруун тал руу нь өшиглөөд байсан. Тэгсэн энэ муусайныг чи муу авчирсан гээд хоорондоо хэрэлдэж байгаад Ц.Х, Х.З-ыг архины шилээр цохисон. Тэгсэн Х.З цус нөжтэйгөө холилдоод гараад гүйсэн. Гараад харсан чинь Х.З сайр уруудаад гүйж байсан. Тэгэхээр нь би эгчээ хайчих гэж байгаа юм бэ? гэж байтал Ц.Х миний араас ааруул тавьдаг том модоор толгой руу 2, 3 удаа цохисон, би ухаан алдсан. Манай эгч М-тай хамт намайг түшиж машинд оруулсан. Ахыг авах гээд эгч М хоёр гэр рүү орсон. Дараа нь Ц.Х над дээр машинд орж ирээд босоод ир гээд нүүр рүү цохиод цамц урсан. Эгч талийгаачийг аваад гараад ирсэн. Тэгээд яваад Номгон сум дээр Ж эгчийнд очсон. Эмчид үзүүл гэхээр нь яах юм гээд үзүүлээгүй. Маргааш нь замдаа хоол хийж идэх үед талийгаач ахыгаа бие засуулаадах бие засмаар юм шиг нуруу руу хүйтэн оргиод эвгүй байна гэж хэлсэн. Талийгаач намайг бие засуулаад өгөөч гээд хамт явсан чинь талийгаач өтгөн шингэн юу ч гарахгүй байна гэж хэлсэн. Бас манай ээж, ах нарт зодооны талаар битгий хэлээрэй би нүх рүү унасан гээд хэлчихье, тэгэхгүй бол уурлацгаах байх хэлэхгүй нуучихъя гэж хэлсэн. Тэгсэн ах бие засаж чадаагүй. Бид нар аймагт 2020 оны 05 дугаар сарын 07-ны шөнө 23 цагийн үед ирсэн. Талийгаачийг Х.З, Ц.Х хоёр ээлжлээд өшиглөөд байсан. Би хориод дийлээгүй. Би толгойдоо гэмтэл авсан. Хамар самсаа амаараа амьсгалдаг болсон. Самсаа наалдсан. Толгойгоо үзүүлмээр байна. Маш их гомдолтой байна гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 05 дугаар сарын 06-нд Өмнөговь аймгаас Номгон сум руу талийгаачийн эзэмшлийн 41-47 УБА улсын дугаартай “Кролла” загварын машинаар талийгаачийн хамаатан болох Х-ынх руу талийгаач, би, эгчийнх нь дүү Т, бас ямаа самнана гээд С, М нартай хамт тавуулаа явсан. 13 цаг өнгөрч байхад Х-ынд очсон. Гэрт ороход эхнэр З нь ганцаараа байж байсан. Х-гийнд хоол цай идэж дуусаад байж байсан чинь Х гаднаас орж ирсэн. Хд аймгаас авч ирсэн архи болон боорцог талхаа өгсөн. Х архиа задалж С, талийгаач нартай хувааж ууж дуусгаад Номгон сум руу Х бензин тос авна гээд С, М, Т, З нартай хамт явж, би талийгаачтай хамт Х-гийн гэрт нь үлдсэн. Шөнө 22 цагийн үед сум явсан хүмүүс ирээд С, Х 2 архи уугаад харин талийгаач нэг хоёр татаад Т, З бид нартай хамт Х-ын Фургон машинтай хөдөө айлаас зайдуу гарч хоночихоод өглөө ирсэн. Тэгсэн чинь Х, С 2 сум явъя ажил байна гэхээр нь би жижиг тэрэгтэйгээ Х, С, М, З нарыг аваад сум руу хамт явсан. Харин Т талийгаачтай хамт Х-гийн гэрт үлдсэн. Номгон сум ороод Х, С 2 дэлгүүр ороод юм авчихаад бид нар эргэж гэртээ ирсэн. Би сумаас ирээд ядарсан болохоор Фургон машинд ороод унтаж байсан. Үдээс хойш намайг сэрэхэд талийгаач Фургоны сүүдэрт унтаж байсан. Харин Х-гийн гэрт машинтай 3 хүн ирчихсэн Х нэг залуутай нь архи уугаад сууж байсан. Т байхгүй болохоор нь би З-гоос Т-г асуусан чинь Х-гийн мотоцикльтой сум явсан гэж байсан. Т удалгүй машинтай ирсэн. 3 хүн аймаг явна гэж байсныг сонсоод М хамт аймаг явна гэж байсан чинь С унтаж байгаад босч ирээд явуулахгүй гээд аймаг явуулаагүй. Дараа нь З тэр 3 хүнтэй хамт аймаг явна гээд хувцсаа бэлдсэн байсан чинь Х би авснаараа буцааж хүргэж өгнө гээд явуулаагүй. Би тэр 3 залууг аймаг яваад удаагүй байхад нь ажлынхаа хүнтэй уулзах гээд ганцаараа машинтайгаа явсан. Яваад ирсэн чинь Х эхнэртэйгээ зодолдсон юм шиг эхнэрийнх нь нүүр цус болчихсон аймар юм байсан. Т-гийн толгойноос цус гарч байхаар нь би яасан юм гэж асуусан чинь Х хавтгай модоор Т-гийн толгой руу 2 удаа цохиж ухаан алдаж унагасан гэж байсан. Би Т-г Номгон сум орж эмнэлэгт үзүүлье гэсэн чинь зүгээр гайгүй гээд байсан. Би юу болов гэж асуусан чинь С надад эд нар хоорондоо зодолдоод байна гэж хэлсэн. Би тэд нарыг явъя гээд Т, С, М, талийгаач нарыг машиндаа суулгаад Х-гийн гэрээс яваад замдаа бид нар хоол хийж идсэн чинь талийгаач хоол орохгүй байна, хавирга гэмтсэн юм шиг байна гэж байсан. Т-г талийгаач "ахыгаа түшээд бие засуулаадах” гэж хэлсэн. Бид нар аймаг руу явсан. Аймагт ирсний дараа талийгаач гэртээ гэрээс гарахгүй хэвтээд байсан. Орой болохоор нойр хүрэхгүй юм, өвчнөө даръя гээд 2 хундага архи уугаад унтдаг байсан. Би эмнэлэгт үзүүлье гэхэд ганц хавирганы төлөө яахын гээд дургүйцээд байсан. 2020 оны  05 дугаар сарын 15-ны шөнө 03 цагт бие нь өвдөөд түргэн дуудсан чинь нойр булчирхай гээд ношпа уулгасан. Өвчин нь намдахгүй болохоор түргэн дахиад дуудсан чинь анальгин, димодрол 2 тарилаа гэж хэлсэн. Өглөө 05 цагийн үед эмнэлэг дээр талийгаачийг аваад очиход баахан тариа хийсэн. Талийгаачийг дотрын тасагт хэвтүүлээд зураг, эхо, рентгенд үзүүлсэн. Тэгсэн чинь нэг хавирга хугарсан байна, гаднын нөлөө байна уу гэсэн чинь талийгаач эмчид би нүх рүү унасан гэж хэлсэн. Дараа нь мэс заслын тасагт шилжүүлсэн. Даралт нь буугаад байна гээд сэхээний тасагт шилжүүлээд яаралтай хагалгаанд орсон. Хагалгаанаас гараад сэхээнд хэвтэж байгаад нас барсан. Хагалгаанд орсон эмч нь нойр булчирхай, чацархайн судасны бөглөрөл гэсэн онош хэлээд найдваргүй бүх дотор эрхтнээ идсэн байна, цэвэрлэгээ хийх арга алга гэж хэлсэн... Талийгаач Т тэр айлд очихдоо эрүүл очоод гэмтэж ирээд нас барсан болохоор их гомдолтой байна. Талийгаачийн үхэлд Х, З нарыг буруутай гэж бодож байгаа тул гомдолтой байна. Би өмгөөлөгчтэйгөө ярилцаж байгаад нэхэмжлэлтэй холбоотой баримтуудыг прокурорын шатанд нь гаргаж өгнө.” /1 дүгээр хавтаст хэргийн 21-22, 26-27 дугаар хуудас/

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Номгон сумын Эмгэнбулаг багийн нутагт байх Х-ын гэрт байхад тэнд байсан хүмүүс бүгд архи уусан байсан. Гэрийн эзэн Х нь архи уучихсан согтуу байх үедээ эхнэр З-д агсам тавиад талийгаач Т-т бас агсам тавиад эхнэр З-ын толгой руу архины шилээр цохисон. Тэгэхээр нь би салгаад боль гэсэн чинь Х чи муу миний эхнэртэй унтсан уу гэж хэлсэн. Тэгэхээр нь Х-ыг болиоч гээд түлхсэн. Тэгж байхад З гэрээс гараад зугтаачихсан. Х араас нь гараад явсан. Би араас нь гарсан чинь З гэрээсээ зүүн тийш явган зугтааж байсан чинь араас нь Х очоод эхнэртэйгээ зууралдсан. Би очоод тэр хоёрыг салгасан. Би эргээд гэр рүү нь алхаж явтал араас Х миний толгой руу модоор цохиод би ухаан алдсан. Би сэргэсэн чинь машин дотор хэвтэж байсан. Х дээгүүр өмссөн хувцсаа тайлчихсан ирээд намайг чи муу баашлаад байгаарай гээд миний цамцны энгэрээс заамдаж аваад нүүр шанаа руу гараараа хэд хэд цохисон. Тэгсэн чинь Г эгч ирээд салгаад Х-ыг цааш нь болгосон. Бүгд машинд суугаад явцгаасан. Гэрээс нь жаахан зайтай явж байтал машин нь унтарсан. Тэгэхэд Х гартаа юм барьчихсан ална гэж ирж байна гээд Г эгч тэгж байсан. Машин асаад бид нар хөдөлж яваад нуурын хажууд очсон. Тэнд хөдөө цай, хоол хийж идчихээд шууд шөнөдөө аймаг руу ирсэн... Миний толгойны баруун талд банзаар цохисон гэж Г эгч хэлсэн. Би юугаар цохихыг нь хараагүй, миний толгойн баруун талд 3 хэсэг газарт хагарсан байсан... Талийгаач Т гэрийн баруун тал хэвтэж байхад Х энэ муу п... хоол горьдож ирсэн гээд талийгаачийн цээж рүү нь өшиглөсөн. Тэгэхээр нь би болиоч гэсэн чинь Х болихгүй эргээд эхнэр рүүгээ уурлаж эхнэрээ зодоод байсан. Би бас тэр хоёрыг болиоч гэж хэлээд салгасан чинь эхнэр нь Төмрөө муу п... чамаас болж байгаа юм гэж хэлээд талийгаачийг сууж байхад З нь талийгаачийн цээжний баруун тал руу өшиглөсөн чинь талийгаач ёоё гээд эвхрээд унасан. Тэр хоёр хоорондоо зодолдоод байхаар нь би салгасан чинь хэрэлдэж байгаад З нь дахиад талийгаачийн цээж рүү өшиглөсөн. Тэгэхэд талийгаач Т яасан юм бэ гээд байсан, өөр зүйл хэлээгүй... Би гомдолтой байна, хамраа эмчлүүлмээр байна, миний толгойд битүү гэмтэл доргилт байна гэж эмч хэлсэн. Тийм болохоор толгойдоо эмчилгээ хийлгэнэ, эмнэлэгт хэвтэх гэж үзсэн чинь ор дүүрчихсэн байна гээд байсан.” /1 дүгээр хавтаст хэргийн 30-32 дугаар хуудас/

Гэрч Д.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 05 дугаар сарын 06-ны өглөө 07 цагийн үед талийгаач манайд ирээд хамт Номгон сум руу Х-гийнд очъё, тэнд хэдэн шүдлэн самначихаад ирье гэж хэлсэн. Би гараад талийгаачтай хамт машинд нь суухад талийгаачийн эхнэр Г, бас нэг эрэгтэй, эхнэр нь гээд нэг эмэгтэй байсан. Бид 5 дэлгүүр ороод тамхи, 0.75 граммтай “Хараа” нэртэй 2 шил архи аваад Х-гийнд авч очиж өгнө гэж хэлсэн. Өдөр бид нар хөдөө Х-гийнд ирсэн чинь эхнэр нь З гэж эмэгтэй гэртээ ганцаараа байсан. Х удахгүй ирнэ гэж хэлсэн. Бид нар хоол идээд сууж байсан чинь Х гаднаас орж ирээд мэндлээд тэгээд Х нь ганзаганы юм авч ирсэн үү гэсэн чинь талийгаач гарч машинаас архиа авч ирж Х-д өгөөд тэгээд талийгаач, Х, бас бид нартай хамт явсан залуу, түүний эхнэр нь, Х-гийн эхнэр З нар авч ирсэн архийг уусан. 2 шил архиа ууж дуусгачихаад Х нь сум руу явж архи авч ууна гээд бид нартай хамт ирсэн залуу, түүний эхнэр С, Х-гийн эхнэр З бас би хамт сум руу Х-гийн Фургон машинаар явсан. 17 цагийн үед Номгон суман дээр ирж дэлгүүрээс “Хараа” нэртэй архи 0.5 литрийн архи 3 шилийг, 1 ширхэг Сэнгүүр нэртэй 2.5 литрийн пиво аваад эргэж Номгон сумын хойно байх Хийморийн овоон дээр очоод 1 шил архийг нь Х бид нартай хамт явсан залуутай хоёулаа ууж дуусгасан. Харанхуй болж байхад бид нар Х-гийн гэрт ирээд талийгаачийн эхнэрээс бусад нь бүгд архи пиво уусан. Архиа ууж дуусгаад би, Г эгч, талийгаач бид 3 Х-гийн Фургонд хоносон. Маргааш өглөө нь намайг сэрэхэд Х-гийнд 3 хүн ирчихсэн ямаа самнаад явж байна гээд нэг шил архи задалчихсан Х, Х-гийн эхнэр З, бид нартай хамт явсан залуу, ирсэн 3 залуугаас 1 нь архи хамт уусан. Архиа дуусгаад намайг Х сум яваад нэг шил архи, 1 пиво аваад ир гэж хэлсэн. Намайг гарах гэхэд Х араас дуудаад чи өөрөө сэтгэл гаргаад дүү шиг байж байгаад ганц юм аваад ирээрэй гэж хэлсэн. Би ирсэн 3 залуугийн нэг дүүтэй нь хамт Х-гийн мотоциклиор Номгон сум руу явсан. Тэнд дэлгүүр ороод нэг 2.5 литртэй пиво, 1 ширхэг 0.75 литрийн Хараа, би өөрөөсөө мөнгө гаргаад 0.75 литрийн Экс архи аваад Х-гийнд очсон. Х-гийнд ирээд талийгаачийн эхнэрээс бусад нь бүгд архи уусан. Бид нарыг архи ууж байхад талийгаачийн эхнэр салхинд гараад ирье гээд өөрийн машинтайгаа “ахыгаа харж байгаарай” гэж хэлчихээд явсан. Талийгаач орой 18 цагийн үед Х-гийн баруун орны доор газраар унтаж байхад нь Х эхнэртэйгээ маргалдаад дараа нь бүр зодолдсон. Тэгж байснаа Х нь талийгаачийг энэ муу нахиур Т манайд хоолны сав ирчихсэн, бос п... минь гээд Х эхнэртэйгээ нийлээд талийгаачийн цээж рүү нь дэвслээд байсан. Би хориод дийлээгүй. Х нь над руу дайраад чи муу манай авгайтай Фургон дотор унтсан уу гээд дайраад байсан. Би юу яриад байгаа юм бэ тийм зүйл юу гэж байхав дээ гэсэн чинь төмөртэй том бандангаар толгойны баруун тал руу 2 удаа цохисон. Би манараад ухаан алдчихсан. Сэрсэн чинь Г эгч ирчихсэн Хг хүн аллаа гэж хэлж байсан. Г эгч намайг машиндаа суулгаад толгойноос гарсан цусыг арчиж өгөөд ахыг чинь аваад ирье гээд гэр рүү ороод хамт явсан хүүхэн залуу хоёртой талийгаачийг оруулж ирж байсан. Бид нар хөдлөөд явсан чинь Х бид нарыг ална гээд гартаа юм барьчихсан гарч ирж байгаа харагдсан. Бид нар хөдлөөд аймаг явж байгаад замдаа зогсоод хоол хийж идсэн. ...Бид нар аймагт 2020 оны 05 дугаар сарын 07-ны шөнө 23 цагийн үед ирсэн. ...Х ямар ч байсан талийгаачийн цээжинд 3-4 удаа өшиглөсөн, харин З талийгаачийн цээж рүү нь 2 удаа өшиглөсөн. Талийгаачийг унтаж байхад нь тэр 2 өшиглөсөн юм, талийгаач архи жаахан уугаад унтчихсан байсан, би Х, З хоёрыг хориод дийлээгүй.” /1 дүгээр хавтаст хэргийн 33-34, 35-37 дугаар хуудас/

Гэрч Т.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 05 дугаар сарын 06-ны өглөө 08 цагийн үед Т, талийгаач, Г эгч, С бид 5 Номгон сум руу Х-гийнд очихоор явсан. Бид нар өдөр 14 цагийн үед Х-гийнд очсон чинь З гэж хүүхэн ганцаараа байж байсан. Бид нар хоол идээд байж байсан чинь гэрийн эзэн Х ирсэн. Бид нар аймгаас гарахдаа авсан байсан архиа гаргаж Х-д өгсөн чинь Х задлаад С, талийгаач 3 хувааж уусан. Архиа ууж дуусгаад Х-гийн Фургон машинтай 17 цагийн үед Г эгч, талийгаач хоёрыг хөдөө үлдээгээд бусад хүмүүс нь бүгд Номгон сум руу бензин бас архи авах гэж явсан. Бид нар Номгон суманд очоод бензинээ аваад дараа нь дэлгүүрээс 2 шил архи, Сэнгүүр нэртэй 2.5 литрийн пиво Х худалдаж авсан. Номгоны овоон дээр гараад тал шил архиа уусан. Харуй бүрий тасарч байхад хөдөө гэртээ бид нар ирсэн. Шөнө болоход З, Т, талийгаач, Г эгч 4 Фургонд унтсан. Харин би С, Х хоёртой гэрт нь хоносон. Маргааш өглөө нь З, Т, талийгаач, Г эгч 4 гэрт орж ирээд өчигдөр авсан байсан пивоо З, Т, С, Х тэд нар уугаад байсан. Дараа нь Х, Г эгчийн жижиг тэрэгтэй Номгон сум ороод ирье гээд гуйж байгаад 07 цагийн үед С, би, Х, Г эгч, З бид нар Номгон сум руу архи авахаар явсан. Дэлгүүр ороод хэдэн шил архи авсныг нь би мэдэхгүй. Бид нар гэртээ ирээд З, Т 2 мал усална гээд гараад явсан. Гэрийн хажуу талд пин байхаар орж унтах гэж байхад нэг машин Х-гийнд ирж байсан. Унтаж байгаад сэрсэн чинь С хажууд унтаж байсан. Харин хажуу гэрт тэд нар шуугилдаж байсан. Гэрт ороод очсон чинь Х нэлээн согтуу З хажууд нь хашхичаад байж байсан. Намайг унтах гэж байхад машинтай ирсэн хүмүүсээс нэг нь Т-тэй хамт мотоциклиор сум явсан байсан. Би Х-гийнд ирсэн хүмүүсийг аймаг явах гэж байгааг мэдээд хамт аймаг явахаар болсон чинь С сэрээд намайг явуулахгүй гээд хориод явуулаагүй. Тэгсэн чинь Г эгч уурлаад архи уугаад байна гээд аймаг явлаа гээд машинаа унаад яваад өгөхөөр нь би араас нь тортой хувцсаа аваад гүйж байсан чинь араас С хөл нүцгэн хүрч ирээд зам дээр бид 2 цаг шахуу ярилцаж суусан. Бид 2 буцаж Х-гийн гэрт 19 цагийн үед очсон чинь гэрийн хулдаас нь цус болчихсон З-гийн нүүр бас цус болчихсон байсан. Би юу болсон юм гэж Т-гээс асуусан чинь Т Х З-гийн толгой руу архины шилээр цохисон гэж хэлж байсан. Харин талийгаач гэрийн баруун талд хэвтэж байсан. Т талийгаачийн цаана баруун орны дор сууж байсан. З нь гэрээс гараад гүйсэн чинь Т араас нь гараад З-гийн араас алхаж байсан чинь Х ааруул тавьдаг дөрвөлжин модоор Т-гийн толгойны баруун тал руу 2 удаа цохиж байгаа харагдсан. Т хоёр дахь цохилтон дээр нь унаад өгсөн. Би айгаад хашхирсан чинь С гарч ирсэн. Удалгүй Г эгч ирээд хүн алах нь гээд аймаг явъя гээд Фургоноос ачаагаа Г эгчийн машинд ачаад С бид хоёр машинд нь суусан. Бас Т хамт машинд суусан. Талийгаачийг Г эгч ид хоёр өргөж машинд оруулаад аймаг явсан. Аймаг явах замд бид нар хоол хийж идсэн. Харин талийгаач хоол идэхгүй байсан... Талийгаач аймаг явах замдаа хавирга жоохон өвчтэй болсон байна яасан юм бол З намайг зодсон юм болов уу гэж байсан. Өөр өвдлөө гэж хэлж байгаагүй... Т-гийн толгойг нь харсан чинь 3 газар хавдчихсан байсан. Би талийгаачийн хажууд байсан бол зодуулахгүй хамгаалах байсан юм. Энэ дээр харамсаж байна.” /1 дүгээр хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас/

Гэрч О.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Талийгаач Т, түүний эхнэр Г, Т, М бид нар 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Номгон сумын Эмгэнбулаг багт байдаг Х-ын гэрт нь очсон. Тухайн үед М бид 2 Х-ын ямааг самнах гэж байсан. Харин Т Г, Т нар алтан дээр очно гэж өглөө 10 цаг өнгөрөөж яваад Х-ынд 14 цагийн үед очсон байх, бид нар замдаа 1 шил архи задалж талийгаач, Т бид 3 хувааж уусан байсан. Х-ын гэрт очоод 1 шил архи задалж хувааж уусан. Бид нар тэдний гэрт ойрхон байсан алт гарч байсан газарт оччихоод үзэж байгаад буцаж Х-ын гэрт очоод дахин 1 шил архи задалж уусан. З, М бид 3 гэрт нь үлдсэн. Х, талийгаач, Т нар алт ухна гээд явсан. Тэд нар шөнө 22 цагийн үед эргэж ирсэн. Тэд нар хоол идчихээд байж байгаад Г, талийгаач, Т, З нар буцаад алт ухна гээд явчихсан. Х, М бид 3 гэрт нь хоносон. Нөгөө хэд маргааш өглөө нь эрт ирцгээсэн. З нь нэг том савлагаатай пиво гаргаж хувааж уусан. Х, З-ыг архи уулаа, шөнөжин алга боллоо гэж уурлаад хэрэлдээд байсан. Тэгж байгаад бид нар Номгон сум руу архи авахаар явсан. Гэрт нь талийгаач, Т-тэй хамт үлдсэн. Бид нар Г-гийн машинтай явж байсан чинь Г, З-ыг өмнө нь манайд ирээд согтуу агсам тавьж байсан, хэл амаар доромжилсон гэж уурласан. З нь өмнөөс нь хэрэлдээд байсан. Тэгсэн чинь чи эмэгтэй хүн байж архи уулаа арчаагүй гэж ярьсан. З нь чи эмэгтэй хүн байж хүүхэд гаргадаггүй гэж доромжлоод байсан. Тэгсэн чинь Х машиныг зогсоогоод З-ыг буу гэж буулгаад М тэр хоёрыг хамт эндээ байж бай бид нар буцаад ирнэ гэж хэлээд сум руу явсан. Тэр газар нь суманд ойрхон ил харагдаж байсан. Бид нар суман дээр очиж дэлгүүрээс 2 шил архи авсан. Х-тай нэг хүн утсаар яриад гэрт нь ирчихсэн байна гэж байсан. Бид нар буцаад Х-ын гэр рүү явсан. Замдаа 1 шил архийг нь задалж талыг нь Х бид 2 хувааж уусан. Гэрт нь ирсний дараа М Х-ын гэрийн утас руу яриад З бид 2 суман дээр байна ирээд аваадах гэхээр нь Х бид хоёр Х-ын Фургон машиныг Х өөрөө жолоодоод сум руу очиж З, М нарыг аваад буцаад ирсэн чинь Х-тай утсаар ярьсан хүн нь гурвуулаа ирчихсэн байсан. Тэд нар тухайн үед айлд мал ноосолчихоод аймаг руу явж байна гэж ярьсан. Х тэд нарт 1 шил архи задалж хувааж ууцгаасан. Тэр архинаас нь би 3 уучихаад гадаа байсан чирдэг сууцанд нь ороод М бид 2 унтсан. Нэг сэргэхэд үдээс хойш болчихсон байх шиг байсан. Боссон чинь М тэр ирсэн хүмүүстэй хамтдаа явна гэхээр нь би хамтдаа Х-ын 30 шүдлэнг самначихаад явъя гэж хорьсон. Тэгж байхад тэр ирсэн байсан машинтай хүмүүс хөдлөөд явчихсан. М тэр машины араас замаас машинд сууж аймаг явна гээд алхаад явчихсан. Би араас нь алхаж очсон. М тухайн үед нэлээд хол алхчихсан байсан. Би очиж М-ыг аргадаж байгаад хамтдаа буцаж явахаар болоод буцаад Х-ын гэрт ирсэн. Т Фургон дотор сууж байсан. Талийгаач Т, Х-ын гэр дотор баруун орных нь өмнө шалан дээр унтаж байсан. Х гэрийнхээ хойморт сууж байсан. З гэртээ Х-тай хэрэлдээд байж байсан. Г эгч баруун орон дээр нь сууж байсан. Х намайг гаръя гэхээр нь хамт гарсан чинь Х чирдэг сууцанд ороод нэг шил архи гаргаад задалсан. Тэрийг нь уух гэтэл Г эгч ирээд арчаагүй хар архичид архи уугаад гэж уурлаж загнаад задалсан байсан архийг нь аваад чулуун дээр цохиод хагалаад гараад явчихсан. Х бид хоёр гарах гэсэн чинь гаднаас хаалга цүүлээд түгжчихсэн байсан. Хаалгаа нээгээч гэсэн чинь З гадаа байгаад байсан. Хаалгаа нээгээч гэсэн чинь хаалга нээхгүй байсан. Тэгснээ том чулуу шидээд сууцных нь цонхыг хагалчихсан. Х гараад очсон чинь З зүүн тийшээ гүйгээд зугтаачихсан. Х араас нь гартаа нэг мод бариад явж байсан. Тэгэхэд өмнө нь Т, З-ын араас алхаж явсан чинь Х хажууд нь очоод Т-гийн толгой руу модоор цохичихсон. Т арагшаа саваад унасан. Г эгч бид нар очоод Т-г босгосон. Т-гийн толгойн баруун талд яз цохигдоод цус гарчихсан байсан. Г эгч явцгаая хүн амины хэрэг гарах юм байна гээд явахаар болоод машиндаа юмаа ачсан. Тэгж байхад Х их согтоод гэр дотроо үглэж хашхичаад байсан. Бид нар машиндаа сууцгаагаад шууд Номгон сум руу яваад нэг айлд очсон. Тэр айлдаа хоночихоод маргааш өглөө нь бид нар 08 цаг өнгөрөөж гарч яваад тал дээр сууж хоол хийж идчихээд нэг шил архи байснаа Т, талийгаач бид 3 хувааж уусан. Алт ухаж байсан газраар орсон чинь аймгаас цагдаа нар ирж байгаа гээд хүмүүс нь тараад явж байхаар нь бид нар шууд аймаг руу явсан. Аймагт ирээд би гэртээ хүргүүлээд үлдсэн. Түүнээс хойш 2 хоногийн дараа би Цогтцэций суманд ажил гарахаар нь талийгаачтай хамт явах санаатай очиж уулзсан чинь талийгаач Т ах гэртээ нэлээн согтуу, хойноос дүү ирсэн гээд сууж байсан. Тэгээд би явсан. Түүний дараа 5-аас 6 хоногийн дараа би талийгаачаар цахилгаан мотор засуулах гэж гэрт нь очиж уулзаж мотороо үзүүлсэн. Талийгаач хавирга өвчтэй байгаа гэж ярьж байсан. Түүнээс хойш тааралдаагүй... Х нь З-ыг архи уучихлаа гээд уурлаж загнаад байсан. З өмнөөс нь хэрэлдээд байсан. Намайг М-ыг замаас дагуулаад эргэж ирэхэд З-ын хамраас цус гарчихсан байсан. Тэрийг Х архины шилээр цохисон гэж байсан.” /1 дүгээр хавтаст хэргийн 44-45 дугаар хуудас/

Гэрч Х.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би талийгаач Т-ын төрсөн эгчийн нөхөр байгаа юм. Би Сэлэнгэ аймгаас амралтаараа Даланзадгад суманд 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр ирсэн. Түүний дараахан талийгаач Т болон манай хүү Т, Г нар хамтдаа Номгон сум руу айлын ямаа самнана гээд явлаа гэж байсан. Талийгаач эхнэр Г хүүхэдтэйгээ байсан. Уулзаж байхдаа талийгаач Т миний баруун талд хавирга хугарчихсан юм шиг байна үзээд өгөөч гэхээр нь  би гадна талаас нь нурууны баруун ар талыг нь тэмтэрч илж үзэхэд юм мэдэгдээгүй. Би талийгаачаас та нар юу болсон бэ Т-гийн толгойн баруун талд 2 газарт нь хагарчихсан байна, энэ юу болсон бэ гэж асуусан чинь талийгаач Т хэлэхдээ бид нар Номгонд хөдөө Х-ынд очиж архи уусан. Танай хамаатан болох Туяагийн том охин З намайг согтуу унтаж байхад миний толгой, нуруу руу дэвсэж өшиглөж зодсон байна, би тэрийг нь мэдээгүй, нэг мэдэхэд намайг эд нар машинд өргөж хийгээд сум руу явсан, тэгэхэд Т-гийн толгойноос цус гарсан байсан. Номгон суман дээр байдаг манай хамаатан С-гийн Ж-ын гэдэг айлд очиж Т-гийн толгойны цусыг арчиж цэвэрлэсэн. Миний баруун талд эвгүй оргиод миний нурууны ар руу юм урсаад байх шиг санагдсан. Аймаг руу явж байхдаа хөдөө хоол хийж идсэн. Тэр үед би бие засахдаа Т-г дагуулж явсан, тэгэхэд миний шээс, өтгөн гараагүй. Би Т-гээр бөгсөө арчуулсан. Түүнээс хойш бие өвдөөд байхаар нь орой болгон 100 грамм архи ууж байна, бас архины шил үлээж байгаа, энэ нь хавирга хугарахад сайн гэсэн гэж ярьж байсан. Т-г дөнгөж хөдөөнөөс ирэнгүүт нь уулзсан. Т-гийн толгойн баруун хажуу талд нь 2 газарт язарч цус гарсан бололтой хувцасны зах нь цус болчихсон байсан. Тэгэхээр нь яасан юу болсон бэ гэж асуухад Х гэдэг хүн миний толгой руу модоор цохисон гэж хэлсэн. Юунаас болсныг нь асуусан чинь З гэдэг эхнэр нь  надтай хамаатан гэх юм ярьсан чинь нөхөр нь хардаад зодсон гэж хэлсэн. Т хамар битүүрч байна гэж хэлж байсан. Х гэдэг хүн манай хамаатны хүн байгаа юм. Манайд ирэхээрээ дандаа архи ууж агсам тавьдаг, намайг ална гэж дарамталдаг гэх утгатай зүйл ярьж байсан, өөр зүйл яриагүй. /1 дүгээр хавтаст хэргийн 48-49 дүгээр хуудас/

