Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2018/01838

 

Б.Б-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2018/01121 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 1638 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Б.Б-ы нэхэмжлэлтэй

Хариуцагч НШШГГт холбогдох,

Үнэлгээ хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв. 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7631 дугаартай захирамжаар Б.Б-аас 95 656 000 төгрөг гаргуулж “Проадд ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 36 дугаар байрны 33 тоотод байрлах гуравдагч этгээд Б.О-гийн өмчлөлийн 2 өрөө орон сууцыг 80 995 000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд уг үнэлгээг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас бидэнд 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 4/1794 дугаартай албан бичгээр мэдэгдсэнийг 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр шуудангаас хүлээн авч, гомдлоо гаргасан.

“Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийн уг үнэлгээ нь зах зээлийн ханшнаас хэт доогуур байна. Учир нь үнэлгээ хийлгэсэн 2 өрөө орон сууц нь хотын А зэрэглэлд байршилтай, үйлдвэр үйлчилгээнд ойр, сүүлд баригдсан шинэ байр юм. Мөн үнэлгээний тайланд заасан шаардлага хангахгүй, битүүмжилж хураагаагүй эд хөрөнгөнд үнэлгээ хийсэн, 7631 дугаар шийдвэрт заагаагүй эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ажиллагаа хийсэн байх тул үнэлгээг хүчингүй болгуулах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7631 дугаартай захирамжаар Б.Б-аас 95 656 000 төгрөг гаргуулж “Проадд ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Б.О нь Б.Б-ы зээлийн гэрээний барьцаанд өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 36 дугаар байрны 33 тоотод байрлах 48.43 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг “Проадд ББСБ” ХХК-д барьцаалан улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн байна. Төлбөр төлөгч Б.Б-ы үүргийн гүйцэтгэлд барьцаалсан тус орон сууцыг битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгч, үүрэг гүйцэтгэгч, өмчлөгч нараас үнийн санал ирүүлэх мэдэгдлийг 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 3/22255 тоот албан бичгээр төлбөр төлөгчийн гэрийн хаягаар баталгаат шуудангаар хүргүүлсэн боловч үнийн саналаа ирүүлээгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу хөндлөнгийн шинжээч томилон зах зээлийн бодит үнэлгээг тогтоолгосон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.О шүүхэд гаргасан тайлбартаа:

Бид нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг дэмжиж байгаа. Тусгайлан хэлэх зүйлгүй гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2018/01121 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох орон сууцны үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай Б.Б-ы гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.4 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1‑д зааснаар нэхэмжлэгч Б.Баас тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 1638 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2018/01121 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээжээ.

Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...Ингээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйл 55.3, 55.7-д заасны дагуу тус компанийн барьцаа хөрөнгө болох орон сууцыг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн байх тул шүүхэд гомдол гаргаж байна. Тус барьцаа хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн нь зөрүү төлбөрийг дахин төлбөр төлөгчдөөр гаргуулах нөхцөл үүсээд байна. Тус хувийн сууц нь хотын төвийн A зэрэглэлд байршилтай, үйлдвэр үйлчилгээнд ойр орон сууц байтал зэх зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 36 байрны 33 тоот хаягт байршилтай, Ү-2206016977 дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээ хийсэн ажиллагааг, үнэлгээний тайланг хүчингүй болгож өгнө үү гэснийг шүүхээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсгийг баримталж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх байтал хангаагүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч НШШГГт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч шаардлагыг эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэж нэхэмжлэлийг татгалзсан байна.

Нэхэмжлэгч Б.Б нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 7631 дугаар захирамжаар 95 656 000 төгрөгийг “Проадд ББСБ” ХХК-д төлөх үүрэг хүлээсэн байна.

Төлбөр төлөгч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдсан байх ба хариуцагч НШШГГ нь зээлийн гэрээний барьцааны зүйл болох Б.О-гийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, хурааж, дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн байна.

Төлбөр төлөгч болон авагч, өмчлөгч нар нь үл хөдлөх эд хөрөнгийн дуудлага худалдаанд оруулах үнийн талаар харилцан тохиролцоогүй тул НШШГГ нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий хуулийн этгээдийг шинжээчээр томилж, үнэлгээний талаар дүгнэлт гаргуулсан байна.

Хариуцагч НШШГГ дээрх ажиллагааг явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4., 54 дүгээр зүйлийн 54.1., 55 дугаар зүйлийн 55.2.2.-т заасныг зөрчөөгүй гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас томилогдсон шинжээчийн үнэлгээ зах зээлийн ханшнаас доогуур болсон гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл баримтаар тогтоогдоогүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийн холбогдох зохицуулалтыг зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2018/01121 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 1638 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-д зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Г.ЦАГААНЦООЖ

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН