Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2021/ДШМ/20

 

Ц.Х, Х.З нарт холбогдох

   эрүүгийн хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд

Прокурор Ц.Ариунжаргал, 

Хохирогчийн өмгөөлөгч Ц.Баярмаа,

Нарийн бичгийн дарга О.Очмаа нарыг оролцуулан,

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2021/ШЦТ/20 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Ц.Х, Х.З нарт холбогдох 2028001380191 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Нармандах, хохирогч Д.Т нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Насанжаргалын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ам бүл 1,

Монгол Улсын иргэн, ам бүл 1,

Шүүгдэгч Ц.Х нь Х.З-тай бүлэглэн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт, гэртээ хохирогч Д.Т-г согтуурсны улмаас биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж цээжин тус газар нь өшиглөж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн тухайн цаг хугацаанд Д.Т-г цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Х.З нь Ц.Х-тай бүлэглэн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт, гэртээ хохирогч Д.Т-г согтуурсны улмаас биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж цээжин тус газар нь өшиглөж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ариунжаргал нь Ц.Х, Х.З нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Шүүгдэгч Ц.Х-г бүлэглэн, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Х.З-г бүлэглэн, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Х-т 270 /хоёр зуун дал/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.З-д 250 /хоёр зуун тавь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял  тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Х нь шүүхээс оногдуулсан 270 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Х.З нь шүүхээс оногдуулсан 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тус биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг ажлын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

шүүгдэгч Ц.Х, Х.З нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

 хохирогч Д.Т хамар ясны хугарал гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар энэхүү хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шилбүүр /хугархай/ 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Х, Х.З нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.Х-н өмгөөлөгч Н.Нармандах давж заалдах гомдолдоо: “....хамар ясанд учирсан гэмтлийн зовиур хүний биед сарын дараа илрэх эсэх нь эргэлзээтэй, шинжээчийн дүгнэлтэд гэмтэл учирсан гэх цаг хугацааг тогтоох боломжгүй, энэ гэмтэл нь Ц.Х-н үйлдлийн улмаас болсон эсэх нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдоггүй байхад шүүх хэргийг Ц.Х-г  Д.Т-н хамар ясны хугарлыг учруулжээ гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

2. Тэмүүжингийн талийгаачийн цээж рүү Ц.Х өшиглөсөн гэх мэдүүлгийг Х.З-н тогтворгүй мэдүүлэг давхар нотлохгүй

3. Шүүхийн дүгнэлтээс хохирогчийг нэмж өшиглөөд байгаа Золжаргалд  санаатай бүлэглэх гээд байгаа үйлдэл харагдаж байх бөгөөд Ц.Х-н үйлдэлд Х.З-тай үйлдлээрээ болон санаа зорилгоороо нэгдэх гэсэн санаа байхгүй тул хэргийн нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.5-д зааснаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хохирогч Д.Т нь давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүх Ц.Х нь 2 хүний эрүүл мэндэд мэдсээр байж хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэнийг миний бие зөвшөөрч байгаа боловч зарим мэдүүлэг худлаа байна.

 Ц.Х нь хохирогчдын нэг болох миний нагац ахыг /Д.Т-т/ урд өмнө нь гэрт нь ирж дарамтлан ам хэлээр доромжлон, зарим үед зоддог байсан.  Хэрэг гардаг өдөр Д.Т-г биеэ хамгаалах ямар ч чадваргүй байгаа үед нь нахиур пизда хэмээн ам хэлээр доромжлох архи авчирч өг хэмээн дарамтлан авч өгсөн архийг уусан үедээ согтуурч дэвслэх, өшиглөх зэрэг үйлдлүүдийг хийж байснаа ганц 2 удаа өшиглөсөн мэт мэдүүлсэн байна. Бүр бааж, шээж, хөдөлж чадахгүй болтол нь зодсон шүү дээ. Өшиглөхдөө хатуу ултай орос хромон гутлаар хүнд биеийн жингээрээ өшиглөхөд ямар хүчтэй нөлөөлсөн бол гэхээс айдас хүрдэг.

Би дундуур нь орж салгасан биш, хамар руугаа хүчтэй цохиулж төмөртэй зузаан банзаар 2 удаа толгой дундуураа савуулж, ухаан алдсан. Ингэж өшиглөж дэвсэж байх үедээ Д.Т-н хавиргыг хугалсан байх магадлал өндөр. Ах хөдөө буцах замдаа бие эвгүй байна, хавирга хугарчих шиг боллоо гээд намайг бие засахад хамт яв гээд дагуулж яваад хүндэрч, шээж болохгүй байна гээд чадаагүй. Ийм болтол зодсон нь амь насыг нь бүрэлгэх нөхцөлийг бүрдүүлсэн гэж бодож байна.

Шүүхээс гарсан ялыг үл ойшоож, эмчилгээний зардал өгөхгүй гэж ярьсан. Цаашид миний тархи толгойд өөрчлөлт орж, янз бүр болох юм бол шууд Ц.Х-тай холбоотой учир гомдолтой байна. Ц.Х-н мэдүүлэг худлаа байх тул хэргийг дахин нягтлан шалгаж, мэдүүлгийг үнэн зөвөөр авч өгнө үү” гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Г-н өмгөөлөгч Ц.Баярмаа давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүхийн шийтгэх тогтоолд заасан гэм буруутайг тогтоосон дүгнэлт, оногдуулсан ял шийтгэл нь тухайн шүүгдэгчид шударга ёсны зарчимд нийцүүлэн оногдуулсан гэж үзнэ.

Нөгөөтээгүүр өмгөөлөгч Н.Нармандах Ц.Х-г Х.З-тай бүлэглэн  гэмт хэрэг үйлдсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ үйлдлээрээ болон санаа зорилгоороо нэгдэх гэсэн санаа байхгүй байна гэжээ. Тухайн үед Ц.Х, Х.З нар нь амь хохирогч  Д.Т-г өшиглөн, зодож байхдаа ямар үг хэллэг хэрэглэж байсан талаар хохирогч  Д.Т-н удаа дараагийн мэдүүлэгт тодорхой байдаг

Тэгэхээр гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэн бол гэмт хэрэг хамтран үйлдсэнд тооцдог. Энэ хэргийн нөхцөл байдлаас харахад Ц.Х, Х.З нар нь бүлэглэн амь хохирогч Д. Төмөрбаатарын эрх чөлөөнд халдсан нь хөдөлбөргүй тогтоогдсон.

Иймд анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийсэн, эрүүгийн хуулийн зөө тайлбарлаж хэрэглэсэн тул өмгөөлөгч Н Нармандахын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх нь шүүгдэгч Ц.Х-н өмгөөлөгч Н.Нармандах, хохирогч Д.Т нарын давж заалдах гомдлыг үндэслэн Ц.Х, Х.З нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т зааснаар гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь  хянаж үзэв.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх шаардлагыг хангаагүй байна.

1. Прокурор яллах дүгнэлт болон анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож гаргасан дүгнэлтдээ шүүгдэгч Ц.Х, Х.З нарыг тухайн хэрэгт хохирогчоор тогтоогдсон Д.Т-н цээжин тус газар өшиглөж зодон,  шүүгдэгч Ц.Х-г Д.Т-г цохиж зодон тус тус эрүүл мэндэд нь хөнгөн  хохирол санаатай учруулсан гэж үзэхдээ тэдний ямар үйлдлээс хохирогч нарын эрүүл мэндэд ямар гэмтэл учирсныг хөнгөн хохиролд  тооцсоноо тодорхой заагаагүй бөгөөд шүүх энэ талаар тодруулалүйгээр хэргийг шийдвэрлэжээ. Энэ нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтоогоогүй гэж үзэх буюу Эрүүгийн хэрэгт нотолбол зохих байдлыг нотлоогүй, шүүхийн шийдвэрийг үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэл болж байна.

2. Анхан шатны шүүх шүүгдэгч нарт ялыг ялгамжтай оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн тухайн зүйл, хэсэгт заасан ялаас хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаатай оногдуулах нийтэд тустай ажил хийлгэх ялын төрлийг сонгож, ялын хэмжээг Ц.Х-т 270 цаг, Х.З-д 250 цагаар тогтоосон. Уг ялаа “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ” гэж дүгнэжээ.

