Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 428

 

 

 

 

 

 

 

 

 

Ж.Дид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Оюунчулуун даргалж, шүүгч Б.Зориг, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Ганбулган,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 387 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Ганбулганы бичсэн 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 54 дугаартай улсын яллагчийн эсэргүүцэлд үндэслэн Ж.Дид холбогдох 1806008620320 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржгин овогт Жий Д, 1951 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр Дундговь аймагт төрсөн, 67 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн .................... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ..................../,

Ж.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 23 цагийн үед Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо 3а хэсгийн 148 тоотод буюу өөрийн гэртээ баз хүргэн болох Б.Цмаргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Ж.Дийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Боржгин овогт Жий Дийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Дийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.Д нь торгох ялыг 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр төлөхөөр тогтоож,

Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Ж.Д нь торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж,

Ж.Д нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж,

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Дид хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авч,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Ж.Д нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Б.Ганбулган бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт “шүүх” гэж Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд заасны дагуу байгуулагдан хэрэг, маргааныг хянан шийдвэрлэж, заавал биелүүлэх шийдвэр гаргадаг шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг;

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны шүүх хуралдаанаар тухайн шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх, гэм буруутай бол түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг хянан шийдвэрлэнэ” гэж тус тус хуульчилсан байгаа нь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэх, гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүн таслах хуралдаанаар тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохирох ялыг оногдуулах үндсэн чиг үүрэгтэй байгууллага болох нь тодорхойлогдож байна. Харин тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Ж.Дийг 450 нэгжээр торгох шийтгэл оногдуулж, тус ялыг 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр төлүүлэхээр шийдвэрлэсэн, шүүгдэгч Ж.Д нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлсэн байгаа нь тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлж ажиллаж байна.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэрт хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулна.”, тус хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, хуульд заасан тохиолдолд бусад байгууллага, албан тушаалтны шүүхээр баталгаажуулсан шийдвэр байна.” гэж тус тус заажээ.

Харин хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “талууд, оролцогч энэ хуулийн 38.2 дугаар зүйлд заасан хугацаанд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаагүй бол гомдол, эсэргүүцэл бичих хугацаа дуусмагц”, 1.2-т “давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчлөлт оруулсан” үеэс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болно.” гэж хуульчилсан.

Тус хуулийн 37.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан хугацаанд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаагүй бол уг хугацаа дуусмагц шүүхийн шийдвэрийг гүйцэтгэнэ”, 2 дахь хэсэгт “давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол давж заалдах шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн шүүхийн шийдвэрийг гүйцэтгэнэ.”, тус хуулийн 37.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг аж ахуй, нэгж, байгууллага, албан тушаалтан, хүн, хуулийн этгээд нь биелүүлнэ” гэж тус тус хуульчилжээ.

Гэтэл Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 387 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт 450 нэгжээр торгох ялыг 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр төлөхөөр тогтоосон байгаа нь шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоолыг үндэслэн шүүхийн шийдвэрийг биелүүлнэ гэж заасныг зөрчсөн байна. Шүүгдэгч Ж.Д нь шүүхээс тогтоосон хугацаанд буюу 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 450.000 төгрөгийн торгох ялыг биелүүлсэн байгаа нь хэргийн оролцогч нарын давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих хугацаа нь дуусаагүй, хуулийн хүчин төгөлдөр болоогүй шүүхийн шийдвэрээр ял эдлүүлсэн байна. Мөн хэргийн оролцогч нарын давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхийг хязгаарлаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 387 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Ж.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 23 цагийн үед Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо 3а хэсгийн 148 тоотод буюу өөрийн гэртээ “Хөзөр тоглож хожигдсон” шалтгаанаар баз хүргэн болох Б.Цмаргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

шүүгдэгч Ж.Дийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Бид нар хөзөр тоглож байгаад бид хоёр хоорондоо маргалдсан. Тэр намайг муу жиргооны хүү юу юм бэ чи гээд элдвээр доромжлоод байхаар нь би тухайн үедээ архи уусан байсан болохоор нүүр рүү нь нэг удаа цохисон. Тэгэхэд түүний нүүрнээс нь цус гарч нүд нь хавдсан байсан. Би тухайн үед хөл нүцгэн байсан болохоор нүүр рүү нь өшиглөсөн байх.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дугаар хуудас/,

хохирогч Б.ЦэвээнДийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...би “өө чи дордохын 7 бариад л хожигдсон юм байна шүү дээ” гэж хэлэхэд тэр “долоо байна уу чи хүн доромжиллоо” гэж хэлээд миний баруун нүд рүү гараараа цохисон. Тэгээд намайг газар унахад толгой руу 3-4 удаа өшиглөсөн. Энэ хэргийн улмаас миний баруун нүд юм үзэхийн аргагүй хавдартай болж, мөн толгой битүү хавдсан, цээжин талдаа унтаж ч чадахгүй байна. Намайг газар унасан байхад 3-4 удаа өшиглөсөн. Ер нь Ж.Д намайг их заналхийлдэг юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 3-7 дугаар хуудас/,

гэрч Ц.Саранцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Б.ЦэвээнД Ж.Дид хандаад “Ж Д дордохын 7 бариад хожигдлоо” гэж хэлэхэд нь Ж.Д уурлаад босч ирээд Б.ЦэвээнДийн нүүр рүү нэг цохиод авсан. Тэгснээ дахиад нэг цохисон. Б.ЦэвээнД тэр үед газар унасан. Тэгэхэд гэдэс хэсэг рүү нь 1 удаа өшиглөсөн. Ж.Д тэр үед хөл нүцгэн байсан. Бид нар салгаж болиулсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Б.ЦэвээнДийн биед баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.” гэх 1527 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 14 дүгээр хуудас/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогджээ.

Мөрдөн байцаалтын шатанд энэ хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан судалсны үндсэн дээр Ж.Дийн үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхдээ оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Прокурор Б.Ганбулганы бичсэн “Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 387 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэх улсын яллагчийн эсэргүүцлийг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн арван долдугаар бүлэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар хуульчилсан бөгөөд хуулийн энэхүү зохицуулалтууд нь Эрүүгийн хуульд заасан тодорхой тооны хөнгөн гэмт хэргүүдийг шуурхай, бүрэн илрүүлэх, хянан шийдвэрлэх, хэргийн оролцогч нарт зардал чирэгдэл учруулахгүй байх зорилготой, энэ талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эрхлэн явуулж байгаа албан тушаалтнууд анхаарч ажиллахыг шаардсан зохицуулалт юм.

Тухайлбал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний биед хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг заавал хялбаршуулсан журмаар, шуурхай хянан шийдвэрлэх журмыг тусгасан бөгөөд шүүгдэгч Ж.Дид холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүх уг хуульд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, улсын яллагчаас санал болгосон эрүүгийн хариуцлагыг шүүгдэгч Ж.Дид хүлээлгэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгох ял шийтгэсэн нь үндэслэлтэй байна.

Харин анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Ж.Дийг торгох ялыг хэсэгчлэн төлөхөөр тогтоогоогүй атлаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх заалтыг баримтлан ялыг нэг хоногийн дотор багтаан төлөхөөр тогтоосон нь үндэслэлгүй болжээ. Ганцхүү энэ үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй, хууль хэрэглээний алдааг давж заалдах шатны шүүх залруулах боломжтой гэж үзсэн тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгохоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Шүүгдэгч Ж.Д нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлсэн талаар баримт хэрэгт авагдаагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж заасан зэргийг харгалзан шүүгдэгч Ж.Дид торгох ялыг төлөх хугацаа заавал тогтоох шаардлагагүй гэж үзсэн болно.

Иймд прокурор Б.Ганбулганы бичсэн 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 54 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 387 дугаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 387 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгосугай.

2. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 387 дугаар шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, прокурор Б.Ганбулганы бичсэн 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 54 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ОЮУНЧУЛУУН

 

ШҮҮГЧИД                                                       Б.ЗОРИГ

 

                                                                                      Ц.ОЧ