Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 61

 

А.Цогтбаатар Т.Ганбуян Б.Цогт-Эрдэнэ

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

Шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор Ш.Эрдэнэбилэг,

Шүүгдэгч нарийн өмгөөлөгч Б.Энхтүвшин, Л.Ганцэцэг, Л.Амартогос

Нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 47А дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 27 дугаар магадлалтай 2014260000268 тоот эрүүгийн хэргийг шүүгдэгч А.Цогтбаатар, Т.Ганбуян, Б.Цогт-Эрдэнэ нарын гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1991 онд төрсөн, эрэгтэй, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 370 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 05 жил 06 сарын хорих ял шийтгүүлж, 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтад зааснаар ялаас өршөөн хэлтрүүлсэн, Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 280 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 05 жил 01 сарын хорих ял шийтгүүлж, 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 45 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 07 сар 22 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэж, хянан харгалзсан Боржигон овогт Алтангэрэлийн Цогтбаатар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11, 91.2.15 дахь заалтад заасан “Танхайн сэдэлтээр, бүлэглэж, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж хүнийг санаатай алах” гэмт хэрэгт,

2. Монгол Улсын иргэн, 1985 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй Ямаатынхан овогт Төмөрбаатарын Ганбуян нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11, 91.2.15 дахь заалтад заасан “Танхайн сэдэлтээр, бүлэглэж, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж хүнийг санаатай алах” гэмт хэрэгт,

3. Монгол Улсын иргэн, 1960 онд төрсөн, эрэгтэй, Улаанбаатар хотын шүүхийн 1979 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 92 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 168 дугаар зүйлийн б, 169 зүгээр зүйлийн в-д заасан гэмт хэрэгт 3 жилийн хорих ял шийтгүүлж, 1981 оны 04 дүгээр сарын 06-нд суллагдсан, Баянгол дүүргийн шүүхийн 2002 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 01 жил 06 сарын хорих ял шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан Ундрах овогт Базраагийн Цогт-Эрдэнэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11, 91.2.15 дахь заалтад заасан “Танхайн сэдэлтээр, бүлэглэж, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж хүнийг санаатай алах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч А.Цогтбаатар, Т.Ганбуян, Б.Цогт-Эрдэнэ нарыг танхайн сэдэлтээр, бүлэглэж, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11, 91.2.15 дахь заалтад зааснаар 20 жил хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч А.Цогтбаатарыг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ганбуян, Б.Цогт-Эрдэнэ нарт оногдуулсан 20 жил хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.7 дахь хэсэгт зааснаар А.Цогтбаатарт оногдуулсан 20 жил хорих ялыг онцгой дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар А.Цогтбаатарын цагдан хоригдсон 988 хоног, Т.Ганбуяны цагдан хоригдсон 988 хоног, Б.Цогт-Эрдэнийн цагдан хоригдсон 988 хоног тус бүрийг шүүгдэгч нарын хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар А.Цогтбаатар, Т.Ганбуян, Б.Цогт-Эрдэнэ нараас тус бүр 1.920.866 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Дөлгөөнд олгуулахаар шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Цогтбаатар, Т.Ганбуян, Б.Цогт-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Илтгэгч шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ш.Эрдэнэбилэг, өмгөөлөгч Б.Энхтүвшин, Л.Ганцэцэг, Л.Амартогос нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Цогт-Эрдэнэ хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Энэ хэргийг нэг ч удаа тал бүрээс нь үнэн бодитойгоор тогтоогоогүй. Шаардлагатай мөрдөн байцаалтын ажиллагаа явуулаагүй, зөвхөн нэг талыг барьж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Гэрч Мягмарсүрэн, Гомбо нар нь огт байгаагүй байж худал мэдүүлэг өгсөн. Уг гэмт хэрэгт гэрчээр оролцсон этгээдүүд зөрүүтэй мэдүүлсээр байтал прокурор, шүүгч нар үүнийг үл харгалзан миний эрхзүйн байдлыг дордуулж байна. Миний бие уг дулааны худагт очиход А.Цогтбаатар байгаагүй тэр өдөр би А.Цогтбаатартай таарч уулзалдаагүй байтал намайг А.Цогтбаатартай бүлэглэж хүн алсан гэж үзэж байгаа нь боломжгүй юм. Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэв.