Хэдийгээр шүүх шүүгдэгч нарт тэдний үйлдсэн гэх гэм буруутайд тооцсон Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэгт оногдуулах ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн гэж үзэхээр боловч шүүгдэгч Ц.Х-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэн, хохирогчийн биеэ хамгаалж, чадахгүй болохыг мэдсээр байж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн  учруулж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн байдал, түүний хувийн байдал зэргийг хэрхэн харгалзаж тогтоосон үндэслэлээ заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасантай нийцээгүй. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн гэх үндэслэл болно.

Иймд шүүгдэгч нарт нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн нь Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “Шударга ёсны зарчим”, 5.1 дүгээр зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго”-д нийцсэн эсэхэд дүгнэлт хийх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хууль ёсны байх шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Эрүүгийн хэрэг хянах шийдвэрлэх ажиллагааны явцад гарах шийдвэр, хийгдэх ажиллагаа бүр Эрүүгийн хэргийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл заалтыг чанд биелүүлж, хуульд тусгагдсан нийтлэг зарчмууд, тэдгээрийн агуулгад нийцэх нь уг ажиллагааг хууль ёсны гэж тооцох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж заасантай нийцэх ба зөрчсөн нь мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцох” үндэслэл болно. 

Дээр дурдсан нөхцөл байдал нь хохирогч Д.Т-н “шүүгдэгчид оногдуулсан ял бага байна” гэх гомдол үндэслэлтэй гэж үзэн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах үндэслэл болж байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Харин өмгөөлөгч Н.Нармандахын давж заалдах гомдлын тухайд шийдвэрийн аль заалт хэсгийг зөвшөөрөхгүй байгаа, давж заалдах шатны шүүхэд гаргаж буй хүсэлт тодорхойгүй байна. Гомдолдоо “...хамар ясанд учирсан гэмтлийн зовиур хүний биед сарын дараа илрэх эсэх нь эргэлзээтэй, энэ гэмтэл Ц.Х-ын үйлдлийн улмаас болсон эсэх нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдоггүй, Ц.Х-ын үйлдэлд Х.З-тай үйлдлээрээ болон санаа зорилгоороо нэгдэх гэсэн санаа байхгүй тул хэргийн нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн” гэж бичсэн нь  хүний эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлын талаарх агуулгыг илэрхийлж байх ба энэ асуудлаар гарсан шинжээчийн дүгнэлт хэрэгт байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасан тул шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар шүүхэд хүсэлт гарган шийдвэрлүүлж, хэргийн нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хэрэгжүүлэх боломжтой тул өмгөөлөгч Н.Нармандахын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хохирогч Д.Т-н “Ц.Х-н мэдүүлэг худлаа байх тул хэргийг дахин нягтлан шалгаж, үнэн зөвөөр мэдүүлгийг авч өгөх” гомдлын үндэслэлийн тухайд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд зааснаар яллагдагч мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхтэй, хэргийн байдлыг нотлох үүрэггүй. Хэрэг бүртгэлт мөрдөн байцаалт явуулах эрх бүхий албан тушаалтан, шүүгчээс яллагдагчийг өөрийнх нь эсрэг мэдүүлэг авахаар албадах нь хүний эрхийг зөрчсөн зөрчил болно. Иймд гомдлын энэ хэсгийг хүлээн авах боломжгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт өмгөөлөгч давж заалдах гомдлыг шүүхэд хүргүүлэхээс өмнө өмгөөлж байгаа хүндээ давж заалдах гомдлыг урьдчилан танилцуулсан байна гэж заасан. Өмгөөлөгч Н.Нармандах нь өмгөөлж байгаа Ц.Х-т давж заалдах гомдлоо урьдчилан танилцуулсан эсэх нь тодорхойгүй байгааг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3,  39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2021/ШЦТ/20 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, шүүгдэгч Ц.Х, Х.З нарт холбогдох 2028001380191 дугаартай эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Нармандахын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, хохирогч Д.Т-н гомдлын зарим хэсгийг хангасан болохыг дурдсугай.

3.  Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

               

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.НАСАНЖАРГАЛ

                                  ШҮҮГЧИД                                       Х.ГЭРЭЛМАА

                                                                                          Ш.ТӨМӨРБААТАР