Гэрч Ц.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Г гэх хүнийг танина. Талийгаач Д.Т-ын эхнэр болох хүн байгаа юм. Талийгаач Д.Т бид хоёр төрсөн ах, дүү хоёрын хүүхдүүд байгаа юм. Бусад хүмүүсийг нь сайн танихгүй. Яг хэзээ гэдгийг нь сайн санахгүй байна. Намайг эзгүй аймагт явж байхад манай гэрт ирж хоносон гэж манай эхнэр Ж надад хэлж байсан. Тухайн үед талийгаач Д.Т манай эхнэрт бие өвдөөд байна гэж хэлж байсан гэж хэлсэн. Яг ямар байдалтай байсныг нь би мэдэхгүй байна. /1 дүгээр хавтаст хэргийн 55-56 дугаар хуудас/

Гэрч Ш.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 05 дугаар сарын 15-ны орой дотрын тасгаас хагалгаанд орох заалтаар Д.Т гэж хүн манай тасагт шилжиж ирсэн. Биеийн байдал маш хүнд байсан учир эмийн эмчилгээ хийж хагалгаанд бэлтгэн тухайн өдрийн 23 цаг өнгөрөөж хагалгаанд орсон. Тасагт шилжиж ирэх үед биеийн байдал маш хүнд асуултад ганц нэг хариулж байсан учир дэлгэрэнгүй асуумж авах боломжгүй байсан. Асуумжид 15-ны үүрээр 05 цагийн үед хэвлийгээр гэнэт хүчтэй өвдсөн, түргэн дуудаад хүлээн авах тасагт ирээд дотрын тасагт өвчний түүх нээлгэж хэвтсэн. Байрлал албадмал, амин үзүүлэлтүүд тогтворгүй, цээжний рентген харалтаар баруун талын 9 дүгээр хавирга зөрүүгүй хугаралтай гэсэн дүгнэлттэй байсан. Үжилийн шокны байдалтай байсан, зовуурь хэвлийн дээд хэсгээр өвдөнө, амьсгаадна, хөлөрнө гэсэн зовуурьтай 8 хоног архи уусан гэсэн асуумжтай байсан. Эмийн эмчилгээг эрчимтэй хийж байгаад хагалгаанд оруулсан, хагалгааны явцад амин үзүүлэлтүүд харьцангуй тогтвортой байсан бөгөөд нарийн гэдэс бүхэлдээ үхжиж харласан байсан. Хагалгаа ойролцоогоор нэг цаг үргэлжилсэн. Хагалгааны дараа эрчимт эмчилгээний тасагт үргэлжлүүлэн эмчлэгдсэн. Ар гэрт нь биеийн байдал хагалгаа, цаашдын тавилангийн талаар тодорхой мэдээлэл өгсөн. Биеийн байдал муудсаар 2020 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 14 цаг 30 минутад өнгөрсөн. Ер нь өвчний хувьд эдгэршгүй тавилан муутай өвчин байсан. Үзлэгээр ил харагдах шарх, сорви гэмтэл мэдэгдээгүй. Эрчимт эмчилгээний тасагт ирэхдээ гэдэсний саажил, түгжрэл, үжил, үжилийн шок, нойр булчирхайн архаг үрэвсэл, сэдрэлтийн үе гэсэн оноштой шилжиж ирсэн. Өвчтөн өөрөө асуумжид олон хоногийн өмнө мотоциклиос унасан гэж хэлсэн байсан. Дан ганц мотоциклиос унаад чацархайн судас бөглөрөхгүй уг өвчин түргэн явцтай хүчтэй өвдөлт өгдөг учир тэр даруй эмнэлэгт ханддаг. 2020 оны 05 дугаар сарын 15-ны үед өглөө 05 цагийн үед чацархайн судас нь бөглөрсөн гэж үзэж байна. Задлан шинжилгээнд ороход гол судсан дээр байсан товруу шархалж, тасран чацархайн артер судсыг бөглөсөн байсан. Гаднын нөлөө байгаагүй. Энэ өвчтөний хувьд чацархайн судасны бөглөрөл, түүнээс үүдэлтэй нарийн гэдэсний тархмал үхжил, үжил, үжлийн шок байсан.” /1 дүгээр хавтаст хэргийн 42-43 дугаар хуудас/

Шүүгдэгч Х.З мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Номгон сумын Эмгэнбулаг багийн нутагт Х-ын гэрт Х, талийгаач Т, Г, Т, М, С бид нар архи ууцгаасан байсан. Үдээс хойш нь гэр дотор Т байсан бас талийгаач Т согтоод тасарчихсан гэрийн баруун талд хэвтэж байсан. Х бас нэлээн согтуу байсан. Би архи уучихсан, гэхдээ их согтоогүй байсан. Х намайг архичин, архи уулаа, битгий архи уугаад бай гэж уурлаад байхаар нь би өмнөөс үг хэлж хэрэлдэж байсан. Талийгаач Т өндийгөөд Х бид хоёр руу элдэв юм яриад үглээд согтуурхаад байсан. Би талийгаач Т-ыг та одоо дуугүй бай гэж хэлсэн чинь ээж чинь чамайг архи уудаг, гадуур тэнэдэг гэх мэтээр яриад намайг доромжлоод байсан. Яг тэр үед Т гадаа байж байгаад орж ирж байсан. Талийгаач Х руу бас эхнэрийгээ зоддог байсан гэж хэлсэн чинь Х дуугүй бай гэж хэлээд талийгаач руу уурлаад байсан. Х бид хоёр хоорондоо муудалцаад хэрэлдэж байсан. Талийгаачийг үглээд байхаар нь Х дуугүй бай гээд талийгаачийн цээж рүү нь өшиглөсөн. Т талийгаачийг та дуугүй бай, боль боль гэж хэлж байсан. Талийгаач чимээгүй болохгүй намайг бас доромжлоод байхаар нь би Т-ыг та болиоч гээд уурандаа очоод хөл рүү нь нэг удаа өшиглөсөн. Би гэрийн зүүн талд сууж байхад гаднаас М орж ирсэн, түүнээс хойш зодоон болоогүй би гэрээс гарч явсан. Талийгаач Т-ын хавирганы хугарлын талаар мэдэхгүй байна. Т гэрт байж байгаад боль гээд Х бид хоёрыг болиулсан. Талийгаач чимээгүй болохгүй дахиад л үглээд намайг элдвээр хэлж доромжлоод байхаар нь би гэдэс хавьд нь байх нэг удаа өшиглөсөн, өөрөөр зодож цохиогүй. Талийгаачийн хавиргыг Х л өшиглөж гэмтээсэн байх гэж бодож байна. Миний биед гэмтэл учирсан зүйл байхгүй, Х миний нүүр рүү цохисноос болж хамраас цус гарсан байсан, өөрөөр гэмтэл учраагүй.” /1 дүгээр хавтаст хэргийн 147-148 дугаар хуудас/

Шүүгдэгч Ц.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би өмнө гэрчээр мэдүүлэг өгөхдөө бүх зүйлийг ярьж хэлсэн учир дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй гэж үзэж байна. Би Т-гийн толгой дундуур нь шилбүүрээр 1 удаа шавхарсан нь үнэн. Тэр шилбүүр нь нарийхан сухай модтой, үзүүртээ даавуугаар томсон 40 см орчим урт уяатай байсан. Би тэрний нарийн модноос нь барьж байгаад уяагаар нь толгой руу нь шавхарсан... Талийгаач гэрийн гадаа байхдаа согтуу өнхөрч унаад байсан, гэрийн гадаа байсан эрэгний хавьд унаад байсан гэж эхнэр Г нь намайг сум руу яваад ирэхэд надад хэлж байсан. Би бол хараагүй, анх манайд очсон өдрөө ч талийгаач алхаж явж чадахгүй өнхөрч унаад байсан, өөр хүн цохиж зодох боломж байгаагүй.” /1 дүгээр хавтаст хэргийн 151-152 дугаар хуудас/,

Эмгэг судлалын шинжилгээний 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн протокол № БОЭТ-14: “Үхлийн шалтгаан халдвар, хордлого” /1 дүгээр хавтаст хэргийн 58-61 дүгээр хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 07 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Судас хатуурах өвчин буюу атеросклероз нь удаа явцтай өвчин бөгөөд товруу шархлах болон тасрах нь уг өвчний эмгэг жам болно. Ямар нэгэн хүчний үйлчлэлээр шархалж тасрахгүй. Гэдэсний цочмог эмгэг, судас хатуурах өвчний суурин дээр үүссэн чацархайн доод артерийн цочмог бүлэнт бөглөрөл гэдэг нь нэг онош юм. Шархалсан тромбо тасран судасны сүвийг бөглөнгүүт гэдэс үхжиж эхлэх ба хүнд зовуурь өгнө. Өвчний түүх болон эмгэг судлалын протоколтой танилцан дүгнэхэд 2020 оны 05 дугаар сарын 15-ны өглөө 5 цагт хэвлийгээр хүчтэй өвдөж өвчин эхэлсэн гэсэн байна. Энэ цаг хугацаанд өвчин эхэлсэн байх ба 2 хоножээ. Амьд явах хугацааг нарийн тогтоох боломжгүй. Чацархайн доод артерийн судас эхлэл хэсэгтээ бөглөрч нарийн болон бүдүүн гэдэс нэлэнхүйдээ үхэжсэн тул эмчилгээний дүнд амь нас аврагдах боломжгүй. Д.Т-ын бэлэг эрхтэн төмсөгт гэмтэл байсан тухай өвчний түүх болон эмгэг судлалын протоколд дурдагдаагүй байна.” /1 дүгээр хавтаст хэргийн 64-72 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны хавтаст хэргийн материалд хийгдсэн шүүх эмнэлгийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 6 дугаартай шинжилгээ: Д.Т нь баруун талын 11 дүгээр хавирганы зөрүүгүй хугарал гэмтэлтэй байжээ. Уг гэмтэл нь нас барахаас 10-20 хоногийн өмнө мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба үхлийн шалтгаантай холбоогүй болно. Д.Т нь судас хатуурах өвчтэй байжээ. Гол судасны хэвлийн хэсэгт байрласан атеросклерозын сорвит товруу шархалж тасран, чацархайн доод артерийн сүвийг бөглөснөөс гэдэс тархмалаар үхжин, халдвар хордлого гүнзгийрч нас баржээ. Х.Шаравын нэрэмжит бүсийн оношилгоо эмчилгээний төвд тавигдсан эмнэлзүйн онош эмгэг судлалын оноштой тохирсон байна. Эмчилгээ стандартын дагуу хийгджээ. Нарийн болон бүдүүн гэдэс тархмалаар үхэжсэн тул эмнэлгийн тусламжийн дүнд амь нас аврагдах боломжгүй. /1 дүгээр хавтаст хэргийн 78-80 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 330 дугаартай шинжилгээ: Д.Т-гийн биед баруун зулайд хуйхны язарсан шарх гэмтлийн үлдэц тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр учирсан байх боломжтой ба уг гэмтлийн үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 заалтаар биеийн эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /1 дүгээр хавтаст хэргийн 84 дүгээр хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 410 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Д.Т-гийн биед хамар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг болсон гэх цаг хугацаа 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр гэх ба гавал тархины тодосгогч бодисгүй компьютерт томографийн шинжилгээ 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хийгдсэн байгаа тул уг гэмтлийн учирсан цаг хугацааг тогтоох боломжгүй байна. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна. /1 дүгээр хавтаст хэргийн 88-89 дүгээр хуудас/

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 11 дүгээр хуудас/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Г-гийн өргөдөл /1 дүгээр хавтаст хэргийн 12 дугаар хуудас/

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 13-16 дугаар хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 160-161 дүгээр хуудас/

Эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 93-94 дүгээр хуудас/

Өвчний түүх /1 дүгээр хавтаст хэргийн 95-137, 220-250, 2 дугаар хавтаст хэргийн 01-14 дүгээр хуудас/

Амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 172-176 дугаар хуудас/

Эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 216-219 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Ц.Х, Х.З нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

Гэм буруугийн талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Ц.Х нь шүүгдэгч Х.З-тай бүлэглэн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Номгон сумын Эмгэнбулаг багийн нутаг дэвсгэрт гэртээ хохирогч Д.Т-ыг согтуурсны улмаас биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж цээжин тус газар нь өшиглөж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн тухайн цаг хугацаанд Д.Т-г цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн. Шүүгдэгч Х.З нь Ц.Х-тай бүлэглэн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Номгон сумын Эмгэнбулаг багийн нутаг дэвсгэрт гэртээ хохирогч Д.Т-ыг согтуурсны улмаас биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж цээжин тус газар нь өшиглөж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийн хувьд ах, дүү, хамаатан садан, эхнэр, нөхөр гэлтгүй нийлж 2 хоног архидан согтуурсан, архидан согтуурах хугацаандаа их, бага хэмжээгээр маргалдаж, муудалцсан ийм нөхцөл байдал нь эцэстээ гэмт хэрэг үйлдэгдэх буюу Ц.Х, Х.З нар нь Д.Т-ыг согтуурсны улмаас биеэ хамгаалж чадахгүй байхад нь цохиж зодсон. Ц.Х нь мөн Х.З-ыг Д.Т-гээс хардсаны улмаас Д.Т-г толгойн тус газар нь модоор цохиж, хамар тус газар нь гараар цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан байна гэж улсын яллагчийн зүгээс үзэж байна. Иймд шүүгдэгч Ц.Х-ыг бүлэглэн хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна. Шүүгдэгч Х.З-ын хувьд мөн бүлэглэн хохирогчийн биеэ хамгаалах чадахгүй болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг тус тус гаргаж байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Т, Д.Т нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байгаа. Хохирогч Д.Т-ын хууль ёсны төлөөлөгч Г-гийн зүгээс талийгаачид учирсан хөнгөн гэмтэлтэй холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй талаар шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд мэдүүлэг өгч байна. Хохирогч Д.Т-гийн хувьд бол одоогоор гэмтэлтэй талаар гаргаж өгсөн баримт байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй байна. Цаашид нэхэмжилнэ гэсэн мэдүүлгийг өгч байна. Ийм учраас хохирогч Д.Т-гийн хувьд нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг тогтоолд дурдах гэх саналыг гаргав.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ц.Баярмаа дүгнэлтдээ: Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг мөн үү, биш үү гэдэг дээр би одоо дүгнэлт гаргая. Мэдээж өнөөдрийн шүүх хуралдаанаар гаргасан 2 хавтаст хэргийн бичгийн нотлох баримтын хүрээнд Ц.Х, Х.З нарын хийсэн үйлдэл гэмт хэрэг мөн байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэргийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийгэмд аюултай үйлдлийг хийсэн байгаа нь тодорхой байна. Дээрээс нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тухайн гэм буруутай үйлдлийн улмаас хохирол хор уршиг учирсан гэмт хэрэгт тооцно гэсэн заалт байдаг. Хохирол учирсан байна уу, хор уршиг учирсан байна уу гэдэг дээр тодорхой хэмжээний дүгнэлт хийе. Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд хүн амьд явах эрхтэй, халдашгүй дархан байх эрхтэйг хуульчлаад өгсөн байдаг. Эдгээр хуулийн үндсэн нөхцөл, зүйл заалт, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг мөн юм гэж өмгөөлөгчийн зүгээс энэ дүгнэлтийг хийж байна. Хохирлын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хавтаст хэргийн 78 дугаар хуудсанд 2020 оны 06 сарын 10-ны өдрийн 06 тоот шинжээчийн дүгнэлтээр талийгаач Т-ын биед 11 дүгээр хавирга хугарсан хохирол тогтоогдож байна. Хавтаст хэргийн 86 дугаар хуудсанд 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 415 шинжээчийн дүгнэлтээр хохирогч Д.Т хамрын яс хугарсныг тогтоож өгсөн. Бичгийн нотлох баримтаас харахад гэм буруутай үйлдлийн улмаас хохирол хор уршиг учирсан байна гэж үзэж байна. Шүүгдэгч Ц.Х, Х.З нар нь гэм  буруутай гэсэн дүгнэлтийг өмгөөлөгчийн зүгээс хийж байна. Хавтаст хэргийн хүрээнд шууд, шууд бус нотлох баримт бичгийн хүрээнд оруулсан байгаа. Иргэний нэхэмжлэгч, хохирогч Д.Т-гийн удаа дараагийн хууль сануулсан, тогтвортой мэдүүлгээр Ц.Х, Х.З нарын гэм буруутай үйлдэл тогтоогдож байна. Шүүгдэгч Х.З-ын шинэчилсэн мэдүүлгээр Ц.Х-ын үйлдлийг нотолж байна. Хавтаст хэргийн хүрээнд авагдсан гэрчээр буюу хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон Г гэдэг хүн хэдийгээр тухайн хэрэг нөхцөл байдлын хувьд талийгаач Т-ын эрх чөлөөнд Х.З, Ц.Х нар Т-ын эрх чөлөөнд халдсан, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг гэрчүүдээс сонссон болохыг мэдүүлж нотолж байгаа нэг шууд бус баримт байна. Мөн Ц.Х-ын Д.Т-гийн эрх чөлөөнд халдсан гэм буруутай үйлдлийг Г, М нарын мэдүүлгээр нотлогдсон. Бичгийн нотлох баримтуудаар үзэхэд Ц.Х, Х.З нар нь бүлэглэн согтуугаар, талийгаач Т-ын эрх чөлөөнд халдаж, хөнгөн гэмтэл учруулсан гэм буруутай байна гэж үзэж байна. Ц.Х-ыг иргэний нэхэмжлэгч  буюу хохирогч Д.Т-гийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн гэмтэл буюу хамар ясны хугарал учруулсан гэм буруутай байна гэдгийг шүүхэд оруулж байна. Хэргийн зүйлчлэлийн хувьд улсын яллагчийн дүгнэлтийг бүрэн дэмжиж байна. Гэмт хэргийн улмаас хөнгөн гэмтэл учирсан байна. Хор уршиг гэдэг юм дээр бол өнөөдөр хохирогч буюу иргэний нэхэмжлэгч Д.Т-гийн хамар ясны хугарал бүрэн дүүрэн эдгэрээгүй. Ямар их зовуурь шаналгаатай байгаа гэдгийг өнөөдрийн шүүх хуралдаан мэдүүлж байгаа ярианаас илт байна. Хамар битүү ямар нэгэн зовуурьтай байгаа гэдгийг өнөөдрийн танхимд байгаа хүмүүс хоёр нүдээрээ харж, сонсож байгаа. Хүний зовуурь шалтгааныг мэдэрч байгаа байх аа гэдгийг өмгөөлөгчийн зүгээс итгэлтэй байна. Гэмт хэргийн улмаас буюу 2020 оны 5 сарын 6-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл бүрэн дүүрэн эмчлүүлээгүй. Эрүүл мэндэд учирсан хохирол гэмтэл, хор уршиг бүрэн дүүрэн арилаагүй байна гэдгийг тодотгож тодруулж хэлмээр байна. Хавтаст хэргийн хүрээнд авагдсан эрүүл мэндийн картан дээр тархины гэмтэл буюу  тархиндаа цохиулаад тухайн тархи толгой өвдөөд байгаа гэдэг нөхцөл байдал дээр эрүүл мэндийн картан дээр тархины эмчилгээтэй холбоотой эмийг бичиж өгсөн байдаг. Тухайн эмийн санд 500,000 төгрөгөөр үнэлэгдэж зарагдаж байгаа. Тийм учраас өнөөдөр энэ хүүхэд маань нэг сарын цалингаар хараахан ганц эм аваад уух боломж байхгүй. Өөрийгөө тэжээнэ, өрөөл бусад буюу ах эгчээ тэжээнэ. 500,000 төгрөгөөр тархи толгойндоо хэрэглэх эм авч чадахгүй байгаа ийм хэмжээнд байгаа. Тархи толгойны ийм томограф авагдаагүй байгаа гэдгийг дурдаж хэлмээр байна. Хамрын ясны хугарлыг эмчлүүлэх хагалгааг Улаанбаатарт хийгддэг. 2,650,000 төгрөгийн хагалгааны үнэ төлбөр шаардлагатай. Өнөөдөр 2.650.000 төгрөг хагалгааны төлбөр  байхгүй учраас би ийм гэмтэлтэй гэдгийг шүүх хуралдаанд илэрхийлж байна лээ. Хор уршгийн хувьд ахиад байгаа гэдгийг хэлмээр байна. Хохидогчийн хууль ёсны төлөөлөгч Г-гийн хувьд хавирганы хугарлыг эмчлүүлж үү, эмчлүүлээгүй байна уу гэдгийг өнөөдрийн шүүх хуралдаанд яригдах учир бид нар ярилцаж тодорхой хэмжээгээр хавирганы хугарлыг эмчлэх, тусгайлан хавирганд эмчилгээ хийсэн нотолгоо байхгүй учраас Г-гийн зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй гэдгийг дурдаж хэлье. Харин Д.Т-гийн хувьд хамар ясны хугарлаа эмчлүүлэх эмчилгээний зардлаа нэхнэ гэсэн байр суурьтай байгаа учраас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505.1 дүгээр зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндэд учирсан хохирол гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй тул жич нэхэмжлэх эрхээр хангаж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргав.

Шүүгдэгч Х.З-ын өмгөөлөгч Э.Дөлгөөн дүгнэлтдээ: Х.З-ын хувьд дээд боловсролтой, Солонгос хэлний орчуулагчийн мэргэжилтэй. Холбогдсон гэмт хэрэг юунаас болов гэхээр архидалттай холбоотой. Х.З-ыг тухайн үед архи уусан, уугаагүй гэдэг асуудал яригдлаа. Хохирогч талаас ч хэлж байна, өөрөө ч хэллээ. Өнөөдрийн хурал дээр хэрэгт холбогдсон хүмүүс бүгд тодорхой хэмжээнд архи ууцгаасан гэдэг нь харагдаж байна. Дээрээс нь бүгдээрээ л өөрийгөө тааруулж, тохируулж хэрэглэсэн, бүх үйлдлийг мэдэж байна гэж хэлж байна. Хамгийн гол нь хохирогчоор тогтоогдоод байгаа Г гэж хүн байгаа. Энэ хүн нь тухайн хэргийн нөхцөл байдал дээр болсон процессыг мэдэхгүй байна. Нотлох баримт шинжлэн судлахаар  М, С 2 яг тухайн үед болсон явдлыг мэддэггүй мэдүүлгээ өгчихсөн байдаг. Би нотлох баримт судлахдаа уншиж танилцуулсан байгаа. Тэгэхээр мэдэж байгаа гол хүн нь хэн бэ гэхээр Д.Т болж хувирч байгаа. Х.З-ыг хэд хэдэн удаа өшиглөсөн гэдэг асуудлыг нотлоод хэлээд байгаа. Д.Т тухайн өдөр мөн л архи уусан байсан. Би өөрөө үйлдлээ мэдээд байна гээд байдаг. Авчирсан архи болгоноос нь хоёр, гурван хундагыг уугаад байдаг гэж хэлж байлаа. Гэхдээ би хөл рүү нь өшиглөсөн юм гэдэг асуудлыг өөрөө тогтвортой мэдүүлээд байна. Гэтэл Д.Т-гийн асуудал болохоор “үгүй ээ” наад хоёр чинь хоёулаа зодолдож байгаад өшиглөсөн хохирогчийг өшиглөөд байсан асуудал ганц наад хүний чинь өгүүлээд байгаа энэ мэдүүлэг тухайн үед өөрөө хэр согтуу байсан юм. Зарим зүйлийг мэдээд байна гэсэн мөртлөө зарим нэг асуултад модоор толгой руу нь цохиулсан энэ бүгдийг бүрэн дүүрэн мэдээд байна гэдэгт эргэлзээ төрч байна. Д.Т өөрөө болохоор М, С хоёрыг гараад явсан гээд байгаа. Энэ хүний өөрийнх нь ятгаад байгаа Х.З-ыг буруутгаад байгаа удаа дараагийн үйлдэл нь дараа дараагийнхаа асуулт хариултаар үгүйсгэгдээд, зөрөөд байгаа учраас Х.З-ыг хохирогчид гэмтэл учруулаад хавиргыг хугалсан юм гэсэн 2, 3 өшиглөсөн юм гэснийг нотолж чадахгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Х.З-ыг архины шилээр цохихоос өмнө маргалдаж байх хоорондоо талийгаачийг өшиглөсөн гээд байдаг. Гэтэл энэ хүнийг архины шилээр тархиа цохиулчхаад цус нөжиндөө холилдоод хэзээ завандаа хохирогчийг 2, 3 өшиглөөд хэдийд нь гэрээс гарч зугтаад яваад байх боломжтой цаг хугацаа, үйл баримтын хувьд ч тэр ямар нэгэн байдлаар авцалдахгүй байна. Дээрээс нь би хорьж дийлээгүй юм гэдэг асуудлыг бас ярилаа. Дахин дахин өшиглөөд байсан тэр бол ямар ч эрэгтэй хүн хараад байж байхад биеийнх нь хэмжээ, эрэгтэй, эмэгтэй хүйсийнх нь хувьд ч тэр, жижигхэн Х.Зыг хорьж чадахгүй байх асуудал байхгүй байна. ... Гэм буруугийн асуудлаар маргах зүйл байхгүй. Гэхдээ цээжний хөндий рүү нь 2, 3 удаа өшиглөсөн гэдэг асуудлыг хүлээн зөвшөөрч байгаа зүйл биш. Харин хөл рүү нь шилбэ рүү нь өшиглөсөн гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Үүн дээр хэлж байгаа. Харин цээж хэсэг рүү нь өшиглөж хавиргыг хугалсан, Ц.Хтай нийлж зодсон үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Гэрчийн өгсөн мэдүүлэг тогтвортой биш байгаа учраас миний үйлчлүүлэгчид ашигтайгаар шийдвэрлэж гэм буруугүйд тооцож өгнө үү гэх дүгнэлтийг гаргав.

Шүүгдэгч Ц.Х-ын өмгөөлөгч Н.Нармандах дүгнэлтдээ: Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлтэй маргаж оролцож байна. Ц.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүний үйлдэл холбогдлыг зүйлчилж ирүүлсэн. Ингэхдээ бүлэглэн, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэсэн гэмт хэргийн 3 шинжийг дурдсан байна. Бүлэглэж үйлдсэн гэмт хэргийн тухай ярихад Ц.Х, Х.З нарын хувьд үйлдэл, уг санаагаараа нэгдээд талийгаачийн биед гэмтэл учруулахаар үйлдэл харагддаггүй. Энэ хүмүүс хоорондоо муудаж маргаад ээлжилж өшиглөсөн гэж тухайн хэргийн гол гэрч Д.Т мэдүүлдэг ч энэ нь бусад нотлох баримтаар давхар нотлогддоггүй. Гэрчийн мэдүүлэг туйлын үнэн байх ёстой. Гэтэл Д.Т-гийн мэдүүлэгт эргэлзээ төрж байна. Яагаад эргэлзээ төрж байна вэ гэхээр тухайн хэргийн үед Д.Т нь нэлээн согтолттой байсан. Тухайн үеийн согтолтын зэргийг тогтоож чадаагүй ч гэсэн энэ нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогддог. Гэмт хэрэг үнэн зөв мэдүүлэг үүрэгтэй боловч тухайн үеийн хандлага, сэтгэлзүйн байдал нь нөлөөлдөг. Гэтэл талийгаач Т Д.Т-гийн хамаатан хүн байгаа. Тэгэхээр Д.Т тухайн хэргийн нөхцөл байдлын тухай ямар хэмжээнд мэдүүлэг өгөх вэ гэдэг харагдана. Өөрөөр хэлбэл үүнд ашиг сонирхлын зөрчил байгаа. Эхлээд гэрчээр мэдүүлэг өгөхдөө Д.Т Ц.Х талийгаачийг 1 удаа өшиглөсөн гэж хэлдэг, дараа нь хохирогчоор мэдүүлэг өгөхдөө 2-3 удаа өшиглөсөн гэж мэдүүлдэг, өнөөдрийн шүүх хуралдаанд 4-5 удаа өшиглөсөн гэж мэдүүлж байна. Энэ байдлаас харахад гэрч Д.Т-гийн мэдүүлэг тогтворгүй байна. Иймд шууд нотлох баримт болох гэрч Д.Т-гийн мэдүүлэг нь хэргийн бодит байдлыг тогтооход зайлшгүй үнэн бодитой мэдүүлэг биш байна гэж үзэх үндэслэлийг төрүүлж байна. Х.З-ын хувьд гэртээ хоолоо хийгээд сууж байсан. Ц.Х-ыг би яг хараагүй юм өшиглөөд байсан гэж мэдүүлдэг. Тэгэхээр тухайн хүн өөрийн оюун санаанд бодсон зүйлээ шууд илэрхийлж байна гэж үзэж байна. Хэргийн нөхцөл байдал дараалал нь тогтоогдоогүй байна. Үүнийг хэн ч бүрэн дүүрэн мэдүүлэхгүй байна. Гэрч нарын мэдүүлэг дэс дараалал, орон зайг зааж өгч байх ёстой. Гэтэл ямар ч гэрчийн мэдүүлгээр энэ нь тогтоогддоггүй. Д.Т хэрэг шалгагдаж эхлэх үед би толгойдоо гэмтэл авсан гэж 330 тоот шинжээчийн дүгнэлт гаргуулсан. Үүгээр гэмтлийн зэрэг тогтоогдоогүй. Бүтэн сарын дараа би зураг авхуулсан чинь миний хамар гэмтсэн байна. Үүнийг Ц.Х цохиж хугалсан гэдэг асуудлыг ярьдаг. Заавал зураг авхуулснаар тухайн хүн гэмтсэн гэмтлээ мэдэх ёсгүй. Яагаад гэхээр тухайн хүний биед учирсан зовууриас Д.Т хамартаа гэмтэл авсан байна гэдгээ мэдэх боломжтой байсан. Тухайн үед зүгээр байж байгаад зураг авхуулснаас хойш хамар нь битүүрээд байна гэж байхгүй. Ийм учраас Д.Т-гийн хамарт учруулсан гэмтлийг Ц.Х учруулсан гэдгийг нотлохгүй байна. Хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж Улсын дээд шүүхийн тогтоолд заасан байдаг. Талийгаач согтуу хэвтэж байсан. Шүүгдэгчийн зүгээс талийгаачийг огт өшиглөөгүй, гэмтээе гэсэн үйлдэл байгаагүй. Ямар ч шалтаг шалтгаан байгаагүй. Анхнаасаа гэрчээр өгсөн мэдүүлгээсээ тогтвортой мэдүүлэг өгсөн. Энэ хэрэг зах замбараагүй архидалтаас үүдэлтэй. Иймд Ц.Х-т дээрх гэмт хэргийг үйлдсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Прокурорын газраас Ц.Х-ын үйлдэлд зүйлчилж ирүүлсэн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх дүгнэлтийг гаргав.

Шүүгдэгч Х.З нь талийгаачийн цээжин тус газар биш, хөл рүү нь өшиглөсөн бөгөөд энэхүү үйлдлээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа талаар тайлбар гаргав.

Шүүгдэгч Ц.Х нь хохирогч Д.Т-г зодсоноо хүлээн зөвшөөрч, харин талийгаачийн цээжин тус газар өшиглөөгүй гэж маргасан тайлбар гаргав.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ц.Х, Х.З нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд: 

Шүүгдэгч Ц.Х нь Х.З-тай бүлэглэн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Номгон сумын Эмгэнбулаг багийн нутаг дэвсгэрт гэртээ хохирогч Д.Т-ыг согтуурсны улмаас биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж цээжин тус газар нь өшиглөж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн тухайн цаг хугацаанд Д.Т-г цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Г-гийн “...Т-гийн толгойноос цус гарч байхаар нь би яасан юм гэж асуусан чинь Х хавтгай модоор Т-гийн толгой руу 2 удаа цохиж ухаан алдаж унагасан гэж байсан. Би Т-г Номгон сум орж эмнэлэгт үзүүлье гэсэн чинь зүгээр гайгүй гээд байсан. Би юу болов гэж асуусан чинь С надад эд нар хоорондоо зодолдоод байна гэж хэлсэн. Би тэд нарыг явъя гээд Т, С, М, талийгаач нарыг машиндаа суулгаад Х-гийн гэрээс яваад замдаа бид нар хоол хийж идсэн чинь талийгаач хоол орохгүй байна, хавирга гэмтсэн юм шиг байна гэж байсан. Т-г талийгаач “ахыгаа түшээд бие засуулаадах” гэж хэлсэн. Бид нар аймаг руу явсан. Аймагт ирсний дараа талийгаач гэртээ гэрээс гарахгүй хэвтээд байсан. Орой болохоор нойр хүрэхгүй юм, өвчнөө даръя гээд 2 хундага архи уугаад унтдаг байсан. Би эмнэлэгт үзүүлье гэхэд ганц хавирганы төлөө яахын гээд дургүйцээд байсан. /1 дүгээр хавтаст хэргийн 21-22, 26-27 дугаар хуудас/,

хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Т-гийн “...Би 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Номгон сумын Эмгэнбулаг багийн нутагт байх Х-ын гэрт байхад тэнд байсан хүмүүс бүгд архи уусан байсан. Гэрийн эзэн Х нь архи уучихсан согтуу байх үедээ эхнэр З-д агсам тавиад талийгаач Тт бас агсам тавиад эхнэр З-ын толгой руу архины шилээр цохисон. Тэгэхээр нь би салгаад боль гэсэн чинь Х чи муу миний эхнэртэй унтсан уу гэж хэлсэн. Тэгэхээр нь Х-ыг болиоч гээд түлхсэн. Тэгж байхад З гэрээс гараад зугтаачихсан. Х араас нь гараад явсан. Би араас нь гарсан чинь З гэрээсээ зүүн тийш явган зугтааж байсан чинь араас нь Х очоод эхнэртэйгээ зууралдсан. Би очоод тэр хоёрыг салгасан. Би эргээд гэр рүү нь алхаж явтал араас Х миний толгой руу модоор цохиод би ухаан алдсан. Би сэргэсэн чинь машин дотор хэвтэж байсан. Х дээгүүр өмссөн хувцсаа тайлчихсан ирээд намайг чи муу баашлаад байгаарай гээд миний цамцны энгэрээс заамдаж аваад нүүр шанаа руу гараараа хэд хэд цохисон. Тэгсэн чинь Г эгч ирээд салгаад Х-ыг цааш нь болгосон... Миний толгойны баруун талд банзаар цохисон гэж Г эгч хэлсэн. Би юугаар цохихыг нь хараагүй, миний толгойн баруун талд 3 хэсэг газарт хагарсан байсан... Талийгаач Т гэрийн баруун талд хэвтэж байхад Х энэ муу п... хоол горьдож ирсэн гээд талийгаачийн цээж рүү нь өшиглөсөн...” /1 дүгээр хавтаст хэргийн 30-32 дугаар хуудас/,

гэрч Д.Т-гийн “...Талийгаач орой 18 цагийн үед Х-гийн баруун орны доор газраар унтаж байхад нь Х эхнэртэйгээ маргалдаад дараа нь бүр зодолдсон. Тэгж байснаа Х нь талийгаачийг энэ муу нахиур Т манайд хоолны сав ирчихсэн, бос п... минь гээд Х эхнэртэйгээ нийлээд талийгаачийн цээж рүү нь дэвслээд байсан. Би хориод дийлээгүй. Х нь над руу дайраад чи муу манай авгайтай Фургон дотор унтсан уу гээд дайраад байсан. Би юу яриад байгаа юм бэ тийм зүйл юу гэж байхав дээ гэсэн чинь төмөртэй том бандангаар толгойны баруун тал руу 2 удаа цохисон. Би манараад ухаан алдчихсан. Сэрсэн чинь Г эгч ирчихсэн Х-г хүн аллаа гэж хэлж байсан...” /1 дүгээр хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас/,

гэрч Т.М-ы “...З нь гэрээс гараад гүйсэн чинь Т араас нь гараад З-гийн араас алхаж байсан чинь Х ааруул тавьдаг дөрвөлжин модоор Т-гийн толгойны баруун тал руу 2 удаа цохиж байгаа харагдсан. Т хоёр дахь цохилтон дээр нь унаад өгсөн. Би айгаад хашхирсан чинь С гарч ирсэн. Удалгүй Г эгч ирээд хүн алах нь гээд аймаг явъя гээд Фургоноос ачаагаа Г эгчийн машинд ачаад С бид хоёр машинд нь суусан. Бас Т хамт машинд суусан. Талийгаачийг Г эгч ид хоёр өргөж машинд оруулаад аймаг явсан. Аймаг явах замд бид нар хоол хийж идсэн. Харин талийгаач хоол идэхгүй байсан... Талийгаач аймаг явах замдаа хавирга жоохон өвчтэй болсон байна яасан юм бол З намайг зодсон юм болов уу гэж байсан. Өөр өвдлөө гэж хэлж байгаагүй... Т-гийн толгойг нь харсан чинь 3 газар хавдчихсан байсан...” /1 дүгээр хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас/, 

гэрч О.С-ын “...Х гараад очсон чинь З зүүн тийшээ гүйгээд зугтаачихсан. Х араас нь гартаа нэг мод бариад явж байсан. Тэгэхэд өмнө нь Т, З-ын араас алхаж явсан чинь Х хажууд нь очоод Т-гийн толгой руу модоор цохичихсон. Т арагшаа саваад унасан. Г эгч бид нар очоод Т-г босгосон. Т-гийн толгойн баруун талд яз цохигдоод цус гарчихсан байсан. Г эгч явцгаая хүн амины хэрэг гарах юм байна гээд явахаар болоод машиндаа юмаа ачсан. Тэгж байхад Х их согтоод гэр дотроо үглэж хашхичаад байсан. Бид нар машиндаа сууцгаагаад шууд Номгон сум руу яваад нэг айлд очсон. Тэр айлдаа хоночихоод маргааш өглөө нь бид нар 08 цаг өнгөрөөж гарч яваад тал дээр сууж хоол хийж идчихээд нэг шил архи байснаа Т, талийгаач бид 3 хувааж уусан... Түүний дараа 5-аас 6 хоногийн дараа би талийгаачаар цахилгаан мотор засуулах гэж гэрт нь очиж уулзаж мотороо үзүүлсэн. Талийгаач хавирга өвчтэй байгаа гэж ярьж байсан. Түүнээс хойш тааралдаагүй...” /1 дүгээр хавтаст хэргийн 44-45 дугаар хуудас/,

гэрч Х.Д-ны “...05 дугаар сарын 03-ны өдөр талийгаач Т гэртээ ирсэн байна хүрээд ир гэхээр нь би гэрт нь очсон. Талийгаач эхнэр Г хүүхэдтэйгээ байсан. Уулзаж байхдаа талийгаач Т миний баруун талд хавирга хугарчихсан юм шиг байна үзээд өгөөч гэхээр нь би гадна талаас нь нурууны баруун ар талыг нь тэмтэрч илж үзэхэд юм мэдэгдээгүй... Т-г дөнгөж хөдөөнөөс ирэнгүүт нь уулзсан. Т-гийн толгойн баруун хажуу талд нь 2 газарт язарч цус гарсан бололтой хувцасны зах нь цус болчихсон байсан. Тэгэхээр нь яасан юу болсон бэ гэж асуухад Х гэдэг хүн миний толгой руу модоор цохисон гэж хэлсэн. Юунаас болсныг нь асуусан чинь З гэдэг эхнэр нь надтай хамаатан гэх юм ярьсан чинь нөхөр нь хардаад зодсон гэж хэлсэн...” /1 дүгээр хавтаст хэргийн 48-49 дүгээр хуудас/,

гэрч Ц.Т-ын “...Тухайн үед талийгаач Д.Т манай эхнэрт бие өвдөөд байна гэж хэлж байсан гэж хэлсэн. Яг ямар байдалтай байсныг нь би мэдэхгүй байна. /1 дүгээр хавтаст хэргийн 55-56 дугаар хуудас/,

гэрч Ш.Н-ийн “...Байрлал албадмал, амин үзүүлэлтүүд тогтворгүй, цээжний рентген харалтаар баруун талын 9 дүгээр хавирга зөрүүгүй хугаралтай гэсэн дүгнэлттэй байсан...” /хавтаст хэргийн 42-43 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд болон шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны өгсөн мэдүүлэг, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны хавтаст хэргийн материалд хийгдсэн шүүх эмнэлгийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 6 дугаартай шинжилгээ, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 410 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Мөн шүүгдэгч Х.З нь Ц.Х-тай бүлэглэн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Номгон сумын Эмгэнбулаг багийн нутаг дэвсгэрт гэртээ хохирогч Д.Т-ыг согтуурсны улмаас биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж цээжин тус газар нь өшиглөж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн хохирогч, иргэний нэхэмжлэгч  Д.Т-гийн “...Би болиоч гэсэн чинь Х болихгүй эргээд эхнэр рүүгээ уурлаж эхнэрээ зодоод байсан. Би бас тэр хоёрыг болиоч гэж хэлээд салгасан чинь эхнэр нь Төмрөө муу п... чамаас болж байгаа юм гэж хэлээд талийгаачийг сууж байхад З нь талийгаачийн цээжний баруун тал руу өшиглөсөн чинь талийгаач ёо гээд эвхрээд унасан. Тэр хоёр хоорондоо зодолдоод байхаар нь би салгасан чинь хэрэлдэж байгаад З нь дахиад талийгаачийн цээж рүү өшиглөсөн. Тэгэхэд талийгаач Т яасан юм бэ гээд байсан, өөр зүйл хэлээгүй...” /1 дүгээр хавтаст хэргийн 30-32 дугаар хуудас/,

гэрч Д.Т-гийн “...Х нь талийгаачийг энэ муу нахиур Т манайд хоолны сав ирчихсэн, бос п... минь гээд Х эхнэртэйгээ нийлээд талийгаачийн цээж рүү нь дэвслээд байсан. Би хориод дийлээгүй...” /1 дүгээр хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас/,

гэрч Т.М-ы “...Талийгаач аймаг явах замдаа хавирга жоохон өвчтэй болсон байна яасан юм бол З намайг зодсон юм болов уу гэж байсан. Өөр өвдлөө гэж хэлж байгаагүй...” /1 дүгээр хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас/, 

гэрч О.С-ын “...Би талийгаачаар цахилгаан мотор засуулах гэж гэрт нь очиж уулзаж мотороо үзүүлсэн. Талийгаач хавирга өвчтэй байгаа гэж ярьж байсан. Түүнээс хойш тааралдаагүй...” /1 дүгээр хавтаст хэргийн 44-45 дугаар хуудас/,

гэрч Х.Д-ны “...Талийгаач эхнэр Г хүүхэдтэйгээ байсан. Уулзаж байхдаа талийгаач Т миний баруун талд хавирга хугарчихсан юм шиг байна үзээд өгөөч гэхээр нь би гадна талаас нь нурууны баруун ар талыг нь тэмтэрч илж үзэхэд юм мэдэгдээгүй. Би талийгаачаас та нар юу болсон бэ Т-гийн толгойн баруун талд 2 газарт нь хагарчихсан байна, энэ юу болсон бэ гэж асуусан чинь талийгаач Т хэлэхдээ бид нар Номгонд хөдөө Х-ынд очиж архи уусан. Танай хамаатан болох Т-ийн том охин З намайг согтуу унтаж байхад миний толгой, нуруу руу дэвсэж өшиглөж зодсон байна, би тэрийг нь мэдээгүй, нэг мэдэхэд намайг эд нар машинд өргөж хийгээд сум руу явсан, тэгэхэд Т-гийн толгойноос цус гарсан байсан.” /1 дүгээр хавтаст хэргийн 48-49 дүгээр хуудас/,

гэрч Ц.Т-ын “...Тухайн үед талийгаач Д.Т манай эхнэрт бие өвдөөд байна гэж хэлж байсан гэж хэлсэн. Яг ямар байдалтай байсныг нь би мэдэхгүй байна. /1 дүгээр хавтаст хэргийн 55-56 дугаар хуудас/,

гэрч Ш.Н-гийн “...Байрлал албадмал, амин үзүүлэлтүүд тогтворгүй, цээжний рентген харалтаар баруун талын 9 дүгээр хавирга зөрүүгүй хугаралтай гэсэн дүгнэлттэй байсан...” /хавтаст хэргийн 42-43 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд болон шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед талийгаачийг өшиглөсөн болохыг хүлээсэн мэдүүлэг, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны хавтаст хэргийн материалд хийгдсэн шүүх эмнэлгийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 6 дугаартай шинжилгээ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Хохирогч Д.Т-ын амь нас хохирсон асуудалтай холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааны явцад Эмгэг судлалын шинжилгээний 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн протокол № БОЭТ-14 /хавтаст хэргийн 58-61 дүгээр хуудас/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 07 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 64-72 дугаар хуудас/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны хавтаст хэргийн материалд хийгдсэн шүүх эмнэлгийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн №6 дугаартай шинжилгээ /хавтаст хэргийн 78-80 дугаар хуудас/ зэрэг шинжээчийн дүгнэлтүүдээр хохирогч Д.Т нь цээжин тус газар өшиглүүлснээс үүссэн гэмтлээс бус, удаан хугацааны явцад үүссэн судас хатуурах өвчний суурин дээр үүссэн чацархайн доод артерийн цочмог бүлэнт бөгнөрөл, халдвар, хордлогын улмаас нас барсан болох нь тогтоогдож байх бөгөөд шүүх дээрх шинжээчдийн гаргасан дүгнэлтүүдийг нотлох баримтаар үнэлж шүүгдэгч Ц.Х, Х.З нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол гэж хуульчилсан ба Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д “хоёр, түүнээс олон хүнийг”, 2.7-д “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж”, 2.11-д “бүлэглэж” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан тохиолдолд хүндрүүлэн зүйлчлэхээр тус тус заажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Ц.Х нь амь хохирогч Д.Т-ыг үглээд байна гэх шалтгаанаар цээж рүү нь өшиглөсөн, мөн хохирогч Д.Т-г эхнэр Х.З-аас хардаж зодсон байх бөгөөд түүний энэхүү үйлдлийн улмаас нэг цаг хугацаанд хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тогтоогдсон байна.

Мөн амь хохирогч Д.Т нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсний улмаас тухайн цаг хугацаанд бие махбодын болон сэтгэцийн хувьд өөрийгөө хамгаалах, шүүгдэгч нарын өшиглөсөн гэмт үйлдлийн эсрэг идэвхтэй эсэргүүцэл үзүүлж чадаагүй болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр тогтоогдсон тул шүүгдэгч Ц.Х, Х.З нарыг бүлэглэн хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж цээжин тус газар нь өшиглөж хөнгөн хохирол санаатай учруулсан хэмээн прокуророос хэргийг хүндрүүлэн зүйлчилсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн гэж үзлээ.

Түүнчлэн шүүгдэгч Ц.Х нь амь хохирогч Д.Т-ыг дээрх  шалтгаанаар цээж рүү нь өшиглөсөн бөгөөд түүний үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирч болзошгүйг мэдсээр байж, энэхүү үйлдлийг таслан зогсоох, хохирогчийг гэмт халдлагаас хамгаалах арга хэмжээ авалгүйгээр хохирогчийг чимээгүй болсонгүй хэмээн нэмж цээж рүү нь өшиглөсөн шүүгдэгч Х.З болон Ц.Х нарыг үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэж үйлдсэн гэсэн үндэслэлээр хүндрүүлэн ялласныг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.  

Шүүгдэгч Ц.Х нь мөрдөн шалгах болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд амь хохирогчийн цээж рүү нь өшиглөөгүй гэж маргасан боловч өшиглөсөн үйл баримтыг шууд харсан хохирогч Д.Т, шүүгдэгч Х.З нарын мэдүүлэг, тэднээс  сонссон болохыг баталж эх сурвалжаа заасан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Г нарын өгсөн удаа дараагийн тогтвортой мэдүүлгүүдээр нотлогдсон байх тул шүүгдэгчийн энэ талаарх тайлбар няцаагдаж байна.

Хохирогч Д.Т-гийн биед хамар ясны хугарал бүхий хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон шинжээчийн дүгнэлт гэмт хэрэг гарснаас хойш хоёр сарын дараа гарсан байх боловч шинжээч дүгнэлтээ гаргахдаа 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн эмчийн үзлэгийн тэмдэглэлийг үндэслэн дүгнэлтээ гаргасан бөгөөд уг эмчийн үзлэгээр хамар ясны хугарал үүссэн болохыг тогтоосноос гадна энэхүү гэмтлийг шүүгдэгч Ц.Х тухайн цаг хугацаанд цамцны энгэрээс заамдаж аваад нүүр, шанаа руу гараараа хэд хэдэн удаа цохих үед гэмтэл авсан талаар хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад хууль сануулан авсан мэдүүлэгтээ тодорхой мэдүүлсэн зэрэг нөхцөл байдлыг тал бүрээс нь шинжлэн судалсны үндсэн дээр шүүгдэгч Ц.Х-ын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан гэмтэл гэж шүүх дүгнэлээ.   

Иймд шүүгдэгч Ц.Х-ыг бүлэглэн, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, мөн хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Х.З-ыг бүлэглэн, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Шинжээчийн дүгнэлтүүд нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Шүүгдэгч Ц.Х-ын гэм буруутай үйлдлийн улмаас амь хохирогч Д.Т болон Д.Т нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, шүүгдэгч Х.З-ын гэм буруутай үйлдлийн улмаас амь хохирогч Д.Т-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Г, хохирогч Д.Т нарын зүгээс хохирол төлбөртэй холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүйн зэрэгцээ Г.Г-гийн зүгээс шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэх зүйл байхгүй талаар мэдүүлж байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Харин хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Т-гийн зүгээс хамар ясны хугарал гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүхээс шүүгдэгч Ц.Х, Х.З нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул ял оногдуулах үндэслэлтэй байна. Энэ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол хор уршгийн хэмжээг харгалзан шүүгдэгч нарт дараах байдлаар ялгамжтай ял оногдуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгч Ц.Х-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 270 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, шүүгдэгч Х.З-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг тус тус гаргаж байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Т, Д.Т нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Өнөөдрийн шүүх хуралдаанд хохирогч нар хохирол төлбөр нэхэмжлээгүй. Шүүгдэгч нар урьдчилан цагдан хоригдсон хоноггүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шилбүүр 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах саналтай байна. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналыг гаргав.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ц.Баярмаа дүгнэлтдээ: Улсын яллагчийн саналыг өмгөөлөгчийн зүгээс дэмжиж байна. Нийтэд тустай ажил хийлгэх ял бол эдгээр хүмүүсийн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байна. Гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хүндрүүлэн үзэх нөхцөл байдлыг эрхэм шүүгч та харгалзан үзнэ үү? Шүүх хуралдаанд оролцож байгаа хүмүүсийн мэдүүлэг харахад эдгээр хүмүүс хийсэн хэргээ ямар нэгэн байдлаар хүлээн зөвшөөрөхгүй, маргаж мэтгэлцэж байгаа байдлыг ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзэж улсын яллагчийн гаргасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг гаргав.

Шүүгдэгч Х.З-ын өмгөөлөгч Э.Дөлгөөн дүгнэлтдээ: Өмгөөлөгчийн зүгээс Х.З эмэгтэй хүний хувьд нийтэд тустай ажил хийхэд зохимжгүй байгаа учраас 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлж эхэлсэн зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг гаргав.

Шүүгдэгч Ц.Х-ын өмгөөлөгч Н.Нармандах дүгнэлтдээ: Хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг гаргасан боловч шүүхээс Ц.Х-ын үйлдэл холбогдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон учраас түүнд оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр сууринаас оролцоно. Ц.Х-ын хувьд үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа биш Х.З, Д.Т нарт гар хүрсэн. Өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрдөг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдал бүрэн тогтоогдож байна. Тиймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хамгийн хөнгөн төрлийн торгох ялыг хуульд заасан хамгийн бага хэмжээгээр оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг гаргав.

Шүүгдэгч Ц.Х, Х.З нарын зүгээс хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөхийг хүссэн тайлбар гаргав.

Шүүгдэгч нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүхээс шүүгдэгч Ц.Х-ыг бүлэглэн, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Х.З-ыг бүлэглэн, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын оролцсон оролцоо зэргийг харгалзаж ялыг ялгамжтай оногдуулах нь зүйтэй гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Х-т 270 /хоёр зуун дал/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.З-д 250 /хоёр зуун тавь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Х нь шүүхээс оногдуулсан 270 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Х.З нь шүүхээс оногдуулсан 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тус биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг ажлын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Бусад асуудлаар.

Шүүгдэгч Ц.Х, Х.З нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар энэхүү хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шилбүүр /хугархай/ 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Х, Х.З нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч У овгийн Ц-ын Х-ыг бүлэглэн, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б овгийн Х-ын З-ыг бүлэглэн, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Х-т 270 /хоёр зуун дал/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.З-д 250 /хоёр зуун тавь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Х нь шүүхээс оногдуулсан 270 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Х.З нь шүүхээс оногдуулсан 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тус биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг ажлын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

4. Шүүгдэгч Ц.Х, Х.З нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Хохирогч Д.Т хамар ясны хугарал гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар энэхүү хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шилбүүр /хугархай/ 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Х, Х.З нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ВОЛОДЯ