Шүүгдэгч А.Цогтбаатар хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний дүгнэлтэд “талийгаач Н.Баярмаагийн цусанд 3.09 промилл спиртийн агууламж илэрсэн нь хүнд зэргийг согтолтод хамаарна”, мөн шинжээч эмч Ганзоригийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгт “талийгаач нь гавал тархины гэмтэл аваад хөдөлгөөний хязгаарлагдмал байдалд орно” гэж тодорхой заасан байна. Миний бие хүн амины хэрэг гарсан дулааны худагт очиход Н.Баярмаа нь зодуулсан байдалтай, толгойн зүүн хэсэг хагарсан, нүүр ам нь цус болсон хэвтэж байсан. Шинжээч эмчийн дүгнэлтэд 1 удаагийн цохилтоор үхэлд хүрч болох талаар дүгнэлт гаргасан байдаг. Гэрч нарын мэдүүлсэн шиг талийгаач Н.Баярмаа нь намайг ороход амьд сэрүүн байсан гэдэг нь худлаа. Хэрэв талийгаач нь намайг шөнө орж ирэхэд амьд байсан бол миний авч ирсэн архинаас хамт уух байсан. Талийгаач нь Т.Ганбуян ах, Б.Цогт-Эрдэнэ ах хоёрт зодуулчихсан ямар ч хөдөлгөөнгүй хэвтэж байсан газраа нас барсан байсан. Энэхүү хэрэгт хууль зүйн андуурал олон гарч байгаа нь гэрч нарын худал мэдүүлэгтэй холбоотой. Үүнд гомдолтой байна” гэв.

Шүүгдэгч Т.Ганбуян хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...2014 оны 02 дугаар сарын 08-ны өглөө худгаас гарч яваад 1400 цагийн үед Б.Цогт-Эрдэнийн хамт буцаж ирээд бид хэд миний авч ирсэн нэг шил архийг хувааж уугаад дуусмагц Н.Баярмаа над руу “чи надад архи бага өглөө” гээд агсараад байсан. Тэгээд би зүүн хацар руу нь 2 удаа алгадсан. Тэгээд дахин агсараад байхад нь архины шилнийхээ амсраас чимхэж байгаад доош харуулан сэгсэрч үзүүлээд чимхсэн чигээрээ  духан дээр нь нэг удаа зөөлөн тогшсон. Дараа нь унтах гэж байхдаа Н.Баярмаа руу харахад нүүр ам нь зүгээрээр барахгүй гэрч Саранчимэгтэй юм яриад сууж байсан. Үүнээс өөрөөр Н.Баярмаад гар хүрээгүй. Арваад минутын дараа Б.Цогт-Эрдэнэ Н.Баярмаатай маргаж эхэлсэн юунаас болж маргасныг мэдээгүй. Б.Цогт-Эрдэнэ Н.Баярмааг яаж хэдэн удаа цохисныг нь буруу хараад хэвтэж байсан болохоор хараагүй. Харин таазны төмөр 2 удаа “дүн, дүн” гээд дуугарсан, өөр юм сонсогдоогүй. Хэрэг гардаг дулааны худагт анх очиход гэрч Мягмарсүрэн, Гомбо нар нь байгаагүй. Мягмарсүрэн, Саранчимэг нарын мэдүүлэг нь байцаалт болгонд өөрчлөгдөж байгаа нь хэргийн газар байгаагүй, Саранчимэг нь согтуу байсан гэж үзэж байна. Мягмарсүрэн, Саранчимэг нар нь энэ гэмт хэрэгт нуун далдлах хэлбэрээр оролцсон болохоор тэрийгээ нуухын тулд анхнаасаа хуйвалдан бид нарыг гүтгэж байна. Мөн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд гэрч нарыг оролцуулах хүсэлт амаар гаргасан боловч нотлох баримт хангалттай гээд оролцуулаагүй, Нарантунгалагийн гэрчийн мэдүүлэг гээд хэн бичээд, гарын үсэг зурсан нь мэдэгдэхгүй мэдүүлгийг нотлох баримт гээд байгааг би ойлгохгүй байна. Тэр мэдүүлгийг прокурор, байцаагч 2 өөрсдөө зохиож бичсэн гэж үзэж байна. Гэрч Нарантунгалагийг яагаад шүүх хуралдаанд оролцуулахгүй байгааг ойлгохгүй байна. Эрхэм шүүгч та бүхэн хэргийн үнэн зөвийг олж тогтоож өгнө үү” гэв.

Шүүгдэгч А.Цогтбаатарын өмгөөлөгч Б.Энхтүвшин хяналтын шатны шүүх хуралдаанд: “...Шүүгдэгч А.Цогтбаатарын хяналтын журмаар гаргасан гомдлыг бүрэн дэмжиж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа учраас хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах саналтай байна. Шүүгдэгч нарыг үйлдлээрээ нэгдэж дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж байгааг, А.Цогтбаатарын үйлдэл болон хор уршгийн хооронд шалтгаант холбоо байна гэж дүгнэснийг тус тус хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах саналтай байна” гэв.

Шүүгдэгч Т.Ганбуянгийн өмгөөлөгч Л.Ганцэцэг хяналтын шатны шүүх хуралдаанд: “...Шүүгдэгч Т.Ганбуянгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг бүрэн дэмжиж байна. Тусгайлан гаргах саналгүй” гэв.

Шүүгдэгч Б.Цогт-Эрдэнийн өмгөөлөгч Л.Амартогос хяналтын шатны шүүх хуралдаанд: “...Шүүгдэгч Б.Цогт-Эрдэнийн хяналтын журмаар гаргасан гомдлыг бүрэн дэмжиж байна. Тусгайлан гаргах саналгүй” гэв.

Прокурор Ш.Эрдэнэбилэг хяналтын шатны шүүх хуралдаанд: “...Энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлууд бүрэн нотлогдсон. Шат шатны шүүх шүүгдэгч нарт хуульд нийцүүлэн ял шийтгэсэн бөгөөд шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч А.Цогтбаатар, Т.Ганбуян, Б.Цогт-Эрдэнэ нарын нь бүлэглэн 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хохирогч Н.Баярмааг архи уусан, согтуурсан байхад нь зодож биед нь гавал тархины битүү гэмтэл, зүүн чамархай ясны хугарал, тархины хатуу хальс дээрх болон доорх цусан хураа, толгойн хуйхны  цус хуралт бүхий гэмтлийг учруулж, биеэ хамгаалах чадваргүй байгааг нь мэдсээр байж, танхайн сэдэлтээр хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасах буюу хязгаарласан, эсхүл бусад хэлбэрээр хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болсон, түүнчлэн хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн буюу нөлөөлж болохуйцаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасан шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч нарын гэм бурууг хэлэлцэж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн үйл баримтуудыг хэрэгт цугларсан, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтуудад үндэслэн, үүний дотор хэрэг үйлдэгдэх үед байсан, эдгээр шүүгдэгч нартай нэгдмэл болон эсрэг сонирхолтой байж болзошгүй гэрчүүдийн мэдүүлгийг тал бүрээс нь хянаж, хэргийн бусад нөхцөл байдалтай харьцуулан дүгнэж тогтоосныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүхээс шүүгдэгч нарт оногдуулсан ял нь хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын гэм бурууд тохирсон байх бөгөөд шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул шүүгдэгч А.Цогтбаатарын “...Н.Баярмааг зодоогүй, гэрч нарын мэдүүлэг үндэслэлгүй, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү”, шүүгдэгч Т.Ганбуянгийн “...хохирогч Н.Баярмаад гэмтэл учруулахаар зодоогүй, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү”, шүүгдэгч Б.Цогт-Эрдэнийн “...А.Цогтбаатартай бүлэглэн гэмт хэрэг үйлдээгүй, гэрчүүд худал мэдүүлсэн, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэх хяналтын журмаар гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 47А дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 27 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж шүүгдэгч А.Цогтбаатар, Т.Ганбуян, Б.Цогт-Эрдэнэ нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                               ДАРГАЛАГЧ,

                               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                            Т.УРАНЦЭЦЭГ

                               ШҮҮГЧ                                                                    Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН